Зохиолч Г.Аюурзаны "Хэвтрийн хүн" оп роман нь кино болгож дэлгэцэд урлах нь бүү хэл уншиж, ойлгоход ч нэн төвөгтэй бүтээлүүдийн нэг. Харин түүгээр найруулагч С.Бямба кино хийж буй гэх яриа чих дэлсэхээс авахуулаад театрын дэлгэцээр үзэгчдэд хүрэх хүртэл нь сэтгэл догдлон хүлээсэн олон хүн бий. Тэдний нэг нь би. 

С.Бямба найруулагч 2011 онд "Хүсэл шунал", 2013 онд "Алсын удирдлага" бүтээлүүдээ толилуулж байсан юм. Харин тэрээр одоогоор хамгийн сүүлд хийсэн дэлгэцийн бүтээл болох "Хэвтрийн хүн" киногоо "Сонголтын тухай" гэж тодорхойлсон билээ. Гэтэл киног үзсэний дараа хамгийн түрүүнд цаг хугацааны тухай асуултууд зайлшгүй урган гарна.

Цаг хугацааны нас


Бүх зүйл өгөгдөхөөс өмнө нэгэн туужийг эхлэлийг санацгаая. "Цэцүүдийн нутагт нэгэн домог үеийн үед ам дамжин яригдсаар цаг хугацаа мэт насалжээ". Ц.Ганболд зохиолчийн "Цэцүүхэй" туужийн энэ эхлэл яг л олон асуултын дунд эргэлзэн зогсох мэт санагдана. Кафкагийн "Цайз" роман бас л үүний адил оньсого шиг саарал ахуйд хүлсэн эхлэлтэй байдаг. Хамгийн гол нь дээрх өгүүлбэрийг уншихад "цаг хугацаа мэт наслах нь" анхаарал татна. Магадгүй бид зарим өдрүүдэд амьдарч чадаагүй, цаг хугацаа тэнд урсаагүй байж болох уу? Эсвээс энэ олон өдрүүдийн ганцханд нь л жинхэнэ хүний ёсоор аж төрж чадаад,тэр л өдөр цаг хугацааны нас нэмэгдсэн байх уу? Ер нь цаг хугацаа насалдаг уу? Магадгүй домог үүссэн цэгээсээ эхлэн нас нэмж болно. Гэтэл домог ч бас хэдэн настай юм бэ? Цаг хугацаа мэт насалсан домог гэхээр хүмүүний ой тойноос арчигдаж, баларсан байж таарна. Учир нь цаг хугацааны насыг бид мэдэхгүй учир өгүүлэх гэж буй домгийг хэн ч сонсоогүй байх ёстой. Магадгүй мөнхрөлийн тухай асуултууд, хүмүүний амьдралын аялал цаг хугацааны насаар хэмжигдэх хүлээстэй байдаг болов уу?

Кино эхлэхээс төгсөх хүртэл ханын цаг, цаг хугацааны бэлгэдэл дүр болох Хувьзаяа нар гол өгүүлэмжийг бүрдүүлэгч, хамгийн чухал элементүүд дээр суурилна. Хэвтрийн хүн буюу Х.Х гэж романд нэрлэдэг ч гол дүрийн нэрийг кинонд огт дурддаггүй. Харин эсрэгээрээ зохиолд өгүүлэгдэх Инээмтгий хүнийг Хувьзаяа болгон өөрчилж, гол дүрийг цаг хугацааны чухал сонголттой эцсийн мөчид нүүр тулснаар өөрийн хувь тавиланг хэрхэн залж, чиглүүлж буйг тодорхой харуулахыг зорьсон нь мэдрэгдэнэ. Үүнээс гадна Хувьзаяа зохиолоос өөр нэртэйгээр кинонд амилсан ч үе үе инээмсэглэж байдаг нь цаасанд бийрлэсэн эх дүрийнхээ мөн чанарыг хадгалсан болов уу гэж сэтгэгдэнэ.

