Их хотын завгүй амьдралаас түр боловч холдож, гэр бүл, найз нөхдөөрөө эрүүл агаарт, баяр хөөртэй дурсамж бүтээх хэрэгцээ суурин амьдралтай хэн бүрд нэн их. Энэ тохиолдолд хотоос холгүй, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдсэн тав тухтай, гэр бүл, албан байгууллагын хамт олонд зориулсан амралт, аяллын газрууд гол шийдэл болдог билээ. 

Ирэх амралтын өдрүүдээр гэр бүлээрээ зорин очих газрын тань жагсаалтад  шууд багтаж ч болох тав тухыг нэрийн хуудсаа болгосон "Гэрэлт ресорт"-ыг танилцуулъя.

Бизнесийн нэр: Гэрэлт ресорт
Хаяг: Цонжинболдог, Чингис хааны морьт хөшөөний зүүн хойно, хоёр км-ийн зайд
Үйл ажиллагааны чиглэл: Амралт зугаалга, аялал жуулчлал, боловсролын кэмп
Гүйцэтгэх захирал: Д.Дөлгөөн
Үүсгэн байгуулагдсан он: 2015 он
Цахим хуудсууд: Gerelt Resort (Фэйсбүүк), Gerelt Resort (Инстаграм), Gerelt Resort Mongolia (Youtube),


Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн

сэдэл

Бид энэ салбарт ажиллаад ес дэх жилээ угтаж байна. Анх 2015 онд “Ерөө Цонжин Тур” гэх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан тул одоо ч зарим нэг хүмүүс энэ нэрээр нь хайж ирэх нь бий. Монголын түүхэн өв соёлыг таниулагч, соёлын томоохон бүтээн байгуулалт болох Чингис хааны морьт хөшөөтэй тун ойрхон байрлалтай болохоор гол төлөв аялагч, гадаадын жуулчид зорин ирдэг, бид ч энэ чиглэлд зориулсан үйлчилгээтэй байсан юм. Ингээд 2021 онд одоогийн баг маань удирдлагаа бүрэн авч, бизнестээ ре-брэндинг хийснээр нэрээ “Гэрэлт ресорт” болгон өөрчилж, консептоо “Боловсролд суурилсан эрүүл амьдралын хэв маяг” болгож, илүү өргөн цар хүрээнд, уртын зорилготой ажиллаж байна.

ялгарал

Үүсгэн байгуулагдсан цагаас хойш алдалгүй барьж буй гол ялгарал нь тав тух. Уулын бэлд орших, тэгш талбайтай, нарны тусгал сайтай, хотоос холгүй мөртлөө цэвэр агаартай энэ газарт хүн бүр хотын стресс, асуудлаас холдож гэр бүлээрээ хэсэгхэн амрахыг хүсэж ирдэг. Мөн холын замд аяншиж ядарсан ч Монгол орны гоо үзэсгэлэн, түүх соёлыг үзэх гэсэн их хүсэл тэмүүлэлтэй жуулчид бас байна. Аль ч талаараа хүмүүс эндээс сайн сайхан, баяр хөөрийг хайж ирдэг тул бид тэр аяллыг нь тухтай, таатай байлгах талд нь сэтгэл тавин анхаардаг юм. Одоогоор 150 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай буюу зочид буудлын 10 өрөө, 10 мини хаус, 12 гэр, нэг их гэр, найман зуны байшинтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зочид эндээс хүссэн сонголтоо хийгээд орох боломжтой. Мөн зундаа хурим найр, одонгийн мялаалга, байгууллагын арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой 400-600 хүний багтаамж бүхий том асар, түүнд тохирсон тайз дэлгэц, үйлчилгээ бүгд бий. ЭНэ нь манай үйлчлүүлэгчдэд ихэд таалагддаг юм.

