Гэр бүлийн бяцхан гишүүнтэйгээ учирсан түүх, бүтээлцсэн дурсамжаа хуваалцах "Танилц, миний амьтан" булангийн өнөөдрийн дугаарт амьтан хайрлагч У.Саруулын дэггүй ноход Панда, Мангог танилцуулж байна. Төрсөн өдрийн мартагдашгүй бэлэг, үүрдийн анд, үнэнч нөхөр нь болон эзэндээ ирсэн ээж Панда, охин Манго нарын сонирхолтой түүхийг хамтдаа сонирхъё. 

Нэр: Ээж - Панда, Охин - Манго
Үүлдэр: Husky
Нас: Панда - 3 нас, Манго - 1 нас
Инстаграм: @pandaandmango
Эздийн инстаграм: @dr.saruul @_sainjargal
Дуртай хоол: Үхрийн мах, мөгөөрс
Дуртай тоглоом: Бөмбөг
Хамтдаа хийх дуртай зүйлс: Ууланд гарах
Бусдад үлгэрлэхүйц сайн дадал: Хүүхэдтэй маш сайн харьцдаг, тэвчээртэй


Манго, Панда


ТЭДЭНТЭЙ АНХ ТАНИЛЦСАН ТҮҮХ

Би аль багаасаа л нохой тэжээх юмсан гэж боддог байлаа. Тэр дундаа Labrador Retriever үүлдрийн нохойг онцолж хардаг байсан. Энэ тухайгаа найздаа дандаа хэлдэг байсан болоод ч тэр үү найз минь миний төрсөн өдрөөр 25 хоногтой Пандаг бэлэглэж байсан түүхтэй. Husky үүлдрийн цагаан ноход түгээмэл байдаггүй учир эл үүлдрийн нохойг сонгосон юм билээ. Гадуур явахад хүртэл хүмүүс манай хоёрыг Husky үүлдрийнх гэж харахаас илүү "Үнэг юм уу?" гэж их асууна (инээв).

Нохойн сарын тэмдэг жилд хоёр ирдэг. Пандагийнх нэг ой хүрсэнийнх нь дараа ирж, манай гэр бүл хоёр дахь ирэлт дээр нь спей хийлгэх төлөвлөгөөтэй байсан боловч тухайн үед хөхнөөс нь идээ гоожоод байсан юм. Эмнэлэгт үзүүлтэл хуурамч хээлтсэн болж таарч, нэг бол шууд спей хийлгэх, эсвэл төрүүлэх сонголт гарч ирсэн л дээ. Гэр бүлээрээ ярилцсаны эцэст бид Пандагаа хээлтүүлэхээр шийдсэн юм. Ингээд хажуу айлын Ами гэх мөн л Husky үүлдрийн нохойтой нийлүүлж байлаа. Тэднээс минь гурван эр, гурван эм зулзага төрсний нэг охин нь Манго. Гурван эр зулзага нь дорхноо үүрдийн эзэдтэйгээ учирч, удаа ч үгүй хоёр охин нь үрчлэгдэж, нэгийг нь авч үлдэнэ гэдгээрээ ээжтэй нь цугтаа өсгөж байна.

Пандаг хоёр нас хүрэх үед нь спей хийлгэх гэсэн боловч зүрх муутай учир амь насанд нь халтай байсан тул цаашид өөрөөр нь хамгаалахаар болсон. Харин Мангог энэ намар спейд оруулахаар төлөвлөж байна.

ТЭДЭНТЭЙ  ХОЛБООТОЙ ХӨГЖИЛТЭЙ ЭСВЭЛ ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Панда зулзагуудаа төрүүлж байх үеийн дурсамж л хамгийн түрүүнд санаанд бууж байна. Эмэгтэй хүн хүүхдээ төрүүлж байгаатай яг ижил үйл явц өрнөдөг юм билээ. Бид Пандагийнхаа өндгөн эс боловсорч байх үед нь нийлүүлж байсан юм. Хээлтэй байх үед нь рентген зураг авахуултал дөрвөн зулзага тоологдож, илүү тээлттэй гэж гарч ирсэн. Бид бүгд л дөрвөн зулзагатай болох юм байна хэмээн хүлээж байтал гуравдугаар сарын 26-ны шөнө 23:35 минутад Панда яг л эмэгтэй хүн шиг гурван удаа маш чангаар орилсон. Орилсных нь дараа цээжнийх нь гөлөг гэгдэх ганц эрэгтэй цагаан гөлөг төрж байлаа. Тэгээд л 20-30 минутын зайтай бүх гөлөгнүүд төрсөн дөө. Хамгийн хачирхалтай нь бид рентген зурагт харсныхаа дагуу дөрвөн гөлөг төрсний дараа бүх цус нөжийг нь цэвэрлэчхээд унтаад өглөө сэртэл зургаан гөлөг төрчихсөн байсан (инээв). Бид Пандагийн төрөх бүхий л үйл явцын турш малын эмчтэй утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч байсан. Гэхдээ Панда маань бидний тусламжгүйгээр зөнгөөрөө гөлөгнүүдийнхээ бүрхүүлийг идэж, хүйгээ тасалж, үнэхээр мундаг амаржиж чадсан.



