"Нолли" брэндтэй хамтран бэлтгэсэн ээлжит дугаартаа бид акита үүлдрийн дотроос ховор ген бүхий Кира нохойг танилцуулж байна. Хөвсгөр урт үс, эелдэг зөөлөн зан чанар, цовоо сэргэлэн байдал түүний таних тэмдэг гэлтэй. 


Нэр: Кира (Япон хэлнээ гялалзах, гэрэлтэх гэсэн утгатай)
Үүлдэр: Акита Ину
Нас: 8 сар
Дуртай хоол: Хүний хоол, шөлөнд чанасан лууван
Дуртай тоглоом: Алтан загасны хэлбэртэй тод өнгөтэй тоглоом, шажигнаж дуугардаг хуванцар сав
Хамтдаа хийх дуртай зүйлс: Усанд орохоос бусад тохиолдолд угаалгын өрөө хамт орох, гарч гүйх, найзуудтайгаа тоглох
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Хүүхдүүдтэй зөөлөн харьцдаг, хүн хазах тохиолдол огт гаргадаггүй.

БИДНИЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ 

Би 2022 оны аравдугаар сарын 28-ны өдөр ах дүү таван акитагийн хамтаар энэ хорвоод мэндэлсэн юм гэнэ лээ. Ээжийн эздийн дулаан гэрт өсөн торниод хоёр сар өнгөрсний дараахан нэгэн танихгүй гэр бүл бидэн дээр зочилж ирэв. Огт харж байгаагүй царай, аварга том бие нь айдас хүргэвч хүүхдүүдийнх нь ярилцан инээлдэх, биднийг өхөөрдөн ширтэх тэр байдал сониуч занг минь хөдөлгөж билээ. Аан бас, тэдний идэж байсан хоол ямар амттай харагдсан гээч! Намайг хоол руу нь өндийх тоолонд тэд ихэд өхөөрдсөн харцаар над руу харцгааж байлаа. Үнэнийг хэлэхэд, ах дүү дундаасаа ганцаараа охин, дээрээс нь хамгийн хөвсгөр нь байсан тул хайрыг нь илүү татсан байж мэдэх л юм.

Төд удалгүй, намайг нэг эмэгтэй тэврээд авах нь тэр. Хоёр гарынх нь алганд багтах миний жижиг бие сандарсандаа чичирч эхэлтэл нөгөөх маань ч “Яана аа, унагаачих вий” гэсэн янзтай намайг тэврэн зогсоно. Гэхдээ түүний хайраар дүүрэн том алаг нүд нь намайг тайтгаруулж чадсан юм. Учир нь намайг гэр бүлийнхээ шинэ гишүүн болгон үрчилж авч буй нь харцнаас нь илт байлаа. Цаг хугацаа удаашран ертөнц бид хоёрыг тойрон эргэх мэт тэр гайхалтай мөчид бид хоёр гялалзаж байсан нь лавтай. Тэгээд л надад “гялалзах, гэрэлтэх” гэсэн утгатай Кира нэрийг өгсөн юм болов уу.

Зарим хүмүүс охин нохойг хээлтэй болохоор нь тээршээн, зулзагуудыг нь хаячихдаг юм гэнэ лээ. Эсвэл бүр хээлтэй болохоос нь ч өмнө гудамжинд гаргаж хаяад, үржүүлгийн төвүүд нь тэднийг буруугаар ашигладаг гэсэн аймшигтай яриа сонссон удаатай. Эдгээр явдлуудын эсрэг тэмцдэг, охин нохойг хайрлан хамгаалдаг гэр бүл намайг тийнхүү сонгосноор би өөрийн эзэн Нандин-Эрдэнэтэйгээ учирсан юм.


Нандиагийн дүүд тэврүүлсэн байгаа нь

ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ХӨГЖИЛТЭЙ, ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Би их ховор төрлийн акита юм гэсэн. Ахан дүүсээсээ илүү урт, намирсан үстэй байгаа минь акита нарт ховорхон тохиодог гений нөлөө аж. Эздийнхээ анх үүнийг ойлгохыг нь харах хөгжилтэй байсан шүү. Би ч өөрийгөө онцгой гэдгийг ойлгож авсан гоё дурсамж.

