Шинэ газар орон, сонин содон үзвэр, үйлчилгээ, амттай хоол, танихгүй хүмүүс, адал явдал гээд л аяллын хэсэг бүрээс суралцаж, туршлага хуримтлуулж, амьдралдаа сайхан дурсамж бүтээдэг.
Онцлох бизнес булангийн шинэ дугаарт аялал жуулчлалын салбарт 20 жилийн туршлагатай Discover Mongolia Travel-ийн хамт олныг танилцуулъя. Хахир өвлөөр халуун оронд аялахаар төлөвлөн буй уншигч та анхаарлаа хандуулаарай.
Нэр: Discover World Travel, Discover Mongolia Travel
Үйл ажиллагааны чиглэл: Дотоод, гадаад аялал
Үүсгэн байгуулагч: Б.Барсболд
Үүсгэн байгуулагдсан он: 2004 он
Вебсайт: Discoverworld.mn
Цахим хаяг: Facebook
Сэдэл
Хүүхэд ахуйгаасаа аялал жуулчлалын салбартай холбогдсон минь ийм учиртай. Би Ховд аймгийн Алтай сумын уугуул. Манай нутгийн алдарт Бодончийн хавцлыг дагаад жуулчны отгууд байрладаг байв. Тэр үед дунд ангийн жаахан хүү гадаадын жуулчдыг ихэд шохоорхоно. Жуулчны баазад ажилладаг танил ахдаа туслангаа аялагчдад мориор газарчилж, нутгаа танилцуулна. Ингэж энэ салбарт эргэж буцалтгүй дурласан.
Оюутан болоод МУИС-ийн аялал жуулчлалын ангид элсэж, мэргэжил эзэмшлээ. Шинэхэн төгсөгч жуулчны компани, аяллын баазуудад ажилд орохыг мэрийсэн боловч нас залуу, туршлагагүй, гадаад хэлгүй гэх шалтгаанаар бүтээгүй. Мэргэжлээрээ ажиллаж чадахгүй юм байна гэж шантрахдаа ФМ, дэлгүүр гээд янз бүрийн газар олон зүйл хийж үзсэн. Тэгж явахдаа санаандгүй их сургуулийн багштайгаа дайралдаж багшаар ажиллах санал сонсов. Дотуур байрнаасаа ч гарах дээрээ тулсан надад татгалзах зүйл байсангүй. Ийнхүү “Шинэ Иргэншил” дээд сургуульд туслах багшаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх боломж тохиосон нь өнөөдрийн ажил амьдралын маань гараа болсон.
Аялал жуулчлалын салбарт бизнес хийх мөрөөдөлтэй хөдөөний хүү багшаар ажиллах үедээ захиралдаа тоогдов. Бизнесийн санаагаа захиралдаа хуваалцтал ихэд сайшааж, бүр надад тусад нь өрөө гарган өгч дэмжих нь тэр. Оюутнуудад хичээл заахын зэрэгцээ гаднын жуулчид Монголд ирээд юу үзэж, сонирхохыг нарийн судалж, аяллын хөтөлбөр зохиож, танилцуулга вэб сайт хийж бэлтгэлээ базаасаар 2004 онд BLACK iBEX EXPEDITIONS MONGOLIA компаниа байгуулж байлаа.
Жуулчдын хувьд Монголын унаган байгаль, нүүдэлчин ахуй соёлыг ихэд шохоорхдог. Төв Азийн элсэн цөлөөс Сибирийн их тайга гээд байгалийн олон хэв шинжийг нэг дор богино хугацаанд үзэх давуу талтай. Өмнийн говийн урд хилээс Хөвсгөл хүрэх 1000 гаруй км зайд Швейцар, Саудын Араб, Африкийн улсуудаар аялж буй мэтээр байгалийн сайхныг мэдэрнэ гэсэн үг. Гаднын жуулчдыг Монголд аялуулахын зэрэгцээ “Монголыг нээцгээе” санаагаар брэндээ шинэчилж 2012 онд “Discover Mongolia Travel” компаниа байгуулан аяллын бизнесээ өргөжүүлсээр байна.
