Та хаа нэгтээ кино, номоос мэр сэр монголчуудыг дүрсэлсэнтэй тааралдаж явсан биз ээ. Дуу, хөгжим, аниме, хүүхэлдэйн кино, тэр ч байтугай видео тоглоомд хүртэл манай түүх, соёлоос сэдэвлэсэн, шууд дүрсэлсэн үзэгдлүүд дайралддаг. Эндээс дэлхий манай түүхийг ямар өнцгөөр харж, биднийг төсөөлдөг нь харагддаг билээ. Мөн тэдгээр дүрслэлүүд дээр тулгуурлан бидний тухай ойлголттой болдог хүмүүс ч бишгүй.  

Нөгөө талаас, ямар ч улсын иргэдэд дэлхий өөрсдийг нь хэрхэн харж, төсөөлдгийг сонсож мэдэх үргэлж сонирхолтой байдаг болов уу. Тэгвэл энэ удаа бид танд дэлхийн поп соёлд монголчуудыг дүрсэлсэн хамгийн алдартай 11 жишээг хүргэхээр бэлдлээ.  

1. Чингис хаан хамтлаг – Чингис хаан дуу    


Мэдээж хамгийн алдартай жишээ бол Германы Чингис хаан хамтлагийн "Dschinghis Khan" дуу. Энэ дуу нь 1979 онд зохион байгуулагдсан 24 дах удаагийн Eurovision Song Contest-д Чингис хаан хамтлаг түрүүлэх үед олон нийтэд анх хүрчээ. Мөн хамтлагийн анхны дебют цомгийн онцлох уран бүтээл болсон юм. Улмаар Баруун Германы топ жагсаалтыг нэгээр тэргүүлж Австри, Финланд, Норвег, Швейцар зэрэг улсуудад жагсаалтын эхний 10-д багтсан байна.

Дуунд Их Монгол улсын эзлэн түрэмгийлэл болон Чингис хааны сүр хүчний тухай дүрсэлсэн байдаг. Мөн морьтон баатруудын зогсоогдошгүй байдлыг өгүүлнэ. Энэ бүтээл олон улсад чамлахааргүй өндөр амжилт үзүүлсэн бөгөөд олон хэлнээ ковер хэлбэрээр дахин дуулагдсан түүхтэй. Тухайлбал, Японы Berryz Koubou хамтлаг, Финландын дуучин Фредрик, Чили улсын Malibú хамтлаг, Тайландын Royal Sprites хамтлаг зэрэг олон улсын уран бүтээлчид өөрсдийн өнгө аясаар дахин амилуулж, сонсогчдын сонорыг мялаасан. Манай улсын “Драмын 4” хамтлаг ч мөн энэ дууг дуулсан байдаг.



2. DC-ийн дайсан Mongul 

Mongul

DC комиксын Монгул нэрт эсрэг талын дүр. DC комиксын зохиолч Лен Уэйн болон зураач Жим Старлин нар энэхүү дүрийг 1980 онд анх бүтээж, DC Comics Presents-ын 27-р дугаарт дебют болгон гаргажээ. Энэ дүрийг Их Монгол улсыг үүсгэн байгуулагч Чингис хаанаас сэдэвлэн бүтээсэн гэнэ. Анх комикст гарснаасаа хойш цуврал хүүхэлдэйн кино, видео тоглоом зэрэг төрөл бүрээр түүнийг дүрсэлжээ.

Монгул бидний сайн мэдэх Wonder Woman-ыг бараг л хөнөөх дөхдөг, Супермантай хүч тэнцүү, DC-ийн хүчирхэг эсрэг дүрүүдийн нэг. Түүний хүүг мөн Монгул гэдэг бөгөөд Суперманыг Imperiex-тэй хийх тулаанд бэлтгэн, түүнд тусалдаг. Сонирхуулахад, тэрээр ааваасаа ч илүү хүчтэй.



3. Ghost of Tsushima – Хотун хаан 

Khotun Khan

Тэртээ 13-р зуунд Юань гүрний Япон улсад довтолсон түүхээс сэдэвлэсэн энэхүү видео тоглоом гарсан даруйдаа багагүй шуугиан тайрсан билээ. Тоглоомын үйл явдал Монголын цэргүүд Цүшима аралд довтолж буйгаар өрнөдөг байна. Тоглоомыг Sucker Punch Productions хөгжүүлж, 2020 онд Sony Interactive Entertainment компани нийтийн хүртээл болгожээ.

Гол дүрийн самурай болох Жин Сакайн эцсийн дайсан бол Хотун Хаан хэмээх зохиомол дүр юм. Хотун хаан нь тоглоомд дүрслэгдсэнээр Хубилай хааны үеэл бөгөөд Чингис хааны ач ажээ. Энэхүү тоглоомд гарч буй монгол баатруудыг илүү бодит болгохын тулд монгол хэлээр дуу оруулсан байдаг. Зохион бүтээгчдийн зүгээс тоглоомын үйл явдлыг илүү сонирхолтой, адармаатай болгох үүднээс Монголын эзлэн түрэмгийлэгчдийг харгис хэрцгий, түрэмгий байдлаар дүрслэхээс аргагүйд хүрсэн гэнэ.



