Энэ он гарсаар дэлхий даяар үүсээд буй онцгой нөхцөл байдлын улмаас ихэнх улс орнуудад хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор жилийн энэ үеэр л зохион байгуулагддаг олон төрлийн хөгжмийн наадам, фестивалиуд ар араасаа цуглагдаж, хөгжимд хайртай олон мянган фенүүдээ гонсойлгож буй. Гэсэн хэдий ч зарим наадмууд нөхцөл байдалтай уялдуулан хэлбэрээ соргогоор өөрчилж, олон жил үргэлжилсэн уламжлалаа тасалдуулалгүй, үнэнч сонсогчдынхоо урмыг хугалалгүй виртуалаар зохион байгуулагдахаар болоод байгаа билээ. Энэ зун таныг уйдаахгүй, мөн эрсдэлд оруулахгүйгээр онлайнд зохион байгуулагдах таван хөгжмийн наадмыг бид танилцуулъя. 

1. Playtime music festival


Хаана: Юнивишнийн Unilive 88-р суваг, LookTV
Хэзээ: 7 сарын 4-5

Манай улсын хувьд хөгжим сонирхогч залуусын зун бүрийн хамгийн зугаатай төлөвлөгөөнүүдийн нэгд Playtime хөгжмийн наадам зүй ёсоор ордог билээ. Мөн л үүсээд буй нөхцөл байдлын улмаас Playtime энэ жил уламжлалт хэлбэрээрээ зохион байгуулагдах боломжгүй болсон бөгөөд үүний оронд тэд Unitel групп, Univision компанитай хамтран наадмаа виртуалаар зохион байгуулах ажээ. Энэ нь томоохон хүрээг хамарсан анхны дотоодын виртуал фестиваль болж байгаагаараа онцлог бөгөөд залуусыг нэг цаг үед гэрээсээ цахим орчинд хамт байх боломжийг олгох юм.

Ингэхдээ эхлээд 6 сарын 29-нөөс 7 сарын 4 хүртэл Univision-ийн Unilive 88 сувгаар дамжуулан өмнөх жилүүдийн онцлох тоглолт, хамтлаг дуучдын үзүүлбэрүүдийг гаргах бөгөөд харин 7 сарын 4-нөөс 5-ны хооронд энэ жилийн наадамд зориулан бэлтгэсэн уран бүтээлчдийн шинэхэн виртуал тоглолтууд онцгой эрхтэйгээр цацагдах ажээ. Unilive 88 сувгийг идэвхжүүлэх үнэ 10 мянган төгрөг байх юм байна.

Энэ жилийн Playtime наадам зөвхөн LookTV, Unilive 88 болон DDish-ийн сувгуудаар дамжин үзэгчдэд хүрэх бөгөөд үндсэн цацалтаас (7 сарын 4-5) 14 хоногийн дараа Playtime-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар лайв цацагдаж, мөн

- LookTV-ийн Монгол кино, Entertainment, Тоглолт хэсэг
- Univision-ийн Бүх кино, Энтертайнмент Шоу, Концерт хэсэг
- DDish-ийн Кино сан, Онцлох, Монгол цэс

хэсгүүдэд 14 хоногийн хугацаатай онцгой эрхтэйгээр байрших ажээ.



2. Electric Blockaloo


Хаана: Minecraft
Хэзээ: 6 сарын 25-28

Түүхэн дэх хамгийн том виртуал дижитал хөгжмийн наадам хэмээн өөрсдийгөө тодотгоод буй Electric Blockaloo-д оролцох нь танд цоо шинэ мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь уг наадам Minecraft тоглоом дотор зохион байгуулагдана гэдгээрээ оролцогч, сонирхогчдын сонирхлыг улам ч ихээр татах болоод буй. Зохион байгуулагчид фестивальд оролцогчдод зориулан шаардлагатай заавар зөвлөгөөг хүргэж байгаа бөгөөд тасалбарын үнэ 10 доллараас эхлэх юм. Та тоглоомонд нэвтрээд, урьдчилан бэлтгэсэн уран бүтээлчдийн жагсаалтаас өөрийн сонирхсон артистынхаа холбоосыг ашиглан тоглолтоо үзэх боломжтой болно.

Уг наадмын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд Рaris Hilton, Robin Schulz, Ekali, Claptone, Zhu, Nitti Gritti зэрэг нийт 850 гаруй уран бүтээлчдийн нэр багтсан нь "Хамгийн том" хэмээн тодотгосоныг маргах зүйлгүй болгожээ. Бид үүнээс өмнө Marshmello, Fortnite зэрэг тоглоомын платформуудаас энэ төрлийн туршлага, мэдрэмжийг авч байсан нь мэргэжлийнхэнд уг зах зээлийг хөгжүүлэх илүү их сэдлийг өгсөн нь гарцаагүй.

