Анхны хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа бүсгүйчүүдийн хувьд өөртөө болон хүүхдэдээ тохирох бүтээгдэхүүний мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, тэдгээрээс зөвийг сонгох зэрэг нь “ээж” хэмээх шинэхэн бөгөөд ачаалалтай албаных нь хажуугаар тун ч анхаарал шаардсан асуудал болдог билээ. Тэгвэл эх хүүхдэд тулгардаг эдгээр бэрхшээлийг шийдэхээр онлайн худалдааны салбарт ажиллаж буй Babystore.mn-ийг онцлохоор бэлтгэлээ. Эх хүүхдийг эрүүл, тав тухтай байлгахад туслах бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нэгтгэсэн тул нялх балчир хүүхэдтэй ээж аавуудын сонирхлыг төрүүлэх нь гарцаагүй. 

Нэр: Babystore.mn
Хаяг: Барилгачдын талбайн урд талд
Чиглэл: Эх хүүхдийн бүтээгдэхүүн, онлайн худалдаа
Үүсгэн байгуулагч: Techbox ХХК
Үүсгэн байгуулагдсан: 2019 оны есдүгээр сар
Холбоосууд: Babystore.mn (Вэбсайт), @babystore.mn (Инстаграм), HiStore (Фэйсбүүк)


Төслийн менежер Б.Амартүвшин

Сэдэл

"Techbox" компаниа бид 2018 онд технологийн төрөл бүрийн шийдлүүдийг ашиглан онлайн худалдааны эко систем бүрдүүлэх зорилгоор байгуулсан юм. Тус зорилгынхоо хүрээнд бид онлайн худалдаа, захиалга гүйцэтгэх төв (fulfillment center), хүргэлтийн үйлчилгээ, худалдааны байгууллагын үйл ажиллагаанд тохирсон ПОС-ын систем хөгжүүлэлт зэрэг хэд хэдэн төсөл санаачлан хэрэгжүүлж буйн нэг нь Babystore.mn юм. Гэртээ нялх, бага насны хүүхдээ хардаг ээжүүдэд гадуур явах цаг зав хомс тул онлайнаар худалдан авалт хийх хэрэгцээ илүү байдаг. Гэвч тэдэнд тохирсон, энэ төрлийн бүх мэдээллийг нэгтгэсэн найдвартай платформ байдаггүй нь уг ажлыг эхлүүлэх гол шалтгаан болсон.

Ялгарал

Babystore.mn-ийг нээхээс өмнө бид онлайн худалдааны салбарыг судалсан юм. Үр дүнд нь Монголд хүүхдийн бүтээгдэхүүнээр дагнасан онлайн дэлгүүр байдаггүй учраас эцэг эхчүүд хүүхдэдээ хэрэгцээт бүтээгдэхүүнийг нь худалдан авахын тулд хэд хэдэн онлайн дэлгүүрээр хэсэж байж олж авдаг, гэсэн ч энэ нь хэрэгцээ шаардлагыг нь бүрэн дүүрэн хангаж чаддаггүйг олж мэдсэн. Тиймээс л бид ээжүүдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн, хүүхдийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлсэн онлайн дэлгүүр нээхээр шийдсэн юм. Энэ нь бидний ялгарал.

Бидний үйл ажиллагаандаа баримталдаг гол зарчим бол бүтээгдэхүүний чанар. Тиймээс бид Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр бүтээгдэхүүн оруулж ирдэг байгууллагуудтай л хамтран ажилладаг. Өнөөдрийн байдлаар манай платформ дээр дэлхийн болон үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн 70 гаруй брэндийн 2400 гаруй төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна. 0-14 насны хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн байдгаас дархлаа нь бүрэн тогтож амжаагүй, маш эмзэг буюу 0-3 насны хүүхэд, нялх биетэй эхчүүдэд зориулсан бүтээгдэхүүнээ онцлох учиртай.

Мөн бид хүргэлтийн үйлчилгээгээ хамгийн хурднаар гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод хоёр салбар дэлгүүр нээсэн. Нярай хүүхдийн сүү, живх зэрэг бүтээгдэхүүн нь бусад төрлийн бүтээгдэхүүнийг бодвол илүү хурдан шуурхай хүргэлттэй байх шаардлагатай. Уг салбар дэлгүүрүүд маань дэлгүүрийн үндсэн үйл ажиллагаанаас гадна fulfillment буюу агуулах, хүргэлтийн үйлчилгээний төвийн үүргийг давхар гүйцэтгэдэг учраас бид хэрэглэгчдийнхээ захиалсан бараа бүтээгдэхүүнийг дунджаар дөрвөн цагийн дотор хүргэж байна.

