1997 онд худалдаанд гарсан цагаасаа хойш хүүхэд залуусыг шууруулж, өөрийн гэсэн бүхэл бүтэн вант улсыг бий болгосон алдартай зохиол бол Харри Поттерийн цуврал билээ. Ид шидтэний ертөнцийг уран гоё, итгэл үнэмшилтэй дүрсэлсэн уг зохиолоос сэдэвлэсэн тайзны жүжиг, нэрэмжит гудамж зэргээс гадна их сургуулийн хичээл хүртэл байдаг нь ямар их алдартай болсныг илтгэнэ. Долоон цуврал номоор дамжуулан өч төчнөөн санаа, сургамжийг уншигчдад өгсөн уг цуврал бизнес эрхлэгчдэд ч санаа сэдэл өгч чадна гэдгийг та энэ нийтлэлээс уншаарай.

1. Тэнхмийн хуваарилалт

Hogwarts шидтэний сургуулийн тэнхмийн хуваарилалт тун содон. Мөн чанар, дотоод ертөнцөөр нь сурагчдыг эрэлхэг (Gryffindor), ухаалаг (Ravenclaw), хичээнгүй (Hufflepuff), авхаалжтай (Slytherin) хэмээх үндсэн дөрвөн бүлэгт хуваарилсан нь тус тусын сурагчдад тохирсон багш, сургалт, арга барилыг бий болгоход илүү дөхөмтэй болгодог гэлтэй. Киног нь үзэхэд хэт ялгарал үүсгэх эрсдэлтэй мэт санагдавч зохиолыг нь анхааралтай уншиж, бодит амьдрал дээр төсөөлөөд үзвэл бас ч санадаг л санаа.


Зохиолч хуваарилалт бүр төгс байх боломжгүй, хувь хүнийг тийм ч амархан тодорхойлчихдоггүй гэдгийг Peter Petegrew, Severus Snape, Luna Lovegood, Cedric Diggory нарын дүрээр дамжуулан харуулсан байдаг.


2. шидэт амттанууд

Сайхан амттай чихрийг яагаад ч амтлахыг хүсэхээргүй амттай үрэлнүүдтэй хольсноор санамсаргүй тохиолдлоор азтай азгүйгээр нь ялгах тун хөгжилтэй тоглоом болж болно. Сэнгэнэсэн гаа, төрөл бүрийн жимс, зөөлөн шоколад, амтат чихэрнүүдийг бөөлжис, нус, перцний амттайгаас түүж идэх ярвигтай үйл явц нь хамт олны дунд уур амьсгалыг бүрдүүлж, дулаан хийгээд хөгжилтэй орчныг бий болгож чадна.

Аль хэдийн худалдаанд гарсан Bean boozled-ийг мэднэ биз дээ?

.


3. Одод түгсэн адар

Хогвартс сургуулийн их танхимын адар тэнгэрийн байдалтай адил байх шившлэгтэй байдаг нь багш, сурагчдад танхим яг л тэнгэртэй нийлсэн мэт гайхалтай мэдрэмжийг өгдөг тухай номд тодорхой гардаг.
Үйлчилгээний бизнес эрхэлдэг бол сонирхолтой орчин, уур амьсгал бүрдүүлэх сайхан санаа.



4. Weasley-ийн гэр бүлийн цаг

Энгийн хүмүүсээс хол хөндий орших цэвэр цуст шидтэний гэр бүлийн томоохон төлөөлөл болох ноён Weasley-ийн гэрт сонирхолтой зүйлс тоймгүй их.
Жишээ нь: "Гэрийн цаг". Хананд өлгөөтэй том цаг гэр бүлийн гишүүдийг төлөөлсөн есөн зүүтэй, зүү бүр бүлийн гишүүдийн байршлыг заах шидтэй. "Гэр", "Сургууль", "Ажил", "Аялал", "Мэдэгдэхгүй", "Замд", "Эмнэлэг", "Шорон", "Аюулд орсон" зэрэг хаана, ямар нөхцөлд буйг харуулдаг уг цагийг технологи хөгжсөн өнөө үед бодит болгох боломж бүрэн бий.



5. Monster book: Мангаст ном

Зохиолын хоёрдугаар бүлэгт гардаг шидэт амьтдын хичээлийн сурах бичиг нь "Мангаст ном". Эзэн рүүгээ ч үргэлж дайрч, хазаж байдаг ууртай номыг нээн уншихын тулд нурууг нь зөөлөн илэх шаардлагатай. Энэ мэтчилэн бага насны хүүхдэд зориулсан номыг, мөн ойлгоход хүнд номуудыг энгийн хариу үйлдэлтэй, уншигчтай холбоо тогтоох боломжтой болгосноор агуулгыг нь илүү сонирхолтойгоор хүргэж болох юм.


