Бизнесийн зарчим, байгууллагын соёлоосоо хуваалцдаг “Онцлох бизнес” булангийн шинэ дугаарт “Алимны хальс” дэлгүүрийг онцолж байна.
2024 онд Apple компани дэлхий даяар 22.9 сая MacBook борлуулсан байна. Мөн дэлхийн нийт iPhone хэрэглэгчдийн 49 хувийг 18-34 насныхан эзэлдэг гэсэн судалгаа бий. Ингээд бодохоор технологийн төхөөрөмжийн зах зээлийн хамгийн том төлөөлөл нь яах аргагүй Apple брэнд.
Gen Z болон миллениал үеийнхний өдөр тутамдаа тогтмол ашиглаж буй iPhone, MacBook-ний хэрэглээг нэмэгдүүлж, насыг уртасгахад хамгаалах зориулалт бүхий дагалдах хэрэгслүүд нэн чухал. Тэгвэл энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлж буй “Алимны хальс” дэлгүүрийн үүсгэн байгуулагдсан санаа сэдэл, онцлог давуу тал, зорилго зорилттой илүү ойроос танилцъя.
Бизнесийн нэр: Алимны хальс (Best Business компани)
Хаяг:
- Тэди төв, 3-р давхар, 15 тоот
- Компьютер Ланд, 1-р давхар, 110 тоот
- Мишээл төв, Venice mall G42 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Apple брэндийн дагалдах хэрэгслийн худалдаа
Үүсгэн байгуулагч: Б.Баттүвшин
Үүсгэн байгуулагдсан: 2017 он
Цахим хуудсууд: alimniihalis.mn (website) | Алимны хальс дэлгүүр (facebook)
сэдэл
Бид технологийн төхөөрөмж, тэр дундаа MacBook, iPad-ийг багагүй хугацаанд бүсээ чангалан мөнгөө хуримтлуулсны эцэст нандигнан байж авдаг шүү дээ. Иймд мэдээж удаан хэрэглэхийг хүснэ. Гэвч санамсар болгоомжгүйгээс болж газар унагах, дэлгэцийг нь хагалах, нугасыг нь гэмтээх гэх мэт гэмтэл учруулж, насыг нь богиносгох тохиолдол олон. Тиймээс гар утас, зөөврийн компьютероо гаднын нөлөөтэй гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалалтын дагалдах хэрэгслүүдээр тоноглох нь чухал.
Гэвч хэрэглэгчид нэг бол маш чанаргүй эсвэл хэт үнэтэй гэсэн хоёр л сонголттой тулдаг. Иймд манай “Best Business” компани дундаж үнэтэй бөгөөд эдэлгээ даах дагалдах хэрэгслийн зах зээлийг тэлэхийн тулд энэхүү дэлгүүрээ 2017 онд үүсгэн байгуулсан түүхтэй.
ялгарал
Бид зөвхөн Apple-ийн бүтээгдэхүүний дагалдах хэрэгслийг дагнан худалдаалдаг. Учир нь хэт олон брэндээр төрөлжиж эхэлбэл дэлгүүрийн менежментийн үйл ажиллагаанд хэт төвлөрч, бүтээгдэхүүний чанарын хяналтыг орхигдуулах эрсдэлтэй. Мөн өмнө нь хэлсэнчлэн бид чанар болон өртгийн хувьд дунджийг баримтлахыг хичээдэг тул бараа бүтээгдэхүүний судалгаа хийхдээ бодитоор туршиж, хэрэглээнд хэр нийцтэйг нь шалгасны үр дүнд худалдаалах эсэхээ шийддэг.
алимны хальс гэж юу вэ?
