Нар, хур тэгширч, байгаль дэлхий өнгөө сэргээн цэцэглэх зун цаг иржээ. Зун цаг бол амьтай бүхэн эрч хүчээ сэлбэдэг онцгой улирал билээ. Энэ үед хүн бүр уулзаагүй удсан найз нөхөдтэйгээ уулзаж, хайртай хүмүүс, гэр бүлтэйгээ байгалийн үзэсгэлэнг тольдох сайхан цагийг төлөвлөж, аялал зугаалгандаа бэлдэж буй биз ээ. 

Үзэсгэлэнт Монгол орноо таньж, эх орныхоо байгалийг зорин үзэхээр зэхэж буй хэн бүхэнд зориулан бид аяллын цуврал контент хүргэх гэж буйгаа дуулгая. Төв Азийн их цөл, Сибирийн их хөвч тайга хоёрын торгон заагт оршдог Монгол орон минь онгон байгаль, үзэсгэлэнтэй газруудаар элбэг. Тиймээс бид эхний дугаартаа зүүн болон говийн бүсийн зургаан аймгийг сонгож, заавал үзэх 10 газрыг жагсаалаа. 

Хол, ойрын ямар ч аялалд гарахад хүнсээ базаах, хувцсаа бэлтгэхээс эхлээд шатаахуунаа авах зэрэг чухал ажлууд бий. Тэр тусмаа өмнө нь явж үзээгүй чиглэлд явж байгаа бол хаана, ямар байршилд шатахуун түгээх станц байгааг мэдэх зайлшгүй шаардлагатай. Давхиад барахгүй уул тал дунд тэр бүхнийг сайтар төлөвлөж, тухтай амрах бэлтгэлийг тань хангахын тулд бид энэхүү аяллын хөтөч контентыг Петровис Групптэй хамтран хүргэж байна.

1. ХЭНТИЙ - Хар зүрхний хөх нуур

Гэрэл зургийг Анхбаяр

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс 35 км зайд

Хар зүрхний хөх нуур нь байгалийн үзэсгэлэнгээрээ хосгүй төдийгүй Монголын нууц товчоонд нэг биш удаа дурдагдсан, Чингис хаантай салшгүй холбоотой түүхэн газар юм. Энд 1189 оны шаргачин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилсөн гэгддэг билээ. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 метр өндөрт орших том, жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурыг хүрээлсэн уулуудад ан амьтан, өвс ургамал нэн баян учраас Хөх нуур луу явах замд бууж зураг авахгүй байхын аргагүй байгалийн үзэсгэлэнт газрууд бишгүй тааралдана. Нуурын эрэг дагуу Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан нь тун сонирхолтой.

Анхаарах зүйлс:

Нуурын усанд хөлөө дүрэх боломжгүй намгаар хүрээлэгдсэн учраас тусгайлан зассан хоёр хүн багтах индэр дээр зогсож нуурыг хамгийн ойроос харах боломжтой. Мөн намаг ихтэй учраас нуурын ойролцоо майхан барихад тохиромжгүй. Тиймээс нуураас 500 метрээс нэг км-ийн зайд майхан барих, эсвэл ойролцоох амралтын газарт буудаллахыг зөвлөдөг.

2. ХЭНТИЙ - Чингис хааны гэрэлт хөшөө

Хэнтий аймгийн Дадал сумаас 3 км зайд

Хэнтий аймаг бол Их эзэн Чингис хаан, тэртээх XIII зууны түүх, дурсгалтай холбоотой түүхэн ач холбогдол бүхий газар билээ. Чингис хааны төрсөн нутаг гэгддэг Хэнтий аймгийн Дадал сумаас гурван км зайд Чингис хаан мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд босгосон дурсгалын гэрэлт хөшөө бий. Хөшөөний урд талд Чингис хааны босоо хөргийг сийлж гаргасан байдаг. Энэхүү хөшөөг өмнө нь нийгмийн үзэл суртлаас болж буулгах гэж байсан ч нутгийн ард олон эсэргүүцсээр авч үлдсэн гэдэг. Гэрэлт хөшөөнөөс хойш хоёр км-ийн зайд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх Их эзэн Чингис хааны төрсөн нутаг бий. Мөн Бурхан халдун уул, Түнхэлэг горхи, Тэмүжиний бага насны музей зэрэг түүхэн ач холбогдлоор баялаг дурсгалууд байгааг онцольё.

