Сонгуулийн өдөр ойртсоор л... Энэ сонгуулиар хэнд саналаа өгөх эсэхээ шийдэж амжсан уу? Мэдээж хүн бүрийн сонголтоо хийх арга барил, шалгуур харилцан адилгүй. Өнөөдрийн нийтлэлдээ бид ямар ямар төрлийн сонгогчид байдгийг тодорхойлохыг оролдсон юм. Та тэдгээрийн алинд нь багтахаа сонжоод үзээрэй. Бусад хүмүүс яаж сонголтоо хийдгийг мэдэх нь тун сонирхолтой байхын сацуу магад "Аан нээрээ тийм шүү дээ" гэсэн бодол төрж сонголтоо хийхэд тань тус болж мэднэ.

1. НЯГТ НЯМБАЙ СОНГОГЧИД:


Хаалга тогшоод л ороод ирдэг, эсвэл хаалганы цаана үлдээгээд явдаг нэр дэвшигчдийн танилцуулгыг, мөрийн хөтөлбөрииг төвөгшөөлгүй авч, сайтар шинжин уншдаг хариуцлагатай сонгогчид олон бий. Энэ төрлийн сонгогчид хууль батлах, төсөв батлах, Засгийн газарт хяналт тавих, ард түмнийг төлөөлөх онцгой эрх бүхий УИХ-ын гишүүнийг сонгохоосоо өмнө тэдний ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөтэй танилцаж, тухайн тойрог, дүүргийнхээ асуудлыг бодитоор харж байна уу, нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлыг шийдэж чадахаар байна уу, ер нь ирээдүйд юу хийхээр байна вэ гэдгийг нь үнэлж суудаг лут хүмүүс. Энэ хэрээр тэд алдаа гаргах нь ч бага.

2. нам хардаг сонгогчид:


Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуульд нийт 606 хүн өрсөлдөж байгаагийн 80.3 хувь нь нам, эвслүүдээс нэр дэвшиж буй. Аль нэг нам олонх бол засгийн газар байгуулах эрхийг авдаг тул хаанаас, аль намаас дэвшиж буйг харгалзах нь нэн чухал юм. Бие даагчдын хувьд хэдий засаг авах боломжгүй ч өөрийн санаа бодлыг хэлж, шийдвэрт нөлөөлөхийг оролдох болно. Ийм учраас дэмждэг намаа олонх болгохын төлөө хувь хүнд нь нэг их ач холбогдол өгдөггүй, нам дэмждэг сонгогчид олон бий.

3. хүнийг нь хардаг СОНГОГЧИД:


Тэгвэл зарим хүмүүс тухайн нэр дэвшигчийн аль нам, эвслээс буюу бие даан нэр дэвшсэнийг нь үл харгалзан хувь хүн нь талаасаа ямар вэ гэдгийг нь хардаг. "Энэ хүн яавч хуурахгүй, хулгай хийхгүй", "Энэ хүний хийсэн зүйлс нь таалагддаг, гарчихвал эерэг нөлөө үзүүлж чадна" гэх мэтээр бодож сонголтоо хийдэг хүмүүс энэ төрөлд багтана.

4. ерөнхийд нь дүгнэдэг сонгогчид


Энэ төрлийн сонгогчид мөрийн хөтөлбөр, танилцуулга ухуулга барагтай бол хардаггүй ч тал талаас ирж буй мэдээлэл, санал бодол, сонгуулийн байр байдлыг ерөнхийд нь ажаад, өөрийнхөөрөө дүгнэлтээ хийчихдэг. Шийдвэртээ ч тун итгэлтэй. Нэр дэвшигчдийн байр байдал, харизм тэдний шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Бие даагчдын төлөөлөл, олонх болох магадлалтай нам, эмэгтэйчүүдийн харьцаа гээд л бодох харгалзах зүйлс тэдэнд цөөнгүй бий.

Мөрийн хөтөлбөртэй танилцах:

- Монгол Ардын Нам
- Ардчилсан Нам
- Зөв Хүн Электорат
- Та бидний эвсэл
- ШИНЭ эвсэл
- Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
- Нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр, түүнд өгсөн дүгнэлт
- Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, түүнд өгсөн дүгнэлт

Unread

5. царай хардаг СОНГОГЧИД:


Тэд зураг хөрөг муутай, PR, сошиал медиа дээр мэдрэмжгүй нэр дэвшигчдийг тийм ч их үнэлдэггүй. Сошиал медиа дахь мэдээллийн бүрэн бүтэн байдал, бичиж тэмдэглэж буй зүйлсийнх нь байр байдлаас илүү амьд, таатай мэдрэмжийг нэр дэвшигчдээс хүсдэг. Тэдний хувьд бусад төрлийн сонгогчидтой харьцуулахад нам эвсэл, шинэ хүн, туршлагатай хүн, ийм мэргэжил, тийм боловсрол гэж тавьсан айхавтар өндөр шалгуур байхгүй ч өөрийн зөн совин, нэр дэвшигчийн харизм зэрэгт итгэдэг талтай. Нэр дэвшигчдийн орж буй нэвтрүүлэг, хэлж буй үгс, сурталчилгааны агуулга, биеэ авч явж буй хэв маяг зэрэг нь тэдний шийдвэр гаргалтад нэлээд нөлөөтэй.

