Хүн бүр л илүү сайхан нийгмийг хүсэж, түүнд хүрэхэд саад болж буй асуудлуудыг олж харан шүүмжилдэг. Гэхдээ бидний хэд нь зүгээр шүүмжлээд зогсох бус бодит үйлдэл хийж, нийгэмдээ гэрэл гэгээ асаахад нөлөөлдөг вэ? 

Орон нутгийн бизнесийг дэмжихээс эхлээд олон нийтийн байгууллагуудад сайн дурын ажил хийх зэргээр эерэг өөрчлөлтөд гар бие оролцох олон арга бий. Илүү гэрэлтэй нийгмийг хүсэж буй хүн бүрд зориулан нийгэмдээ гэрэл асаахын тулд хийж болох бүх зүйлсийг А-Я үсгэнд багтаан хүргэж байна.


А бол Англи хэл сурах

2021 оны судалгаагаар Монгол Улс англи хэлний мэдлэгийн түвшингээр 111 орноос 72-д жагсчээ. Энэ байдлаараа англи хэлээ сайжруулсаар байх нь олон шинэ боломжийг нээж, боловсролын чанар нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийн хэтийн төлөв сайжрах, харилцааны ур чадвар сайжрах, мэдээллийн хүртээмж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. Өөрийн боловсролдоо хөрөнгө оруулж байгаа нь нийгэмдээ хөрөнгө оруулж буй том хэлбэр юм шүү.

Б бол Баярлалаа гэж хэлэх

Сэтгэл судлаач доктор Мартин Селигман "Талархлын захидал" гэх судалгааг хийжээ. Судалгаанд оролцогчдыг "Талархлын захидал" бүлэг, "Асуудал” бүлэг гэсэн хоёр бүлэгт санамсаргүй байдлаар хуваарилав. Талархлын захидал бүлгийн оролцогчдод тэдний амьдралд чухал эерэг нөлөө үзүүлсэн боловч хэзээ ч талархаж байгаагүй хүндээ талархлын захидал бичихийг даалгалаа. Харин Асуудал бүлгийн оролцогчдод өдөр тутмынхаа бэрхшээлийн талаар бичихийг зааварлажээ.

Хоёр долоо хоногийн дараа Талархлын захидал бүлгийн оролцогчдын аз жаргал, амьдралын сэтгэл ханамжийн түвшин Асуудал бүлгээс хамаагүй өндөр, мөн сэтгэлийн хямрал, түгшүүрийн шинж тэмдэг багатай болжээ. Түүгээр ч зогсохгүй оролцогчид талархлын захидал бичих нь сэтгэл хөдлөм, утга учиртай үйл явдал болсон бөгөөд талархсан хүнтэй илүү ойр дотно болсон гэдгийг дурдсан аж.

В бол Визэд шуурахгүй байх

Юу юунаас илүү ард түмэн нь эх орондоо ажиллаж, амьдарч, Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах нь хамгийн үнэ цэнтэй зүйл. 2019 оны жилийн эцсийн байдлаар 197 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Гэтэл Монголд эрүүл мэнд, инженерчлэл, байгаль орчин зэрэг салбаруудад хүний нөөцийн хомсдолтой болоод байна. Тиймээс гадаадад сурч боловсрон эрдэм мэдлэгээ эх орондоо зориулах, Монголдоо чадварлаг мэргэжилтэн болох нь нийгэмдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.


Г бол Гэр бүлдээ цаг гаргах

Сайн нийгмийн тулгуур үзүүлэлтүүдэд тогтвортой гэр бүл зайлшгүй ордог. Гэвч ялангуяа залуу хүмүүст сургууль, ажил, нийгмийн үүрэг хариуцлага зэргийн зэрэгцээ гэр бүлдээ цаг гаргах бэрхшээлтэй байдаг. Гэр бүлдээ зарцуулах цагаа нэмэгдүүлэхийн тулд:

- Гэр бүлдээ гаргах цагаа зориуд төлөвлөх
- Ажлын завсарлага, цайны цагийн үеэр гэр бүлтэйгээ ярих, мессеж бичих, хамтдаа ойрын ирээдүйн зарим зүйлсээ төлөвлөх
- Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхдөө ажлын цахим шуудан, олон нийтийн сүлжээ гэх мэт анхаарал сарниулах зүйлээс зайлсхийх
- Гэр бүлээрээ илүү их цаг гаргахын тулд гэрээсээ ажиллах эсвэл ажлын хуваариа тохируулах гэх мэт уян хатан зохицуулалт хийж үзэх

Д бол Дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол дасгал хийдэг хүмүүс зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл 20-30 хувиар бага. Чихрийн шижин, ясны сийрэгжилт, зарим хорт хавдрын эрсдлийг бууруулж, тархины үйл ажиллагаа, тэр дундаа ой санамж, танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлнэ. Сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, сэтгэлийн түгшүүр, сэтгэл хямралын шинж тэмдгийг бууруулж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг.