Анхаарах зүйлс:

Түүхэн дурсгалт газруудаар аялахын өмнө нь очих газар, үзэх зүйлсээ сайтар судалж, тухайн газарт юу болсон, яагаад чухал болохыг ойлгож, сониуч байгаарай. Тухайн газарт мэргэжлийн хөтөч, зааварлагч байгаа бол бүр сайн. Нутгийн иргэдтэй хууч хөөрч, эх орныхоо түүхийг танин мэдээрэй.

Хөдөө явж байх үед шатахуун дуусах, машины дугуй хагарах зэрэг эрсдэл цөөнгүй тохиолддог. Тиймээс аялалд гарахын өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг нягт нямбай шалгахаас гадна шатахуун авах газруудаа төлөвлөөрэй. Монгол орон даяар хамгийн өргөн сүлжээтэй Петровис Групп гэхэд орон даяар 380 гаруй салбартай тул хаана ч очсон таныг машиныг дүүргэж өгөх боломжтой. Зарим газрыг Петровис Группийн ШТС-аар замчилж, нутгийн иргэд зам зааж өгдөг юм билээ.

3. ДОРНОД - Буйр нуур

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км зайд

Цэнгэг усаар бялхаж, элсээр хүрээлэгдсэн Буйр нуур бол Монголдоо бараг л далайн эрэг гэсэн үг. Монгол орны хамгийн олон загастай нууруудын нэг болох Буйр нь бургасан шугуй ихтэй, усны шувууд бөөгнөрөн цуглаж өндөглөдөг үзэсгэлэнтэй газар билээ. Тус нуураас жилд 300 тонн загас олборлох нөөцтэйгөөс гадна 199 зүйл нүүдлийн шувууд ирдэг ажээ. Өмнө нь хажууд нь загас агнуурын улсын үйлдвэр хүртэл ажиллаж байсан юм билээ. Тиймээс энд ирсэн бол ойролцоох загасны фермерүүдээс загас, загасны мах худалдан авч, орон нутгийн иргэдийг дэмжээрэй.

Анхаарах зүйлс:

Амралтын баазууд ихэнх нь бэлэн мөнгөөр үйлчлэх тул хотоос гарахын өмнө дансанд байгаа мөнгөө бэлэн болгоорой. Мөн нуурын ойролцоо утасны сүлжээ барьдаггүй юм байна лээ. Хамгийн гол нь, цэвэр ус сайтар нөөцөлж явахаа мартуузай.

4. СҮХБААТАР - Шилийн богд

Зургийг sukhbaatar.khural.mn-ээс ашиглав.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 60 км зайд

Дарьгангын тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул билээ. Монголчууд Шилийн богдыг шүтэн биширч, өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг тул аялагч, тамирчдын алс холоос зорин ирдэг онцгой уул болжээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болохоос гадна энэ нутагт байх 60 орчим хүн чулууг үзэж сонирхож болно. Мөн Дарьганга сумын нутагт төрийн тахилгат Алтан Овоо, Монголын хамгийн том агуй "Талын агуй", Улаан номд орсон нэн ховор хунгийн сүрэг чуулдаг Ганга нуур тэргүүтэй нуур, рашаанууд, хүн чулууд зэрэг үзүүштэй газар олон бий.

Анхаарах зүйлс:

Ууланд гарахын өмнө уулыг хүндэлж шүтэх ёс жаягийн тухай асууж тодруулан, ууланд өргөх зүйлсээ бэлдээрэй. Мөн өвлийн цагт ууланд гарахдаа халтирч гулгах, гэмтэж бэртэхээс сэргийлж, болгоомжтой аялах хэрэгтэй шүү. Харин зуны цагт арц хүж асаахдаа гал түймрийн аюулаас сэргийлээрэй.

5. СҮХБААТАР - Ганга нуур

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 11 км зайд

Монгол орны улаан номд орсон гангар хун, цэн тогоруу, хондон ангир зэрэг нэн ховор шувууд ирж зусдаг Ганга нуур нь хээр тал болон говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан хосолсон өвөрмөц тогтоц бүхий газар билээ. Усны шувууд дэлхийн бөмбөрцгийн хойд талаас хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг аж. Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймагт байх олон нуур цөөрөм ажээ. Түүний нэг нь Ганга нуур юм. Ганга нуурын бэлгэдэл болсон үзэсгэлэнт хун шувуудын чуулганыг харах гэсэн аялагчид аравдугаар сард түлхүү ирдэг юм билээ. Нуурын эрэг дагасан хайлаасан ой, тэхийн шээг, улаан бургасанд хун шувуу зай завсаргүй ирж буухыг харна гэдэг гайхалтай. Ганга хэмээх нэр нь XVIII зууны язгууртан, "Хэцүү" хэмээх То ван Энэтхэгийн Ганга мөрнөөс хоёр дашмаг ус авчирсныгаа нуурын усанд асгаснаас үүдсэн гэдэг.

