Монгол Улсын эдийн засгийн  тэргүүлэх салбар болсон уул уурхай, эрдэс баялгийн салбарын 100 жилийн ойн хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” компанитай хамтран анх удаа зохион байгуулж буй билээ. 

Энэ сарын 19-нээс 23 хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд салбарын хэлэлцүүлгүүд, хөрөнгө оруулалтын чуулган болж буйгаас гадна уул уурхайн техник, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн нээгджээ. Нийт 800 гаруй оролцогч талыг цуглуулж буй уг чуулганаас онцлох сэдвүүдийг тоймлон хүргэе. 


Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, илтгэлүүд танилцуулж буй. Мөн Монгол дахь гадаад орнуудын элчин сайд нар, уул уурхайн салбарын олон улсын байгууллагууд, гаднын хөрөнгө оруулагч болон ханган нийлүүлэгчид оролцож байна. Түүнчлэн дотоодын хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, салбарын эрдэмтэн судлаач, нар оролцож буйгаараа онцлогтой.

Оролцогчид уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нээлттэй ярилцаж, хөгжлийн чөдөр тушаа болсон асуудлуудаа нийтээр хэлэлцэж байна. Тухайлбал, уул уурхайн салбарын олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, урт хугацааны гаднын хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвараа хамгаалах, боомтуудаа бүрэн хүчин чадлаар ажиллуулах тухай асуудал нь голлох сэдвүүд болж байв.

Мөн ажиллах хүчний хүрэлцээ, эрх зүйн орчин, татварын орчин, ирэх 10 жилий БНХАУ-ын эрдэс баялгийн эрэлттэй бүтээгдэхүүний хэлэлцэж, Монгол Улс гол ханган нийлүүлэгч урд хөршийнхөө уул уурхай, эрдэс баялгийн ирээдүйн 5-10 жилийн хэрэгцээг хангахад бэлэн эсэх тухай асуудлыг хөндөн ярилцлаа.



Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:

Дэлхийн уул уурхайн салбар нийтлэг 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн олборлодгоос манай улс нүүрс, алт, жонш, зэс, төмрийн хүдэр, газрын тос, цайр, молибден зэрэг найман төрлийн бүтээгдэхүүн экспортолж аж үйлдвэрийн салбарт худалдаалж байна.

Гэвч аль ч төрлийн бүтээгдэхүүнээр дэлхийн топ хэмжээнд эрэмбэлэгддэггүй. Монгол Улс хөрөнгө оруулагч татах сонирхлын индексээр 84 орноос 64 дүгээр байранд байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-тэй шууд хамааралтай. Манай улс 2010-2021 онд 32.3 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсаны 73 хувь нь уул уурхайн салбарт орж ирсэн.

Хөгжиж буй орнуудаас Перу, Чили зэрэг улсад гаднын хөрөнгө оруулалт идэвхтэй нэмэгдэж байна. Чили улсын уул уурхайн салбар сүүлийн 30 жил буюу манай улстай ижил хугацаанд хөгжсөн. Тэд ирэх 10 жилд 74 тэрбум ам.доллар татах “Чилид хөрөнгө оруулаарай” хэмээх төлөвлөгөө хэрэгжүүлж буй бөгөөд зэсийн уурхайн шинэ төслүүдээ таван жилийн хугацаанд НӨАТ-аас чөлөөлж, хөрөнгө оруулагч нарт үйл ажиллагаагаа сурталчилж байна.



Дэлхийн банкнаас Монгол Улсын олборлож буй түүхий эдийн бүтээгдэхүүний 1км2 газар нутгаас ДНБ руу оруулж буй үр өгөөжийг харьцуулсан судалгаа хийжээ. Манай улсын нийт газар нутгийн 0.27 хувийг уул уурхайн үйл ажиллагаанд ашигладаг боловч ДНБ 1/4 хувийг дангаараа бүрдүүлж, 1км2 газар нутгаас 893 мянган ам долларын өгөөжийг ДНБ руу оруулдаг байна.

Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний хувьд манай улс жилд 40 орчим сая тонн нүүрс олборлож, 30 орчим хувийг өмнөд хөрш руу экспортолдог. БНХАУ-ын хувьд жилдээ 3.7 тэрбум тонн нүүрс олборлодог, эрчим хүчний нүүрсний хамгийн том хэрэглэгч бас олборлогч улс. Тус улс 2017 онд нэг тонн ган үйлдвэрлэхэд 0.66 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол 2021 онд буурч 0.5 тонн болжээ.