Товчхондоо, манай дэлгүүр Apple брэндийн бүтээгдэхүүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг. MacBook-ийн кэйс гэхэд л 14 төрөл бий бөгөөд дэлгэцийн хамгаалалтын наалт, bluetooth keyboard, гар утас болон таблет тогтоогч, чихэвч, хулгана гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн бий. Тоочоод барамгүй тул манай вебсайтаар зочлоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
нэр
Apple (алим) брэндийн төхөөрөмжүүдэд зориулсан, тэдний гадаргууг хамгаалах, эдэлгээг нь уртасгах зориулалттай хэрэгслүүдийг зах зээлд санал болгодог учраас “Алимны хальс” гэж нэрлэсэн.
одоо
Манай дэлгүүрийн үнэнч хэрэглэгчид өмнөх хоёр салбарын байршлыг сайн мэдэх болов уу. Манайх урьд нь Tedy төвийн 3-р давхрын 15 тоот, Компьютер Ландын 1-р давхрын 110 тоот гэсэн хоёр салбартай байсан бол саяхан Мишээл экспо төвийн Little Venice shopping mall-ийн G42 тоотод шинэ салбараа нээлээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг буюу Улаанбаатарын төв болон хойд хэсгийн хэрэглэгчидтэй зэргэлдээ байсан бол ийнхүү гурав дахь салбараараа Хан-Уул дүүрэг буюу урд бүсийн хэрэглэгчдэд илүү ойртож байна. Мөн дөрөв дэх салбараа нээх ажил ч эхлээд байгаа.
Сонирхуулахад, бид Хонконгийн WiWU брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллаж эхэлсэн. 14 жилийн түүхтэй тус брэнд нь дэлхийн 60 гаруй оронд албан ёсоор борлуулагддаг бөгөөд гар утас, таблет, зөөврийн компьютерийн дагалдах хэрэгсэл, аяллын цүнх, хамгаалалтын гэр, цэнэглэгч, адаптер зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг. Дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэх сонирхолтой, 21 аймагт оршиж сууж буй хүмүүс бидэнтэй холбогдож, тухайн орон нутагтаа WiWU брэндийн албан ёсны эрхтэй худалдаа, үйлчилгээ явуулах боломжтойг дуулгая.
баг
Бид одоогоор гурван салбар дэлгүүр, хоёр цахим салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт 10 гаруй ажилтантай. Бид шинэ ажилтан эгнээндээ нэгтгэхдээ өөрсдөө дадлагажуулж авдаг тул дипломын шаардлага тавьдаггүй. Харин эерэг хандлагатай, сэтгэлтэй залуусаар багаа бүрдүүлэхийг илүүд үздэг.
ирээдүй
Улаанбаатарын хэмжээнд таван салбартай болохыг зорьж байгаа бөгөөд дараа дараагийн салбараа объектын хувьд илүү томоор төлөвлөж байна. Мөн өмнө нь дурдсанчлан албан ёсны эрхтэй брэндүүдийнхээ тоог нэмж, орон нутагт өргөжүүлэхийг хүсэж байна.
Цаашид хийхээр бодож байгаа бас нэг ажил бий. Гэхдээ үүнийг одоогоор хэрэгжүүлж эхлээгүй, судалгааны шатанд явж байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй. Монгол Улсын хэмжээнд жил бүр дунджаар 1.5 сая тонн электрон хог хаягдал гардаг бөгөөд үүний 24 хувийг нь дахин боловсруулдаг юм байна. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд дахин боловсруулалтын хэмжээг нэг хувиар ч болов нэмэгдүүлэх, үүний тулд холбогдох байгуулагуудтай хамтарч ажиллахыг хүсдэг.
эрсдэл
Импортын бүтээгдэхүүн худалдаалдаг манай салбарынхны хувьд зовлон, жаргал нь ерөнхийдөө төстэй гэж бодож байна. Одоогийн байдлаар валютын ханш өсөх тэргүүтэй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хамгийн том асуудал гэж харж байна.
Б Бананамолл 2025.05.13 66.181.178.31
"Алимны хальс"-ын хамт олондоо цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Та бүхэн чадаж байгаа шүү.