Салбар бүр ээлж дараагаар цахимд шилжиж, бизнесийн байгууллагууд хэрэглэгчдэдээ хүссэн үйлчилгээгээ онлайнаар авах боломжийг олгоход онцгой анхаарал хандуулах болоод буй. Саяхныг хүртэл валют арилжааг хувийн судалгааны дагуу, биеэр очиж хийдэг байсан бид өдгөө технологийн тусламжтайгаар нэг дороос шаардлагатай бүх мэдээллээ авч, илүү уян хатан нөхцөлтэйгөөр, харилцан тохиролцож, гүйлгээгээ онлайнаар хийх боломжтой болоод байгаа юм. Худалдааны зах зээлийн чухал бүрэлдэхүүн болох валют арилжааны зах зээлийг шинэ түвшинд гаргахаар ажиллаж буй Bourse.mn-ийг бид энэ удаа онцоллоо. 


Нэр: Улаанбаатар Боурс ББСБ ХХК
Хаяг: Blue Sky-ийн урд, The DownTown оффис, 803 тоот
Чиглэл: Валют арилжаа зохион байгуулах, технологи
Үүсгэн байгуулагч: Д.Тамир, С.Нямбаяр, Б.Маргад, Б.Дѳлгѳѳн
Үүсгэн байгуулагдсан: 2018
Холбоосууд:​ www.bourse.mn (Вэб)


Гүйцэтгэх захирал Д.Тамир

СЭДЭЛ

Бид валютын арилжааг хийхдээ биеэр, утсаар хийдэг байсан бол сүүлийн үед мөн имэйлээр ханшийн нөхцөлөө тохирдог болсон. Өөрөөр хэлбэл манай валют арилжааны талбарт цахимжилт бүрэн нэвтэрч амжаагүй л байна. Энд хэд хэдэн сайжруулах, өөрчлөх шаардлагатай асуудлууд харагдаж байгаа. Нэгдүгээрт, харилцагч ханш хүлээн авагч буюу Price Taker байсаар л байна. Нэг ёсондоо арилжааны нөхцөлөө (ханшаа) бусдын санал болгосноор тохирохоос өөр аргагүйд хүрдэг. Хоёрдугаарт, зах зээлийн оролцогч бүрд шууд хандаж ажиллах бус зөвхөн танилын хүрээндээ, газар зүйн байршлын ойроос хамаарч арилжаанд орох нь маш том боломжийг алдагдуулж байдаг. Гуравдугаарт, арилжаа гэдэг өөрөө хэзээ, хэнтэй, юуг, хэрхэн арилжаалах гэх мэт олон нөхцөлийг удирдсанаар хамгийн сайн ханшаар биелэх боломжтой үйл ажиллагаа. Угтаа энэ бол хоёр талаас тохиролцож, хэн хэндээ ашигтай байх ёстой уян хатан процесс юм.

ЯЛГАРАЛ

Эдийн засгийн онцлог, гадаад худалдааны урсгал зэргээс шалтгаалан ханшийн савалгаа, валютын хомстол гэх мэт асуудлууд санхүүгийн салбарт үүсэж байдаг. Бидний хийсэн судалгаагаар дотоодын валют арилжааны зах зээл 10 ѳдөр тутмын нэгд нь стрессддэг буюу 10 өдрийн дор хаяж нэг өдөрт ханш савладаг байгаа юм. Энэ мэт гэнэтийн ханш савлах, хөрвөх чадвар буурах асуудлыг CLOB буюу тѳвлѳрсѳн арилжааны, нээлттэй оролцох эрх бүхий систем нь бусдаас илүү сайн давж гардаг, дархлаа сайтай байдаг нь судалгаагаар нотлогдсон. Жишээ нь, зах зээл стрессдэхэд Монголбанк л дуудлага худалдаа зохион байгуулж, хѳрвѳх чадварыг банкнуудаар дамжуулан зах зээлд нийлүүлдэг. Бид энэхүү дуудлага худалдааны системийг захиалгын тѳвлѳрсѳн самбартай хослуулан ААН–үүд, банкнууд, ББСБ–ууд болон иргэдэд санал болгож ажилладаг юм.

