Бидний өдөр тутмын амьдралтай холбоотой улс төрийн шийдвэрийн тухай мэдээ мэдээлэлтэй, цаад шалтгаан, үр дагаврыг ойлгох боловсролтой байх нь орчин үеийн иргэн бүрийн анхаарах асуудал болжээ. Үүний тулд иргэд бид улс төрийн ямар үзэл баримтлалууд байдаг талаар ойлголттой байх хэрэгтэй юм. Тэгж гэмээнэ  улстөрчид, шийдвэр гаргагчдын зөв, буруу ярьж, хийж буйг ялган таних, түүнд санал шүүмж хэлэхэд тустай. Ингээд улс төрийн үзэл баримтлалын тухай энгийнээр тайлбарлахыг хичээснээ хүргэе.

Үзэл баримтлал гэж юуг хэлээд байна? 

Хүн төрөлхтний улс төр, засаглалын түүхийг сөхөн үзвэл ихэнх нь хаанчлал юм уу шашны үзэл суртал, нөлөөлөл, дарангуйлалтай холбогдсон байдаг нь гайхах зүйл биш. Хаант засаглал, шашны үзэл суртал гэдэг хүн төрөлхтний итгэл үнэмшил, үнэт зүйлсийг бүтээхэд чухал нөлөөтэй байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрдэмтэн, философич, сэтгэгчид тэдгээрийг ил, далд хэлбэрээр шүүмжилсээр нийгэм, ард олны сэтгэлгээ, хэв маягийг илэрхийлэх үзэл суртлыг хөгжүүлэх болсон юм.

17, 18-р зуунаас эхлэн Европ хөгжил дэвшлээрээ толгой цохиж, шинжлэх ухааны нээлтүүдийг дараалан хийх болсон бөгөөд улмаар Францын хувьсгал гэх мэт улс төр, нийгмийн томоохон эсэргүүцэл, хөдөлгөөнүүд гарах болсон юм. Ийнхүү идеологи буюу үзэл суртал нь Европын сэргэн мандалтын үед нийгэм ба хувь хүний ухамсрыг шашин, язгууртнуудын нөлөөнөөс чөлөөлөх сэдлээс үүдэн улам улам хөгжих болсон юм. Үзэл суртал бол аливаа зорилгыг тодорхойлох, асуудлын ээдрээг хялбарчлах, хүнд томьёоллыг олон түмэнд энгийнээр ойлгуулахад чухал үүрэгтэй гэж хэлж болно.

Тайлбарлах нь: Баруун, зүүн, төвийн үзэл баримтлал

Аливаа улс төрийн намуудыг загварчлах баримжааг баруун, зүүн, төвийн хэмээн албан бусаар хуваадаг. Анх Францын Хувьсгалын үеэр парламентын танхимд хаант засаг, язгууртнуудыг дэмжигч нар баруун талд, тэднийг эсэргүүцэж, шинэчлэлийг дэмжигчид зүүн талд сууж эхэлснээс хойш дээрх нэр томьёо бий болсон гэж үздэг. Мөн центристууд буюу төвийг сахисан улс төрийн хүчнүүд ч бий.

Дэлхийн II дайны дараагаас улс орнуудад эрчимтэй тархах болсон барууны үзэл бүхий нам, хөдөлгөөн нь эдийн засгийн өсөлтийг чухалчилдаг, хөрөнгөжих зорилгыг эрхэмлэдэг капиталистууд, уламжлал ёсыг эрхэмлэгч консервативууд, хаант засаглалыг дэмжигчид, үндсэрхэг үзлийг дээдэлдэг фашистууд хүртэл багтана. Мөн монархизм, анархо-капитализм, национализм, шовинизм гэх үзлийг хамруулдаг. Барууны үзэл баримтлал нь анхандаа хаант засаглал, уламжлалт удирдлагын хэлбэрийг илүү төлөөлдөг байсан бол яваандаа чөлөөт зах зээлийн эдийн засгийн үзэл санааг дэлгэрүүлэх болсон билээ.

Судлаачдын үзсэнээр барууны үзэл нь дараах зарчмыг баримталдаг гэж үздэг. Үүнд:

  • Хүн ам, цагаачлалын чиглэлд хатуу бодлого баримтлах
  • Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх бодлого баримтлах
  • Язгуур хэл, соёл, уламжлалаа хадгалах, хамгаалах
  • Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх
  • Нийгмийн ёс суртахууныг хангах, хадгалах
  • Сүсэг бишрэл, үнэт зүйлээ дээдлэх
  • Төрийн эрх мэдлийг хариуцлагатай болгох
  • Ардчилал, хүн төрөлхтний эв санааны нэгдлийг хангах зэрэг болно.

Улс төрийн үзэл баримтлалуудыг хэт энгийнчлэн егөөтэйгөөр тайлбарладаг "2 үнээний арга"-ыг та сошиал медиа дээр харж байсан байж магадгүй.