Намайг хоёр сартай байхад Нандин-Эрдэнэ маань надаас зугтаж байсан удаатай. Өмнө нь нохойтой байж үзээгүй болохоор жаахан амармаар санагдсан нь гарцаагүй. Би ч тэр үед ээж, ах нараа санахын хажуугаар хаана шээж болохыг сурах гээд ядаж буй жаахан гөлөг байж билээ. Шинэ гэрээ шээсээр ханхлуулчхаад нэг хэсэгтээ л хэргийн эзэн болсон. Харин одоо бол эсрэгээрээ би түүнээс зугтдаг гэх үү дээ. Усанд орох, олсон хоолоо амандаа нуух, эмээ нууцаар гаргаж хаях үеүддээ түүнээс зугтчихдаг юм. Усанд орж байснаа гэрээр дүүрэн савантай хөөс тараан зугтаахад Нандиа маань араас хөөгөөд их хөгжилтэй. Олсон юмаа авч зугтах гэснээс, саяхан би гадуур явж байгаад хүний өтгөн идсэн ноцтой үйлдэл гаргасан. Гэрийн нохой гэхэд жаахан ичгүүртэй юм болох нь болсон ч өөрийн эрхгүй л үлдээсэн хоол, хаясан зүйлсийг амандаа хийчихээд байдаг юмаа.

Би Нандиад эрхлэх туйлын их дуртай. Нярай хүүхэдтэй ярьж байгаа юм шиг хэлээ хазаад ярихад нь бүр их дуртай. Түүндээ хайртай болохоор угаалгын өрөө рүү дагаад явсан ч хөгжилтэй санагддаг. Өөр тод үлдсэн дурсамжуудаасаа дурдвал, хоёр өдрийн өмнө нэг зодоон болсон юм байна. Энэ хөгжилтэй биш, айдастай дурсамж л даа. Нандиа бид хоёр оройны найман цагийн үед гадаа алхаж байгаад нохойн цуглаантай таарсан юм. Муухай ааштай ноход байж таараад нэг нь бид хоёрыг хазчихсан. Дахиж герман шефердтэй таармааргүй болтол айдас үлдчихсэн.


Ээж Акитатайгаа уулзсан нь


ТҮҮНИЙГ ГАЙХаШРУУЛДАГ МИНИЙ ЧАДВАР

Тэр миний эелдэг, зөөлөн занд дуртай. Нандиагийн дуу өндөртэй гурван дүүтэй хамт өссөн болоод тэр үү, би хүүхдүүдэд их хайртай. Хазах, айлгах тохиолдол огт гаргаж байгаагүй ээ. Гэхдээ орцонд хүн шатаар буух чимээ царгиж сонствол хананы цаанаас хуцаад байдаг талтай. Бусдаар бол том жижиг хүмүүс, төрөл бүрийн амьтадтай зөөлөн харьцдаг. Хоёр хоногийн өмнө нохой дайрахад хүртэл би зөрж зодолдолгүй Нандиа руугаа гүйгээд ирсэн. Гадаад төрхийн хувьд үс засдаг ах эгч нар үсийг минь хамаагүй хусах, хавчих юм бол гэмтэх магадлалтай гэсэн тул одоо би үсээ хаа сайгүй намируулан хөвсийгөөд л явж байдаг даа.

Түүнчлэн, зальтай, зөрүүд зан минь түүнийг гайхашруулдаг нь лавтай. Жишээ нь, эздийнхээ нуусан амттаныг олох супер чадвараа ашиглаад дөрвөн талаасаа түгжигддэг савыг нь онгойлгосон удаатай. Яаж онгойлгосныг маань тэд одоо хүртэл мэддэггүй. Нандиа маань энэ ярилцлагыг уншвал нууц аргыг минь мэдчих тул энд хэлэхгүй байхаар шийдлээ…

Ядарсан үедээ Нандиагаар зөөлгөх заль бий. Ядраад ирвэл явж байсан газраа шууд зогсчихдог юм. Тэгвэл Нандиа намайг өргөж явахаас өөр аргагүйд хүрдэг. Сүүлийн үед надаас болж халтартсан хувцаснууд угаалгын машиныг ч завгүй байлгаж байгаа даа. Өөр заль гэвэл, надад шинэ команд зааж өгөх гээд амттан бэлдвэл түүнийг нь түрүүлж идээд заасан зүйлийг нь суралгүй хойрго загнадаг. Бахархаад байх сайн чадвар биш ч гэлээ энэ жаахан зальтай байдал Нандиад өвөрмөц санагддаг байх.