Анхаарах зүйлс:

Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүүлийн жилүүдэд Ганга нуурын ус ширгэх эрсдэлтэй байгаа тул Ганга нуурыг хамгаалах ажлуудыг дэмжиж, байгалиа хайрлахыг бусдадаа уриалаарай.

Та аялалд гарахаар шийдсэн бол сайн чанарын шатахууныг найдвартай, тасалдалгүй хүргэдэг Петровис Группийн ШТС-ын зүүн бүсийн байршлуудыг эндээс хараарай.

6. ДОРНОГОВЬ - Хамарын хийд

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 км зайд

Хамрын хийд бол Монголын буддын шашны түүхтэй салшгүй холбоотой дурсгалт газар билээ. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулсан түүхтэй. Анх 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байсан ч 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр галдан шатааж, лам нарыг баривчилсан юм. Тухайн үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээрийг 1999 оноос Хамрын хийдэд эргүүлэн залж, үйл ажиллагааг нь сэргээсэн түүхтэй. Хамрын хийдийг энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж, суварга бүхий хашаа, Бурхны мэлмий хэмээх хана тэргүүтэн босгожээ. Мөн Сакура цэцгийн хөндий, Эмийн умай гэгдэх агуй, Хүслийн хар уул гэх гайхамшигт дурсгалууд бий.

Анхаарах зүйлс:

Аялалд гарахын өмнө энергийн төвд хийх зан үйлийг сайтар судалж очих нь зүйтэй. Шамбалын орны үүднээс эхэлж мөнгөн хаалгаар гарах хүртэл хэд хэдэн мөргөлийн үйл хийх учиртай байдаг. Мөн энергийн төв салхи шуурга ихтэй тул битүү хувцас өмсөж яваарай.

7. ДУНДГОВЬ - Их газрын чулуу

Зургийг baigali.du.gov.mn-ээс ашиглав.

Дундговь аймгийн Мандалговь хотоос зүүн урагш 80 км зайд

Дундговь аймгийг Их, Бага газрын чулуугүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. Их газрын чулуу нь хэвтээгээр өрсөн мэт 20 орчим км үргэлжлэх боржин чулуунууд юм. Тэдгээрээс хамгийн өндөр цэг нь 1706 км өндөр Ерлөг уул аж. Ийм өндөр хад цохионоос аргаль, янгир, цагаан зээр, үнэг, хярс зэрэг ховор амьтдыг ойроос харах боломж гарч мэдэх юм. Чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэж, тууш, босоо, хөндлөн зэрэг янз бүрийн хагаралуудтай байдаг нь сонирхол татахгүй байхын аргагүй. Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг аж. Аялагчид тэдгээр агуйг дамжин явган аялал хийх дуртай гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ. Энэхүү нутгийн өвөрмөц тогтцыг ашиглан "Талын цуурай”, "Ичээнд нь”, "Бушхүүгийн үлгэр”, "Загийн алим”, "Тууврын замд” зэрэг киноны зураг авалт хүртэл хийгдэж байсан гэсэн шүү.

Анхаарах зүйлс:

Говийн бүсээр аялахдаа аль болох нимгэн, сэрүүхэн, цайвар өнгийн хувцас өмсөж, элс, шороо ордоггүй гутал сонгоорой. Мөн наранд халахаас сэргийлж нарны малгай, нарны тосыг мартаж болохгүй. Гэхдээ заримдаа гэнэтийн хүйтэн бороо, мөндөр ордог учраас дулаан хувцас нөөцөлж явах нь зүйтэй. Говьд нэг бороо орвол олон хоногоор үргэлжлэх төлөвтэй байдаг тул машин саатах, шавар усанд суухаас урьдчилан сэргийлээрэй.

8. ӨМНӨГОВЬ - Хонгорын элс

Зургийг tourism.omnogovi.gov.mn-ээс ашиглав.