Е бол Ерөнхий боловсролдоо анхаарах

Нийгмийг зөвхөн насанд хүрсэн хүмүүс бус хүүхдүүд ч гэсэн бүрэлдүүлж байдаг. Тиймээс хичээлдээ анхаарч, суурь боловсролоо чанартай эзэмшиж чадвал өөрийнхөө болон Монголынхоо ирээдүйн нийгэмд гэрэл асааж буй бас нэгэн хэлбэр юм шүү. Сурагч хичээлээс шаардлагатай мэдлэгийг олж авахаас гадна шүүмжлэлт сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадвар нь хөгждөг бөгөөд сурагчдыг дээд боловсролд бэлтгэж, илүү их ажил мэргэжлийн сонголт, орлого олох боломжийг бий болгож өгдөг.


Ё бол Ёс заншлаа мэдэх

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэл хотдоо амьдарч байгаа энэ үед хамгийн ихээр мартагдаж, бас дутагдаж байгаа зүйл бол үндэсний зан заншил билээ. Хүүхдийн уураг тархи бүрэн хөгжиж амжаагүй үед нь гар утасны тоглоом бус ардын уламжлалт тоглоом, наадгайгаар тоглуулах нь түргэн сэтгэж, ой тогтоолт сайжруулах эерэг нөлөөтэй. Мөн малд ойрхон өссөнөөр амьд амьтныг хайрлан энэрэх сэтгэлтэй болж, монгол ардын үлгэр туульсаар ертөнцийг үзэх үзлээ төлөвшүүлэн, ахмадын үг сургаалийг даган сахидаг, ёс суртахуунтай хүн болон өснө.

Ж бол ЖДҮ-г дэмжих

Жижиг дунд үйлдвэрлэл нь эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамгийн олон хүн ажиллаж, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна. 2021 онд ЖДҮ-ийн салбар 2,1 их наяд төгрөгийг улсын төсөвд бүрдүүлсэн бөгөөд ДНБ-ий 5,5 хувийг эзэлж байжээ. Ард иргэдийн хувьд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээгээ хэрэглэх нь угтаа улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

З бол Зам тавьж өгөх

Улсын хэмжээнд 2021 онд 4132 зам тээврийн осол бүртгэгдэж, 428 хүн осолд өртсөнөөс 59 хүн амь насаа алджээ. Ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын тохиолдлын 13,5 хувь нь хурд хэтрүүлсэн, 15,4 хувь нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон, 17,3 хувь нь зогсоох арга хэмжээ аваагүй, 26,9 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Энэхүү асуудалд бид эгнээгээ зөв эзлэх, бусдад зам тавьж өгөх зэргээр эерэгээр нөлөөлж болно.


И бол Инээмсэглэх

Манай нийгмийн эмзэг сэдвүүд болох эдийн засаг, утаа, улс төр зэргийг хэрхэх талаар хүн бүр бодож стрессдэх нь нийгмийн эрүүл мэндийн түвшинг бууруулж, бас нэгэн нийгмийн асуудал үүсгэж байдаг. Тэгвэл бодит асуудлуудад нухацтай хандахаас гадна нийгмийн харилцааг сайжруулах үүднээс үргэлж инээмсэглэх нь маш ач тустай гэнэ шүү. Инээмсэглэл нь сэтгэл санааг сайжруулдаг эндорфин гэх дааврыг ялгаруулж, стресс, түгшүүрийг бууруулах байдлаар өөрт үр нөлөө үзүүлдэг. Харин нийгмийн харилцаан дээр инээмсэглэл нь хүн хоорондын итгэлцлийг бий болгож, харилцааг илүү тааламжтай болгодог байх нь.