Өөрөөр хэлбэл юань, доллар зэргээр арилжаа хийдэг хэн ч байсан манай сайтад хандаад, ханшийн бүх мэдээллээ нэг дороос аваад, нөгөө талтайгаа харилцан тохиролцоод, хамгийн боломжит таатай дүнгээр арилжаа хийх боломжтой. Та өмнө нь ханш харж худалдан авалт л хийдэг байсан бол одоо шууд утгаараа наймаалцаж эхлэх юм. Худалдах талд цахимаар нэг дороос худалдан авагчдаа олох, салбарынхаа байр суурийг илүү гүн тогтоох боломжийг олгож байгаа бол худалдан авагч талд төвлөрсөн мэдээлэл, ханшаа тохиролцох боломжийг бий болгож байгаа. Гол нь ашиглахад тун энгийн бөгөөд үндсэн дөрвөн төрлийн валютаар (евро, ам.доллар, юань, иен) арилжааг хайрцаглаж өгсөн. Мөн заавал биеэр уулзаж арилжаа хийх шаардлагагүй. Хоёр тал л тохирвол бүх ажлаа цахимаар, дансаар хийх бүрэн боломжтой. Системийн аюулгүй байдлын хувьд бид серверээ олон улсын төлбөрийн картын нууцлалын PC​I DSS-ийг хангасан дата тѳвд байршуулдаг.



Bourse.mn гэж юу вэ? 

Улаанбаатар Боурс ББСБ ХХК буюу Bourse.mn нь валют арилжааны технологи, дэд бүтэц, харилцааны шийдлүүдийг агуулсан цогц систем юм.

НЭР

"Улаанбаатар Боурс" – Салбараа илүү өргөн хүрээнд зохион байгуулалцаж, экосистемийг бий болгох зорилготой гэдгийг илэрхийлж нийслэл хотынхоо нэрийг оруулж өгсөн. Харин bourse нь borse буюу бирж гэсэн утгатай.

ОДОО

Бид зах зээл дээрх гадаад валютын худалдан авагчид нийлүүлэгчидтэйгээ, эрсдэлээ хаахыг эрмэлзэгчид эрсдэл хүлээн авах талуудтайгаа, ААН-үүд банк санхүүгийн байгууллагуудтайгаа шууд хамтран ажиллах, арилжаанд орох боломжуудыг олгож байгаагаараа онцлог. Энэ хүрээнд бид АрилжааFX, БодитFX зэрэг бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгодог.

Одоогоор 8FX, ТрансферFX гээд 2 шинэ бүтээгдэхүүн дээр ажиллаж байна. 8FX нь иргэдэд зориулж гаргаж буй валют арилжааны үүсмэл бүтээгдэхүүн арилжаалах апп юм. ТрансферFX нь манай компанийн Лэндмн–тэй хамтран хэрэгжүүлэх гэж буй ААН–үүдэд зориулсан гадаад тѳлбѳр тооцоо гүйцэтгэх платформ юм. Энэ ажлууд дээр төвлөрч байна.



БАГ

Манай баг банк санхүү болон технологийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн. Одоогоор тавуулаа ажиллаж байна. Бид нээлттэй орчинд ажиллах нь бүтээмжийг хамгийн ѳндѳрт байлгадаг гол хүчин зүйл гэдэгт бүрэн итгэдэг. Тиймдээ ч ажлын соёлоо маш нээлттэй байдлаар бүрэлдүүлсэн шүү.

ИРЭЭДҮЙ

Bourse.mn–ийн оролцогчид, харилцагч талуудын арилжааны зохион байгуулалтыг илүү ѳндѳр түвшинд хүргэж, автоматжуулсан дилер бүхий зах зээлийн системийг бүтээх явдал.

ЭРСДЭЛ

Цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдал олон бизнест төлөвлөөгүй хүндрэлүүдийг үүсгэж байна. ААН–үүд жирийн үед ч ѳѳрчлѳлтѳд бэлэн биш байдаг. Гэтэл ийм юм болчихоор улам мэдрэг, хариу үйлдэл удаантай болоод байх шиг. Магадгүй энэ нь зарим талаараа зөв байх л даа. Мэдээж хэрэг валют арилжаатай холбоотой процессыг ингэж сайжруулъя, хэмнэлт, ашиг гаргая, ийм боломж байна гээд харуулахад ихэнх CFO, CEO нээлттэй, эерэг хүлээн авч байгаа ч шийдвэр гаргалт нь удаан байна.

Сургамжтай зүйл гэвэл анхны оролдлогоороо төгс юм хийнэ гэж байдаггүй юм байна. Ялангуяа технологи, санхүүгийн салбарт. Тэгэхээр заавал төгс зүйл хийнэ гэж цаг алдахын оронд байгаа хувилбараа шууд гаргаад хэрэглэгчид, харилцагчдаасаа санал хүсэлтийг нь ав. Бодит байдал дээр хамгийн сайн гарц, гаргалгааг хөгжүүлэгчид биш хэрэглэгчид л гаргадаг юм билээ.