4. One Piece – Тонжид өвгөн   

Tonjit

Японы алдарт аниме болох One Piece дээр гардаг Тонжид нэртэй нүүдэлчин өвгөн. Тэрээр цувралын 207 дахь анги дээр гардаг бөгөөд гэнэн, элгэмсүү, зочломтгой зантай нэгэн юм. Түүний эгэл бус өндөр, туранхай морийг Shelly гэнэ. Тонжид Shelly хоёр бие биедээ их хайртай буйгаар дүрслэгддэг.

Өвгөний алслагдмал амьдралын хэв маяг, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун явдаг нь нүүдэлчдийн амар амгалан амьдрах хэв маягийг дүрсэлсэн мэт. Тонжидын гэр доторх Монголын энгийн нэгэн малчны гэртэй ижил тохижилттой байдаг бөгөөд бидэнд ойр дотно, танил санагддаг төмөр сав суулгууд харагдах нь тун сонирхолтой.



5. Marco Polo – Netflix цуврал 


Netflix-н бүтээсэн Венецийн аялагч Марко Пологийн амьдралыг өгүүлэх цуврал. 2023 оны байдлаар "Марко Поло" нь анги тус бүр нь 10 сая долларын өртөгтэйгөөр Netflix-н хамгийн өндөр өртгөөр бүтээгдсэн цувралуудын наймдугаарт жагсаж буй.

Зохиолч, продюсер Жон Фускогийн санаачилсан уг төсөл хоёр улирлын дараа санхүүгийн хүндрэлээс шалтгаалан цуцлагдсан.

Кинонд монголчуудыг дайчин, өршөөл энэрэлгүй мэтээр харуулдаг ч нөгөө талдаа ёс суртахууны маш хатуу хэм хэмжээтэйг ард түмэн байсан гэх өнцгийг ч мартаагүй. юм. Цувралын томоохон дүр болох Хубилай хааныг мэргэн ухаантай, хүчирхэг, заримдаа өршөөлгүй удирдагчаар дүрсэлдэг бөгөөд түүний байгуулсан олон үндэстний их гүрнээ хэрхэн ухаалгаар залж буйг тод томруунаар харуулдаг байна.

Тэрчлэн, монголчуудыг маш нийтэч, нэр төр, үнэнч занг эрхэмлэдгээр дүрсэлжээ. Энэхүү цувралд манай улсын нэр хүндтэй уран бүтээлчид болох Б.Амарсайхан (АригБөх, Аригбуха), Ц.Цэрэнболд (Чингис хаан) нар дүр бүтээсэн байдаг.



6. Three Body of Problem – Шанд хот буюу Xanadu   


Зохиолч Лю Цы Синийн "Гурван биет" гурамсан цувралаас сэдэвлэсэн, Netflix-ын цуврал болох Three Body of Problem-д Юань гүрэн, Хубилай хаан, нийслэл Шанду буюу Шанд хот (Xanadu) гардаг. Three Body of Problem бол Алдарт Game of Thrones-ын цувралын бүтээгчид болох Дэвид Бениоф, Д.Б.Вейс нар ээлжит төсөл бөгөөд тэд уг цувралд өмнө нь Game of Thrones дээр хамтран ажиллаж байсан Дебора Райли зураачтай хамтран ажилласан юм.

Түүний бүтээсэн Шанд хотын бөмбөгөр оройтой нүсэр барилга үзэгчдийг цаг хугацаагаар аялуулж, 13-р зуун руу шууд хүргэхээр (хүргэхүйц) бодит дүрслэл болж чадсаныг уг цувралыг шимтэн үзсэн үзэгчид батлах биз ээ.

Дэлхий даяарх олон олон урлагийн бүтээлд дүрслэгдэж, домог болон үлдсэн, Монголчуудын байгуулсан хот олон. Түүний нэг нь Шанд хот бөгөөд энэхүү цувралаас бид тэрхүү түүхэн хотоор зэрвэсхэн ч болтугай аялах боломжтой.

7. Самуэл Т. Колериж – Хубилай хаан найраглал 

Английн нэрт яруу найрагч Самуэл Т. Колериж 25 насандаа эмчийн жороор бага зэрэг мансууруулах эм уугаад хэсэг дуг хийжээ. Тэгтэл гайхамшиг тохиолдон чихэнд нь алс холоос яруу тунгалаг найраг сонстож эхэлсэн байна. Тэрхүү найрагт дуурьсаж буй гайхамшигт орд харш, өргөө нүднийх нь өмнө тодоос тод үзэгджээ.