НАДТАЙ ХАМТ БАЙСНААР ТҮҮНИЙ АМЬДРАЛД ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД 

Намайг салхилуулах үүрэг хариуцлагыг дагаад түүнд алхах, гүйх шаардлага гарч байгаа. Энэ нь түүнийг маань хөдөлгөөнтэй, эрүүл чийрэг байлгах болсон. Мөн түүнчлэн, тэр намайг өлгийтэй нярай хүүхэд мэт өхөөрддөг учраас хамт л байвал стресс тайлагдахад их амар болсон гэж байна лээ.

Манай Нандиа гурван дүүгийн гайхалтай эгч. Чимээ шуугиан ихтэй тэднийгээ багаасаа харсандаа ч юмуу, угийн л тэвчээр сайтай. Намайг түүний амьдралд орж ирснээр улам л тэвчээртэй болсон гэсэн. Буруу зүйл хийж, болохгүй юм идэх тоолонд уурлахын оронд ойлгохыг хичээдэг нь түүний хүлээцтэй чанарыг бүр их батжуулдаг гэдэгт итгэлтэй байна.



АМЬТАДТАЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Зарим хүмүүс нохой, муураа сургахын тулд хүч ашиглаж, шийтгэдэг юм билээ. Амьтдыг нь ажвал хүн рүү дайрч уурладаг эсвэл хүн рүү ойртож чадалгүй эмээдэг болчихсон шиг санагдсан. Яаж тэгэж болох юм бэ? Ямар үүлдрийн амьтан байхаас үл хамааран тэдэнтэй зөөлөн харьцаж, тэднийг ойлгох хэрэгтэй.

Бас би Нандиатай кофе шоп, дэлгүүр ормоор байдаг ч ихэнх газрууд намайг оруулдаггүй. Автобус, таксигаар явмаар байдаг ч намайг суулгадаггүй. Эздээ завгүй үеэр бусад нохдын хамт өдөр өнжүүлэхэд үлдмээр байвч зарим газрууд нь итгэл даадаггүй. Тиймээс, тэжээвэр амьтдад ээлтэй орчин бүрдүүлэх тал дээр ажиллаасай гэж хүсэж байна.

ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ?

Хөвсгөр үс минь намайг том биетэй харагдуулдаг ч үнэндээ би тоос соруулагчийн чимээнээс ч айдаг, загнуулахаараа гомддог жаахан гөлөг шүү дээ. Хэрвээ би хүн байсан бол “Despicable me” анимейшнийн Агнустай адилхан бяцхан охин байх байсан болов уу. Хоолой маань ч яг л түүнтэй адил байх байсан даа. Гэхдээ би бараг л хуцдаггүй учраас Агнусыг бодвол үг яриа цөөнтэй байх нь эргэлзээгүй.

ХЭРВЭЭ БИ ХҮНИЙ ХЭЛ МЭДДЭГСЭН БОЛ? 

“Надад бүх зүйлсийг өгөөд, юу ч хамаагүй идэхийг зөвшөөрчих л дөө” гэж хэлмээр байна. Яах вэ, хэрвээ тэгвэл байнга малын эмнэлэг орж, гэдсээ шалгуулаад эм уух хэрэг гарах байх л даа. Аан оллоо, тэгвэл оронд нь “Хаа ч байсан намайг байнга дагуулаад яваарай” гэж хэлэх юм байна. Дараагаар нь “Нандиа, би чамд хайртай шүү.” гэх байлаа. Мөн хамгийн сайн найз, үзэсгэлэнт Маяа болон тэдний эелдэг эзэдтэй яриа өрнүүлэх байсан.


Камер долоохоос минь тавхан секундийн өмнө авсан зураг. Алаг нүд, хөвсгөр үсийг минь харж байна уу?

Тэжээвэр амьтдад хайр энэрэл, тав тух, дур булаам байдлыг авчрах "Нолли" брэндтэй хамтран бүтээв.