Онцлох бизнес булангийн шинэ дугаарт тавтай морил. Бид энэ удаа өнөр хотын ээдрээт олон асуудлыг өгөгдөл, хиймэл оюун ашиглан шийдэх зорилготой Centropolis-ийн хамт олныг танилцуулж байна. 

Технологийн салбарын ширүүхэн өрсөлдөөн дунд тэд автомашин, үл хөдлөх, санхүүгийн салбарт хиймэл оюун ухааны шийдлүүдийг нэвтрүүлж, өөрсдийн орон зайгаа бүтээж яваа залуу хамт олон юм. 

Нэр: Centropolis
Чиглэл: Хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээ, зөвлөх үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Т.Энхбаяр, М.Чойсүрэн
Үүсгэн байгуулагдсан: 2020 он
Цахим хуудсууд: Centropolis AI (фэйсбүүк) centropolis.mn (веб)


Гүйцэтгэх захирал Т.Энхбаяр

сэдэл

Би математикч, эдийн засагч мэргэжилтэй. 2008-2012 онд АНУ-д үед сурч байх үед хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээний чиглэл их сургуулиудад эрчээ авч байлаа. Тиймээс эдийн засгийн хичээлүүд дээрээ энэ чиглэлийн судалгаа хийж нэг мэдэхнээ өгөгдлийн шинжилгээг сонирхож эхэлсэн. Нээлттэй, бэлэн өгөгдөл ашиглан хямд өртгөөр, оновчтой шийдвэр гаргаж болохыг мэдээд түүнийгээ эх орондоо хэрэгжүүлэх хүсэлтэй буцан ирсэн.

Монголд ирээд багагүй хугацаанд энэ чиглэлээр ажиллаж, хангалттай туршлага хуримтлуулсны эцэст, зах зээл ч бэлэн боллоо гэж үзээд 2020 оноос компанийнхаа үйл ажиллагааг эхэлсэн. Эхэндээ эдийн засгийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан бол яваандаа өгөгдөлд анализ хийх, дүгнэх сонирхолтой, ур чадвартай залуусаар эгнээгээ тэлсээр одоогийн багаа бүрдүүлсэн. Түүний нэг нь манай хамтран үүсгэн байгуулагч М.Чойсүрэн.

Ялгарал

Бидний гол ялгарал сайн инженерийн баг. Жишээ нь, саяхан Тэнгэр ТВ-ээс зарласан “Дата дуран” уралдаанд манай инженер С.Давгадорж “Нийслэлийн урсгал, хөдөлгөөн ба нийтийн тээврийн хүрэлцээ” сэдвээр оролцож тэргүүн байр эзэлсэн.

Түүнчлэн аливаа бизнесийн шаардлага, онцлогийг ойлгож хөрсөнд буусан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг нь бидний давуу тал. Жишээлбэл, хүмүүс түгжрэлийн тухай ярьдаг боловч асуудлыг бүрэн таньж мэдээгүй байдаг. Улаанбаатар хотын түгжрэл дунджаар 10-11 км цагийн хурдтай гэдгийг мэддэг хүн цөөхөн. Бид НЗДТГ-ын захиалгаар Google traffic-ийн замын хөдөлгөөний ачааллын түүхэн өгөгдөлд дүн шинжилгээ хийж хэдэн цагт, ямар замын бүсүүдэд, түгжрэл ямар хэмжээнд байна вэ тухай мэдээллийг гаргасан. Энэ мэтээр цааш хөгжүүлж, хотын хөдөлгөөнийг математик загварчлалд оруулбал шийдэл бөгөөд үр дүнг урьдчилан гаргаж болно.

