Хүн ам болон бүртгэлтэй автомашины талаас илүү хувь нь төвлөрдөг нийслэл хотын зах зээлд өнөөг хүртэл авто үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан, лавлах гэх мэт хэрэглэгчид ойртсон үйлчилгээ ховор байсаар ирсэн нь хачирхалтай. Уг эрэлт хэрэгцээг мэдрэн, ирээдүйд авто үйлчилгээний нэгдсэн дижитал талбарыг бий болгох зорилгоор Монголын хамгийн анхны авто үйлчилгээний нэгдсэн лавлах төвийг хөгжүүлж буй Genuine Parts компанийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. 

Нэр: “Женуйне Партс” ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Алтайн гудамж, Хойморь Оффис, 12 давхар, 1205 тоот
Чиглэл: Авто үйлчилгээний нэгдсэн лавлах үйлчилгээний төв
Үүсгэн байгуулагч: Ц.Батхуяг, М.Гантулга, Б.Бямбасүрэн
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны долоодугаар сар
Холбоосууд: 19001921 (Фэйсбүүк), 19001921.ml (Вэб)


Үүсгэн байгуулагч Ц.Батхуяг

сэдэл

Монгол улс бүртгэлтэй нийт нэг сая гаруй тээврийн хэрэгсэлтэй. Нийслэлд хагас сая гаруй тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог. Гэтэл тээврийн хэрэгсэлд маань асуудал гарсан үед хаана хандахаа мэдэхгүй цаг алдах, чанартай чанаргүй сэлбэг хэрэгсэл худалдан авах, баталгаатай баталгаагүй үйлчилгээ авсаны улмаас автомашинаа засуулах биш, бүр муутгаж орхих зэрэг хүсээгүй асуудалтай хэрэглэгчид байнга тулгардаг.

Нөгөө талд авто үйлчилгээний компани болон бизнес эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих үйлчилгээ байдаггүй, зорилтот автомашин хэрэглэгчидтэйгээ тэд шууд холбогдож чаддаггүй.

Энэхүү асуудлуудын шийдэл болох нийслэл хотын автомашин хэрэглэгчдэд өөрт хамгийн ойр байрлах, чанартай, авто үйлчилгээний газар, сэлбэгийн мэдээлэл, механик инженерингийн зөвлөх үйлчилгээг цаг алдалгүй мэргэжлийн зөвлөх инженерээс түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ хэрэгтэй байгааг анзаарч 2018 оны зургаадугаар сараас авто үйлчилгээний салбарт судалгаа хийж эхэлсэн. Судалгаа болон бэлтгэл ажлуудаа хийж дуусган энэ оны долоодугаар сараас “Авто үйлчилгээний нэгдсэн лавлах 1900 – 1921” тусгай дугаарыг ажиллуулж эхлээд байна.

ялгарал

Бусад лавлах төвөөс ялгаатай нь бид зөвхөн авто үйлчилгээний салбарын мэдээллийг өгөх бөгөөд, хэрэглэгчдийнхээ цаг, мөнгийг хэмнэх үүднээс мэргэжлийн механик инженерүүд болон BMW, Nissan-д ажиллаж байсан туршлагатай зөвлөхийн хамт хэрэглэгч бүрийн тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдэж өгдөг. Авто үйлчилгээний салбарын нэгдсэн мэдээллийн тусгай баазтай.

Манайх Монгол улсын авто үйлчилгээний салбарт хөнгөлөлттэй, нэгдсэн лавлах төвийн үйлчилгээг нэвтрүүлсэн анхны байгууллага бөгөөд хэрэглэгч, харилцагчийг холбогч гүүр нь юм. Ингэхдээ хэрэглэгчдэд зөвхөн хаяг байршил болон холбогдох мэдээллийг л өгөөд зогсохгүй хамтран ажилладаг байгууллагуудын сэлбэг хэрэгсэл болоод засварын үйлчилгээг OК буюу онцгой кодны тусламжтайгаар 3-10 хувийн бодит хөнгөлөлтийн хамтаар санал болгож байна.

Манай сүлжээнд орсон авто тээврийн сэлбэг хэрэгсэл борлуулагч, авто засварын үйлчилгээ үзүүлэгч компаниудад бид бүтээгдэхүүн, үйлчилгээний тодорхой түвшний стандартын болон ёс зүйн шаардлага тавьж ажилладаг тул хэрэглэгчид маань манайхаар итгэл дүүрэн үйлчлүүлэх боломжтой.

Мөн авто үйлчилгээний компани, бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахгүй, илүү зардал гарахгүйгээр зорилтот хэрэглэгчтэйгээ холбогдох боломжтой.


АВТО ЛАВЛАХ 1900-1921 ГЭЖ ЮУ ВЭ?

Хэрэглэгчдэд- Тос солих үйлчилгээ, агрегат засвар, авто угаалга, кузов засвар, дугуй засвар, сэлбэг худалдаа, тэдгээр газрын байршил, холбогдох мэдээллийг түргэн шуурхай, үнэн бодитоор нэмэлт тайлбар, инженерингийн зөвлөгөөний хамт өгч автомашин хэрэглэгчдийн үнэт цагийг хэмнэж, эдийн засгийн үр өгөөж бий болгох мэдээлийн лавлах төв.

Компани, бизнес эрхлэгчдэд- Дээр дурдсан авто үйлчилгээний компани, бизнес эрхлэгчдэд зорилтот хэрэглэгчийг нь холбож өгөх зуучлагч.

нэр 

1921 гэдэг дугаарыг сонгосон нь 1921 оны Ардын хувьсгалын он тооллоор авто үйлчилгээний салбарыг шинэчлэхийг бэлгэдсэн юм.