6. ОЙР ДОТНЫНХОНДОО НАЙДДАГ СОНГОГЧИД:


Анхны удаа сонгууль өгч буй залуу сонгогчдын хувьд ганц улс төрийн үзэл баримтлал гэлтгүй хувь хүнийхээ хувьд ч үзэл бодол нь гүйцэд бүрэлдэн тогтож амжаагүй байдаг тул энэ тал дээр тэдэнд ойр дотно хүмүүс, гэр бүлийнхнийх нь санаа бодол, байр суурь чухал байхаас аргагүй. Ер нь залуучууд ч гэлтгүй улс төрийн талаар сонирхдоггүй, энэ төрлийн сэдэвт тийм ч их анхаарал хандуулдаггүй хүмүүс аль ч нийгэмд цөөнгүй бий. Хэдий сонгууль гэдэг улс орны ирээдүйтэй шууд холбоотой чухал асуудал ч гэлээ ардчилсан нийгэмд хүн бүрийг шахаж шавдуулна гэдэг боломжгүй. Ийм ч учраас бид энэ төрлийн сонгогчдод зориулан эх сурвалжтай, үнэн бодит мэдээллийг өгөх түгээхэд анхаарах хэрэгтэй билээ.

Танилцах:

- Монгол Улсын УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт
- Нэр дэвшигчдийн хөрөнгө оруулгын мэдүүлэг

Unread

7. "ТАНИЛЫН НҮҮР ХАЛУУН" ТӨРЛИЙН СОНГОГЧИД:


Өмнө нь огт харж байгаагүй, мэдэхгүй хүмүүсээс илүү хаа нэгтээ харж, сонсож байсан танил хүмүүс л аюулгүй сонголт мэт санагддаг сонгогчид энэ төрөлд хамаарна. Шүүмжлэхэд ч хэцүү, зөвтгөхөд ч хэцүү төрөл.

8. бингоддог болон бултдаг сонгогчид


2016 оны УИХ-ын сонгуулиар залуучууд буюу 18-25 насны хоёр хүн тутмын нэг нь сонгууль өгөөгүй гэх сайнгүй статистик бий. Саяхан Зориг сангаас залуу сонгогчдын сонгуулийн оролцооны талаар судалгаа хийж үзэхэд энэ насныхны сонгуульд оролцохгүй байгаа гол шалтгаануудын нэг нь тэдний нэр дэвшигчдийг ялгаж салгаж чадахгүй байгаа явдал гэсэн дүгнэлт гарчээ. Нэр дэвшигчид болон улс төр, сонгуулийн тухай мэдлэг мэдээлэгүй энэ төрлийн сонгогчид саналаа өгөхдөө саналын хуудсан дээр байгаа 2-3 нэр дэвшигчийн нэрийг таамгаар буюу нэг их бодохгүй дугуйлах, эсвэл бүр сонгуулиа өгөхгүй байх нь бий.



Энэ мэтчилэн дөрвөн жилд нэг л удаа болдог УИХ-ын сонгуулийг хүн бүр өөр өөрийнхөөрөө, өөр өөрөөр хүлээж авдаг. Таныг ямар төрлийн сонгогч вэ гэдгээс үл шалтгаалан сонгууль болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх ч гэлээ та энэ хэдхэн өдрийг зөвөөр үнэлж дүгнэн, иргэний хариуцлагатай байж чадвал ирээдүйгээ өнөөдрөөс илүү сайхнаар зурах боломж дүүрэн байгаа билээ.

Та бүхэн аль болох мэдээлэл сайн цуглуулж, хариуцлагатайгаар сонгуулиа өгөхийг, мөн бусдыг ч бас уриалахыг хүсье. Энэ жил тойрог тойргоос хамааран сонгогч бид 2 юм уу 3 нэр дугуйлж байж саналын хуудас хүчинтэй болохыг төгсгөлд нь мөн сануулъя.


"Надад 1 санал байна" медиа аяны бусад нийтлэлүүдтэй танилцах:

1. Тайлбарлах нь: Залуусын улс төрийн оролцоо

2. 10 ертөнц, 10 өнцөг: Сонгуулийн тухай

3. Ирээдүйгээ бүтээх нь: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд таны хийж чадах зүйлс

4. Сонгуулийн тухай таны мэдэх ёстой бүх зүйлийг А-Я үсгэнд

5. Улс төрийн үзэл баримтлалуудыг ойлгох нь

6. Онцлох аян: Надад нэг санал байна

Unread

Залуусын улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой "Надад 1 санал байна" медиа аяны хүрээнд энэхүү контентийг бэлтгэв.