Монгол Улсын Их Сургууль болон Рио Тинто Монгол ХХК хамтран ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, стартаппуудыг дэмжих зорилготойгоор “Багш, оюутны стартап 2.0” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төсөл нь мэдээллийн технологи, хими, биотехнологи, инженерчлэл болон хүрээлэн буй орчны чиглэлээр мэргэшсэн багш, оюутнуудыг хамтарсан судалгаа, технологийн хөгжүүлэлт хийх боломжоор хангах зорилготой юм.

Энэ хүрээнд цаашид хөтөлбөрийг өргөжүүлж, хоёрдугаар шатанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр түншлэлийн гэрээг өчигдөр байгууллаа. Тус гэрээний хүрээнд 2023 оноос эхлэн гурван жилийн хугацаанд “Багш, оюутны стартап 3.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйл ажиллагаанд нь нийт 300 сая төгрөгийн санхүүжилт олгох юм. Тиймээс төслийн ач холбогдол, үр нөлөөг танилцуулж байна.



Уулзалтын хүрээнд гурван жилийн хамтын ажиллагааны үр дүнг танилцуулсан юм. Рио Тинто Монгол ХХК-ийн хувьд гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хөтөлбөрт 2019 оноос нийт 90 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Нэгдүгээр үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн гэж талууд дүгнээд цаашид тус хөтөлбөрийг өргөжүүлж хоёрдугаар үе шатыг эхлүүлэх гэрээ байгуулсан юм.

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь:

  • Мэдээллийн технологи, хими, биотехнологи, инженерчлэл болон хүрээлэн буй орчны чиглэлд ирээдүйн боловсон хүчин бэлтгэх,
  • Оюутнуудын практик туршлагыг хөгжүүлэх,
  • Олон улсын бизнесийн зах зээлд ирээдүйн манлайлагчдыг бий болгох,
  • Тогтвортой бизнесийг хөгжүүлэх юм гэдгийг Монгол Улсын Их Сургуулийн төлөөллүүд онцоллоо.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд нийт 60-80 багш, оюутан буюу 8-10 баг хамрагдаж, мэдээллийн технологи, хими, биотехнологи, инженерчлэл болон хүрээлэн буй орчин зэрэг асуудлаар хамтарсан судалгаа, технологийн хөгжүүлэлт хийсэн юм. Арга хэмжээнд стартап хөтөлбөрт оролцогчид өөрсдийн төслөө танилцуулсан юм. Үүнд:

Дэд профессор Ө. Энэрэлт - “Tradininsight” биологийн идэвхт мөнгөний нанобөөм: Үрэвсэл, бактерийн эсрэг идэвх, халдваргүйжүүлэгч, коллаген наалт хөгжүүлэх төсөл

Монгол Улсын хэмжээнд нийт осол гэмтлийн таван хувийг түлэгдэлт эзэлж буй учраас тус төслийн хүрээнд түлэгдэлт, үрэвсэл, шарх эдгээх мөнгөний тосыг биологийн аргаар гаргаж авчээ. Ингэхдээ мөнгийг манай орны эрс тэс уур амьсгалд ургасан ховор эмийн ургамалтай хамт ашиглан, дэвшилтэт технологийг шингээсэн тосон түрхлэг хийсэн байна. Тосон түрхлэгтээ хоруу нөлөө чанар багатай дотор өөх болон хонины сүүл ашиглажээ. Энэхүү бүтээгдэхүүнийг цэвэр дотоод дахь түүхий эдийн нөөцөө ашиглан бүтээснээрээ онцлогтой ажээ.

Дэд профессор Э.Пүрэвдалай - “M-col” нарны дулааны коллекторын систем болон түүний удирдлагын төхөөрөмжийн хөгжүүлэлт төсөл

Эрчим хүчний нөөц, хүчин чадлын хомсдол нь манай улс төдийгүй дэлхийн даяар чухал асуудлын нэг болсон. Тэгвэл энэхүү төслийн хүрээнд байшингийн халаалт, халуун ус, цахилгааны хэрэгцээг нарны дулааны коллекторын системийг ашигласнаар нэг айлын нэг сард гарах зардлыг 60 орчим хувиар багасгах боломжтой аж.

Байгаль ээлтэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой энэхүү төсөлд үндэслэн багаараа гаднын 10 гаруй сэтгүүлд судалгааны ажлаа нийтэлжээ. Одоогийн байдлаар тухайн айл өрхөд тусгайлан зориулсан нарны энерги хувиргах системийг загварчилж өгөх аргаар ажиллаж буй аж.


Доктор Т. Сувдмаа - Модны үртэснээс гаралтай байгалийн үнэртүүлэгч гарган авах ”Isoprene” төсөл

Энэхүү төслийн хүрээнд хаягдал бүтээгдэхүүн болох модны үртэс ашиглан, байгалийн сэнгэнэсэн үнэртэй автомашины үнэртүүлэгч гарган авах төсөл дээр ажиллаж буй ажээ. Одоогийн байдлаар уг бүтээгдэхүүн нь хэр удаан хугацаанд үнэрээ барих, автомашины салоны бактерийг хэрхэн бууруулах боломжтой талаарх судалгааны ажил хийж байна гэлээ.