Орос, Украйны нөхцөлтэй холбоотойгоор эрчим хүчний үнэ, хэрэглээ ойрын хугацаанд өсөлттэй байгаа тул богино хугацааг ашиглан экспорт нэмэгдүүлэх, АМНАТ жишиг үнийн асуудлыг анхаарах шаардлагатайг арга хэмжээний үеэр онцлов.


Хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалтад шууд нөлөөлдөг. Монгол Улсад уул уурхай, ашигт малтмалтай холбоотой шинэ хуулиуд олноор баталсан нь хөрөнгө оруулалтын тоо хэмжээ, хайгуулын үйл ажиллагаа буурахад нөлөөлсөн тухай дурдаж байлаа.

  • 2010 онд урт нэртэй хууль
  • 2011 онд Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох хууль
  • 2013 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа АНН-д гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль
  • 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль
  • 2015 онд Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн
  • 2017 Ашигт малтмалын тухай хуулиар ХТЗ өргөдлөөр олгохыг зогсоосон
  • 2015-2017 оны хооронд 1000 орчим тусгай зөвшөөрөл олгосон

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал:

Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн бодлого тодорхойлсон нь нэгдүгээрт уул уурхайн салбарын экспорт, хоёрдугаарт импортыг орлох бүтээгдэхүүнүүд юм. Манай улсын хувьд зэс бол хамгийн ирээдүйтэй бүтээгдэхүүн юм.

Бид анхан шатны баяжуулалт хийх 40 жилийн туршлагатай. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотойгоор зэсийн чиг хандлага цаашдаа ч өснө. Тиймээс зэсийн баяжмалаа катодын зэс үйлдвэрлэх чиглэл рүү хөгжүүлэх ёстой. Бид оргил үедээ буюу 2019 онд 37 сая тонн нүүрс экспортолж байсан. Цаашдаа 50 сая тонн нүүрс экспортлох орон зай хангалттай бий. Гол нь, илүү баяжуулж, нэмүү өртөг шингээх учиртай.

"Эрдэнэс Тавантолгой"-д жилд 10 сая тонн нүүрс баяжуулах төсөл явж байна. Бид түүхий газрын тосоо БНХАУ руу гаргаж, 92, 95, дизель түлш зэрэг эцсийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас авдаг хамааралтай. Үүнийг урт хугацаанд шийдэхийн тулд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө зайлшгүй хангах хэрэгтэй.

Монгол Улсад өрсөлдөх давуу тал олгож буй зэс, нүүрс, газрын тос, хар төмөрлөг дээр үндэслэн, дараагийн түвшинд аж үйлдвэрүүдийг босгох нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын томоохон мега төслүүд юм.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга:

Уул уурхайн салбар хөгжиж буй орнуудыг харьцуулах судалгааг дэлхий дахинаа хэд хэдэн газар хийдэг. Фрейзер институтээс 2021 онд гаргасан 84 орныг харьцуулсан тоон үзүүлэлтээр манай улс 82 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.

Казакстан улсад гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, уул уурхайн салбар амжилттай хөгжиж буй ч эрдэс баялгийн хэтийн төлөвийн индексээр манай улс дээгүүр үнэлэгддэг. Гэвч дотоодод өрнөж буй дээрх улаанаар тэмдэглэгдсэн асуудлууд гадаадын хөрөнгө оруулагч нарт ойлгогдохгүй байгаа юм. Үүнийг засахын тулд бидний хамтын ажиллагаа нэн чухал.


Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын хэрэгжүүлэлтийг зохицуулах хэлтсийн дарга Ч. Хишигдалай:


Монгол Улс 2021 онд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор хэрэглэж, 1-1.5 тэрбум ам.долларыг гаднаас бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан. Нэмэгдэж буй хэрэгцээгээ харвал 2025 он гэхэд ойролцоогоор 2.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэх төлөвтэй байна. Бидний байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор хэрэгцээний 55-60 хувийг хангах боломжтой. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дизель түлш үйлдвэрлэх давуу талууд бий болно.