Монголын соёл урлагийн салбарт орчин цагийн олон залуу уран бүтээлчдийг төрүүлж, шинэлэг уран бүтээлүүд, өндөр чанартай технологи, стандартаараа үнэтэй хувь нэмэр оруулж буй “B production”-ий өдгөө 16 жилийн ой тохиож байна.

Тэд энэхүү ойгоо тохиолдуулан соёл урлагийн салбарт шинэ хуудсыг нээж, дэлхийн А зэрэглэлийн “440 Hz records” дуу бичлэгийн студиэ албан ёсоор танилцууллаа. Студийн зураг төсөл, акустик дизайныг дэлхийн алдарт “Wes Lachot” дизайн групп гүйцэтгэснээр олон улсын акустикийн стандартыг хангасан Монгол дахь анхны дуу бичлэгийн студи болж буй. Соёл урлагийн салбарт энтертайнмент бизнесийг өндөр түвшинд гаргахаар зорьж буй тус хамт олны шинэхэн дуу бичлэгийн студитэй ойроос танилцъя.

Нэр: "B Production"-ийн "440 Hz records" дуу бичлэгийн студи
Хаяг: Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Жаргалан хотхон
Чиглэл: Хөгжмийн продакшн
Үүсгэн байгуулагч: Д.Болд
Үүсгэн байгуулагдсан: 2006 он
Холбоос: B Production (Facebook), @bproduction.mn (Instagram)

Сэдэл

“Камертон” хамтлаг анх 2000 онд Сингапур улсын нэгэн дуу бичлэгийн студид шинэхэн цомгоо бичүүлж байх үедээ Монголдоо энэ төрлийн студи нээж, уран бүтээлчдэд эх орондоо бүтээлээ гаргах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй юм байна гэх сэдэл төрсөн.

Улмаар 2006 онд “B Production”-ийг байгуулснаар хойш 16 жил болсон байна. Энэ хугацаанд бид хийж буй бүхнээ дэлхийн стандарттай нийцүүлж, олон улсад өрсөлдөхүйц чадвар, суурь бий болгохыг зорьсон.

Хөгжим, дуу бичлэгийн студиэр дамжуулан дэлхийн томоохон компаниудтай хамтран ажилласнаар олон улсын түвшинд дуу хөгжим экспортлох гол хүчин зүйл болдог. Тиймээс бид АНУ-ын акустик дизайны хамгийн том компани болох “Wes Lachot” групптэй гэрээ байгуулж, долоон жилийн туршид хамтарч ажилласан юм.

Мөн Холливудын томоохон хөгжмийн зохиолчид, дуу бичлэгийн студийн хэрэглэдэг Их Британи улсын чанга яригч төхөөрөмж үйлдвэрлэгч “QUESTED” брэндийн тоног төхөөрөмжөөр студиэ тоноглолоо.


Энэхүү студийг нээснээр монголын кино урлаг, дуу хөгжим тэргүүтэй уран бүтээлчид гаднын зах зээлд бүтээлээ гаргахад дуу дуугаралтаас эхлээд продакшны олон ажлыг стандартад нийцүүлэх боломжтой боллоо. Бид хүний биед хоргүй эко материалыг Англи, АНУ-аас тээвэрлэж, уран бүтээлчдэд ажиллах таатай орчин бүрдүүлсэн. Тухайлбал, дуу бичлэгийн өрөөний шал гэхэд хөдөлгөөн сарниулагчтай, хананы цаадах шилэн хөвөн нь биед харшлахгүйгээс гадна студи болон хянах өрөөг камерын системээр тусгаарлаж шийдсэн.

"B Production"-ийн ерөнхий захирал Д.Болд

Ялгарал

“440 Hz records” дуу бичлэгийн студи нь хөгжмийн дуугаралтыг дэлхийн стандартын түвшинд бичих боломжтой А зэрэглэлийнх гэдгээрээ онцлогтой. Студийн интерьер шийдлийг “Wes Lachot” дизайн групп гүйцэтгэж, оффис дизайныг бусад компаниудтай хамтран хийсэн.

