Стартапын зах зээлд байр сууриа олох болон өсөж тогтворжих хугацааг дунджаар долоон жил хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр ч хэрэглэгчдээ төлөвшүүлэх, салбартаа танигдах, бүтээгдэхүүнээ хөгжүүлж, бизнесээ мэдрэхэд энэ хэмжээний хугацаа зарцуулдагт гайхах зүйл үгүй. 

Одоогоос зургаан жилийн өмнө нэг ангийн гурван найз санаа нийлэн эхлүүлж асан технологийн бизнес тухайн үедээ дотоодын зах зээлд тун ч шинэлэг бөгөөд анхдагч нь байлаа. Энэ хугацаанд олон удаагийн уналт босолт, саад бартааг давсаар өдийг хүрсэн нь тэднийг өдгөө "Төв Азид технологи экспортлох монгол компани" хэмээх урамтай амжилтад хөтөлжээ. 

Өнөөдрийн нийтлэлдээ бид энэ жилийн Unplug 2022: Be Real арга хэмжээний "Шилдэг стартап"-аар тодорсон "Фибо Клауд" компанийн зургаан жилийн түүх, өнөөг хүртэл ямар замаар хэрхэн хөгжиж ирснийг хуваалцах болно.

Unplug 2022: Be Real арга хэмжээ. "Unread Awards"-ын Шилдэг стартап "Фибо Клауд"


"Казахстан улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Digital Bridge 2022" форумын үеэр "Фибо Клауд" компани БНКУ-ын харилцаа холбооны тэргүүлэх оператор “Транстелеком” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа" хэмээх мэдээ өнгөрөгч сард технологийн салбарынхны чихэнд хүрснээр тэдний амжилтад алга таших хүмүүсийн цуваа ч урт гэгч нь үргэлжлэв. Заримынх нь хувьд гэнэт л болсон мэт энэ мэдээний ард үнэндээ урт хугацааны бэлтгэл, олон сорилт бэрхшээл нуугдаж буй.

Онцлох бизнес: Fibo Cloud - Үүлэн технологийг Монголд

Unread

эхлэл

ЯВАХ УУ? ҮЛДЭХ ҮҮ?

ФИБО Клаудыг үүсгэн байгуулахаас өмнө энэ бүхнийг эхлүүлэх хүчтэй шалтгаан хэрэгтэй байжээ. Учир нь чадварлаг инженерүүдийн хувьд АНУ, Японыг зорих жим аль хэдийн нээгдээд эхэлчихсэн байсан тэр үед Улаанбаатартаа үлдээд стартап хийнэ гэдэг тун ч эгзэгтэй сонголт байсан юм. Бизнес эхлүүлнэ гэдэг тоглоом биш. Ашиг орлогоос урьтаж нийгмийнхээ, салбарынхаа бодит асуудалд сайн шийдэл болж чаддаг байх нь нэн чухал. Нөгөө талаас бусдын өмнө хийснийг давтан хийх хүсэл тэдэнд байсангүй. Энэ ч утгаараа тухайн үед ERP систем, гар утасны апп хөгжүүлэлтийн чиглэлээр дагнан олон жил үйл ажиллагаа явуулсан технологийн компаниуд цөөнгүй байсан нь тэдний илүү өөр чиглэл сонгох, сонирхох үүдэл байв.

Тэр нь юу вэ? гэвэл, Монголд 2019 оныг хүртэл дотоодын бизнесүүд үйл ажиллагаандаа үүлэн технологи (клауд) авч ашиглахын тулд гаднын Amazon, Microsoft, Google зэрэг томоохон үйлчилгээ үзүүлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс сонголт хийхээс өөр аргагүй болдог байв. Дижитал хэрэглээнд эрчимтэй шилжчихээд байхад клауд үйлчилгээг гаднын эх сурвалжаас авна гэдэг багагүй үнийн дүн яригдах, дэд бүтцийн томоохон асуудал болох нь тодорхой. Иймд эрэлт хэрэгцээг ч, ирээдүйн үнэ цэнийг ч бодож үзэхэд үндэсний клауд үйлчилгээг бий болгох нь технологийн салбарт чухал ач холбогдолтой асуудал байлаа.