Самуэл Т. Колериж

Ингээд зүүднээсээ сэрмэгцээ ой тойнд нь үлдсэн хэдэн зуун мөрүүдээ цаасанд буулгахаар яарч, үзэг цаас эрж байтал гийчин ирж саатуулсан байна. Гийчнийг аль болох түргэн явуулаад найраглалаа бичихээр суухад өнөөх гайхалтай мөрүүдийн ихэнх нь ор мөргүй арилах нь тэр.

Яруу найрагчийн сэтгэлд үлдсэн 54 мөр энэхүү найраг төгсгөлгүй хэдий ч Хубилай хаан гэх нэрээр Английн уран зохиолд мөнхрөн үлдсэн түүхтэй.

Энэ найрагт Юань гүрний Шанд (Шанду) нийслэлийг Xanadu хэмээн буулгасан бөгөөд өдгөө англи хэлэнд нэгэнт нутагшсан үг болж “бахдам гоо үзэсгэлэн, яруу тансаг, сэтгэл ханамж төгс газар” гэсэн утгыг илэрхийлдэг болсон байна. Мөн энэ найраглалыг Netflix-ын “The Crown” цувралд хунтайж Чарльз уншиж буй хэсэг гардаг.

8. Мулан ба Шаньюй 


Алдарт Диснейн Мулан хүүхэлдэйн кинон дээрх Шаньюйг хүн бүхэн мэддэг болов уу. Харгис хэрцгий, няцашгүй Хүннүчүүдийн удирдагч тэрээр Хятадыг эзлэхээр улайран тэмцдэг. Гэхдээ Мулан бодит түүхэн хүн гэхээсээ илүү домог, Хятадын аман зохиол бөгөөд дайсан нь Хүннүчүүд ч биш байжээ.

Муланы тухай аман зохиол 4-6-р зуунд хамаарах бөгөөд тухайн үед монголын газар нутаг дээр Жужанчууд буюу монголчуудын шууд өвөг болох Нирун улс байсан ажээ. Муланы хүүхэлдэйн кино, мөн 2020 онд хийгдсэн уран сайхны кинонд монголчуудыг хар, саарал, догшин ширүүн, эзлэн түрэмгийлэгч морьтноор дүрсэлсэн байдаг.

9. Сүхийн цагаан морь (スーホの白い馬) 

"Сүхийн цагаан морь" зурагт ном

Япон хүүхэд бүрийн мэддэг, бага сургуулийн хэл, уран зохиолын хичээлийнх нь хөтөлбөрт багтдаг зохиол. Монголын Хөхөө Намжилын домгоос сэдэвлэгдсэн бөгөөд морин хуурын үүсэл гарлын тухай өгүүлдэг. 1968 онд Япон хэл, уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтаж түүнээс хойш одоог хүртэл сургалтын нэг хэсэг хэвээр байгаа юм. Тиймээс япон хүүхдүүдийн Монголын талаарх анхны ойлголт энэ үлгэрээс суудаг аж.

Үлгэрийн баатрыг Сүх гэх бөгөөд цагаан мориныхоо дэл, сүүлээр хуур хөгжим хийдэг тухай өгүүлж Монголын эгэл малчин айлын аж ахуй, амьдралыг бага насны хүүхдэд ойлгогдохуйц энгийн, тодорхой дүрсэлсэн байдаг.

10. Локи Монголын говьд 


Скандинавын орнуудын домог зүйн бурхан Локи бол Марвелын онцгой дүрүүдийн нэг. 2012 онд болсон Avengers-ийн анхны тулааны дараа Тессерактыг санамсаргүй хулгайлж, улмаар цаг хугацааны өөр шугам үүсгэснээр TVA-ийнхэнд баривчлагдаж буй үйл явдлын талаар өгүүлэх Локи цувралын эхний улирлын нэгдүгээр ангид тэрээр Монголын говьд унадаг.

Хэдийгээр дэлгэцэд үзэгдэх хугацаа нь богинохон ч гэлээ хэд хэдэн монгол нүүдэлчдийг харуулаад зогсохгүй, монгол хэлээр ярьдаг. Хэдийгээр Локи бурхан ч говийн монголчуудтай хэл амаа үл ойлголцох нь хөгжилтэй.



11. iron man – Монгол бичгийн лого 


Марвелын Төмөр хүн киноны график дизайнер Дианн Чадвик хамгийн анх нууцлаг “10 бөгж” бүлэглэлийн логог бүтээхдээ Монгол үндэсний бичгийг ашигласан байдаг. Тэрхүү лого нь дахин Төмөр хүн 3 кинонд үзэгддэг бөгөөд мөн Ant-Man киноны хасагдсан хэсэгт гардаг ажээ.

Гэвч 2013 онд Төмөр хүн 3 кино гарснаар МУ-ын Засгийн газраас монгол бичгийг террорист бүлэгтэй хамаатуулсан мэтээр дүрсэлсэнд албан ёсны гомдлоо Марвел студид хүргүүлсэн. Тиймээс тус логог хятад ханзаар сольж дахин бүтээжээ.