Лед гэрэл бол эрчим хүчний хэмнэлттэй, эко ногоон бүтээгдэхүүн. Бидний сайн мэдэх улайсдаг гэрэл буюу орос лампаас даруй 8-10 дахин бага эрчим хүч зарцуулдаг. Анд Энерги бол Монгол улс дахь анхдагч бөгөөд цорын ганц лед гэрэл үйлдвэрлэгч хувьцаат компани гэдгээрээ онцлогтой. Ингээд Эрдэнэтийн инженер залуучуудын байгуулсан компани эх орнынхоо өнцөг булан бүрийг гэрэлтүүлэх ирмүүн зорилготой “Анд Энерги” компанитай танилцъя.
Нэр: Анд Энерги
Үйл ажиллагааны чиглэл: Лед гэрэл үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан он: 2011 он
Цахим хаяг: Facebook, Website
Сэдэл
Одоогоос арав гаруй жилийн өмнө Эрдэнэт ТӨҮГ-ын цахилгаан, автоматжуулалт, электроникийн инженер дөрвөн залуу санаа нийлж, Анд Энерги компанийг байгуулж байлаа. Анх цахилгаан угсралт, тоног төхөөрөмж суурилуулалт, програм хангамж, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа 2011 онд эхэлсэн түүхтэй. Үе тэнгийн инженер залуучууд нэгдэх болсны учир юу гэвэл тухайн үед үйлдвэрийн гэрэлтүүлгүүд амархан халж, шатах нь элбэг байсан бөгөөд гэрэлтүүлгийг байнга сольж, шинээр худалдан авах нь үйл ажиллагаа болон хүний нөөцийн өндөр зардалтай байж. Энэ шалтгаанаар аль болох удаан ажиллах гэрэлтүүлэг хийх санаа олсон нь өнөөгийн Анд Энергийн эхлэл болсон.
Тийнхүү судалгаа хийхээр БНХАУ-ыг зорихдоо хоёр төрлийн лед гэрэл туршихаар эргэн ирж байв. Нэг нь та бидний сайн мэдэх өргөн хэрэглээний лед чийдэн, нөгөөх нь оффис, агуулах зэрэг зай талбай томтой байгууламжид зориулсан урт хоолой хэлбэрийн гэрэл байсан. Гэвч корпус болон гэрлээсээ хамаарч, шатсан хэвээрээ байлаа. Тиймээс тэд хэрэглээ, ашиглалтдаа зориулан нарийн тооцоолол хийх ёстой гэж үзээд авчирсан гэрлүүддээ судалгаа хийж эхэлсэн. Үүний үр дүнд лед гэрэл хийх технологио олж, 2014 оноос гадна болон дотор зориулалттай лед гэрлүүд хийж эхэлсэн. Бид лед гэрлийг нэвтрүүлэхээс өмнө судалгаанд үндэслэн инженерийн шийдэл гаргаж, корпусын зузааны хэмжээ, дулаан дамжуулах коэффициентийг боловсруулан загвар, схем, тооцооллын дагуу өөрсдийн оюуны бүтээл шингэсэн загвар дизайнаар түүхий эдээ Хятад улсад үйлдвэрлүүлдэг.
ялгарал
Бид 2017 оны есдүгээр сард IPO зарлан нээлттэй компани болсноор үйлдвэрлэл хийх шинэ оффистой болж, гэрэл үйлдвэрлэлийн хүчин чадлаа тав дахин нэмсэн. Энэ бол гарцаагүй манай үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл төдийгүй одоогоор гадна болон дотор зориулалттай 32 нэр төрлийн гэрэл үйлдвэрлэж байна.
Захиалагч, хэрэглэгчдийн хүссэн лед гэрлийг үйлдвэрлэдэг нь бидний хамгийн том давуу тал. Жишээ нь, ургамал ургуулах эсвэл ховор өнгөтэй гэрлийн захиалга цөөнгүй ирнэ. Тэр бүрд гэрлийн өнгө, загвар ямар байхыг лабораторидоо анхлан туршиж, хүссэн хэрэгцээг нь бодитой болгодог. Зөвхөн ахуйн зориулалттай гэрэл гэлтгүй хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагаас хамаарч, олон төрлийн лед гэрэл үйлдвэрлэх шаардлагатай.