"Үүлэн дээр төрсөн" компаниуд буюу Netflix, Dropbox, Airbnb зэргийн богино хугацаанд өндөр өсөлт үзүүлж чадсаны нэг том шалтгаан нь тэдний дэд бүтцийг найдвартай авч явдаг Amazon, Microsoft зэрэг компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний чанар юм. Нэг ёсондоо суурь нь сайн байсан учраас л инновац хурдан гарсан гэж үздэг. Иймд дотоодод тулгамдаад буй яг энэ асуудлыг л шийдэж чадвал тэдний Монголдоо үлдсэний хэрэг гарна гэдэг дээр санал нэгджээ. Үүнийг хийснээр цаашид гарч ирэх олон гарааны бизнесүүд тэдний дэд бүтцийг ашиглан олон улсад гарахын өмнө туршилтаа хийж, монголчууддаа хүртээмжтэй үйлчилгээгээ үзүүлэх боломжтой болох тул клауд платформоо гаргахаар сэтгэл шулуудсан нь энэ.

Тэгвэл 2019 онд байгуулагдаад дөнгөж хоёр жил болж байсан "Фибо Клауд" компани "iТools" компанитай хамтран үндэсний клауд системийг танилцуулсан нь Монголын зах зээлд анхдагч болсон бөгөөд тэр цагаас хойш цөөнгүй компаниуд өөрсдийн үүлэн технологийн системээ хөгжүүлэн, ашиглах болжээ. Ингэснээр дата төвүүдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж, салбарынхан энэ тийш илүү анхаарал хандуулах болсон нь жил бүр гадагш урсдаг ихээхэн хэмжээний валютын урсгалыг дотооддоо хадгалан үлдээх, цаашдын хөгжлийн суурь, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх суурь алхам болсон юм.


Үүсгэн байгуулагч: Б.Цэнгүүн, П.Пүрэвбазар, Н.Ганжигүүр

сорилт ба боломж

Бизнесийн ур чадвар ба ажлын анхны ярилцлага

Үүсгэн байгуулагчдын хувьд арван жилийн нэг ангийнхан. Багаасаа математикаар гүнзгийрч, үргэлжлүүлэн инженерийн чиглэлд мэргэшин, ажлын байран дээр ч гар нийлэн ажилласаар ирсэн гурван найзын хувьд салбарынхаа нөхцөл байдал, хөгжлийн чигийг анзаарч, түүний төлөө шинийг сэдэн ажиллах нь ойлгомжтой зүйл мэт байв. Гэвч бие даан компани байгуулж, түүнийгээ удирдана гэдэг хүссэн зүйлээ хийх эрх чөлөөнөөс гадна байгууллага удирдах, бизнес, менежментэд суралцах гэдэг шинэ давааг босгожээ.

Энэ талаар үүсгэн байгуулагч Н.Ганжигүүр,

"Бид гурав шиг инженер хүмүүст хүний нөөц, санхүүгийн талаар ямар ч ойлголт байгаагүй л дээ. Тэгээд ярилцлагад дуудсан анхны хүнтэйгээ бараг л цаг гаруй ярилцчихсан. Хамгийн гол нь цаг ярилцаад ч хэн нь ч цалингийн талаарх яриаг эхлүүлж чадаагүй. Сүүлдээ нөгөө хүн нь залхаад өөрөө биднээс "Та нар тэгээд яг хэдэн төгрөгийн цалинтай ажиллуулах юм бэ?" гэж асууж байлаа. Эндээс л хийдэг ажлаасаа гадна бизнесээ хэрхэн хөгжүүлэх, байгууллагаа хэрхэн авч явахад суралцах ёстойгоо ойлгож авч байлаа" хэмээн дурссан юм.

Стартап компаниуд санхүүгийн хувьд тогтворгүй, замбараагүй гэх нийтлэг дүр төрхтэй. Тэр нь ч ихэнх тохиолдолд үнэн байдаг. Харин "Фибо"-гийнхний хувьд хэдий стартап компани ч үйл ажиллагаа нь дата төв, клауд үйлчилгээтэй холбогддог буюу өндөр санхүүжилт шаардагддаг талбарт тоглодгоороо онцлог. Энэ нь учир мэдэх ажил горилогчдын хувьд тэднийг нэлээд эргэлзээтэй, ойлгомжгүй харагдуулж байсан нь анхны багаа бүрдүүлэхэд ихээхэн хүндрэл учруулжээ.