Ялгарал
Марафон уралдаан: Дэлхийн дөрвөн тивд зохиогддог олон улсын “Дөрвөн цөл” марафоныг АНУ-ын аяллын компанитай хамтран 2018 оноос хойш зохион байгуулж буй нь бидний нэг онцлог. Ази тивээс Монголд “Gobi March” нэрээр зохиогдож, дэлхийн олон орноос 250 гаруй тамирчид өдөрт 40км, 7 хоногт нийт 250 км гүйж оролцдог. Уралдаанд оролцож буй тэдгээр тамирчдад хоол, амралт бүхий л чиглэлээр үйлчлэхийн тулд отог нь дагаад хамт нүүдэг. Бид 2018, 2019 онуудад амжилттай зохион байгуулж, ковидын үед түр завсарласны дараа энэ зун дахин зохион байгуулахад 50 орны 250 тамирчин ирж оролцсон. Нүүдэлчин ахуй соёлтой бидэнд яагаад энэ төрлийн аялал байж болохгүй гэж бодсон нь ковидын үед биелэлээ олж “Отоглоё” нүүдлийн отгийг байгуулах санаа төрсөн.
Отоглоё нүүдлийн кэмпинг: Цар тахлын үед аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлдэг 500 орчим компани, баазууд “Цаашид яах вэ?” гэдэг хүндхэн сорилттой тулгарсан. Яаж, юу хийхээ мэдэхгүй, тогтворгүй нөхцөлд бид шийдэл олсон нь Отоглоё гэх анхны нүүдлийн отог болох Discover World Travel гадаад аяллын үйлчилгээ юм. Нислэг байхгүй, гадагшаа аялах боломжгүй үед Монголдоо амарч, алжаалаа тайлах онцгой үйлчилгээг сэдсэн хэрэг. Отоглоё хөтөлбөр нь зуны дэлгэр цагт байгууллага, хамт олны 50-400 хүртэлх хүний сургалт, цугларалтыг зохион байгуулдаг. Ковидоос хойш борлуулалт амжилттай өсөж, хүний нөөцийн үйлчилгээний хэрэгцээгээр олон компанитай хамтран ажиллаж байна.
Итгэлцэл: Бид аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Аялагчдын аюулгүй байдлыг бүх талаар хангах, Монголын тухай мэдлэг, мэдээллийг бүрэн зөв таниулах, чанартай үйлчилгээгээр тав тухтай халамжлахыг өнгөрсөн 20 жил сайн дадал болголоо.
Discover world хөтөлбөр: Ковидоос хойш хүмүүсийн аялах зан төлөв их өөрчлөгдсөн. Өмнө нь мөнгөтэй хүмүүс л гадаад орон руу аялдаг гэж боддог байсан бол өдгөө цуглуулсан хуримтлалаараа амьдралдаа дурсамж бүтээхийг эрмэлзэх хүн олон болсон. Үүргэвчээ үүрээд ганцаараа аялсны оронд аяллын компаниар аялах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай.
Discover China: Хоёр жилийн өмнөөс Барууны жуулчдыг Хятадад аялуулах Discover China хөтөлбөрөө эхлүүлсэн. Хятад улс жилдээ 60-70 сая жуулчин хүлээн авдаг нь манайхтай харьцуулахад 100 дахин том зах зээл. Монголын аялал жуулчлалын салбар яагаад гадагшаа тэлж болохгүй гэж бодлоор эхлүүлсэн уг хөтөлбөр сайн хэрэгжиж, үргэлжлүүлэн Тайландтай холбогдохоор ажиллаж байна
DISCOVER world ГЭЖ ЮУ ВЭ?
Discover World аялал жуулчлалын групп компани нь Discover Mongolia Travel буюу гадны жуулчдыг Монголд аялуулах, Discover World Travel буюу Монголчуудыг гадагшаа аялуулах охин компаниудтай. Мөн дотоодын аяллын үйлчилгээ Отоглоё, олон улсын Discover China гэх хөтөлбөрүүд бий.