Өмнөговь аймгийн Сэврэй сумаас хойш 20 гаруй км зайд

Нийт 180 орчим километр үргэлжлэх Хонгорын элсэн манхан бол Монгол орны есөн гайхамшгийн нэг билээ. Элсэн майхны ойр хавийг бүхэлд нь харвал урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Элсэн манхны араар Ар гангын ус, Сэрүүн булаг гэсэн хоёр гол усны эх ундарга бүхий булгууд нь 10 шахам км урсаж жижиг нуурууд үүсгэдэг нь говь, хангайн хослолыг харуулах мэт байгалийн өвөрмөц тогтцыг бий болгожээ. Хонгорын элсний хамгийн өндөр хэсэг нь барилын есөн давхартай дүйцэхүйц сүрлэг өндөр ажээ. Ширүүн шуургатай өдөр хажуугийн хүнийг ч харах боломжгүй элсээр шуурдаг бол нар шарсан халуун өдөр элсний ширхгүүд асгасан алт мэт гялтганан харагддаг нь гайхалтай. Мөн тэнд салхитай үед элсний нарийн ширхгүүд хийсэж сарнин цахилгаанжиж, эерэг, сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гаргадаг юм билээ.

Анхаарах зүйлс:

Хонгорын элсний баруун шургуулын элсэн хонхорт зундаа 42 градус хүртэл халдаг учраас аялахдаа шингэн зүйлс сайн нөөцөлж аваарай. Говийн элс сул нүүдэллэдэг учраас эгц авирах боломжгүй, хөл шигдэж амархан ядардаг юм байна лээ. Мөн говийн элсэн манхнууд баримжаа алдагдуулдаг учраас шөнийн аялал аль болох хийхгүй байхыг зөвлөе.

9. ӨМНӨГОВЬ - Хэрмэн цав

Зургийг tourism.omnogovi.gov.mn-ээс ашиглав.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас баруун хойш 10 гаруй км зайд

Монголын хамгийн том цав гэгддэг Хэрмэн цав нь 10 гаруй км үргэлжилсэн, 100-200 метр доош гүнзгийрсэн маш этгээд хэлбэртэй улаан толгод билээ. Эдгээр толгодыг олон зуун жилийн салхи шуурга, их усны элэгдлээр бий болсон гэж үздэг. Эндээс Монгол, Зөвлөлтийн судлаачид динозавр, мэлхий, матар, олон төрлийн шувуудыг эртний олдворуудыг олж, Монголын үлэг гүрвэлийн олдворын өлгий хэмээгдэх болсон нь гайхалтай. Энэ хүрээнд жил бүр палеонтологийн судалгааны экспедицүүдийн хамтарсан судалгааны ажил болдог. Хэрмэн цавыг холоос харахад их хотын балгас мэт харагдах боловч ойртож очвол ганга ихтэй, хайлаас, сухай, тоорой модоор хүрээлүүлсэн тун өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэн харагдах болно.

Анхаарах зүйлс:

Хэдэн км үргэлжлэх адилхан хэлбэртэй толгод олон тул төөрөх магадлалтай гэдгийг санаж, луужин, байршил тогтоох төхөөрөмжтэй аялаарай.

10. ӨМНӨГОВЬ - Ёлын ам

Гэрэл зургийг Амартүвшин

Өмнөговь аймгийн төвөөс баруун тийш 56 км зайд

Зуны аагим халуун өдөр ч сэрүү татуулах уулын горхи, мөсөн хавцал бүхий Ёлын ам бол далайн түвшнээс 2800 метр өндөрт оршдог билээ. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урсах голтой нарийхан хавцал нь өвөлдөө мөсөн бүрхүүлээр хучигддаг, бороо хур ихтэй жилдээ хавцлын дээрээс дөрвөн хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Зөвхөн төв Азид байдаг Монголын дархан цаазат шувуу болох Ёл шувууны нэрээр нэрлэсэн энэхүү хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт нэг метрээс ч илүү зузаантай мөс байдаг. Мөн Ёлын амд өглөө эрт очвол ойр орчмоос цоохор ирвэс, янгир, аргаль, саарал чоно, үнэг зэргийг харах боломжтой юм билээ.

Анхаарах зүйлс:

Ёлын ам өвлийн улиралд мөс ихтэй, хавар, намартаа мөс нь ханзраагүй байдаг тул халтирч унахаас болгоомжилж, арзгар ултай гутал өмсөөрэй.