Тэгвэл зүүний гэх үзэл баримтлал нь нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, доод давхаргын амьдралыг дээшлүүлэхэд чиглэдэг. Ингэхдээ аж үйлдвэр, үйлчилгээг нийгэмчлэх, төрийн эрх мэдлийг багасгах эсвэл хязгаарлахыг дэмжихээс гадна нийгмийн гарал үүсэл, хүйс, яс үндсээр нь ялгаварлан гадуурхахын эсрэг бодлого баримталдаг ажээ. Уг үзэлд анархизм, коммунизм, социализм, сонгодог либерализм, социал-демократ үзэл багтана. Орчин үед зүүн төвийн үзэл санаа нь дараах зарчмыг амьдралд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг. Үүнд:

  • Хүнийг ялгаварлан гадуурхах явдлыг тэвчих
  • Баян, хоосны ялгааг арилгах
  • Олон ургальч байдал, олон тулгуурт төрийн зохицуулалтыг бий болгох
  • Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, эдийн засгийн эрх тэгш байдлыг чухалчлах
  • Хөдөлмөрийн хөлс, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлж, ажилгүйдлийг багасгах
  • Бүх нийтийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн нэгдсэн үнэ төлбөргүй тогтолцоо бий болгож, нийгмийн эмзэг давхаргад төр, олон нийтийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг чиглүүлэх
  • Хүн амын орлогын төлөвт нийцүүлж уян хатан татварын бодлого явуулах зэрэг болно.

Монголын улс төрийн үзэл баримтлал 

Манай улсын хувьд Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 31 нам бий. Хэдийгээр олон нам байгаа ч улс төрд үзэл суртал, үнэт зүйлээрээ онцгой ялгарах зүйлс цөөн, улс төрийн намуудын хөгжил хоцрогдож буй хэмээн үздэг. Монгол Ардын Хувьсгалт Намын хувьд анх марксист улс төрийн үзэл баримтлалаар 1921 оноос үйл ажиллагаа явуулж, ардчилсан хувьсгалын дараа зүүн төвийн социал демократ чиглэлд шилжсэн билээ. Харин Ардчилсан намын хувьд 1990 онд Улс төрийн намын тухай хууль батлагдаж, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Үүний дагуу өмч хувьчлалын ажлыг эхлүүлж, малчдад таван хошуу малыг, хотын иргэдэд орон сууц, барилга өмчлөх эрхийг үнэ төлбөргүй олгосон юм.

Социал демократ & Либерал

Манай улсын улс төрийн үзэл баримтлалд түгээмэл байдаг социал демократ болон либерал үзлийг энгийнээр тайлбарлая. Социал ба ардчилсан зорилтуудыг хооронд нь салгахгүйгээр хэрэгжүүлэхийг эрмэлздэг улс төрийн намуудыг социал-демократууд гэж хэлдэг. Орчин үеийн социал демократууд нийгмийн шударга ёсыг дээдлэх, стратегийн чухал обьектуудыг нийгэмчлэх, улсын эдийн засагт төрийн оролцоог нэмэгдүүлэхийг түлхүү баримталдаг юм.

Харин либертаризмийн хувьд хүний эрх, эрх чөлөөг гол болгож эрхэмлэж, нийгэм, эдийн засгийн амьдралд төрийн оролцоо хамгийн бага хэмжээтэй байх ёстой хэмээн үздэг. Тиймээс төр бол иргэдийн нийгэм, эдийн засгийн зорилгоо хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангаж хамгаалах, нийгмийн гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй амгалан тайван байлгах үүргийг л гүйцэтгэх ёстой хэмээн тайлбарладаг юм.

Дэлхий дахины чиг хандлага 

Сүүлийн 100 жилд хөгжингүй орнуудад намуудын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалын эрс ялгаа улам багасаж, үзэл санааны хувьд хоорондоо ойртох, ижилсэх чиг хандлагатай болж байгаа хэмээн улс төр судлаачид үзсээр байна. Тиймээс орчин үед улс төрийн үзэл баримтлалыг баруун, зүүн гэх хуваах нь улс төрийн нам, хөдөлгөөний бодит зураглалыг хангалттай илэрхийлж чадахгүй хэмээх болжээ.

Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн салбарт баруун үзлийг илүүд үзсэн, улс төр, хүний эрхийн хувьд зүүний үзэлтэй хүмүүс олшрох болжээ. Тиймээс намууд намуудын өөрсдийн үзэл баримтлалд хатуу зогсохоос илүүтэй нийгмийн хөгжлийн тулгамдаж буй асуудалд бодлогыг чиглүүлэх хандлага ажиглагдаж байна. Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр хатуу үзэл суртал гэхээс илүүтэйгээр орчин цагийн шаардлагад нийцсэн уян хатан, олон асуудлыг шийдэх тайлал болсон чиг хандлага түгэх болсоор байна.

Залуусын улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой "Надад 1 санал байна" медиа аяны хүрээнд энэхүү контентыг бэлтгэв. Ковер зургийг www.futurelearn.com-оос ашиглав.