3. glanstonbury music festival


Хаана: BBC-гийн Glastonbury Experience
Хэзээ: 6 сарын 25-29

Их Британи улсын хамгийн том хөгжмийн наадам болох Glanstonbury энэ онд 50 жилийнхээ ойтой золгож буй. Анх 1970 онд фермийн талбайд 1500 орчим хүний хүрээнд зохион байгуулагдаж эхэлсэн уг наадамд түрүү жил л гэхэд ойролцоогоор 200 мянга орчим хүн оролцсон гэсэн тооцоо бий. Цар тахлын асуудал дэлхий нийтэд тулгарахаас өмнө тэдэнд энэ жилийн наадамд оролцохоор нийт 2.4 сая хүн хүсэлт ирүүлсэн гэх бөгөөд урьдчилсан тасалбарууд нь ердөө 34 минутын дотор зарагдаж дуусан, өндөр эрэлтийг үүсгээд байсан юм.

Уг нь төлөвлөгөө ёсоор бол тэд энэ зун хагас зууны турш үргэлжилсэн тэмдэглэлт ойгоо дэлхийн хэмжээний артистууд, сонсогч фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэх байсан ч гэнэтийн нөхцөл байдлын улмаас наадмаа цуцлахад хүрээд байсан. Тэгвэл саяхны өдрүүдэд наадмын зохион байгуулах багийнхан BBC телевизтэй хамтран фестивалаа виртуалаар хийхээр болсныг албан ёсоор зарласан юм. Ингэхдээ хөтөлбөр нь уламжлал ёсоор таван өдрийн турш үргэлжлэх ажээ.

BBC өөрийн сайт дээр наадамд зориулсан Glastonbury Experience хэсгийг гаргаж өгсөн бөгөөд өөрсдийн BBC Two болон BBC Four сувгуудаар дамжуулан наадмын хөтөлбөрүүдийг хүргэх аж. Энэ жилийн хөтөлбөрийн гол онцлог нь өнгөрсөн 50 жилийн турш Glanstonbury-гийн тайзан дээр гарсан хамгийн алдартай уран бүтээлчид, хамгийн дурсамжтай үеүдийг нэгтгэж, хагас зууны түүхээ үзэгчдэд дэлгэх юм байна.

4. tomorrowland


Хаана: tomorrowland.com
Хэзээ: 7 сарын 25-26

Дэлхийн хамгийн том электрон хөгжмийн наадам гэгдэх Tomorrowland нь жил бүрийн долоон сарын үеэр Бельги улсад зохион байгуулагдсаар ирсэн хөгжимд дурлагсдын баяр юм. Уг наадмыг сүүлийн жилүүдэд 400 мянга гаруй хүмүүс зорин ирсэн гэсэн тооцоо байдаг бөгөөд тэдгээр сонсогчдод уран бүтээлээ танилцуулахаар 100 гаруй DJ, уран бүтээлчид ирдэг.

Энэ жилийн хувьд тэд наадмаа виртуалаар зохион байгуулахаар болсон бөгөөд Tomorrowland Around the World нэрийн дор хийх ажээ. Тасалбарын үнэ хэдийнээ зарлагдан, борлуулагдаж эхэлснээс гадна үнийн сонголт нь боломжуудаасаа хамааран 12.5-290 хүртэлх еврогийн үнэтэй байгаа юм. Энэ жил наадамд 60 орчим уран бүтээлчид оролцох аж. Зохион байгуулалтын багийнхан үзэгчдэд хандан онлайнаар зохион байгуулагдаж байгаа учир хүссэн хүн бүр оролцох боломжтойг, мөн энэ нь маш гайхалтай дурсамж, туршлага, мэдрэмж өгнө гэдгийг тодотгосоор байгаа билээ.



5. burning man


Хаана: Virtual Black Rock City 2020

Жил бүрийн 8 сарын сүүлээс 9 сарын эхний долоо хоног хүртэл АНУ-ын Невада мужид зохион байгуулагддаг Burning man фестиваль бол зүгээр ч нэг наадам биш бүтээлч сэтгэлгээний баяр, цөл дунд орших баянбүрд гэлтэй төсөөллийг бодит биелэл болгодог хиймэл хот юм. Хамгийн галзуу, хамгийн бүтээлч, хамгийн эрх чөлөөтэй гээд л оролцогчдынхоо хамгийн хамгийн байж чаддаг уг наадмын үндсэн үйл ажиллагаа энэ жил түүхэндээ анх удаа цуцлагдаж байгаа ч оролцогчдодоо виртуал байдлаар хүрэх болно гэжээ.

Наадмын зохион байгуулагчид энэ бол виртуалаар хийгдэж буй анхны тохиолдол учраас алдаа мадаг гарах, зарим нэг зүйлс хүлээлтэд хүрэхгүй байх зэрэг эрсдэлүүд байхыг ч нуугаагүй бөгөөд гол нь Burning man-ийг зорин ирсэн хүмүүсийн л мэдэрдэг тэр гайхалтай мэдрэмжүүдийг өгөхийг чухалчлах ажээ. Тэд одоогоор онлайн үйл ажиллагааны төлөвлөлт, үйл явцын боловсруулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд бэлэн болмогцоо оролцогчдодоо мэдэгдэнэ гэдгээ өөрсдийн вэб сайтаараа дамжуулан зарлаад байна.

Бүгдээрээ 8 сар хүртэл тэвчээртэй хүлээцгээе. Невадад очиж оролцож чадахгүй ч гэрээсээ энэ гайхалтай шоуны нэг хэсэг болох сайхан боломж энэ жил л бүрдэх бололтой.