Сая дурдсан лабораторийн талаар товч тайлбарлах нь зүйтэй байх. Бид улсдаа гэрэлтүүлгийн стандарт нэвтрүүлэх зорилгоор анхны лед гэрлийн лабораторыг туршин ажиллуулж байгаа. Энэхүү лабораторид гэрлийн цахилгаан болон оптик параметрийг гаргах, өнгөний урсгал, гэрэлтүүлгийн чадамж зэрэг гэрэлтэй холбоотой бүхий л үзүүлэлтүүдийг шалгах боломжтой юм.
Бид захиалагч, хэрэглэгч нартаа дотор гэрэлтүүлэг зургаан сар, гадна гэрэлтүүлэг 1.5 жилийн баталгаа өгч, засварын үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр эх дэлхийдээ хаягдалгүй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулж буй.
Анд Энерги гэж юу вэ?
Монголдоо анхдагч бөгөөд цорын ганц лед гэрлийн үйлдвэр.
нэр
Үйлдвэрт хамтдаа ажилладаг инженер найзууд байгуулсан учир Анд, зорилго чиглэлээ бэлгэдэж “Анд Энерги” хэмээн нэрлэсэн.
одоо
Одоогоор 100 орчим аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудын үйлдвэр болон оффис орчны гэрлийг үйлдвэрлэж, хамтран ажиллаж байна. Тэдгээрээс дурдвал, Эрдэнэт ТӨҮГ, Оюу Толгой, МCS групп зэрэг дотоодын томоохон үйлдвэрлэгч нарыг нэрлэж болох юм. Манай компани ойрын хугацаанд Монгол Улсын топ 100 аж ахуй нэгжид гэрэлтүүлгийн ямар асуудлууд тулгарч байна, манайд байгаа бэлэн бүтээгдэхүүнийг тэдгээрт нийцүүлэн хэрхэн сайжруулж болох вэ гэдэгт төвлөрөн ажиллах бөгөөд сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчээр ажилладаг лед, IoT системд суурилсан ухаалаг шийдэл бүхий системүүдийг дотооддоо хөгжүүлэхээр зэхэж байна.
баг
30 гаруй хүн үндсэн дөрвөн албанд хуваагдан ажилладаг. Өдөрт дунджаар 300-500 ширхэг, жилдээ 23-25 мянган ширхэг лед гэрэл үйлдвэрлэж байна.
Ташрамд дурдахад, бид дараагийн боловсон хүчнээ бэлдэх зорилгоор ШУТИС, ХААИС, политехникийн сургуулийн шинэ төгсөгч нарыг дадлагажуулдаг.
ирээдүй
Бид 2023-2025 оныхоо стратеги зорилтдоо уул уурхай, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл рүү чиглэсэн бүтээгдэхүүнүүдээ илүү сайжруулахаар төлөвлөж байна. Учир нь үйлдвэрлэлийн онцлогоос хамаарсан чамгүй олон асуудал, бэрхшээл тулгарч байдаг. Жишээ нь, хүнд үйлдвэрлэлийн уурхайнуудад ашиглаж байгаа гэрэл нь химийн урвалд ороход нөлөө үзүүлэхгүй байх, тоосжилт ихтэй орчинд гэрэлтүүлгийн шийдэл дутмаг байх зэрэг олон асуудалтай. Эдгээр хүндрэлүүдийг харгалзан үзэж, тухайн үйлдвэрийн нөхцөл байдалд үндэслэн хэмжилт, үзүүлэлтүүдээ нарийн тодорхойлж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.
эрсдэл
Бид дотоодын зах зээлийн ердөө 2.5 хувийг эзэлдэг. Энэ бол импортын бүтээгдэхүүн давамгайлсан зах зээлд тийм ч бага тоо биш гэдгийг санууштай. Манай үйлдвэрийн хувьд B2c (Business to Customer) буюу хувь хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүү B2B (Business to Business) загвараар үйл ажиллагаагаа өргөжүүлж, зах зээлээ тэлэхийн тулд бизнесүүдэд чиглэсэн бүтээгдэхүүн боловсруулах шаардлагатай байна.