нэр
Дэлхийгээ нээцгээе буюу Discover гэдэг нь шинэ газар орныг нээх гэдгээс гадна нууцыг олох, танин мэдэх утгыг илэрхийлдэг. Орчлон ертөнцийг тойрон үзэх аяллаар дамжуулан дэлхий ертөнцийн сонин сайхан, содон нууцуудыг нээн илрүүлэхэд хөтлөх зорилготой хамт олон.
одоо
Бид Монголчуудаа гадаадад аялуулах Discover World Travel хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн. Монголчууд өвлийн цагт утаа, нийгмийн стрессээс холдож гэр бүлээрээ дулаан оронд амрах хэрэгцээг хангаж Тайланд, Хонгкок, Хайнан зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудаас гадна тусгайлан сонирхож буй Малдив, Шри Ланк, Малайз, Дубай, Европ зэрэг олон чиглэлд аялал зохион байгуулдаг.
Аяллын багц хөтөлбөрт 20-30 гаруй үйлчилгээ бий. Бидний зүгээс богино хугацаанд цаг хэмнэх, боломжийн үнэтэй агаарын тээвэр хайхаас эхлээд, амрах буудал, үзвэр үйлчилгээг аялагчдын төсөвт зохицуулан нийцүүлэх гээд хөтөлбөрийн бүх талыг анхаардаг. Одоогоор Зүүн өмнөд Азийн орнууд руу шууд нислэгтэй аяллууд зохион байгуулж байна. Мөн аяллаас гадна нислэг, автомашин уралдаан, олон улсын нислэгийн тасалбарын худалдаа гэх мэт олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлдэг.
баг
Бид аялагч бүрд хамгийн сайхан дурсамж бүтээж өгөхийг зорьдог. Монголыг үзэхээр, соёл уламжлалтай танилцахаар зорин ирсэн жуулчин бүрийг яг л өөрийн гэр бүлийн гишүүн мэт халамжлах нь энд ажиллаж буй жолооч, хөтөч, захирал гээд хүн нэг бүрийн зорилго.
Гадаадын жуулчид зорин ирдэг 5-10 дугаар сард менежер, жолооч, хөтөч, гэрээт ажилчид зэрэг 100 гаруй хүний баг ажилладаг. Нэг жуулчны хуваалцсан тааламжтай сэтгэгдэл өөр бусдад Монголыг зорин ирэх сурталчилгаа болох тул аялагч өглөө сэрэхэд л цэвэрхэн автомашинтай, инээмсэглэсэн жолооч угтахаас бидний үйлчилгээ эхэлдэг.
ирээдүй
Discover China ийг үргэлжлүүлэн Discover Thailand төсөл эхлүүлэхээр ажиллаж байна. Хятад, Тайландад аялах сонирхолтой дэлхийн жуулчдад Монголоор дамжсан хосолмол хөтөлбөрүүдийг санал болгох, шууд аяллуудыг санал болгох гэх мэт гадаад зах зээлийг өргөжүүлэх төслүүд дээр ажиллаж байна. Бид аяллаас гадна зочид буудал, машин түрээс, эвэнт, олон улсын нислэгийн тасалбар гэх мэт олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлдэг.
эрсдэл
Бизнес гэдэг аль нэг хүчин зүйлээс хамааралгүй, солонгорон төрөлжих ёстой гэдгийг цар тахлын үе сургасан. Аяллаас гадна худалдаа, хоол, тээвэр, ресторан, зочид буудал, даатгал зэрэг нь бүгд аялал жуулчлалын бизнесийн нэг хэсэг. Тиймээс энэ олон чиглэлээр бизнесээ төрөлжүүлэх хэрэгтэй.
Нөгөө талдаа бизнес хурдан хугацаанд хөрвөх чадвартай байх ёстой. Бид зөвхөн энийг л хийдэг гэж нэг хэвд баригдах бус аливаа өөрчлөлтөд дасан зохицож, хурдтай шилжиж чаддаг байх учиртай.