Баримт: Олон улсын их сургуулиудад Harry Potter судлалын ангиуд байдгийг мэдэх үү? Ялгаварлан гадуурхалт, зэрэг зиндаа (Цэвэр цусны шидтэн хэмээх ойлголт), эрх чөлөөний асуудал (Гэрийн үйлчлэгчдийн боолчлол) зэрэг нийгмийн чухал асуудлуудыг сонирхолтойгоор хөндсөн нь уг зохиолд задаргаа, шинжилгээг хийх үндэслэл болсон юм.

www.bookstr.com


6. golden egg: Алтан өндөг

Харри болон түүний найзуудын толгойгоо ажиллуулсан ч хариуг нь ололгүй бууж өгөөд, төсөөлөөгүй хүнээс тусламж авдаг нэг зүйл бол алтан өндөг. Энгийн нөхцөлд онгойлгоход хачирхалтай орилооноор дотор тавгүйтүүлдэг тэр хоолой усанд ормогцоо ер бусын уянгалаг дуу болон хувирдаг. Таавар таах, оньсыг тайлах гэх мэт хүний сониуч занг гижигдсэн зугаатай бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн хорхойг хөдөлгөх нь дамжиггүй.



7. Саваагаа сонгох уу? саваандаа сонгогдох уу?

Эзэн саваагаа бус, харин саваа эзнээ сонгодог… Хэн хүссэнд нь захирагдаж, дурын нэгний хүслийг биелүүлээд байдаггүй шидэт саваа зөвхөн өөрт тохирсон, эсвэл өөрийнх нь төлөө тэмцсэн нэгэнд л үнэнчээр үйлчилдэг. Тэгвэл хэрэглэгч бараа бүтээгдэхүүнээ сонгодог уламжлалт тогтолцоог бага зэрэг эвдээд, бүтээгдэхүүн эзнээ сонгодог консептыг хөгжүүлээд үзвэл ямар вэ?



8. Weasley ихрүүдийн шидэт тоглоомууд

Weasley-ийн ихрүүдийн хобби бол шидэт тоглоом. Дурлаж хийсэн бүтээлүүдээ хөгжүүлсээр Weasleys Wizard Wheezes дэлгүүрийг нээх хүртлээ өргөждөг. Голлох бүтээгдэхүүнүүд нь ихэнхдээ хичээл үймүүлэх, ажлаас зугтах, хорлон сүйтгэх сэдэлтэй зүйлс байдаг ч сайн уншвал хэрэглэгчийн зан төлвийг хамгийн сайн мэддэг үйлдвэрлэгчид л хамгийн амжилттай бизнес эрхлэгчид болдгийг харуулна. Хэрэгцээт сэдэл, шаардлагатай санаагаа олж авч чадвал тэднээс суралцах зүйлс багагүй бий шүү.



9. Pensieve: Оюун ухааны цүнхээл

Pensive буюу гүн бодол гэх үгнээс гаралтай Pensieve-ийг монгол хэл дээр “Оюун ухааны цүнхээл” гэж орчуулсан нь бий. Зохиолд гардагчлан профессор Dumbledore оюун санааны хувьд туйлдсан үедээ өөрийг нь ядрааж буй тэр л дурсамжуудыг Pensieve-д хийж, тархиа чөлөөлдөг. Гэвч нөгөө талаар энэ нь дурсамжийг илүү нарийвчлан, биежүүлэх шидтэй байдаг тул далд ухамсарт хадгалагдсан бодит үнэнийг гаргаж ирэн үнэнээс айсан, өөрөөсөө зугтсан хүмүүсийг хямрааж орхидгийг профессор Slughorn-ийн дурсамж харуулдаг.

Үүнтэй адил өөр хэн нэгний шаардлагагүйгээр зөвхөн өөрөө өөртөө сэтгэл зүйн эмчилгээ, амралт өгөх боломжийг олгох ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ байж болох вэ? Сэтгэл зүйн эрүүл мэнд дэлхий даяар хүчтэй яригдах болсон энэ цаг үед сэтгэж чадвал мянга мянган хэрэглэгч зах зээлд бэлэн бий.



10. The Marauder’s Map: тонуулчны Газрын зураг

Hogwarts-ийн түүхэнд Weasley-ийн ихрүүдийн өмнө гишгэх цорын ганц дүрсгүйчүүдийн бүлгэм бол James Potter, Sirius Black, Remus Lupin, Peter Petegrew нарын дөрвөл. Harry-гийн төрсөн болон загалмайлсан эцгээр удирдуулсан энэ дөрвөлийн хийсэн нэгэн том бүтээл бол "Тонуулчны газрын зураг".