одоо

Одоогоор хотын амьдрал ид өрнөж эхлэх намрын сараас өмнө бүх үйл ажиллагаагаа жигдрүүлж, болж байгаа болохгүй байгаа зүйлсээ туршиж сайжруулан, хэрэглэгчдэдээ илүү баялаг боломжууд нээж өгөх тал дээр төвлөрч байна. Одоогийн байдлаар бид 250 гаруй харилцагч байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд өдөрт 1000 гаруй дуудлага хүлээн авах чадалтай.

Авто үйлчилгээний салбарт шинэ үйлчилгээ үзүүлэхээр зорьж буй газрууд, туршлагатай, чанартай үйлчилгээ үзүүлдэг компаниудын датабаазыг нэгтгэх ажил зөвхөн одоо гэлтгүй тогтмол хийгдээд явна. Монголд авто үйлчилгээ, худалдааны чиглэлээр 1000 гаруй байгууллага, 3000 гаруй хувь хүмүүс ажилладаг гэсэн тооцоо бий. Тэр дундаас чанартай, хэрэглэгчид санал болгохуйц, баталгаатай үйлчилгээг олж, мэдээллийн санг улам өргөжүүлэн сайжруулсан тохиолдолд үнийн хөөрөгдөл, автомашинаас шалтгаалсан аливаа осол гэмтлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах боломжтой гэж бид үзэж байгаа юм.

Цаг үетэй холбогдолтой гэвэл зорилтот хэрэглэгчдэдээ өөрсдийн бизнесийн онцлог болон үнэ цэнийг ойлгуулан, таниулахаар төвлөрч ажиллаж байна.



баг

Автомашин хэрэглэгчдээс хүлээн авах дуудлагыг авч, зөвлөгөө мэдээлэл өгөх операторын багийнхан маань бүгд механик болон авто инженерээр төгссөн, мэргэшсэн боловсон хүчин бөгөөд BMW, Nissan зэрэг салбарын томоохон автомашины дилер компаниудад ажиллаж байсан туршлагатай зөвлөхөөр удирдуулсан хамт олон юм.

ирээдүй

Бид алсын хараагаа нэлээд бодож байж тодорхойлсон л доо. Үүнд: Баталгаат авто үйлчилгээний бизнесийг хөгжүүлж, монгол хүн гэр бүлтэйгээ аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. Авто үйлчилгээний компани, бизнес эрхлэгчдийн хэрэглэгчдэд өгч буй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл нь ирээдүйн бизнесийн амжилтанд нөлөөлөгч маш чухал хүчин зүйл. Энэ мэдээлэл дээр анализ хийж, гол үзүүлэлтүүдийг шинжлэн, цааш бизнесээ уг мэдээлэл дээр үндэслэн илүү хөгжүүлэх боломжийг бүхий л компаниуд, бизнес эрхлэгчидэд зөвлөх үйлчилгээгээр хүргэхээр бид зорьж байна.

Өнөөдөр хүний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой банк санхүү, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээний бүхий л салбаруудын дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа бол зарим нь хэдийн шилжчихсэн байна. Харин хүний өдөр тутмын хэрэгцээ болоод зогсохгүй амь нас, эрүүл мэндэд шууд хамааралтай байдаг авто үйлчилгээний салбар уг шилжилтээс холуур явж байгаа нь бидний дэвшүүлж буй гол асуудал юм.

Машин унаж буй хүн бүр механикч, техникч, засварчин байж чадахгүй, тийм боломж ч байхгүй шүү дээ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд бэлэн байдаг, яаралтай үед, найдвартай мэдээлэл өгдөг үйлчилгээ зайлшгүй байх хэрэгтэй. Нэг талаас хэрэглэгчид машин засдаг хүн гэдгээс өөр ямар ч мэдээлэлгүй хүнээс зөвлөгөө аваад, буруу зөрүү сэлбэгээр машинаа гэмтээж, цаг зав болон санхүүгээрээ хохирч байгаа бол нөгөө талаас хуурамч, чанаргүй бүтээгдэхүүнээр бизнес хийж буй хүмүүсийг ийн өөгшүүлээд байгаа нь буруу тогтолцоо юм.

Бидний яриад буй дижитал шилжилт биеллээ олбол автомашинтай хүн бүр авто угаалгад оочерлох шаардлагагүй, чанартай, баталгаатай, тохирсон сэлбэг худалдаа, засвар үйлчилгээгээ хайх шаардлагагүй болно. Жишээлбэл хэрэглэгчид машиныхаа улсын дугаарыг мэддэг байхад өөрийн машинд нь тохирох сэлбэг хэрэгслийн мэдээллийг, тухайн сэлбэг хаана, ямар үнээр борлуулагдаж буй тухай шаардагдах бүх мэдээллийг хурдан шуурхай олдог болно. Сонсоход их энгийн мэт боловч энэ нь цаанаа найдвартай бүтээгдэхүүн борлуулагчдыг дэмжих, хиймэл үнийн өсөлтийг хязгаарлах, үргүй зардлыг багасгах, автомашинтай холбоотой гарч болзошгүй эрсдэлүүдийг бууруулах зэрэг олон давуу талыг бий болгох юм.

эрсдэл

Бидний хамгийн гол эрсдэл бол зорилтот зах зээл болох хэрэглэгч, харилцагчдын маань хангалттай мэдээлэл, мэдлэггүй байгаа явдал. Тэд салбар яаж хөгжих ёстой, хаашаа чиглэх хэрэгтэй тухай ямар ч төсөөлөл, хүлээлтгүй, бүр түүнд огтхон ч бэлэн биш байгаа нь бидний гол эрсдэл юм.

Хэрэв олон нийт зөв мэдээлэлтэй, хандлагатай л болчихвол цаана нь харьцангуй механик гэж хэлж болохоор ажил үлдэнэ.