Амьдралаа илүү цэгцтэй, зохион байгуулалттай төлөвлөх хүсэлтэй хүмүүсийн нийтлэг сонголт болж буй төлөвлөгч дэвтэр буюу Bujo (Bullet Journal)-ийн тухай та хэдийн сонссон биз ээ. Тэгвэл бид 2021 онд төлөвлөлт, тэмдэглэлийн арга барилдаа бужо аргачлалыг ашиглах гэж буй хэн бүхэнд зориулан дараах мэдээллийг бэлтгэлээ. Тэгш хэмжээс бүхий цэгтэй бужо, өдөр тутмын тууштай хөтлөлт амьдралд тань хэрхэн нөлөөлөх бол?

Дижитал ба аналог

Техник технологи хурдтай хөгжиж буй энэ эрин зуунд хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралаа гар утсандаа даатгах нь хэвийн үзэгдэл болжээ. Гар утас тэргүүтэй ухаалаг дижитал төхөөрөмжүүд бидний “ой санамж” болсон гэхэд хилсдэхгүй. Дэлхий дээрх 5.15 тэрбум хүн хувьдаа гар утас, тэр дундаа ухаалаг гар утас хэрэглэдэг болохоос өмнө бидний ой санамжийн үүргийг хэдэн мянган жилийн турш гүйцэтгэж ирсэн цаасны үнэ цэн одоо ч хэвээрээ болов уу?

Технологийн чиглэлийн судалгаа, зөвлөгөөгөөр дагнан ажилладаг "Technavio" компаниас өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан “Тэмдэглэлийн дэвтрийн зах зээлийн судалгаа”-наас цаасан буюу аналог дэвтрийн зэх зээл улам ч өсөх хандлагатай болж буйг харж болно. Цаас хэзээд бодит, амьд мэдрэмжийг өгдөг бөгөөд гараар бичих нь бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, оюун санаагаа цэгцлэх, анхаарлаа төвлөрүүлэх сонгодог арга учраас тэр билээ.



Тэмдэглэлийн дэврийн зах зээлийг ойлгох нь

Тийм ч учраас тэмдэглэлийн дэвтрийн зах зээл дижитал төхөөрөмжүүдийн хөгжлөөс үл хамааран жилээс жилд 7.5 хувиар өсөж буй бөгөөд 2021 онд есөн хувиар буюу 18.8 тэрбум ам.доллароор өсөх төлөвтэй байна. Үүний 44 хувийг Азийн орнуудын хэрэглэгчид бүрдүүлнэ гэсэн тооцоо байгаа юм. Мэдээж уг өсөлт нь цаасан дэвтэр үнэ цэнтэй гэх уламжлалт хандлагаас илүүтэй салбарын өрсөлдөөн, шинэ бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтайг тодотгох нь зүй. Жил бүр шинээр гарч буй бүтээгдэхүүн, санаанууд зах зээлийн өсөлтийн гол хүчин зүйл болдог нь мэдээж.


Бужо аргачлал гэж юу вэ?

Дэвтэртээ хувийн амьдрал, ажил карьераа үр дүнтэй хөтлөх уг системчилсэн аргыг дизайнер Райдер Кэролл хэрэглэгчдэд 2013 онд танилцуулсан. Тэрээр бужог “Өнгөрснийг тэмдэглэж, өнөөдрөө зохион байгуулж, ирээдүйгээ төлөвлөх аналог систем” хэмээн тайлбарлажээ.

Хэдий систем гэдэг нь тогтсон хэв загварыг илэрхийлж буй мэт боловч үнэндээ үндсэн загвар, санаанд нь тулгуурлан яаж ч өөрчлөх боломжтой бөгөөд үүнийг хамгийн энгийнээр өөрийн бүтээлч талбар хэмээн харахад л болно.

Гараар бичиж, загварчлахад хялбар байлгах үүднээс стандарт тооны дэвтрийн хэмжээс бүхий цэгэн тэмдэглэгээтэй чөлөөт хуудсуудтай байдаг. Дотор нь:

- Жил,
- Сар,
- Өдөр тутмын төлөвлөлт бүхий загваруудаа гаргах бөгөөд нэмэлтээр:

- Зуршил тогтоогч (habit tracker),
- Санхүү төлөвлөх хэсэг (expense tracker)

зэрэг өөрт хэрэгтэй байгаа, ажиллахыг хүссэн чадваруудаа хэмжих, хянах хэсгүүдээ оруулж өгөх юм.