Хүний нөөцийн бодлого ба ажилчдаа дэмжихүй

Технологийн компаниудын хувьд гол хөрөнгө нь санхүүгийн тайлан дээр гаргаад тавих тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө бус харин ур чадвар, хамт олон байдгаараа онцлогтой. Тэр дундаа дөнгөж эхлэж буй стартап компани цалингийн хувьд хөлөө олсон томоохон компаниудтай өрсөлдөх боломжгүй учраас хүний нөөцийн өөр стратеги барьж ажиллах нь нэн чухал байлаа. Иймд ажлын зараасаа эхлээд бүгдийг аль болох уламжлалт арга барилаас холдуулж, шинэлэг бөгөөд хөгжилтэй хэв маягийг оруулж ирэхээс гадна багт нэгдсэн шинэхэн гишүүддээ Aws, Azure, Kubernetes, Google cloud, Red hat зэрэг мэргэжлийн стандартын сертификат авах хөгжлийн төлөвлөгөө гаргаж, байгууллагын зүгээс боломжит зүйлсээр туслан, тусад нь цаг гаргаж өгдөг болсон байна.

Ингэснээр одоо тэдний багт өмнө болон одоо ажиллаж байсан гишүүдээс 40 гаруй олон улсын стандартын сертификаттай инженерүүд төрөн гаржээ. Энэ төрлийн сертификатуудыг авснаар гадаад зах зээлд ажиллах боломж нээгддэг давуу талтай. Гэвч нэг талаас ажилтнуудаа сайжруулсан ч, нөгөө талаас сайжирсан ажилтан эргээд гадагш ажиллахаар ажлаас гарах тохиолдол цөөнгүй байлаа.

Үүнээс үүдэн эдгээр динамик нөөцийг бүрэн удирдахын тулд тэд Улаанбаатарын технологийн компаниудад зориулсан төслийн удирдлага болон ажилтан ажилд орохоос өмнө, орсны дараа, гарсны дараах харилцааг бүрэн зохицуулах өөрсдийн Project Management Tool (PMT)-ийг сүүлийн хоёр жилийн турш хөгжүүлж ирэх онд технологийн компаниуд, жижиг дунд бизнесүүдэд нээлттэй эхийн хэлбэрээр хүргэх гэж буй ажээ.

Би хэрхэн ажилладаг вэ? - Fibo Cloud компанийн хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүр

Unread


Тус платформыг вэб болон гар утасны аппаар дамжуулан хэрэглэж болохоос гадна гүйцэтгэл, үнэлгээ зэрэг төслийн удирдлагын бүрдлүүдийг бүрэн багтаажээ. Хамгийн чухал нь тухайн ажилтныг ажлаас гарсны дараа хүртэл ажиллаж байсан төслүүд, голлох амжилт зэргийг www.fibo.coud вэбсайт дээр байршуулж санал болгох ба удирдлагын захидлыг ч бүрэн автоматжуулах юм байна. Ингэснээр ажилтны ажлаа солих, ажил хайх, нөгөө талд ажилд авах, ажилтан хайх уламжлалт үйл явц өөрчлөгдөх бөгөөд хөдөлмөрийн харилцааг зөвхөн ажлаас гараад дуусах биш цаашид ч гэсэн үргэлжлэх боломжтой болгон хөгжүүлэх боломж бүрдэж буй.

Мөн энэ платформ нь ажлын байран дээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, удирдлагууддаа санал хүсэлт тавих, нэгэндээ (Kudos) санал өгөх зэрэг хамт олныг идэвхжүүлэх олон зүйлсийг багтааснаас гадна шинэ жилээр байгууллагаас өгдөг шагналыг мөн дижитал хэлбэрт шилжүүлсэн зэргээрээ тун ч сонирхолтой. Энэ мэтээр тэд өөрсдөдөө тулгарсан асуудлуудыг тухай бүр боломж болгон ашигласаар байдаг нь урамтай.


Тэлэлт

Фибогийн зарчим буюу өсөн дэвших, даван туулах сэтгэлгээ

Өдгөө тус компанийн анхны ажилтан CTO буюу Технологи хариуцсан захирлын албан тушаалыг хашиж буй. Үүсгэн байгуулагчдын дундаас нэг нь л удирдах албан тушаалтай байгаа нь энэ аж. Тэдний хувьд асуудлыг даван туулах, өсөх сэтгэлгээг чухалчилж, энэ зарчимд тулгуурлан ажилладаг. Тиймдээ ч энэ зарчимд тэнцсэн хэн ч үүсгэн байгуулагчид идэвхтэй ажиллаж байгаагаас үл шалтгаалан удирдах шатанд дэвшихэд нээлттэй байдаг.