Дээр дурдсан “Боловсролд суурилсан эрүүл амьдралын хэв маяг” хэмээх уриа-агуулгаа ялгаралдаа шууд тусгахыг хичээсээр байгаа. Боловсролын хүрээнд гэвэл бид “Movie English club”-тай хамтран өвөл зуны улиралд, кинонд суурилсан англи хэлний долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтыг тогтмол зохион байгуулж эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн байна. Ингэснээр хүүхэд багачууд хөгжилтэй аргаар англи хэлний түвшингээ сайжруулахын хамтаар, долоо хоног эрүүл агаарт, шинэ найзууд, шинэ хүрээлэлтэй болохын сацуу өөрийгөө олон талт хэлбэрээр хөгжүүлж, бие дааж сурдаг. 7-16 насныхны түлхүү хамрагддаг уг хөтөлбөрт хамрагдахад илүү хүртээмжтэй, хялбар байлгах үүднээс биет болон цахимаар бүртгүүлэх боломжийг хүртэл хангаж байгаа.

Эрүүл мэндийн тал дээр бид ирэх таван жилийн зорилгоо гаргасан. Уг зорилгын хүрээндэх ажлууд хэдийн хийгдээд эхэлсний нэг нь экстрийм спорт сонирхогчдод зориулсан өртөөт аяллууд. Zipline, хаданд авиралт гэх мэт төрөл бүрийн хөдөлгөөнт, адал явдалт аяллын урт болон богинын хөтөлбөрүүдийг бий болгохоор Малайзын мэргэжилтнүүдтэй хамтран анхны уулзалтуудаа хийж, судалгаагаа эхлүүлсэн. Удахгүй бүтээн байгуулалтын ажилдаа орно доо. Шуудхандаа бид нийт газрынхаа тал хувьд нь л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ирээдүйд үлдсэн газар дээрээ байшин, гэр барихаас илүүтэй спортын талбай гэх мэт эрүүл мэндэд хөрөнгө оруулж чадахуйц төлөвлөлтүүдийг хийхээр бэлтгэх болсон.



гэрэлт ресорт гэж юу вэ? 

Боловсрол, амьдралын эрүүл маягийг эрхэмлэсэн амралт, аяллыг санал болгогч.

нэр

2021 онд ре-брэндинг хийх үедээ хүн бүрд хүртээмжтэй, гэрэл гэгээг түгээж, баяр хөөр, нандин дурсамжийг бүтээдэг газар нь байгаасай гээд "Гэрэлт" хэмээх нэрийг өгч байлаа.

одоо

Шинэ жилийн үйл ажиллагааны давалгаагаа амжилттай дуусгаад одоо боловсролын хөтөлбөрүүддээ түлхүү анхаарч байна. Долоо хоног бүр тогтмол явагдаж байгаа болохоор тэр бүрд ижил стандарттай, ижил үйлчилгээг хүргэхийг зорьдог. Нөгөө талаас ирж байгаа ихэнх хүүхдүүдийн хувьд анх удаа ээж ааваасаа холдож, бие даан явж буй аялал нь энэ сургалт байдаг тул түүнийг нь хамгийн дурсамжтай, үр дүнтэй байлгах юм сан гэдэг зорилттой.

Аялал жуулчлал, амралтын баазын салбарт ажилладаг манай байгууллагын хувьд зун бол хамгийн идэвхтэй үе. Иймд эртнээс энэ үеэ зөв төлөвлөж, аяллын багцуудаа хүртээмжтэй, тодорхой, өгөөжтэй байлгах ажилдаа орсон. Монголд богино болон урт хугацаагаар ирж буй аялагч жуулчид, мөнхүү дотооддоо аялаж буй гэр бүл, хамт олонд зориулсан морь унах, малчин айлаар зочлох, нүүдэлчин аж ахуйтай танилцах, Монгол орны байгалийн сайхныг биеэр мэдрэх гэх мэт төрөл бүрийн туршлага мэдрэмжийг өгч чадах аяллын хөтөлбөрүүдээ боловсруулах ажилдаа төвлөрч байна.