ТАНЫГ ГАЙХШРУУЛСАН ҮЙЛДЭЛ, ХАЧИРХАЛТАЙ, ХӨГЖИЛТЭЙ ЗАН АВИР

Намайг жирэмсэн байх үед Панда яагаад ч юм миний гэдсэн дээр гарч унтдаг байлаа. Яг л сонсоод байгаа мэт. Тэр үед Панда маань ч хээлтэй байсан болохоор их сонирхолтой байсан л даа (инээв). Нэгэн зэрэг ээж болсон болоод ч тэр үү нэг нэгнээ мэдрээд, тэр үеийн дурсамж их нандин.

Монголчууд хүүхэдтэй хамт нохой байж болдоггүй гэдэг дээ. Тэгэхэд манайд нялх хүүхэд, долоон нохой нэгэн дээвэр дор, хэн хэндээ гэмгүй сайхан амьдарч болж л байсан. Тэгэхээр манайхан тэр үзэл бодлоосоо салж, хүүхэдтэй болох төдийд л нохойгоо гаргаж хаядаг, эсвэл өөр хүнд үрчлүүлдэг үзэгдлээ болиосой л гэж хүсэж байна.

АМЬТАДТАЙ БОЛСНЫ ДАРАА АМЬДРАЛД ТАНЬ ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Husky үүлдрийн ноход бусад нохдоос ялгаатай нь нэлээд чимээтэй, идэвхтэй төрлийнх. Нэгэн жишээ дурдахад, Панда багадаа өдрийн хөдөлгөөн нь гүйцэгдэхгүй болоод ирэхээр хаалга онгойх төдийд л гараад зугтчихдаг байсан. Тийм байдлаар хэд хэдэн удаа алдаж байсан удаатай. Хэрвээ гэрээс гаргахгүй бол гэрт ч хамаагүй гүйгээд л байна. Их дэггүй. Энэ онцлог нь надад их тэвчээр суулгасан гэх үү дээ. Харин одоо бол манай хоёр ерөөс тийм биш. Учир нь аав маань дандаа ууланд авч гардаг юм. Ууланд авирдаг хүмүүс андахгүй дээ.



АМЬТАДТАЙ БОЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Аливаа нохойг гөлөг байх үед нь авч буй бол наанадаж нэг нас хүртэл нь асар хариуцлагатай, тэвчээртэй байх хэрэгтэй болов уу. Учир нь хүмүүс гөлөг байх үеийнх нь асаргаа арчилгааг дийлэхгүйгээсээ болж шантарчихдаг. Манай Манго гэхэд л одоо дөнгөж хүндэрч, хөнгөрөхийнхөө учрыг олж байх жишээний. Ер нь амьтан тэжээнэ гэдэг ахин нэг хүүхэдтэй болсноос ялгаагүй хариуцлага, тэвчээр, зардал шаардана л гэж ойлгох хэрэгтэй.

Мөн амьтан тэжээх боломжгүй ч амьтанд хайртай хүмүүстээ "Азтай савар" ТББ болон бусад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжээрэй гэж хэлмээр байна. Нэмээд "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төсөлд саналаа өгч, бодит оролцоог бий болгоорой.

Хуульд саналаа өгөх бол ЭНД дарна уу.

АМЬТДААСАА НЭГ АСУУЛТАД ХАРИУЛТ АВАХ БОЛОМЖ ГАРВАЛ ЮУ АСУУХ БАЙСАН БЭ?

Та хоёр минь аз жаргалтай амьдарч чадаж байна уу?