Зуны нээлтийг албан ёсоор эхлүүлж, амьд хөгжмийн сайхныг мэдрүүлэн, шинэ уран бүтээлчидтэй танилцуулдаг Playtime фестиваль эхлэхэд бэлэн боллоо.
Тасалбараа авсан мөчөөс эхлээд л хэрхэн очих, очоод хаана амарч байрлах, хамтлаг, уран бүтээлчдээ хэрхэн төлөвлөж үзэх гээд энгийн хэр нь чухал асуудлууд хөвөрч эхэлнэ. Иймд бидний зүгээс хөгжмийн наадамдаа бэлтгэлтэй очиход тань туслах бүхий л мэдээллийг багтаасан цогц нийтлэлийг хүргэж байна.
HEADLINERS-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЬ
1. Albert van Abbe
Тэрээр 20 гаруй жил хөгжмийн үзэсгэлэнгээс эхлээд “hardcore acid” хүртэл бүтээл туурвиж буй. Эксперименталь уран бүтээл туурвидаг түүний хувьд бүтээл бүрдээ гүнзгий философи, утга санаа шингээдэг онцлогтой. Түүний 2022 онд гаргасан “Nondual” хэмээх бие даасан цомог нь л гэхэд нондуализм буюу бүх зүйл нэгэн цул ухамсар дор оршдог гэх философиос сэдэлтэй аж. Мөн өөрийн студидээ 1950-иад оны хэмжилтийн төхөөрөмжөөр шинэ уран бүтээл туурвиж, Нидерландын гэрлийн урлагийн багуудтай хамтран инсталяц үзэсгэлэн толилуулах байдлаар одоо ч уран бүтээлүүд нь шинэ чиглэлд залагдсаар байгаа билээ.
Тайз: NAAGLIHATS, Grove
2. Aurora Halal
YouTube хуудаснаа 930 мянга гаруй дагагчтай HÖR BERLIN-ий сетүүдийг плэйтаймчид андахгүй биз ээ. Аурорагийн сетүүд ч энд хэд хэд тоглогдож байв. Тэрээр сүүлийн 10 гаруй жилийн турш дэлхийн өнцөг булан бүрийн клуб, рейв, фестивалиар аялан тоглолт хийж нэрд гарсан. Нью-Йорк хотын Nowadays клубт 4 дэх жилдээ резидент DJ хийж байгаа тэрээр Берлин дэх Berghain, De School гэх зэрэг клубт ажилладаг. Түүнчлэн Брүүклин хотын алдарт “Mutual Dreaming” үдэшлэг болон Sustain-Release фестивалийн үүсгэн байгуулагч юм.
Түүний сетүүд нууцлаг бөгөөд сэргэг уур амьсгалтай ба 2010 оноос хойш түүний зохион байгуулж буй арга хэмжээнүүд нь андерграунд урсгалд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Тайз: NAAGLIHATS
3. Envy
2014 оны Playtime наадмын тайзнаа анх гарч байсан Envy хамтлаг 1992 онд Токиод байгуулагдсан цагаасаа хойш Японы “independent hardcore” хөгжмийн урсгалыг шинэ шатанд хүргэсэн билээ. Тэдний хамгийн сүүлийн цомог “Eunoia” нь шинэ бүрэлдэхүүнтэй болсны дараах шинэ эхлэл, хөгжмийн хувьд ч шинэлэг бүтээл болжээ. Анхны дуучин Тэцүя Фүкүгава 2016 онд хамтлагаас гарсан ч 2018 оны 4-р сард тайзан дээр гэнэтийн эргэн ирэлт хийж, албан ёсоор дахин нэгдсэн нь олон фенүүдийн сэтгэлийг хөдөлгөж байсан бол энэ удаа 2025 оны Playtime-ийн тайзнаа дахин гарч ирж яг эл мэдрэмжийг наадмын сонсогчдод мэдрүүлэх гэж байна.
Тайз: Playtime Stage
Та HEADLINER артистуудын танилцуулгыг бүрэн эхээр нь энд дарж уншаарай.
Энэ жилийн онцлог
1. Шинэчлэгдсэн дэд бүтэц
Playtime Field дэд бүтцийн тал дээр томоохон дэвшилт хийж, засмал замтай болсон ба эрчим хүчний шууд эх үүсвэрт холбогджээ.
2. Шинэ түвшний дуугаралт
Энэ жилийн Playtime фестиваль Нидерландын мэргэжлийн дууны инженер Thomas Van Aaslst-тай хамтран тайзны дуугаралтыг шинэ түвшинд аваачихаар ажиллаж байна. Тэрээр 2005 оноос хойш уг мэргэжлээр ажиллаж буй, олон улсын 10+ жилийн туршлагатай, 7 хүртэлх тайзыг зэрэг удирдаж байсан, Европын нэр хүндтэй клуб, фестивалиудад ажилладаг дууны системийн техникч, инженер юм.
3. Олон улсын жишигт нийцсэн тасалбар баталгаажуулалт
Энэ жилийн Playtime Festival нь тасалбар баталгаажуулалт, нэвтрэх хяналтын системээ олон улсын томоохон фестивалиудын жишигт нийцүүлэн, илүү хурдан, илүү найдвартай болголоо. Мөн албан ёсоор тасалбараа шилжүүлэх боломжтой болсныг онцлууштай.
4. Наадмын бугуйвч таны түрийвч
Түрийвчээ хайж, утас, датагаа гацаан барин төлбөр тооцоо хийх шаардлагагүй болжээ. Ердөө таны наадмын бугуйвч гарт тань байхад л асуудалгүй төлбөр тооцоогоо хийх боломжийг энэ жил Playtime Festival бүрдүүлж байгаа юм.
Та "Playtime Festival 2025-ийн БҮРЭН ЗУРАГЛАЛ" нийлэлийг бүрэн эхээр нь энд дарж уншаарай.