Дэлхий дахины 2030 он гэхэд биелүүлсэн байх ёстой 17 даалгавар бий. Уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, эдийн засгийн хямрал гэх мэт өнөөдөр хүн төрөлхтөнд тулгамдаж буй томоохон сорилтуудыг даван туулахаар зорьж байна. 

Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл билээ. Ийнхүү дэлхий нийтэд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг танилцуулснаас хойш хэдийнээ зургаан жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай улсад дэлхий нийтийн хөгжлийн хүрээнд ямар санал санаачилга, үйл ажиллагаа хэрэгжсэнийг өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд танилцуулсныг тоймлон хүргэж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийн тухай

Монгол Улс дахь НҮБ-аас ТХЗ-ын нээлттэй өдөрлөг санаачилж, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, МҮХАҮТ, Нийслэлийн мэдээ нар хамтран зохион байгуулсан юм. Энэхүү өдөрлөгт 120 гаруй байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамааран 17 зорилгод хуваагдан асраа байршуулсан юм. Өдөрлөгт ирсэн хүмүүс I-XVII зорилгын хооронд өртөөгөөр аялж буй мэт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж явах нь сонирхолтой шийдэл байсныг онцолъё.

“Ойрхон” шийдвэр гаргагчид

Өдөрлөгийн онцлох зочид бол НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын тэргүүнүүд болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй шийдвэр гаргах түвшний төлөөллүүд байлаа. Тэд өдөржин өдөрлөгийн тайзны өмнө суухаас илүүтэй асруудтай очиж танилцсан. Ингэснээр ОУБ, ТББ эсвэл хувийн хэвшил үл хамааран тэдэнтэй ойртож Монголд тогтвортой хөгжлийг бий болгохын тулд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж буйгаа танилцуулсан нь санал бодлоо чөлөөтэй хуваалцах чөлөөт талбар болсон юм.


Онцлох асар

ТХЗ-ын нийт 17 өртөөгөөр аялж явахад Европын Холбооны асар хамгийн нүдэнд өртсөн, хөл ихтэй хэсэг байв. Асар дотор ногоон зүлэг дэвсэж, гэрлээр чимэглэсэн нь шууд л нүдэнд тусч, дулаан мэдрэмжийг төрүүлж байлаа. Түүнчлэн Европын холбооноос Монголд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд тогтвортой хөгжлийн аль зорилготой нийцэж буй талаар саналаа илэрхийлсэн хүмүүст гарын бэлгээ өгч байсан нь хүмүүсийн энэ асрыг хамгийн ихээр зорих шалтгаан болсон юм. Тогтвортой хөгжлийн зорилгоо ч мэднэ, бэлгээ ч авна гэсэн үг.


Үлгэр дууриалагчид

Онцлох асрууд зөвхөн Европын холбоогоор хязгаарлагдсангүй. "Zero Waste" тэргүүтэй хог ангилах асрууд, Дижитал асар зэрэг хөл хөдөлгөөн ихтэй тогтвортой хөгжилд уриалсан олон асар байсныг дурдах нь зүйтэй. Энэхүү өдөрлөгт ирсэн залуусын хамгийн их зорьсон асруудын нэг бол "Хөдөлмөрийн яармаг". Залууст ээлтэй ажлын байр, зохистой хөдөлмөрийн талаарх цогц мэдээллийг эндээс авах боломжтой байлаа. Түүнчлэн Монгол дахь гадаадын элчин сайдын яамд тэтгэлэгт хөтөлбөрүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан нь хүрэлцэн ирсэн залууст тэдгээр асруудад очих гол шалтгаан болж байв. Чанартай боловсрол бол тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилго юм.


Тогтвортой Хөгжилд Залуус

Өнөөдрийн үргэлжлэл, ирээдүйн сайн сайхан нь залуусын гарт бий. Тиймээс энэ өдрийн онцлох хүмүүс бол яах аргагүй залуус байлаа. НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, НҮБ-ын Нийгэмлэг, Өсвөрийн парламент, сайн дурынхан гээд тогтвортой хөгжлийн зорилгыг үргэлжлүүлэн биелүүлэх итгэл найдвар энд цугласан залуусаас харагдаж байв.


Тогтвортой Хөгжлийн манлайлагчид

Өдөрлөгийн хүрээнд болсон хамгийн онцлох хэсэг бол тогтвортой хөгжилд манлайлагчдыг шалгаруулах байлаа. Монгол Улсад хийж бүтээсэн, хэрэгжүүлж буй санал санаачилгаараа тогтвортой хөгжилд түүчээлж буй төсөл, компаниудыг ийнхүү тодруулснаар олон нийтэд тогтвортой хөгжлийн ач холбогдлыг нь таниулж, урам зориг, итгэл найдвар өгсөн үйл явдал болсон юм. Монголын тогтвортой хөгжлийн манлайлагчдаар:

  • Блайнд кэйр аппликэйшн
  • Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны “Ногоон алт” хөтөлбөр
  • Монгол Адууны Диваажин санаачилга
  • Олон улсын Эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр
  • М-Си-Эс Кока-Кола компанийн “Хуванцрын хаягдалгүй дэлхий” санаачилга
  • Шамбала2056 инженерийн суурин төсөл тэргүүтэй төслүүд тодорлоо. Баяр Хүргэе!

Өдөрлөг ТХЗ-ыг таниулах үр дүндээ хүрч чадсан уу?

Тийм. Өдөрлөгийн төгсгөлд НҮБ болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Ойролцоогоор 200 гаруй хүн хамрагдсан энэхүү судалгаагаар өдөрлөгт ирсэн хүмүүсийн бараг тал хувь нь залуус байсан гэсэн үр дүн гарсан юм.

Түүнчлэн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаа эсэх асуултад оролцогчдын 85-аас дээш хувь нь "Тийм" гэж хариулснаар энэ өдөрлөг тогтвортой хөгжлийн зорилгыг таниулах гол зорилгоо биелүүлсэн гэж дүгнэж болно.

Хамгийн чухал нь Тогтвортой хөгжлийн зорилго нь НҮБ эсвэл аль нэг төрөлжсөн байгууллагын уриалга төдий бус хүн нэг бүрийн оролцоо шаардлагатай бидний ирээдүй гэдгийг ирсэн оролцогчид энгийнээр, ухаалгаар иргэдэд хүрч чадсан нь бахархам байлаа.