Мөн бидний бүтээсэн нийтэд нээлттэй бүтээгдэхүүн бол хиймэл оюун ухаанаар автомашины үнэлгээний хуудсыг шалгах auction.araa.mn болон орон сууц, автомашины үнийн индексийг харуулах инфографик юм. Уг индексээс сүүлийн нэг жилийн хугацаанд УБ хотын хуучин орон сууцны м.кв-ын дундаж үнэ 2.5 сая төгрөгөөс 24 хувь өсөж, 3.1 сая төгрөг болсныг харах боломжтой. Мөн хэрэглэгч манай инфографикаас дүүрэг тус бүрийн байрнуудын тоо болон харгалзах м.кв-ын дундаж үнийг судалж болно.

Монголд хиймэл оюун ухааныг бодитоор ашиглаж буй сайн жишээ: Araa.mn

Инженерийн баг

Инженер С.Дагвадорж: Улаанбаатарт 19 баазын 1103 автобус 109 чиглэлд үйлчилдэг. Би "Дата дуран" тэмцээнд автобусны смарт картын 300 мянган өгөгдлийг ашиглан зорчигчдын гэр болон эцсийн цэгийг тодорхойлж Улаанбаатар хотын урсгал хөдөлгөөн захаасаа төв рүүгээ чиглэж буйг олж тодруулсан.

Жишээ нь, Ч:37 чиглэлийн автобусанд 8-9 цагийн үед давхардаагүй тоогоор 1800 хүн суух бодит эрэлт байдаг. Харин тухайн цагт тэр чиглэлд найман автобус явах ба нэг автобусанд ихдээ 80 хүн багтана. Эндээс харвал эрэлт нь 1800 хүн боловч сууж буй нь 650 гаран буюу гурав дахин бага юм.

Түүнчлэн нийслэл хотод өдөрт 200 мянган автомашин зам тээврийн хөдөлгөөнд оролцдог ба нэг автобус 30 суудлын автомашинтай тэнцдэг. Тиймээс 1000 автобус нэмэхэд 30 мянган суудлын автомашин хөдөлгөөнд оролцохгүй байх боломжтой.

CENTROPOLIS ГЭЖ ЮУ ВЭ?

Хотод тулгарч буй асуудлуудыг хиймэл оюун ухаан ашиглаж шийдэх хамт олон.

Нэр

Centro буюу төв, polis хот гэсэн утгатай Грек үг. Хотод тулгарч буй асуудлуудыг өгөгдлийн шинжилгээ ашиглан шийдье гэсэн утгатай. Угтаа хот гэдэг хүмүүсийн нэгдсэн төвлөрөл. Түүнийг хүчээр тарааж механик байдлаар шийдэх нь тийм ч оновчтой бус. Тиймээс бид нийслэл хотдоо хэрхэн эрүүл орчинд, эвтэй найртай амьдрах вэ гэдгийг бодит өгөгдөлд суурилан тооцоолж, хувь нэмрээ оруулахыг зорьсон.

Одоо

Credit scoring-ийг байгууллагад зориулсан бүтээгдэхүүн болгохоор хөгжүүлж байна. Банктай хамтран зээл хүсэгчийн эргэн төлөх магадлалыг тодорхойлох боломжтой гэсэн үг. Гэхдээ зөвхөн байгууллага бус бусад хэрэглэгчид Google, ChatGPT-ээс хүссэн хариултаа авдаг шиг энэ үйлчилгээг худалдан авч ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой.

баг

Дата шинжээч болон IT инженер, зөвлөгч нар зэрэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цомхон багаар ажиллаж байна.


Ирээдүй 

Бид үл хөдлөх хөрөнгийн салбарт хиймэл оюун ухааны шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Жишээ нь, хэрэглэгч байрныхаа план зургийг оруулаад байрны талбай ашиглалт зохистой байна уу гэдгийг мэдэх боломжтой.

эрсдэл

Хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн хийж буй тул борлуулалттай холбоотой бизнесийн эрсдэл тулгарна. Мөн манайд дата шинжлэлийн мэргэжлийн хүний нөөц хомсхон байдаг. Гэсэн ч бидний хувьд цомхон бүтэцтэй ч чадварлаг залуусаар багаа бүрдүүлж чадсан.