Монгол Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар улиралд л гэхэд нийт 559 мянга гаруй орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээс 506 мянга нь нийслэл хотод байв. Үүн дээр орон сууцны бус бүтээн байгуулалт, инженерийн барилга байгууламж, их засварын ажлуудыг нэмбэл хүйтний үеэр идэвхгүй болдог барилга, дэд бүтцийн салбар хавраас намрын улиралд ямар ачаалалтай ажилладгийг бүрнээ харуулах биз ээ. Тиймээс ч бид өнөөдөр барилгын материал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн салбарт хэдийн танигдсан "Био Эргэл Хайрхан" ХХК-ийг онцлохоор бэлтгэлээ. 

Нэр: "Био Эргэл Хайрхан" ХХК
Хаяг: Био комбинатын үйлдвэрээс нэг км-ийн зайд
Чиглэл: Барилга дэд бүтэц, бетон хийц
Үүсгэн байгуулагч: Н.Очирхуяг
Үүсгэн байгуулагдсан: 2012
Холбоосууд:​ bekh.mn (Вэб), Био Эргэл Хайрхан ХХК/ Bekh LLC Concrete Materials (Фэйсбүүк)


Гүйцэтгэх захирал О.Сувд-Эрдэнэ

сэдэл

Үүсгэн байгуулагч маань 1990-ээд онд, Байшин үйлдвэрлэх комбинат байх үед тэнд ажиллаж, барилгын салбарт анх хөл тавьж байсан гэдэг. Тухайн үед орон сууцнуудыг голчлон цутгах биш угсрах аргаар барьдаг байсан болохоор 2003 онд найзтайгаа хамтарч барилгын материал, тэр дундаа угсармал барилгын гол бүтээгдэхүүн болдог бетон хийцийн чиглэлээр ажиллах болсон юм. Улмаар 2012 оноос өрх тусгаарлаж, бие даан үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн нь өнөөдрийн "Био Эргэл Хайрхан" компани юм. Анх бид дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, 20-иод ажилтантай байсан бол одоо үндсэн найман бүтээгдэхүүн, 60 гаруй ажилтантай болон өргөжөөд байна.

ялгарал

Бид бетоноор хийж болох бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Зөвхөн барилга биш, эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усны шугам гээд дэд бүтцийн салбарт ашиглагддаг бүтээгдэхүүнтэй гэдгээрээ онцлог. Үүнд, хучилтын нүхт хавтан, даацын ба даацын бус ялуу, суурийн блок, худгийн дугуйвч, дулааны сувгийн тэвш, дулааны сувгийн хучилт, үерийн ус зайлуулах хоолой, лего тоосго, цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шон зэрэг орно.

Манай үйлдвэрлэлийн технологи бидний бусдаас ялгарах гол хүчин зүйл болдог. Жишээ нь, бид бетон хийцийн бүтээгдэхүүнийг цутгахдаа "centrifugal" буюу төвөөс зугтах аргаар хийдэг тул бүтээгдэхүүнүүд маань илүү нягтралтай, бат бөх, ус чийгэнд тэсвэртэй болдог юм. Хатаалтын хувьд технологийн уур ашигладаг. Ингэхдээ үйлдвэрээс гарч ирсэн бүтээгдэхүүнээ уураар буюу үйлдвэрийн аргаар хатаадаг бөгөөд бүтээгдэхүүн камераас гарч ирэхдээ 70 хувийн бэхжилттэй болсон байдаг. Энэ технологи нь байгалийн аргаар хатаахад зарцуулах хугацаа, цаг агаараас шалтгаалан харилцан адилгүй хувьтай хатах зэрэг эрсдэлээс ангид байлгаж өгдөг л дөө.

Мөн бид хэрэглэгч бүрдээ худалдан авалтын дүнгээс нь үл хамааран сэтгэлээсээ үйлчилдэг. Заримдаа орон нутгаас стандарт бус хэмжээтэй нэг л ширхэг усны хоолойн таг захиалах тохиолдол ч гарна. Тэр бүрд захиалагч, харилцагчдадаа сэтгэлээсээ хандаж захиалга бүрээ өндөр чанартайгаар гүйцэтгэхийг чухалчилдаг. Ер нь юуг ч “Бүтээгээд өгөх юм сан, сайн хийчих юм сан” гэж бодож, нэгэн сэтгэлээр хөдөлмөрлөдөг нь бидний ялгарал юм уу даа.



БЭХ буюу Био Эргэл Хайрхан гэж юу вэ? 