Хэд хэдэн удаа бүх зүйл хөдөлгөөнгүй царцаж, хүмүүс холхиж байсан газартаа зогсож, ханын цагны зүү хөдөлгөөнгүй болж, "парк"-ийн галзуу хулгана хүртэл ажиллахаа болих мөчид Хувьзаяа ганцаараа л хөдөлж, юмсыг ажиж зогсдог нь илбэ мэт л санагдана. Мөн түүний гарын алга нь хүн бүхэнд байдаг зураасгүй агаад хэзээ ч хөгшрөхгүй. Гэвч тэр л ганцаар цаг хугацаа, хувь тавиланг засаж, залруулахыг төлөөлсөн дүр учраас өөр аргагүй. Яг л болох ёстой үйл явдлууд үргэлжилж буйгаар сэтгэгдэхээс гадна огт хөндлөнгийн, хийсвэр зүйлсийг хүчээр шургуулсан шиг сцена ажиглагдахгүй байгаа нь найруулагчийн шийдэл дурангийн голд үзэгдэх байг яг таг оносныг гэрчлэх буюу.

Дүрсээр амилсан хөрөг


Магадгүй "Хэвтрийн хүн"-ий санаа цоо шинэ зүйл биш л дээ. Хамгийн эцэст зөвхөн өөртэйгөө үлдэж, ганцаараа эд юмсын хүрээлэл, чимээгүй хором мөчүүдийг оюун санаагаараа илж таалан, тайрдас төдий бие махбодоо ч гаргуунд орхиод зөвхөн санах ойг нэгжих тухай бүтээл бишгүй олон тааралдана. Харин зохиогчийн бичлэгийн арга барил, дүрийн тамгалалт, найруулагчийн шийдэл, харилцан ярианы хөгжүүлэлт, зураг авалт бүрийн деталь хэсгүүд нь шинэ бөгөөд киноны туршид энэ нь бүр л уран яруу байдлыг бий болгоно.

Хэвтрийн хүнд анхнаасаа ямар нэг зорилго, хүсэл байсангүй. Магадгүй бусдаа өөрийгөө тусгаарлах эрмэлзэл, ганцаараа бодож бясалгах мэдрэмж л түүнийг гэрт нь хорьчихсон болов уу гэж санадаг. Ерөөс бусдаас тусгаар байх энэ үзэгдэл, хүмүүсийн дунд орсон ч, нийгмийн хүрээнд аливаа бүхнээс хамааралтай орших нь Сартрын философи шиг үнэн гаргалгаатай боловч яг эсрэг үйлдэл нь мөн. Тэр мэдээж өөрөө сонголтыг хийсэн. Ганцаар орондоо бодол болон хэвтэх, компютерээ асааж зохиол бичих, цонхоор шагайн зогсох Хэвтрийн хүн.

Түүний доторхыг яг л Г.Аюурзанын зохиолд гардаг шиг бүрэн дүүрэн, үг үсгээр тодорхойлж дөнгөхгүй нь мэдээж. Гэвч найруулагчийн "Алсын удирдлага" кинонд ажиглагдаж асан хүмүүний хөргийг дүрсний өгүүлэмжээр чадамгай зурж өгдөг чанар нь тус бүтээлд илүү нарийн шингэсэн байна. Өөртэйгөө тэмцэлдэхээс илүү дотооддоо тусгаарлагдаж буй тэрхүү хувь хүний эргэцүүлэл, бясалгалын шинжтэй дүрийг гэрэл, сүүдрээр дэлгэцэд зурахад киноны хар, цагаан өнгө хамгийн зөв сонголт байсныг гэрчлэх шиг болно.

Хэвтрийн хүний ээж, аав хоёрын уулзалт. Бороотой өдрийн дурсамж. Түүний дүү Намуун, Хувьзаяа хоёрын харилцан яриа. Алсын аянд гарахын өмнөх, автобусанд тухалсан хүмүүсийн агшин хоромд үзэгдэх зургууд, компютерийн засварчин эрийн дурсамжид өгүүлэгдэх охины нүцгэн чигээрээ угаалгын өрөөнөөс гарч ирэх эдгээр жижигхэн деталь, сюжет бүр нь үйлдлийн алгоритм болон зураглалын өнцгөөс гадна киноны ерөнхий хэмнэл хийгээд хүмүүсийн хөдөлгөөнийг тод томруунаар илтгэн харуулна. Дээр нь дүрслэлийн эффект зөвхөн найруулагчийн гэж хэлж болохоор арга барилд суурилж, уусан нэгдсэнээр киноны ерөнхий онцлог шинжийг үзэгчдэд нээж өгч буй билээ.



