Өнөөдрийн онцлох бизнес бол номын зах зээлд өөрийн өнгө төрх, сонголтуудаараа ялгарч буй "Арвис паблишинг" юм. Баримтат номоор дагнадаг тус паблишинг "Өөдөө тэмүүл", "Шөнө", "Элон Маск" зэрэг уншигчдын талархлыг хүлээсэн цөөнгүй номыг орчуулан гаргаад буй. Ингээд тэдний ялгарал, одоо хийж буй ажлууд, цаашдын зорилгын талаар ярилцсанаа хүргэж байна. 

Нэр: "Арвис Паблишинг" ХХК
Хаяг: Тэнгис кинотеатраас хойш, 50 дугаар сургуулийн урд Логос барилгын гуравдугаар давхар
Чиглэл: Ном хэвлэн нийтлэл
Үүсгэн байгуулагч, партнерууд: Д.Ганзориг, Б.Батзаяа
Үүсгэн байгуулагдсан: 2013
Холбоосууд:​ www.arvispublishing.com (Вэб), Arvis Publishing (Фэйсбүүк), @arvispublishing (Инстаграм)

СЭДЭЛ

Д.Ганзориг: Би 2010 онд АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг, алдарт Бэнжамин Франклины намтар буюу "The Autobiography of Benjamin Franklin"-ийг монгол хэлнээ орчуулсан юм. Энэ бол түүхэн талаасаа ч, хувь хүн өөрийгөө хөгжүүлж амьдралаа бүтээн босгох талаас ч гайхалтай бүтээл. Ингээд хуучны хэллэгтэй амаргүй номын ард редакторуудтайгаа хамжилцан гарсны дараа их урам авсан. Дараагийн ном нь 2013 оны сүүлчээр хоёр найзтайгаа хамтран орчуулсан "Та өөрөө стартап компани" хэмээх ном байв. "LinkedIn"-ийн үүсгэн байгуулагч Рийд Хоффман, миний дуртай блоггер Бэн Каснока хоёрын ном л доо. Франклинаас ялгаатай нь энэ номын эрхийг албан ёсоор авах болсон. Өмнөх ном маань 270 жилийн өмнө бичигдсэн болохоор эрх авах тухай ойлголт байсангүй. Ингээд л ер нь паблишинг компани байгуулчихвал яасан юм гэж шийдсэн нь энэ. Тэгээд найзаараа вэбсайт хийлгэж Франклиныхаа мэдээллийг оруулаад, хүнд үзүүлэх юмтай болж байлаа.

ЯЛГАРАЛ

Б.Батзаяа: Гурван зүйл хэлж болох санагдлаа. Нэгд, одоогоор бид дан баримтат (nonfiction) ном дээр төвлөрч байна. Намтар, бизнес, өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн номууд голдуу эрхлэн гаргадаг. Хоёрт, манай нэг ялгарал бол номын сонголт гэж итгэдэг. Ном сонгохдоо уншигчдад санаа өгөх зүйл хэр ихтэй вэ, монгол уншигчдад хэрэгцээтэй юу гэж асууна. Бас мэдээж зарж борлогдох боломжийг нь таамаглаж тооцдог. Баримтат номын төрөлдөө эрт гарсан ч бай, сүүлд шинээр гарсан ч бай, сайн чанартай номыг л барьж авахыг эрмэлзэж байна. Товчхондоо, олон ном гаргахад бус цөөн чанартай номыг хүргэхэд төвлөрдөг гэх үү дээ. Гуравт, номын гүйцэтгэл дээр их анхаардаг шүү. Орчуулгын чанар болоод өнгө үзэмжийн тал дээр уншигчдын сэтгэлд нийцсэн бүтээл гаргахад байнга анхаардаг.

АРВИС ПАБЛИШИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

"Арвис паблишинг" бол нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой бие даасан номын компани юм.

НЭР

Д.Ганзориг: Арвис гэдэг бол оюун ухаан, эрдэм мэдлэг гэсэн утгатай үг. Хуучны ном зохиолуудад таардаг, эргээд хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэхэд ч боломжтой үг. Ном бүтээл эрхлэх зорилготой компани учраас эрдэм мэдлэгийг бэлгэдэж ийм нэр өгсөн хэрэг.

ОДОО

Б.Батзаяа: Манайх өнгөрөгч есдүгээр сард болсон "Үндэсний номын баяр"-аар хоёр шинэ ном гаргасан. Нэг нь намтар түүх, философи, өөрийгөө хөгжүүлэх жанруудыг нэгтгэн бичсэн "Монтэнийн намтар: Хэрхэн амьдрах вэ?", нөгөө нь хэрхэн бүтээлч байх талаар өгүүлсэн "Санаа авахаас бүү ай" гэдэг ном. Мөн "Та өөрөө стартап компани" номынхоо хавтас, хэмжээ зэргийг шинэчлэн хэвлэхээр бэлдсэн байгаа. Стартап, энтрепренер гэдэг ойлголтуудыг цэгцтэй таниулсан энэ номын маань агуулга өнөөдөр ч шинээрээ.

Одоо орчуулан гаргахаар ажиллаж буй номууд гэвэл Райан Холидэйгийн "Ego is the Enemy". Энэ бол эго хүний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай, түүнийг хэрхэн давах гарах тухай өгүүлсэн, олон сонирхолтой жишээтэй ном. Мөн "Санаа авахаас бүү ай" номын дараа бичигдсэн "Show Your Work" хэмээх номыг орчуулахаар ажиллаж байна.

Энэ далимд хэлэхэд, хөл хорионы үеэр манай номуудыг хаанаас хүргэлтээр авах боломжтойг дурдах нь зүйтэй байх. "Интерном", "Booklo", "Alphabook", "Аз хур" дэлгүүрүүдээс хүргэлтээр авах боломжтой.

БАГ

Д.Ганзориг: Багийн үндсэн гишүүд гэвэл Б.Батзаяа бид хоёр. Гэрээгээр орчуулагч нартай хамтарч ажилладаг. Энэ ташрамд хэлэхэд, авторууд, орчуулагчид бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл холбогдоход нээлттэй шүү.

ИРЭЭДҮЙ

Д.Ганзориг: Бид номын сонголт, чанар дээрээ анхаарч "Арвис" хэмээх найдаж болохуйц брэнд бүтээх гэж зорьж яваа. Эхнээсээ зарим уншигчид манайхыг мэддэг болоод, ямар л ном гарна, тэр даруй худалдан авдаг болсонд баяртай байгаа.

Ирээдүйд зөвхөн орчуулгын ном бус монгол зохиогч, авторуудын номыг эрхэлнэ байх гэж найдаж байна. Орчуулгын номын хувьд бол чанартай сайн номуудыг үргэлжүүлэн гаргасаар байх болно.

ЭРСДЭЛ

Б.Батзаяа: Манайд гадаад номыг албан ёсны эрхийг нь авалгүй шууд орчуулаад гаргачихдаг явдал түгээмэл байдаг. Ном орчуулж хэвлүүлнэ гэдэг их цаг авсан, чимхлүүр, амаргүй ажил. Ингээд хөрөнгө, нөөцөө зарцуулаад явж байтал зарим хүмүүс тэр номыг албан ёсны эрхгүйгээр хэвлээд гаргачих магадлалтай. Энэ салбарт ажиллагсад оюуны өмчийг онцгой анхаарах ёстой. Ном эрхлэн гаргагчид, номын дэлгүүрүүд, хэвлэлийн үйлдвэрүүд бүгд л анхаарах ёстой гэж боддог доо.