“Улс төр надад хамаагүй”, “Мэдэхийг ч хүсэхгүй байна”, “Энэ талаар надтай бүү ярь”, “Хэн нь ч байсан ялгаа байхгүй” гэх мэтээр хэдэн жилийн өмнө залуусын дунд хүчтэй явах болсон хүнийрхүү гэмээр хандлагууд одоо аажим аажмаар багасаж, харьцангуй хариуцлагатай, ул суурьтай болж өөрчлөгдөж байгаад баярлууштай. Үүний учрыг залуусын боловсрол дээшлэхийн хэрээр бусдад найдах, асуудлыг өөрөөс холдуулах зэрэг нь гарц шийдэл болдоггүйг, өөрийн оролцоо хэчнээн чухал болохыг ойлгох болсонтой холбож болох болов уу. Тэгвэл бидний сэтгэл зүрхэндээ хүсэж явдаг тэр иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгмийг бий болгоход хамгийн чухал орц болдог иргэний үүрэг оролцооны тухай өнөөдөр арай дэлгэрүүлэн авч үзье.

Иргэний нийгэм гэж юу вэ?

Зарим хүмүүс иргэний нийгмийг иргэний төлөө нийгэм гэж андуурах нь бий. Нэг талаараа зөв боловч бүрэн утгаараа энэ нь иргэний оролцоотой нийгэм, идэвхтэй хэмнэлээр амьдардаг иргэдтэй нийгэм гэдэг утгыг илэрхийлэх ойлголт юм. Энгийнээр тайлбарлахад бид ихэнх тохиолдолд төр, иргэн хоёрыг тусдаа мэт санаж, толгой дотроо дээрээс доош чиглэсэн гурвалжин хэлбэртэй эрх мэдлийн дараалал тогтоож байдаг шүү дээ. Гэтэл бидний 30 жилийн турш босгох гэж хичээсээр буй ардчилсан нийгэм гэдэг төр, иргэний харилцаа холбоог тэгш байлгаж, нэг нь нөгөөгөөсөө харилцан хамааралтай, уялдаа холбоотой байхад чиглэдгийг анхаарууштай. Ийм ч учраас иргэний нийгэм гэдэг ардчиллын тулгуур, суурь ойлголт болдог.

Иргэний нийгэм
Гэгээрч соёлжих явцад үзэл бодол, шинж чанарын хувьд бие даасан, тэгш эрхт иргэд нь нийгмийн зохицуулалтад сайн дурын үндсэн дээр өргөнөөр оролцдог, тийнхүү оролцох эрхзүйн болоод ухамсрын орчин бүрдсэн нийгмийг хэлнэ.

"Бусгаар Тогтносон Монгол" номоос

Иргэний нийгмийг бий болгох яагаад чухал вэ?

Ардчиллын бидэнд өгч буй хамгийн том боломж бол иргэддээ “Эвсэн нэгдэх, Хамтран ажиллах, Өөрийгөө илэрхийлэх” гэдэг гурван том эрхийг өгч буй явдал гэдэгтэй та ч бас санал нийлэх байх. Ардчиллын суурь нь яагаад иргэний нийгэм болж буйн хамгийн товч, тодорхой тайлбар нь ердөө л энэ. Уг тогтолцоо мэдээж төгс биш, гэхдээ төгс рүү дөхүүлэхийн тулд иргэд хамтдаа нэгдэж, гарц гаргалгааг боловсруулан, түүнийгээ төрд хүргэх боломжийг л энэ систем бидэнд өгдөг. Иймд угаас төгс биш тогтолцооноос төгс байхыг харанхуйгаар нэхэж шаардах нь үр дүнгүйг ойлгох хэрэгтэй бөгөөд харин үүний нэг хэсэг болж, хамтран ажиллах нь олон талт харилцан ашигтай байдлыг бий болгох юм. Бид бүгд л сайхан нийгмийг, амьдрах таатай орчныг хүсдэг. Гэхдээ түүнийхээ төлөө хаа холд орших төр гэдэг зүйлийг буруутган суух биш, түүнийг өөртөө татаж, өөрөө бас ойртож, эрхээ ашиглан шаардлагаа тавих нь иргэний нийгмийн гол агуулга.