Өсөн дэвших, даван туулах сэтгэлгээг тэд нэг жишээгээр тайлбарладаг. Тодруулбал, энэ голыг яагаад гатлах ёстой вэ гэдгийг л багийнхандаа тайлбарлаж ойлгуулах явдал. Ийн тайлбарлаж, асуудлаа том зургаар харах боломжийг гишүүддээ өгөхгүй байж, нэг дарга гарч ирээд л мод, чулуу түүлгээд, завь хийгээдэх гэж тушаагаад, гол гарах ёстой гэж цухалдан, алхам бүрийг нь хянаад байх урт хугацаандаа үр дүнгүй. Тэдний хувьд завь хийхийг биш яагаад гол гатлах ёстой вэ гэдгээ л ярьдаг. Үр дүнд нь завиа хийнэ үү, үсэрч гарна уу, нисээд гарна уу гэдэг ажилтнуудын сонголт, шийдвэр.

Гаднын зах зээлийг онилох нь

"Фибо"-ийн хамт олонд томоохон уналтад орсон хоёр үе бий.

Цалингаа тавьж чадахгүй байх, ажилтнууд гарч орох хүнд үеүдэд компанийг авч үлдээсэн зүйл нь ердөө итгэл үнэмшил. Дотоодын зах зээлд мөс хагалагч болсон тэдний гол зорилгын нэг нь гадаад зах зээл тул ингэхээс ч аргагүй.

Багагүй хугацаанд бизнесийн хувьд өсөлттэй, сорилттой ажилласан ч хэдэн жилийн дараа хайрцагт орох, байгаагаасаа илүүг харж чадахгүй болох гацалтын үедээ ирсэн нь 2020 он. Бизнесийн энэ үед үйл явцаа шинэчлэх эсвэл цомхотгол хийхээс эхлээд олон сонголттой тулдаг ч тэд үндсэн зорилго руугаа дайрахаар шийджээ.

Төв Азийн хэмжээнд зохион байгуулагдах "Google for Startups" тэмцээний талаарх мэдээллийг авч, тус уралдаанд бүртгүүлснээр Төв Азийн 330 стартаптай өрсөлдөж улмаар шилдэг 15 стартапын нэг хүртлээ явав. Энэ шалгуурын сонирхолтой нь Казакстан улсаас шүүгч оролцоогүй бөгөөд бүх шүүлтийг Google-ээс зохион байгуулсныг зохион байгуулагч нарын зүгээс төгсөх үед нь л хэлсэн гэдэг. Монголоос амжилттай шалгарч оролцсон уг тэмцээний үеэр Казакстаны стартап соёлыг бүрдүүлсэн компаниудаас туршлага судлахдаа сүүлийн дөрвөн жилд ердөө л доороо эргэж, дорвитой юу ч хийгээгүй юм байна гэдэг хатуу үнэнтэй давхар нүүр тулсан гэх.

Учир нь Монголд амжилттай ажиллалаа гэхэд апп нь дунджаар 100 мянган идэвхтэй хэрэглэгчтэй байдаг бол гадаад зах зээлд энэ нь тийм ч сонин тоо бишээс гадна хөрөнгө оруулагчид тооноос гадна тухайн бизнесийн үүсгэн байгуулагчид, баг хамт олных нь "нүдний гал" буюу хүсэл эрмэлзлийг нь чухалд тооцдогт оршино.

Хэчнээн чадварлаг баг байгаад ч түүнийг биеийн хэлэмж, нүдний харцаараа илэрхийлэхгүй бол хөрөнгө оруулалт холын асуудал байдгийг тэд онцолж байлаа. Энэ мэтээр гурван сарын турш Казакстаны Нурсултан хотод үргэлжилсэн "Silkway Accelerator" хөтөлбөрийг төгсөхдөө шилдэг гурван стартапын нэгээр шалгарч, Казакстаны төрийн тэргүүн, ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай хүртэл уулзсан гэхээр тэдэнд сурч мэдсэн зүйл багагүй байсан нь ойлгомжтой биз ээ.

Google for Startups гэж юу вэ? + Тус хөтөлбөрт багтсан анхны монгол стартап

Unread


алсын хараа ба ирээдүйн зорилго

Зах зээлээ тэлэх нь

Азийн томоохон технологийн төвүүд ихэнхдээ Зүүн Азид бий. Энэ утгаар стартап бизнесүүдийн гаднын зах зээлд гарах оролдлого тэндээс эхэлдэгт гайхах зүйлгүй. Харин Фибогийнхний хувьд өрсөлдөөн хэдийн ширүүсэж, аварга компаниудаар дүүрсэн Зүүн Азиас илүүтэй Төв Азийг түлхүү онилж байлаа.

