Өдгөө гадаад хэл сурахад туслах олон төрлийн сургалтын төв, ном, сурах бичиг, онлайн контентууд бий. Гэвч бид өөрсдийн амьдралын хэв маяг, онцлог, сэтгэл зүйд тохирсон суралцах арга барилаа олно гэдэг амаргүй. 

Тэгвэл бид энэ удаа шинжлэх ухаан, судалгаанд үндэслэн сурагчдынхаа онцлогт тохирсон хичээллэх арга барилыг боловсруулан хүргэж буй "Enfinity English" төвийг онцолж байна. 
Тус төв нь англи хэлний анхан шатнаас IELTS-ийн шалгалтад бэлтгэх төрөл бүрийн сургалттайгаас гадна гаднын их дээд сургуульд суралцах боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлж буй юм. 

Хаяг: Багшийн дээд, UBH center #1015
Чиглэл: TOEFL, IELTS, General and Academic English чиглэлийн сургалт, судалгаа
Үүсгэн байгуулагч: Б.Тэмүүлэн, Б.Солонго
Үүсгэн байгуулагдсан он: 2016 он
Холбоос: Enfinity English (Фэйсбүүк), enfinity_english (Инстаграм)

сэдэл

Би 2014-2015 онд нөхөртэйгөө гадаадад суралцахаар төлөвлөж, хоёул IELTS-ийн шалгалтад бэлдэж байлаа. Гэтэл яг шалгалтаа өгсний дараа хүүхэдтэй болсноо мэдсэн тул гадагш явах төлөвлөгөөгөө түр хойшлуулаад хүүхдээ төрүүлсэн юм. Гэхдээ шалгалтдаа өндөр оноо авсан тул ирэх намар нь явахаар зэхэж байлаа.

Энэ үеэр найз нөхөд холбогдож шалгалтын талаарх тусламж зөвлөгөө авч, цааш найзуудын танилууд хүртэл холбогдох болсон тул нөхөртэйгөө ярилцаад энэ төрлийн бизнес эрхлэх нь олон залууст тус болохыг мэдсэн. Ингээд хүүхдээ гурван сартай байхдаа хамтдаа гадаад явах зорилгоо өөрчлөөд сургалтын төвөө байгуулснаас хойш долоон жил болжээ.

ялгарал

Хүмүүс дөнгөж шинээр нээгдсэн сургалтын төвийн туршлагыг асуух нь бий. Анх сургалтын төвөө нээгээд удаагүй байхад энэ талаар тийм чухал эсэхэд нь эргэлзэж байсан ч одоо бодоход туршлага гэдэг юугаар ч нөхөгдөшгүйг ойлгосон. Туршлагатай байгууллагын хөтөлбөр, ном сурах бичиг, хичээллэх арга зүй бүхэн нарийн үйл явцтай. Манай багш нарын хувьд салбартаа гурваас зургаан жил мэргэшин ажиллаж байна.

Би зургаан жилийн өмнө хичээлээ өөрөө заадаг байхдаа аливаа мэдлэгийг өөрөө сурах болон бусад заах тун өөр болохыг ойлгож, олон жилийн туршид суралцсан. Тиймээс бидний одоогийн стратеги өмнөхтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай юм.

Манай сургалтын төвийн онцлог нь бид сурагч нартайгаа багш, захирлаас илүү найз шиг нь байж, хувь хүний онцлогт тохирсон арга барил бүрдүүлэхийг зорьдог. Тухайн сурагчийн зорилго, цаг хугацаа, хандлага, сэтгэл зүйтэй нь илүүтэй ажилладаг гэсэн үг. Зарим хүмүүс англи хэл мэдэхгүй, чадахгүй гээд өөртэй итгэлгүй, хаалттай сэтгэлгээтэй орж ирдэг тул бид тэр сэтгэлгээг нь задлахаар ажилладаг.

Мөн бага, дунд, өсвөр насны хүүхдүүдэд хичээл заахдаа хүний тархи, мэдрэл хэрхэн ажилладаг болохыг судалж, түүнд тохирсон арга барилаар хөтөлбөрөө боловсруулдаг. Тухайлбал, үг цээжлэх эсвэл хичээл давтахад тархины үйл ажиллагаа өдрийн аль үед идэвхтэй байдаг талаарх хүний бүтээмж, биологийн цагийг чухалчилдаг.