Иргэний нийгмийг хөгжүүлэх нь: 
Бидний хийж чадах зүйлс

1. САЙН ДУРЫН АЖЛУУДАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХ

Хүн гэдэг гэнэт л нэг өдөр “Би идэвхтэй иргэн байх болно” гэж бодоод идэвхтэй болчихгүй шүү дээ. Үнэндээ хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байх. Төлөвшсөн, боловсорсон, амьдарч буй нийгэмдээ хэрэгтэй, үнэ цэнтэй иргэн байх нь сайн дурын ажилд оролцох оролцооноос эхэлж болно. Ингэхдээ оюутан, сурагч байх үеэ сайтар ашиглаж бодит амьдралтай таныг танилцуулж чадах газруудад сайн дурын ажлууд хийгээд үзээрэй. Асрамжийн газарт ажиллах, хөгжлийн ялгаатай иргэдтэй хамтрах, мод тарих гээд юу ч байж болно. Сайн дурын ажлын хамгийн том өгөөж нь таныг хэвшсэн тухтай байдлаас гаргаж, мэдэхгүй өөр нэг өнцгийг нээж өгдөгт байдаг.

2. МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, ТББ-УУДАД АЖИЛЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДАД ОРОЛЦОХ

Ном ёсоороо бол ардчиллыг зөв гольдролоор нь авч явах хамгийн чухал нөлөөтэй оролцогч нь мэргэжлийн холбоод, ТББ-ууд байдаг. Дөрөвхөн жил болоод л солигддог маш хурдтай энэ тогтолцоог урт хугацаанд нь нэг бодлого чиглэлд уяж, чиглүүлэх үүргийг ТББ-ууд үүрдэг учиртай. Манай улсын хувьд энэ тогтолцоо тийм сайн хөгжөөгүй байгаа хэдий ч залуусын оролцоо, улс төрийн боловсрол мэдлэг нэмэгдэж, ТББ-уудийн жинхэнэ хүчийг иргэд нийтээр бүрэн дүүрэн үнэлж чаддаг болох нь цаг хугацааны л асуудал болов уу.

3. ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, БАЙР СУУРЬТАЙ БОЛОХ, ЭРЭЛ ХАЙГУУЛ ХИЙХ

Иргэний нийгмийг бий болгохын тулд юу юунаас түрүүнд ард олон нь боловсорч, соёлжин жинхэнэ “иргэн” болох хэрэгтэйг дээр дурдсан. Боловсорч, соёлжино гэдэг нь заавал их сургууль төгсөж, боловсролын зэрэгтэй болохыг хэлээгүй юм шүү. Ердөө биеэ даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ тодорхой нотолгоо баримттайгаар хамгаалж чаддаг иргэнийг хэлж байгаа хэрэг юм. Үүний тулд эхлээд бид улс төр бол муухай гэдэг бодлоосоо салж, одоогийн улс төрд байгаа дургүй хүмүүсээ түр орхиод эхлээд тогтолцоогоо, системээ ойлгож авах хэрэгтэй. Тогтолцоогоо ойлгосны дараа та аливааг арай өөрөөр харж эхлэх болов уу. Засгийн Газар, Улсын Их Хурал, Яам, Тамгын Газар, Хотын захиргааны хийдэг зүйлс юугаараа ялгаатай вэ? Хэн томилдог вэ? Аль нь “том” нь вэ? Яаж хууль баталдаг вэ? Сонирхож үзээд, мэдээд аваарай. Цаашид их хэрэгтэй шүү. Үүнийг мэдэхийн тулд олон улс төрчийг ч мэдэх шаардлагагүй.

4. ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ХУВААЛЦАХ

Хэрвээ өөрийн үзэл бодолтой болсон бол үүнийгээ бусадтай ярилцаж, санал бодлоо ёс зүйтэйгээр солилцож бусдад нөлөөлөл үзүүлээрэй. Гэм нь улс төр гэдэг эмзэг сэдэв. Тохирохгүй хүмүүстэйгээ ярилцвал хэрүүл ч болж мэдэх юм. Зөв хүмүүстэйгээ, зөв цагтаа ярилцаарай. Энэ л хамгийн чухал, хамгийн энгийн, хамгийн үр дүнтэй ажил гэдэгт эргэлзэх хэрэггүй.

5. СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХ

Сонгох, сонгогдох гэдэг маш том эрх бидэнд бий. Хэнээр чиглүүлэх, хэнээр юу хийлгэх, хэнээс юу шаардахаа бид өөрсдөө сонгож байна. Эрх чөлөөт нийгэмд үүнээс том “тансаглал” гэж юу байх билээ. Сонгууль бол таны бодож байгаагаас ч чухал зүйл. Иймд ямар ч сонгуульд тун хариуцлагатай, мэдээлэлтэй оролцож дадаарай. Энэ бол ганц өөрийн амьдарч буй цаг үе бус, хойчийн ирээдүйд ч хамаатай чухал шийдвэрийг гаргаж буй явдал юм.

Залуусын улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой "Надад 1 санал байна" медиа аяны хүрээнд энэхүү контентийг бэлтгэв.