К бол Комментоо хязгаарлах

Дайрж давшилсан, доромжилсон коммент буюу сэтгэгдэлд олон удаа өртөх нь тухайн хүний ​​сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим тохиолдолд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлоход хүргэдэг. Мөн бичсэн сэтгэгдэл нь хэн нэгний хүний ​​хувийн болон мэргэжлийн харилцаанд нөлөөлж, карьер эсвэл бизнест нь хохирол учруулж болзошгүй байвал сэтгэгдэл үлдээгч хуулийн хариуцлага хүлээх боломжтой. Иймд бусдын сэтгэлийг өвтгөж, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөхгүй, мөн өөрийгөө эрсдэлтэй нөхцөл байдалд оруулахгүйн тулд олон нийтийн сүлжээнд соёлтой, боловсон байх нь зүйтэй.

л бол лекц сонсох

Бүх оюутан сургуулиа төлөөлөн олимпиадад оролцож, мэтгэлцээний клубийг манлайлах албагүй. Харин оронд нь хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал “лекц анхааралтай сонсох” чадварыг эзэмшсэнээр ирээдүйд сайн дурын клубээс ч том зүйл болох албан байгууллага, үе тэнгийн мэргэжилтнүүдээ ч манлайлж болох юм. Тиймээс оюутнууд лекцийн өмнө холбогдох материалыг уншиж, өмнөх лекцүүдийн тэмдэглэлээ нягталж үзвэл тустай. Анхаарлаа сарниулахгүйн үүднээс утсаа унтрааж, тухтай байрлалаа олон суугаарай.


м бол мөнгө хуримтлуулах

Мөнгөө хуримтлуулж, хэмнэлт хийснээр гэнэтийн зардал гарах эсвэл орлогоо алдах үед санхүүгийн хувьд тогтвортой байлгаж чадах учир санхүүгийн асуудалтай холбоотой стресс, түгшүүрийг бууруулдаг. Хуримтлуулахын тулд төсөв зохиох, санхүүгийн дүрмээ тогтох, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд анхаараарай.

н бол ном унших

Магадгүй хүн бүрийн мэдэх ч бүгд хэрэгжүүлээд байдаггүй дадал бол ном унших. Ном унших нь ой санамж, төвлөрөл, шүүмжлэлт сэтгэлгээ зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг. Унших нь тайвшруулах нөлөөтэй бөгөөд стрессийг багасгаж, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж, бүтээлч байдал, шинэ санаа, хэтийн төлвийг өдөөдөг.

Пауло Коэльогийн "Алхимич", Сюзанна Коллинзийн "Өлсгөлөн тоглоом", “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” зэрэг номууд нь үйл явдлын хувьд сонирхолтой, адал явдалтай учир ном уншиж эхэлж буй хүмүүсд номын ертөнцөд орох гайхалтай эхлэл болж чадна.

о бол олон зүйлийг турших

Хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлэх зарим санаануудыг хуваалцъя.

Оюун санааны дасгалууд: Иог, бясалгал, тайчи зэрэг дасгалууд нь оюуны дархлааг дэмжиж, оюун бодлыг цэгцэлж, бие болоод сэтгэлийн амар амгаланг мэдрүүлнэ
Сайн дурын ажил: Нийгэмдээ хувь нэмэр оруулах, шинэ ур чадвар хөгжүүлэх, үнэ цэнтэй туршлага олж авах боломжийг бүрдүүлнэ
Ганцаараа аялах: Шинэ газруудаар аялж, соёлуудын ялгааг таньж мэдэх нь хувь хүнийг ​​хөгжүүлж, өөрийгөө нээх боломжийг олгоно


ө бол өрсөлдөх бус хуваалцах

Хүмүүс өөртөө хэрэгтэй бүхнийг худалдан авч, өмчлөхийн оронд бусдаас түрээслэж авч хэрэглэх хандлага нэмэгдэж, мөнгөө хэмнэх эсвэл мөнгө олох гэсэн хүмүүст хуваалцах эдийн засаг хамгийн сайн шийдэл болоод байна. Ийм байдлаар хүмүүсийн санхүүгийн дарамт багасаж, худалдан авах чадвар нэмэгдэж, шат шатандаа эерэг нөлөө үзүүлсээр улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх юм. Дэлхийн банкны тайланд дурдсанаар Монгол улсын хуваалцах эдийн засаг сүүлийн жилүүдэд өсчээ. Энэ нь бид зөвхөн өөрийгөө бодох бус бусадтайгаа хуваалцаж сурч буй сайн жишгийн баталгаа юм.