Энгийн газрын зургаас ялгаатай нь сурагчид бүү хэл багш нарын ч мэддэггүй сургуулийн нууц гарц, нүх сүвүүдийг энэ зурагт тэмдэглэснээс гадна хэн, хаана явааг ч нарийн харуулдаг. Уг газрын зураг нь хэрэглэх нууц үгийг нь мэддэг хүнд л харагддаг бөгөөд бусад үед зүгээр л нэг үнгэгдсэн цаас мэт билээ. Танд юу бодогдож байна даа?


Баримт: Италийн их сургуулийн профессор, судлаач Loris Vezzali ерөнхий боловсролын сургуулийн 34 хүүхдээс авсан туршилт, судалгааны дүнд "Harry Potter зохиолыг уншсан хүүхдүүдийн ялгаварлан гадуурхах үзэл багасаж, цагаач, дүрвэгчдэд хандах хандлагад нь эерэг нөлөө үзүүлсэн" гэдэг нь харагджээ. Тэрээр хэлэхдээ "Ялгаварлан гадуурхалт гэдэг нь төрөлхөөс удамшдаг зан чанар биш тул уран зохиолоор дамжуулан хүүхдэд эерэг хандлагыг төлөвшүүлэх боломжтой" гэсэн байна.

www.scientificamerican.com


11. tom riddle's diary: амьд дэвтэр

Хар шидтэн Lord Voldemort-ийн сүнсний нэгээхэн хэсэг хадгалагддаг шидэт өдрийн тэмдэглэл. Юу ч бичээгүй хоосон энэ дэвтэр дээр бичсэн зүйлс бүрийн хариу тэр дороо л гарч ирдэг нь бичиж буй хүндээ сайн найзтай болсон мэт таатай мэдрэмжийг өгдөг.

Орчин цагт уг дэвтрийг зарим талаар чатботтой харьцуулж болох ч илүү амьд, илүү нөхөрсөг мэдрэмжийг нь харьцуулах боломжгүй л болов уу.



12. уран зургууд 

Hogwarts сургуулийн эзгүй булан тохойд болсон энгийн нэг үйл явдлыг ч сургууль даяар хормын дотор түгээх чадвартай мэргэжлийн хов базаачид бол уран зургууд дээрх дүрүүд. Зургаас зургийн хооронд шилжиж, мэдээллийг шүүлтүүрдэж, дамжуулж, боловсруулах чадвартай эдгээр зургууд төсөөлснөөс ч олон үүрэгтэй.



13. Remembrall: мартсаныг сануулагч

Бүх зүйл хэвийн бол цагаан, харин ямар нэг зүйл мартсан бол улаан өнгийн утаа бий болно. Өглөө бүр гэрээсээ гарахдаа мартсан санасан зүйлээ шалгаж, жагсаалтаа толгой дотроо бүртгэхдээ автомат сануулагч байдаг ч болоосой гэж бодож байсан уу?

Маш энгийн, тодорхой ажиллах зарчимтай ийм сануулагч байвал сайхан аа.



14. felix felicis: аз авчрах уусмал

Нэг жижигхэн лонх Felix Felicis уусмал 12 цагийн турш аз авчрах шидтэй. Үйлчлэлийн хугацаанд хийсэн бүх л зүйлдээ азтай байх энэ гайхамшигт уусмалыг тогтмол хэрэглэвэл өөртөө хэт итгэх, хариуцлагагүй нэгэн болох аюултайн дээр бэлтгэхэд тун хэцүү тул тийм ч хялбар олдохгүй.

Бодит амьдрал дээр бидэнд юу аз авч ирж болох вэ?



15. Accio: татах шид

Харри Поттер дээр гардаг Акцио! шид шиг ганцхан үг хэлээд л хэрэгтэй зүйлсээ татаад аваад ирдэг байсан бол бид өдөр тутмын эрэл хайгуулдаа зарцуулдаг хэчнээн мөчийг хэмнэж чадах бол?

Гар утас, зурагтын удирдлага, хэтэвч... болдог бол байрлал тогтоогч суулгачихмаар амьгүй мөртөө сахилгагүй эд зүйлсийг эмхэнд нь оруулах хүсэл хэн бүхэнд л байдаг байх.



Таны хувьд ямар киноны, аль хэсгийг бодитоор байдаг ч болоосой гэж хүсдэг вэ? Хуваалцаарай...

Магадгүй бизнесийн санаа хайж яваа нэгний нүдэнд өртөж, ирээдүйд амжилт гаргах гайхалтай бүтээгдэхүүний эхний сэдэл нь ч болох юм бил үү? Хэн мэдлээ.