баг

Үйлчилгээний салбар бол бүх хүнийг амарч байхад ажиллаж байдаг, байнгын анхаарал сэрэмж шаардагддаг хүнд салбар. Тэр дундаа байрлаж ажиллах шаардлагатай манайх шиг байгууллага ажлын соёлдоо хэд хэдэн зарчмыг ягштал мөрдөж байж үйлчилгээний стандартаа нэг түвшинд хадгалах боломжтой. Энэ нь нэгд, хүндэтгэл, харилцааны соёл, хоёрт, сахилга бат, гуравт тэвчээр. Бизнесийн хамтрагч, нийлүүлэгч, үйлчлүүлэгч, мөн өөр хоорондоо нэн хүндэтгэлтэй байж, түүнийгээ харилцаагаараа дамжуулан нөгөө талдаа бүрэн илэрхийлж, цаашид сахилга баттайгаар үргэлжлүүлэх нь энэ салбарт ажиллаж байгаа болон ирээдүйд ажиллахаар төлөвлөж буй мэргэжилтнүүдийн зайлшгүй мөрдөх дүрэм гэж үздэг. Олон хүний арга эвийг олох, олон цаг суулгүй ажиллах, чанга дуу чимээнд удаан хугацаанд хөдөлмөрлөх зэрэгт яалт ч үгүй тэвчээртэй байж чадсан хүн л жинхэнэ мэргэжилтэн болж чаддаг.



ирээдүй

Цаашид бүхий л үйл ажиллагаагаа брэндинг, агуулгадаа л зориулан хөгжүүлнэ. Иймд аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, боловсролд суурилсан адал явдалт аялал гэсэн гол гурван консептоо улам төгөлдөржүүлэх юм. Ойрын хугацаанд хамгийн тодорхой байгаа нь гэвэл экстрийм спортыг хөгжүүлэх өндөр намын байгууламж байгуулах ажилдаа орж, эхний туршилтуудаа хийнэ. Мөн нэмэлт талбайдаа хамгийн хүртээмжтэй, идэвхтэй байлгах спорт талбайн зураг төсөл боловсруулах ажилтай.
Энэ зуурт аяллын хөтөлбөрүүдээ тасралтгүй сайжруулж аяллын компаниудтай нягт хамтран ажиллаж, улмаар аялагчдын мэдээллээ авдаг гол сайтууд дээр мэдээллээ байршуулах гэх мэт олон ажил биднийг хүлээж байна. Ташрамд бид хамтран ажиллахыг хүссэн байгууллага бүрд нээлттэй байх болно гэдгээ уламжилъя.

Мөн 400-600 хүний хүлээн авалт, арга хэмжээний асрын үйлчилгээгээ илүү танилцуулна. Хүмүүс их сонирхдог ч бид л мэдээллээ сайн хүргэж чадахгүй байгаа юм байна гэж ойлгоход хүргэсэн хэд хэдэн тохиолдол бий. Удахгүй вэбсайтаа ашиглалтанд оруулна. Тэр үед идэвхжүүлэлтээ сайн хийнэ гэж төлөвлөж байгаа.

эрсдэл

Монголын нөхцөлд дэд бүтцээс хол байрлалд жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулна гэдэг өөрөө том сорилт. Ялангуяа өвөл. Иймд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд орлогоо бууруулахгүй байх, энэ салбарт тэсээж үлдэх хэнд ч тун хэцүү. Гэсэн ч бидний алсын хараа, зорилго зорилт маань амралт зугаалгын бааз төдий бус амьдралын хэв маяг, боловсрол суурьтай үнэ цэнд чиглэдэг болохоор энэ бүхнийг тухай бүр зохицуулж, арга шийдлийг олж ажиллахад болохгүй юм байхгүй л гэж үздэг. Манай хамт олон ч яг адилхан бодолтой явдаг нь том аз бас давуу тал шүү.