п бол программ мэддэг байх

Хүн нийгмийн амьтны хувьд бие хүн болон төлөвшсөнөөс хойш хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тогтвор суурьшилтай ажилд орох. Бүхий л ажил программ хангамжийн үндсэн ур чадвар шаарддаг бөгөөд энэ талын мэдлэгтэй байх нь хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгодог байна. Хэрэв техник, технологийн мэдлэгтэй бол сарын дундаж цалин ойролцоогоор нэг сая хүртэлх төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

р бол реалист байх

Реалист гэдэг нь үнэн бодитой байх, нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэх тухай ойлголт юм. Бусдын шүүж, харьцуулсан харцан дунд хүн заримдаа өөрөө ч мэдэлгүй баг зүүчихсэн явж байдаг. Өөр хэн нэгний хамгийн сайн хувилбарыг өөрийнхөө хамгийн муу хувилбартай харьцуулж, шаналах нь ч бий. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд, өөрийгөө илүү хөгжүүлэх нь энэ нийгэмдээ асааж буй бас нэгэн тод гэрэл байх болно.


с бол сэтгэл зүйдээ анхаарах

2021 онд 7019 хүнийг хамруулсан судалгаагаар, судалгаанд оролцогчдын 55 хувь нь сэтгэл түгших хам шинжтэй, 39,6 хувь нь сэтгэл гутрах хам шинжтэй болохыг тогтоожээ. Орчин үед ажлын ачаалал, санхүүгийн тогтворгүй байдал, нийгмийн стресс зэрэг хүчин зүйлс тун их байгаа учир сэтгэл зүйдээ анхаарал хандуулаарай. Таны сэтгэл зүй ямар байна нийгмийн сэтгэл зүй яг л тийм байна гэсэн үг.

Т бол ТomYo Talk 2023-д оролцох

Амьдралдаа эргэлтийн цэг бий болгох, ойр тойрондоо эерэг өөрчлөлт авчрах, сэтгэлдээ өөрчлөлтийн гал асаахыг хүссэн хүн бүхэнд зориулсан TomYo Talk 2023 арга хэмжээ тавдугаар сарын 13-ны өдөр болох гэж байна.

Илтгэгчид болон сэдвүүд:

- Гавж Д.Нямсамбуу: Сэтгэлийн амар амгаланг бий болгох нь
- Доктор Д.Бум-Очир: Монгол хүний онцлог буюу нэгдмэл байхын үнэ цэн
- Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана: Монгол мөрөөдөл
- Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын тэргүүн Б.Золзаяа: Жендерийн мэдрэмж, түүнд суурилсан нийгмийн хөгжил
- Сайн сургуулийг таны дэргэд ТББ-ын тэргүүн П.Наранбаяр: Боловсролтой Монгол хүнийг томьёолох нь
- BNI Mongolia-ийн үүсгэн байгуулагч Э.Чинзориг: Өрсөлдөх бус хамтарч сурах ухаан

у бол улс төрийн мэдлэгтэй байх

Нийгэмд шууд нөлөөлөх чухал, том хэмжээний шийдвэрүүд ихэвчлэн улс төрийн шийдвэрүүд байдаг. Тиймээс улс төрийн мэдлэгтэй байснаар:

- Хэнд санал өгөх, ямар бодлогыг дэмжих, улс төрийн үйл явцад хэрхэн оролцох талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахад тусална
- Сонгогдсон албан тушаалтнуудын үйлдэл, шийдвэрийн төлөө хариуцлага тооцох боломж бүрдэнэ
- Хүссэн өөрчлөлтөө хаана хандаж олон хүнд хүртээмжтэй байдлаар шийдэж болох арга замыг олж харна


ү бол үүрэг хариуцлагаа ухамсарлах

Нийгэм ийм байх ёстой гэж шаардахаас гадна өөрийгөө нийгэмд ямар үүрэг, хариуцлагатай оролцохыг мэддэг байх учиртай. Түүнчлэн эрх зүйн мэдлэг, мэдээлэлгүйн улмаас өөрөө хохирох, бусдыг хохироох, тохиолдлууд ч цөөнгүй гарч байдаг. Үүрэг, хариуцлагаа ухамсарлана гэдэг нь зөвхөн өгөхийн нэр биш юм. Жишээлбэл, татварын хуулийг сайн мэддэг бол зөвхөн татвар төлөхөөс гадна татварын хөнгөлөлт эдлэх, буцаан олголт ч авах боломжтой.