100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, хариуцлагатай, хэрэглэгч бүрээ анхаардаг үндэсний үйлдвэрлэгч компани. Бид өөрсдийгөө хариуцлага, чанар, хандлага гэдэг үгсээр тодорхойлно.

нэр

Үүсгэн байгуулагч болох аав маань өөрийн аавын буюу өндөр өвгийн маань төрж өссөн нутгийн хайрхан Булган аймгийн Эргэл хайрхан уулын нэрээр компаниа нэрлэхээр шийдсэн юм. Өндөр өвөг маань Булган аймгийн үндэсний спортын гавьяат тамирчин хүн байсан гэдэг.

Улсын бүртгэл дээр компаниа бүртгүүлэхэд нэр давхардсан учраас үйлдвэрээ Био комбинатад эхлэж байсантай холбогдуулан "Био Эргэл Хайрхан" болгосон юм билээ. Харин одоо хүмүүс "Био Эргэл Хайрхан" гэхээс илүүтэй БЭХ буюу товчилсон нэрээр илүү мэддэг. Зарим хүмүүс био технологитой холбоотой компани гэж андуурах тохиолдол байдаг шүү.

одоо

Манай компани байгуулагдаад найман жил болж байна. Энэ хугацаанд бид үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, салбартаа танигдах, санхүүгийн хувьд тогтвортой болоход анхаарч ажилласаар ирлээ. 2016 онд үйлдвэрийн байраа томруулан хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн. Анх байгуулагдсан үетэйгээ харьцуулахад эхний зорилтууддаа хүрч, өөрсдийгөө үйл ажиллагааны хувьд харьцангуй тогтвортой түвшинд хүрсэн хэмээн үзэж байгаа тул дараа дараагийн зорилт, зорилгуудаа шинэчлээд байгаа.

Иймд энэ жилээс байгууллагын дотоод бүтцээ шинэчлэх, үйл ажиллагааны процесс болоод менежментээ сайжруулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх зэрэг илүү дотоод менежментийн асуудлууд дээр анхаарч ажиллаж байна. Ер нь байгууллагын удаан хугацаанд явж ирсэн соёл, уламжлалыг шинэчилнэ гэдэг амаргүй ажил. Тулгарч буй асуудлуудаа тухай бүрд нь оновчтой шийдээд, хамтдаа хөгжөөд явна даа.



баг

Компани хүнд үйлдвэрлэлийн салбарт ажилладаг тул ажиллах хүчин голчлон залуусаас бүрддэг. 60 гаруй ажилтантайн дийлэнх нь буюу 75 хувь нь үйлдвэрт, бүтээгдэхүүн дээрээ ажилладаг. Өнгөрсөн хугацаанд бид хүний нөөцийн бодлогодоо, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх тал дээр илүүтэй анхаарсан бол одоо илүү ур чадварыг нь хөгжүүлэх, хэрхэн ажилдаа сэтгэл хангалуун байж бүтээмжтэй ажиллах вэ гэдэгт төвлөрч байна.

ирээдүй

Энэ зун бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх-Хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын төслийн компаниудтай хамтран ажиллалаа. Тэр дундаа Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажлыг онцлон дурдъя. Урьд нь бид Хөшигийн хөндийн хурдны авто зам, УБ-Дархан авто замыг шинэчлэх төсөл, Багануур дүүргийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх төсөл зэрэг томоохон бүтээн байгуулалтад ажиллаж байсан туршлагатай.

Ойрын хугацаанд үйлдвэрлэл үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цаашид эх орныхоо дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон, арвин түүхтэй хамт олон байх зорилготой.



эрсдэл

Манай орны цаг уур, улирлын онцлог барилгын салбарынхны хувьд гол эрсдэл болдог. Өвлийн улиралд үйлдвэрлэлийн ажил бүрэн зогсдог нь нэг талаас эрсдэл, нөгөө талаас илүү сайжирч, бүтээмжээ шахах, нэмэгдүүлэх болох боломж болдог. Бусад бизнес шиг жилийн 12 сард тасралтгүй ажиллах боломж байдаггүй болохоор бид идэвхтэй ажиллах боломжтой хаврын гуравдугаар сараас намрын аравдугаар сарыг ихэд хайрлаж, өндөр бүтээмжтэй ажилладаг.

Мөн үйлдвэрлэгч байгууллагын хувьд түүхий эдийн үнийн хэлбэлзэл том эрсдэл болдог. Аль болох үнээ барих, хэрэглэгчдэд төөрөгдөл үүсгэхгүй байхад анхаардаг ч заримдаа байдал төсөөлснөөс хүнд болох нь бий.