Түүнчлэн бид сурагчдаа үдээс хойш 14-16 цагийн хооронд шалгалт өгөхгүй байхыг зөвлөдөг нь тухайн цагт хүний бие, тархины үйл ажиллагаа амралтын байдалд шилжиж, бүтээмж буурдагтай холбоотой. Тиймээс бид шинжлэх ухаан, судалгаанд үндэслэн хичээллэх арга барил, хугацаа, давтамжаа боловсруулдаг.


"Enfinity english" гэж юу вэ?

Хязгааргүй англи хэл.

нэр

Бид анх сургалтын төвдөө нэр өгөхдөө тун ач холбогдол өгч, дотор нь заавал "О" үсэг оруулна гэж ярьсан юм. Хоёр “O” үсэг нийлбэл англиар "infinity" буюу хязгааргүй гэсэн тэмдэг болдог. Гэвч хоёр “O” үсэг орсон тохирох нэр олдохгүй байсан тул эхэндээ "Infinity English" гэж өгсөн юм.

Монголчууд нэр нь хоёр үеэр бүтсэн хүнийг тал нэрээр нь дуудвал тал заяатай амьдарна гэж ярьдаг. Түүн шиг манай төвийн нэрийг хүмүүс бүтнээр нь хэлэхгүй "infinity" гэж дуудаад байх шиг санагдсан тул нөхөртэйгөө ярилцаад English-ийх нь E-г авч оруулаад Enfinity болгон өөрчилсөн. Анх манайхыг нэрээ буруу бичсэн гээд сошиал дээр их шуугьсан нь нэг талаас маркетинг болсон доо.


одоо

Бид одоогоор Оюунлаг төвтэй хамтран манайд сурч, шалгалтын оноогоо авсан хүүхдүүдийг гаднын их дээд сургуульд зуучилж өгөх үйлчилгээ үзүүлж байна. Оюунлаг төв нь Австрали, Канад, АНУ-ын их дээд сургуулиудад боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Их сургуульд нь хөтөлж оруулж өгөх систем гэж хэлж болно. Одоогоор таван хүүхэд энэ системээр их сургуульдаа явсан байгаа.

Сурагчид өөрсдөө бие даан материалаа явуулахдаа ямар нэг материал дутуу өгснөөс болж хасагдаж, хамгийн багадаа гурваас зургаан сар алддаг. Тиймээс бид Оюунлаг төвтэй хамтарснаар зөвхөн IELTS-ийн шалгалтад бэлдүүлэх бус гадаадын их дээд сургуульд суралцахтай холбоотой бүх төрлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж байна.


баг

Шинээр бизнес эхлүүлснээс хойш баг хамт олон бүрдүүлж, удирдах түвшний ажилд суралцах шаардлагатай болсон. Сургалтын төвөө нээхээс өмнө хийдэг байсан ажилдаа их түүртдэг, ядардаг байлаа. Бизнес хийж эхэлснээс хойш баг хамт олныг удирдан чиглүүлэхийн ялгааг маш сайн анзаарсан. Удирдагч гэдэг хүнийг айлгах биш чадахгүйг нь чиглүүлж, чаддаг зүйлсийг нь дэмжин өнгөлж, сорилт бэрхшээл тохиолдоход нь арыг нь даадаг ментор нь байх ёстой гэдгийг ойлгож сурсан.


ирээдүй

Бид одоогоор боловсролын салбарт жижиг бизнес эрхэлж буй ч цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа тэлэх, өргөжүүлэх зорилго бий. Энэ хүрээнд ирээдүйд бид чанартай ахлах сургууль сургууль байгуулах зорилго мөрөөдөлтэй ажиллаж байна.


эрсдэл

Манайх цар тахлаас өмнө үйл ажиллагаа эхлүүлж, таван жилийн хугацаанд зайнаас, онлайнаар хичээл заах тухай ойлголт төлөвлөгөө байгаагүй. Гадаадаас сурагчид, оюутнууд энэ талаар лавлаж байсан ч бидэнд хийх нөхцөл боломж нь тэр бүр таараагүй юм.

Гэвч цар тахал гарснаас хойш бид сургалтуудаа онлайнаар заах шаардлагатай нүүр тулсан. Одоогоор хөдөө орон нутгаас болон Австрали, БНСУ, Япон, Швед улсаас манай онлайн сургалтад хамрагдаж байна. Энэ бүхэн сорилт, эрсдэл мэт санагдаж байсан боловч том ололт болсон.