Энэ нь Хэвтрийн хүний ээжийн дүр дээр бусдаас илүүтэй анзаарагдана. Түүний дүр хүүгийн дурсамжид амилахаас гадна эр нөхөртэйгөө гудамжинд санамсаргүй дайралдаж, хамтдаа хэдэн үг солихоос хэтрэхгүй. Мөн бага насандаа өнөөх цаг хугацааны засварчинтай ч учрах содон шийдэл бий. Гэхдээ эдгээр бяцхан хэсгүүд дээр л найруулагчийн дэлгэцнээ бүтээсэн ээжийн дүр, зохиолд өгүүлэгддэгээс илүү эрх чөлөө, бардам ихэмсэг, тэр хэрээр ахуйд зоргоор нисэж буй үзэсгэлэнт шувууг бий болгож өгдөг.

Магадгүй машины цонхоор харагдах, дааман хаалганы урдуур жагсан өнгөрөгчдийн адил байгаад, нөхрөөсөө эрс ялгаатай, нийгэмд идэгдэн шигдэхээс айсандаа тэмцэж яваа өнөөх бужигнасан олноос ялгагдах аргагүй нэгэн байлаа ч гэсэн түүнд баян нөхрийнхөө машинаар хүргүүлэх ядмаг сэтгэхүй үгүй учир энэ нь оюун санааны эрх чөлөө, чухал бэлгэдэлт дүр болно. Магадгүй дүрийг дүрсээр ийн зурж бүтээснийх нь төлөө С.Бямба найруулагчид алга таших шалтгаан хангалттай бий.

Сонголтын тухай яриа


Найруулагч киногоо сонголтын тухай хэмээн тодорхойлсныг эхэнд дурдсан. Тэгвэл зөвхөн кинонд ч бус найруулагчид ч бас сонголтууд тулгарсан нь мэдээж. Хэвтрийн хүнийг зохиол дээрх тэр хувь хүний зүгээс буулгах уу, өөрчилж дэлгэцэд бүтээх үү? Мэдээж найруулагч хоёр дахь сонголтыг хийв. Энэ нь анхнаасаа л бодож төлөвлөсөн ажил байж мэднэ. Огтоос бичих үйлстэй зууралдаж байгаагүй Хэвтрийн хүн кинон дээр зохиолч болон хувирах бөгөөд ээж нь түүнд Г.Аюурзанын анхны мета романуудын нэг болох "Дурлалгүй ертөнцийн блюз"-ыг уншихыг санал болгож, эцэст нь түүний хэвтэж өнгөрүүлсэн өрөөг худалдан авах үйлчлэгчид ирэхээс авахуулаад бүхэлдээ сонголтын үр дүнтэй учирч байна.

Харин гол дүр маань эх зохиолд амиа хорлож, өндрөөс унах замдаа амьдрах хүсэл хачин ихээр төрөхийг мэдэрч дуусаг бол киноны төгсгөлд алсын замд аялалд гарна. Засмал зам эцэс төгсгөлгүй аяллыг нь төлөөлөн урсаж, тэнгэрт том цагаан үүлс хөвөн нүүсээр кино төгсдөг.

Хэвтрийн хүний эл сонголт, киноны төгсгөл эхнээсээ л шийдэгдчихсэн мэт санагдана. Кино эхлэхэд цаг хугацаа урсаж, паркийн галзуу хулганын нүргээн хэсэг бусгаар үзэгдэж байсан үеэс л тэр амиа хорлож төгсөх эх зохиолын шугамын дагуу өрнөх хүлээлтийг үгүй хийчхээд байсан шиг...

