"Seedstars World Competition 2020/2021" олон улсын гарааны бизнесийн шилдгийг тодруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох бизнесийг тодруулах "Seedstars Ulaanbaatar" үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Эл тэмцээнд оролцсон 40 гаруй бизнесээс шалгарсан таван бизнесийг танилцуулъя. 

Шүүгчдийн бүрэлдэхүүнд MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, “Seedstars” байгууллагын Төв Ази, Зүүн Европын бүсийн хамтын ажиллагаа хариуцсан менежер Дарьа Хлопова, “Seedstars” байгууллагын Монгол дахь төлөөлөгч, “Стартап Маркетинг Спэйс” компанийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа нар ажиллав.

Tomyo

Гадаадын их, дээд сургуульд суралцах хүстэй залууст цахимаар зөвлөгөө, мэдээлэл өгч, боловсролын цогц үйлчилгээ үзүүлдэг "TomYo"-ийнхон "Seedstars Ulaanbaatar"-д түрүүлснээр Төв Ази, Зүүн Европын бүсийн тэмцээнд оролцох эрх авлаа. Түүнчлэн тэмцээний дэмжигч “АйТүүлс”, “FIBO” компанийн “Үүлэнхүү” үүлэн технологийн таван сая төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй болжээ. Гадаад хэлний мэдлэг сайжруулах 30 мянга гаруй тест, 150 гаруй сургагч багшийн хичээл, дэлхийн улс орнуудын соёл уламжлал, түүхийн талаарх 5000 гаруй асуулттай таавар гэхчлэн тал талын өгөөжтэй булангуудтай, “Томё Эдтэк” компанийн эл апп олон оюутан, залуусын хэрэглээ болсон билээ.

Дэлгэрэнгүй үзэх

Crowd asset

Санхүүжилт шаардлагатай бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбодог "Крауд Ассет" удаах байранд шалгарчээ. Өнөөг хүртэл эл платформ дээр нийтлэгдсэн бүх төсөл амжилттай санхүүжилтээ босгосон байна. Тодруулбал, долоон төсөлд 31 хөрөнгө оруулагчаас 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт босгожээ. "Крауд Ассет" бол Монголын анхны олон нийтээс хөрөнгө босгох платформ юм.

Дэлгэрэнгүй үзэх

Odo shop

Орон даяар 200 орчим дэлгүүрийг эгнээндээ нэгтгээд буй "Odo Shop"-оор дамжуулан хэрэглэгчид ажил, гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээс хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, хүргүүлэн авах боломжтой юм. Хэрэглэгч "Odo Shop" апп руу ороод байгаа газраасаа 500-1000м дотор буй хүнсний дэлгүүрийг сонгож захиалгаа өгөөд л гүйцээ. "Одо экосистемс” компани энэхүү үйлчилгээгээрээ "Seedstars Ulaanbaatar"-т гуравдугаар байр эзэлжээ.

Дэлгэрэнгүй үзэх

ONEFIt

40 гаруй гарааны бизнесээс ялгарч чадсан бас нэгэн стартап бол "ЭнЭксТи” компанийн ONEFIT. Нэг гишүүнчлэлээр өдөр бүр шинэ фитнес клуб, бялдаржуулах төвүүдэд явж, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр өөр өөр газар хичээллэж турших боломж олгодог эл апп сүүлийн жилүүдэд эрүүл биеийн ач холбогдлыг ухан ойлгож, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх болсон залуусын таашаалд нийцээд буй.

Дэлгэрэнгүй үзэх

Digital credit

Дотоодын банкуудаас гадна 500 гаруй ББСБ-д зээлийн хүсэлт давхар илгээн, зээл авахад юуг анхаарууштайг мэдэлж нягталж авъя гэсэн хэн бүхэнд "Дижитал кредит" тохирно. Зээлийн дижитал маркетингийг нэвтрүүлж буй эл платформ бизнес эрхлэгч, эрхлэхийг зорьж буй хүмүүст ихээхэн нэмэр болох билээ. "Дижитал кредит” компанийн эл платформ яах аргагүй шилдгүүдийн нэг байв.

Дэлгэрэнгүй үзэх

Уг арга хэмжээг “ITStore”, "Тэсо" корпораци, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, “Эм Си Пи”, “Yellow tail”, “Саунд оф монголия” компани бусад спонсорын хамт дэмжин оролцжээ.

Өмнөх жагсаалтуудтай танилцах

SEEDSTARS ULAANBAATAR 2019-ИЙН ОНЦЛОХ 10 СТАРТАП КОМПАНИ

SEEDSTARS ULAANBAATAR 2018-ИЙН ОНЦЛОХ 9 СТАРТАП

SEEDSTARS ULAANBAATAR 2017-ИЙН ОНЦЛОХ 10 СТАРТАП