Хэрхэн үр дүнтэй хөтлөх вэ?

Нэгдүгээрт, төлөвлөгч дэвтрийг үр дүнтэй хөтөлж сурахад хамгийн чухал зүйл нь өөрт тохирсон аргыг олж, тодорхой үр дүнд хүртэл тууштай байж, дадал тогтоох явдал. Нэг удаа ажлуудаа жагсааж бичээд л зохион байгуулалтад орчихгүйг ойлгох хэрэгтэй. Тиймээс бужо хөтөлж эхлэхээр шийдсэн бол тууштай бөгөөд идэвхтэй байхыг нэн тэргүүнд зөвлөе. Өдөр бүрийн төгсгөлд 5-10 минутыг тогтмол гаргаж өдрөө дүгнэж дадаарай.

Хоёрдугаарт, дэвтрээ зөв сонго. Дэвтрийн хэмжээ, хуудасны зохион байгуулалт, дэвтрийн нуруу, бичиж тэмдэглэхэд хялбар байдал зэргийг сайтар харж сонголтоо хийгээрэй.

Жилийн төлөвлөлтөө гаргах боломжтой бужо дэвтрүүд

Unread

Гуравдугаарт, эхний удаа хөтөлж буй тохиолдолд хуудас бүрийн төлөвлөлтийн загварыг богино хугацаагаар гарга. Ингэснээр сар бүр шинэ загвар, хэлбэрийг турших боломжтой болох бөгөөд олныг турших тусам өөрт хамгийн үр дүнтэйгээ сонгоход хялбар болно. Дэвтрээ авуутаа л сэтгэл хөдөлсөндөө загвараа жилээр нь зурж гаргах хэрэггүй гэсэн үг.

Дөрөвдүгээрт, төлөвлөх болон хэмжих, хянах шаардлагатай байгаа бүх зүйлсээ дэвтэртээ нарийн тусгаж өг. Бужо хэрэглэгчид тухайн өдөр унтсан цаг, сошиалд өнгөрүүлсэн цаг, сэтгэл зүйн төлөв байдал, өдөрт үрсэн мөнгөний хэмжээ, дасгал хийсэн хугацаа, хичээл хийсэн бол ямар чадвар дээр түлхүү төвлөрч ажилласнаа тэмдэглэдэг. Энэ нь өөрийн долоо хоног, сар, улирал, жилийн дүгнэлтээ гаргах, ирээдүйд юун дээр анхаарахаа ойлгоход илүү амар болгоно. Өөрөөр хэлбэл ирээдүйн прогнозоо гаргахын тулд дата баазаа бий болгож буй хэлбэр юм.



Тавд, бүтээлчээр сэтгэ. Бужо бол маш бүтээлч талбар. Магадгүй та өмнө нь хэн нэгний хөтөлж буй бужог харж байгаагүй бол дээр дурдсан мэдээлэл бүрийг тэмдэглэх нь төвөгтэй, уйтгартай санагдаж болох юм. Гэхдээ судлаад үзээрэй. Хамгийн төвөгтэй зүйлсийг хамгийн хөгжилтэйгээр хийх боломж их бий. Үүний тулд өнгө өнгийн үзэг, наалт, тодруулагч, төрөл бүрийн тэмдэглэгээ ашиглаад үзэхийг зөвлөе. Хамгийн гол шалгуур нь өөрт тань эвтэйхэн, хялбар, зугаатай байх ёстой. Энэ эрэл хайгуул зөвхөн дэвтэр дээр бус амьдрал, харах өнцөгт тань өөрчлөлт авч ирэх болно.

Зургаад, бусдаас суралц. Хэдэн жилийн өмнө бужо хөтлөх тухай мэдээлэл авахдаа гадаад хэл дээр хайлт хийх шаардлагатай байсан бол өдгөө бужо хэрэглэгчид олон болж, эх хэл дээрээ зөвлөмж, туршлагууд мэдэж авах боломжтой болоод буй. Тэр ч бүү хэл монгол хэлээр хэвлэгдсэн бужо дэвтрүүд төрөл төрлөөрөө бий. Яаж ашиглах, загварчлахаа мэдэхгүй байгаа бол бусдаас суралцаж, санаа аваарай.