Мэдээж сонголт болоод дүрийн дотор хүлэгдэх ямар нэгэн айдас, түгшүүр, бодрол бүр нь дурсамжтай холбогдож, түүний ахуйд нэвтрэх эрхтэй цөөхөн дүрүүд бүгдээр учир шалтгаантай, өөрсдийн түүхтэй байна. Энд ямар ч үүх түүхгүй, учир шалтгаангүй дүр, өгүүлэмж болоод тэр тусмаа сонголтгүй үйл гэж үгүй билээ.

Баян нөхрөөсөө салсан ээж, Цолмонгийн хүүхдээ авахуулах гэх шийдвэр, зоогийн газар дахь уулзалт, үйлчлэгч охин өрөөнийх нь завсраас шагайх эгшин, компьютер засварчны дурсамжид хөврөх охин, Намууны инээмсэглэдэг эртэй хийсэн яриа гээд бүгд л сонголтын дунд хөвөрдөг. Харин гаргалгааг нь тэр бүрчлэн тайлбарлаад байдаггүй. Хаалга онгойх чимээ чагнасан үйлчлэгч охин санд мэнд хувцсаа өмсөх тэр агшинд Цолмон гаднаас орж ирээд, нууцхан харсны хойно дотор нь юу болоод өнгөрснийг тааварлах хангалттай дүрсний өгүүлэмжийг найруулагч дэлгэцэд урлаж өгсөн боловч хэрхэн сонголт хийж буйг эцэст нь тултал тайлбарлалгүй үзэгчдэд хариулт хэвээр үлдээжээ.

Ерөөс зөрчил болгоны дараа, бүр киноны төгсгөлд хүртэл Хэвтрийн хүн зүгээр л аялалд гарч, киноны зураглал тэнгэр, газрын уулзвараар шурган орох нарийхан замаар давхисаар дуусаж буй нь хүртэл үзэгчдэд уужимхан амьсгал авмаар уран яруу үзэгдлийг бий болгож өгсөн юм.

Дурсамж төгсөх хүртэл


Кинонд сонголтоос гадна чухалчлан үзэх ёстой нэг сэдэв бол дурсамж. Магадгүй компьютер засварчны яриа л Хэвтрийн хүнд өнгөрсөн бүхнийг сануулж, ээжийг нь бодуулж, Цолмонд бага зэрэг ой гутам мэдрэмжийг төрүүлж, хайртай эмэгтэйтэйгээ биш аавтайгаа зөрчилдөж байсныг нь эерүүлэх сэтгэгдлийг хүртэл суулгана.

Үнэхээр л "Дурлалгүй ертөнцийн блюз"-д гардаг шиг "Жинхэнээсээ дурласан хүн нэгээхэн ч үгүй" нь оюун бодлыг нэвтлэх мөчид л Хэвтрийн хүн хэвтрээсээ өндийгөөд, бүх юм хоосон санагдаж амиа тэвчих байсан бодлоо орхиод алсын замд гардаг. Яг л ахин дурсамжийн эрэлд мордож буй хүн шиг.Төгсөхийн өмнө тэр эмээтэйгээ хамт, дурсамж дотроо алхаж яваад паркийн хулгана дээр суухыг хүсэхэд өнөөх хачин инээмсэглэгч, хувь тавилангийн бэлгэдэл болсон дүр "Засвартай" гэж хэлээд суулгадаггүй. Тиймээс л Хэвтрийн хүн хувь тавилангаа өөрчлөх угаас хэрэггүй, энэ нь анхнаасаа л бүтэлгүй оролдлого болохыг ойлгоно. Тэгээд л тэр аялалд гарч байна. Үлдсэн сонголт нь тэр.

Бид өөрсдийн хувь тавиланг өөрчилж чадахгүй, амьдрал боломжтой замаараа, болох ёстой зүйлүүд цаг хугацаанд түрэгдэн урсаж байгаа ч юм билүү. Харин өөрийгөө, дотоод мөн чанараа өөрчилж болно. Яг л Хэвтрийн хүний эцсийн шийдвэртэй адил. Үүнийг л С.Бямба найруулагч кинондоо илэрхийлж гаргахыг хүссэн учраас үзэгч бүр эх зохиолоос тэс өөр төгсгөлтэй учирсан биз ээ.