х бол хогоо ангилж сурах

Хогоо ангилахгүй хаяснаар:

- Байгалийг бохирдуулж, экосистемд хохирол учруулна
- Харх, шавж зэргийг татаж, өвчний эх үүсвэх болон хүн, амьтны эрүүл мэндэд аюул учруулна
- Дахин боловсруулах боломжтой материалын хэмжээг бууруулна
- Хог хаягдлыг устгах зардал нэмэгдэнэ

ч бол чадвар эзэмших

Дараагийн түвшинд гарч, илүү олон боломжийг өөртөө нээхийн тулд хүлээх бус өөрөө хүрж очих хэрэгтэй. Юугаар хүрэх вэ гэвэл, шинэ чадвар, технологийн мэдлэг, гадаад хэлний боловсрол гээд юу ч байж болох юм. Нийгэм гэдэг нь “хүн”-ий томруулсан хэлбэр буюу нийгэм ямар байх нь тухайн нийгмийн “хүн” нь ямар байхаас шууд хамаарна. Тэгэхээр нийгмээ хөгжүүлмээр байвал эхлээд өөрөө хөгжих, нийгмийн эдийн засгийн асуудлыг шийдмээр байвал өөрөө санхүүгийн мэдлэгтэй болж, мөнгөтэй зөв харьцаж сурах хэрэгтэй болох нь.


ц бол цуурхалд шүүлтүүртэй хандах

Цуурхал буюу хуурамч мэдээлэл Твиттер дээр үнэн мэдээллээс зургаа дахин хурдан тархдаг гэсэн судалгаа бий. Ялангуяа Монголын нөхцөлд хуурамч мэдээлэл, шар мэдээ зэрэг олон нийтийн сүлжээнд өдөр бүр шинээр мэндэлж байдаг. Эдгээр мэдээлэлд итгэх, цааш түгээн дамжуулах, бодит мэтээр итгэн хүлээн авах нь маш олон аюулыг дагуулж байдаг. Мэдээллийг баттай эх сурвалжаас авах, нягталж сурах нь мэдээллийн эрин зуунд нэн чухал боловсрол болоод байна.

ш бол шинжилгээнд хамрагдах

Монголд хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны найм нь урьдчилан сэргийлэх боломжтой буюу халдварт бус өвчин байдаг. Тиймээс бид урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж сурах нь урт удаан, эрүүл саруул амьдралын эхлэл юм. Эцсийн эцэст та өөрөө өвчингүй, эрүүл саруул байж гэмээн нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж чадах билээ.

Э бол Энтертайнменттай хослуулах

TomYo Talk 2023 арга хэмжээнд нийгмийн асуудлуудыг хоржоонтойгоор хүргэдэг комеди, нүд баясгасан бүжгийн үзүүлбэрүүд болон сэтгэл санааг тогтворжуулж, таатай мэдрэмж төрүүлэх жазз хөгжмийн тоглолтууд эгшиглэх болно. Оюун санаандаа хөрөнгө оруулахын зэрэгцээ энтертайнментаар сэтгэл зүйгээ сэргээгээрэй.


ю бол юу сурснаа хуваалцах

Тересэ эх “Би ганцаараа дэлхийг өөрчилж чадахгүй ч ус руу чулуу шидэн долгио үүсгэж чадна” гэсэн үгээрээ жижиг үйлдэл ч гэсэн том зүйлийн эхлэл байж болохыг хэлсэн байдаг. Түүнээс гадна сурсан зүйлээ урт хугацааны мэдлэг болгон авч үлдэх хамгийн үр дүнтэй арга бол “ярих” буюу бусдад хуваалцах байдаг. Тэгэхээр юу сурснаа хуваалцана гэдэг нь зөвхөн том өөрчлөлтийн эхлэл болох бус улам бататгах энгийн бөгөөд үр дүнтэй үйлдэл юм.

я бол ялгаатай байдлыг зөвшөөрөх

Нэгэн судалгаанд оролцогч ЛГБТ хүмүүсээс “Та бэлгийн болон хүйсийн чиг баримжаанаасаа үүдэн ажлын байрны ялгаварлан гадуурхалтад өртөж байсан уу?” гэсэн асуултад 81.7 хувь нь бодит байдлаа нуун дарагдуулдаг гэсэн бол, 11.7 хувь нь тийм, 3.3 хувь нь ажил хийж үзээгүй, 3.3 хувь нь ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагүй гэж хариулжээ.

Үүнээс харвал ЛГБТ хүмүүс зөвхөн нийгэмд ч бус ажлын байран дээр хүртэл гадуурхдаг байх нь. Нийгэм гэдэг бүх хүний нийлбэр учир нийгмээ улам илүү гэрэл гэгээтэй болгохыг хүсвэл ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.