Тус студи нь “Solid State Logic”-ийн хамгийн том загвар буюу 48 замаар бичих чадалтай аналог дуугаралттай дэлхийн номер нэг тохируулагч төхөөрөмжийг ашигладаг. Түүгээр пянзны бичлэг болон Холливудын киноны хөгжмийн Dolby Surround 5.1 дуугаралтыг бүтээснээр олон улсын киноны хөгжмийн стандартыг хангах боломжтой.

Нөгөө талаар, бид хэдий өндөр стандарт, чадалтай бүхий студи нээсэн ч ажиллах хүчин тун чухал. Манай студийн инженерүүд Англи улсад мэргэжлийн сургууль төгссөн. Мөн Сингапур улсаас мэргэжилтнүүд, АНУ, Английн компаниудаас зөвлөхүүд ажиллаж байна. Монголдоо энэ салбарт зүтгэсэн залуусыг ажлын байраар хангаж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан ажиллаж буйгаараа салбарын боловсон хүчин өргөжин тэлж байна.


"440 HZ RECORDS" ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн жишигт нийцсэн монголын дуу бичлэгийн студи.

ОДОО

Бид яг одоо Dolby Atmos-ийн тохиргоог хийхээр ажиллаж байна.


Уг студийн доторх модны хийц болон хээнүүдийг энгийнээр төлөвлөж гүйцэтгээгүй. Дуу, авиа нь хана, таазанд хүрч эргэн ойхдоо хэдэн тэрбум хэсэгт салдаг тул маш нарийн дуу авиаг ч микрофонд бичих боломжтой. Энэ нь дуу авиа болон физик, математикийн нарийн тооцоолол юм. Стандарт студид дуу бичлэг хийснээр дуучин, хөгжмийн дуугаралт гайхамшигтай сонсогдоно. Үүнд акустик орчин чухал ач холбогдолтой.

"Wes Lachot" группийн үүсгэн байгуулагч Wesley Dean

нэр

Хөгжмийн Ля нот 440 герцээр хэлбэлздэг. Хамгийн цэвэр, тунгалаг авиа, эгшиг манайхаас төрөх болтугай хэмээн бэлгэдэж "440 Hz records" хэмээн нэрлэсэн.

Баг

Манай хамт олны бүрэлдэхүүн цомхон. Энэ салбарт хайртай, хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлдэг. А болон Б студид нийт дөрвөн инженер, Миди студид нэг инженер ажиллахаас гадна надтай нийлээд дөрвөн хөгжмийн продюсер бий. Мөн бүжгийн багш, нүүр будах артист болон оффис ажилтнууд зэрэг 30 орчим хүн ажилладаг. Бид одоогоор 10 гаруй залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна.


ИРээдүй

Бид кино төслүүд, симфони, оркестр, сонгодог классик бүтээлүүд дээр төвлөрөхөөс гадна хамтлаг уран бүтээлчдийн захиалгын болон өөрсдийн санаачилсан төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эрсдэл

Энэ салбарт улсаас ирэх төсөв, санхүүгийн зээл, тусламж хомс тул бид өөрсдөө санхүүжилт, хөрөнгө оруулалтаа босгон ажиллаж байна. Энэ бүхэн улс орны нийгэм, соёл урлаг, хөгжил дэвшилд тун ач холбогдолтой алхам учраас "B production" бололцоогоо ашиглаж, хувийн хэвшлүүдтэй хамтран бүтээсэн. Өндөр үнэ өртөгтэйгөөс гадна том оврын тоног төхөөрөмжүүдийг хил гаалиар нэвтрүүлэхэд татварын асуудал хүндрэлтэй байсан. Ялангуяа хөл хорионы үед ачаа тээвэрлэлтээс эхлээд олон хүндрэл бэрхшээлийг туулсны эцэст албан ёсоор нээлтээ хийлээ.