Бага насны хүүхэдтэй ээжүүдийн хувьд тав тухтай дэлгүүр хэсэх боломж хомс. Иймд бидний зүгээс хэрэглэгчдэдээ захиалга хийхэд нь туслах, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор дуудлагын төв (7777-2211) ажиллуулдаг. Ингэснээр хэрэглэгчид маань www.babystore.mn сайтаас гадна дуудлагын төв, фэйсбүүкээр дамжуулан бүтээгдэхүүний мэдээлэл авах, захиалгаа өгөх боломжтой. Төлбөр тооцооны тал дээр ч уян хатан, сонголт ихтэй. Төлбөрөө заавал бүрэн хийж байж захиалга баталгааждаг бус, хэрэглэгч бараагаа гар дээр хүлээж авахдаа төлөх боломжтой болсноороо мөн онцлог.



Babystore.mn гэж юу вэ?

Хүүхдийн хэрэгцээт бүхнийг нэгтгэсэн онлайн худалдааны төрөлжсөн дэлгүүр.

Нэр 

Анх брэндийн нэрийг хоногшуулах, төслүүдийнхээ уялдаа холбоог хангах талаас бодолцон HiStore гэж нэрлэсэн. Гэвч үйл ажиллагааны онцлогийг хангалттай илэрхийлж чадахгүй гэж үзсэн учраас, хэрэглэгчдэд зөв төсөөлөл өгөхийн тулд Babystore хэмээн өөрчилсөн дөө.

одоо

Эх, хүүхдийн хувьд өргөн хэрэглээний бараа нь хүнс, живх юм. Бид энэ төрөлд яг одоогийн байдлаар хамгийн хямд үнийг эцэг эхчүүдэд санал болгож байгаа. Цаашид ганцхан өргөн хэрэглээний бараа гэлтгүй бүх л бараа бүтээгдэхүүнүүдээ зах зээл дээр байж болох хамгийн хямд үнээр борлуулах, салбарын зохистой хөгжлийг бий болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн орон нутгийн хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойртуулах зорилгоор Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Эрдэнэт, Дундговь, Дорноговь аймгуудад франчайз салбараа нээсэн. Эдгээр ажил нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох гэсэн анхны зорилгын маань нэгээхэн хэсэг.



баг

Одоогоор бизнес хөгжүүлэлт, мэдээллийн технологи, хүргэлт үйлчилгээ, дуудлагын төв гэсэн дөрвөн багт хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Баг хоорондын уялдаа холбоог сайжруулах, ачааллыг оновчтой хуваарилах замаар хэрэглэгчдэдээ хамгийн хурдан, шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг гол зарчмаа болгон ажилладаг.

Ирээдүй

Цаашдаа цар хүрээгээ нэмэгдүүлж сүлжээ дэлгүүр болох зорилготой. Ингэхдээ салбаруудаа франчайз хэлбэрээр хөгжүүлэн орон даяар буюу аймаг бүрд дэлгүүрээ нээнэ. Одоогоор бид зургаан аймагт салбараа байгуулаад буй бөгөөд энэ эрчээрээ 2021 ондоо багтаан 15 салбартай болохоор төлөвлөсөн.

Манай платформын нийт худалдан авалтын 70-80 хувь нь өмнө нь үйлчлүүлж байсан буюу давтан хэрэглэгчид байдаг нь бахдам үзүүлэлт гэж боддог. Манайд нэг удаа хандсан л бол ахин үйлчлүүлэх, биднийг сонгох хандлага тун өндөр байдаг гэсэн үг. Энэ нь бидний үйл ажиллагаанаас гадна эцэг эхчүүдэд энэ төрлийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага их байгаатай холбоотой. Цаашид бүтээгдэхүүний сонголтоо улам нэмэгдүүлж, үйлчилгээгээ улам хүртээмжтэй болгон, хүрээгээ тэлнэ. Өнгөрсөн онд бид 100-150 хувийн өсөлттэй ажилласан. Энэ бол бизнесээ өсгөхөөс гадна олон зуун гэр бүлийн амьдралыг хөнгөвчлөх ажил юм шүү дээ.


эрсдэл

Анх биднийг бизнесээ эхлүүлэх үед интернэт худалдааны салбар ирээдүйд өсөж томрох нь гарцаагүй ч Монголын нөхцөлд амжилттай байх эсэх нь эргэлзээтэй байсан юм. Энэ төрлийн бизнес эхлүүлэх зөв цаг нь мөн эсэхийг хэлж мэдэхгүй байсан учраас нарийн судалж, багаараа нэг зүгт харж ажиллахад ихээхэн анхаарсан. Ямар ч үед уян хатан байж, хурдтай хувьсаж, сайн менежменттэй байж чадсан нь л өрсөлдөөнд илүүрхэнэ шүү дээ.

Одоо ч тийм л байна. Дэлхий даяар цар тахлын асуудал хурцдаж, үр дүнд нь хүн бүр интернэт худалдааны ач холбогдлыг ойлгон, энэ чиглэлд анхаарлаа хандуулах болсноор өрсөлдөгч олноор бий болж, өрсөлдөөн ширүүслээ. Иймд бүтээгдэхүүн үйлчилгээгээ оновчтой сайжруулж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэх чиглэлээр зөв арга хэмжээнүүдийг хурдтай авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.