Үүний дотор эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутгаа тэргүүлэх болсон Казакстан улс нь олон жилийн турш эдийн засаг, техник технологиороо ОХУ-аас хараат байж ирсэн ч сүүлийн жилүүдэд уг хамаарлаа багасгах бодлого эрчтэй баримтлах болсноор өмнө ашиглаагүй олон боломжуудаа нээх болсон нь сонирхол татам.

Үүний нэг нь өрнийн хөрөнгө оруулагчидтай хамтрах хамтын ажиллагаа байлаа. Нийт 80 сая гаруй хүн амьдардаг энэ улсад 2-3 ширхэг юникорн компани төрөх боломжтойгоос үл барам энд 280 сая гаруй хүн нэг хэлээр нэвтрэлцдэг нь Төв Азийн бүс нутаг технологийн дараагийн том төв болох нь ойлгомжтой болжээ.

Гэсэн ч гаднын зах зээлд амжилттай нэвтрэхийн тулд багагүй санхүүжилт шаардах нь ойлгомжтой. Нөгөө талаас тэр хэмжээний хөрөнгө зарцуулж, эрсдэлтэй тоглоом эхлүүлэхийн өмнө хүчин чадал, нөөц боломжоо зорилго төлөвлөгөөтэйгөө уялдуулах нь хамгийн чухал. Фибогийнхний хувьд үүнд бүтэн гурван жилийг зарцуулжээ. Энэ тухайгаа тэд "хэтэрхий их хугацаа зарцуулсан ч байж мэднэ" хэмээн дүгнэдэг.


Хамгийн чухал нь сэтгэл ханамжтай хэрэглэгчдийн тоо болохоос апп таталтын хэмжээ биш гэдгийг олон улсад гарахаар зэхэж буй компаниуд сайтар ойлгох хэрэгтэй юм билээ.

Н.Ганжигүүр


Цаашдын зорилт, зорилгууд

Алматид бий болгосон боломж, тохиролцооныхоо дагуу тэд өнгөрөгч сараас эхлэн шинэ ажлууд эхлүүлж буй. Энэ нь Төв Азийн клауд хариуцсан бие даасан салбар үүсгэх явдал ажээ. Уг салбаруудаар дамжуулан Монгол залуус дэлхийд гарсан SaaS стартапууд төрөн гарах боломжуудыг эрэлхийлэхийг зорих юм.

Тэдний хэлж буйгаар Монгол Улсад ямар ч стартап, яаж ч томроод корпорэйт компани болох боломжгүй тул дор хаяж 100 сая ам.долларын багтаамжтай зах зээлийг онилж үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй гэх санааг нийтлэлийнхээ төгсгөлд онцлууштай. Үүний тулд олон улсад ашигладаг технологи, соёлын хэлийг ойлгоход туслах програм хангамжуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг харамгүй хийх ёстойг тэд сануулсан юм.



  • 40: Хөгжүүлэгчид нь ажилд орсноос хойш 40 гаруй олон улсын чадамжийн гэрчилгээ авсан.
  • 20: Зургаан жилийн хугацаанд том жижиг 70 орчим төсөл хэрэгжүүлснээс 20 гаруй нь амжилттай хэрэгжиж дуусжээ.
  • 4-12: Дунджаар 4-12 сая ам.долларын өртөг бүхий импортын бүтээгдэхүүн үйлчилгээг орлох төлөвтэй буй.
  • 3-40: Анх гурвуулаа эхлүүлсэн бизнес өдгөө 40 гаруй хүнтэй өнөр ам бүл болж, 13 дахин өргөжжээ.


төгсгөлд нь

Цар тахал, хөл хорионы улмаас гурван жилийн дараа эргэн ирсэн тав дахь удаагийн "Unplug 2022" арга хэмжээний тайзан дээр тухайн жилийн стартап ертөнцийн шилдгүүдийг шалгаруулан урамшуулдаг "Unread Awards"-ын "Шилдэг стартап" төрөлд Melearn, Gertoon, Stora зэрэг стартапуудтай өрсөлдөн, 13 редакцын төлөөлөл бүхий 16 шүүгчдийн саналаар шилдгээр шалгарсан "Фибо Клауд" компанийн хувьд 2022 он амжилт бүтээлээр дүүрэн өрнөсөөр буй. Ирээдүйд дотоодын технологийн экспортыг нэмэгдүүлж, монгол инженерүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг Төв Азид нийлүүлэх зорилготой тус компанийн хувьд аялал дөнгөж эхэлж байна.

Unplug 2022: Be Real