Энэ удаа бид Япон улсад мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй монгол залуусын үүсгэн байгуулсан Gertech Inc. компанийг онцолж байна. Японы анагаах ухааны салбарт зориулж OKSUSURI-AI системийг зах зээлд гаргаад буй тэд 2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд буй. Тус компанийн үйл ажиллагаатай илүү ойр танилцахаар хамтран үүсгэн байгуулагч, технологи хариуцсан захирал А.Жаргалсайхантай ярилцлаа.

Нэр: Gertech
Хаяг: Япон улс, Токио хот
Чиглэл: Технологийн компани
Үүсгэн байгуулагч: А.Жаргалсайхан (CTO), Б.Хатанболд (CEO), Х.Билэгзаяа (COO), Б.Сонинхангай (DevHead), А.Эрдэнэбулаг (BE Director)
Үүсгэн байгуулагдсан он: 2021 он
Холбоос: gertech.jp (Вэб), Gertech (Фэйсбүүк), Gertech Inc. (ЛинкэдИн)

сэдэл

Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани болох GerTech Inc. компанийг олон улсад технологийн топ компаниудад ажиллаж, туршлага хуримтлуулсан залуус хамтран 2021 онд байгуулсан. Бид эхэндээ бусад компанид IT зөвлөх үйлчилгээ үзүүлж, цаашид бизнесээ өргөтгөх зорилгоор өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж эхэлсэн.

Тухайлбал, Японы анагаах ухааны салбар, тэр дундаа эмийн сангийн хяналт шалгалтын системийг илүү ухаалгаар шийдэх OKUSURI-AI системийг хөгжүүлж зах зээлд гаргаад байна.

Системийг хөгжүүлэх сэдлийг манай гүйцэтгэх захирал Б.Хатанболд эмийн сангийн бизнес эрхлэгч Накамура хэмээх эрхэмтэй Японы ангаах ухааны салбарын технологи, системийн хөгжил хэрхэн удаашралтай буй талаар зөвлөлдөж байхдаа олсон гэдэг.

Анагаах ухааны салбар гэдэг улс орны соёл, онцлогтой шууд хамааралтай уламжлалт салбар учраас шинэчлэлтүүд удаан явагддаг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд Японы Засгийн газраас тус салбарын дижитал шилжилтийг эрчимтэй дэмжиж буй нь цагаа олсон.

Бүтээгдэхүүнийхээ шийдлийг энгийнээр тайлбарлавал, Японы эмийн сангууд овор хэмжээ ихтэй тоног төхөөрөмж ашиглан эмийн хяналт, шалгалт хийдэг. Энэхүү төхөөрөмж нь хүчин чадал, чадавхаас хамааран ойролцоогоор 10-100 мянган ам.доллар хүртэл өртөгтэй.

Товчхондоо бид өртөг өндөр, зай талбай эзэлдэг зэрэг сул талтай уг төхөөрөмжийн асуудлыг хиймэл оюунд суурилсан ухаалаг гар утасны апп ашиглан шийдсэн юм.



ялгарал

Хиймэл оюун ухаан болон үүлэн технологид суурилсан манай бүтээгдэхүүн нь эмийн сангийн хяналтын төхөөрөмжийн зардлыг 90 гаруй хувиар буулгах боломжтой. Хэрэглэхэд хялбар, мэргэжлийн бус хүн ч ашиглаж болохоор UX-тэй (User experience) гэдгээрээ онцлог юм.

Ингэснээр хүний нөөцийн зардлыг ч хэмнэх боломжтой. Мөн үнэтэй, нүсэр төхөөрөмж худалдан авах боломжгүй жижиг эмийн сангууд ч сар бүрийн төлбөрөө төлөөд хэрэглээндээ шууд нэвтрүүлэх боломжтой болсон.

Зах зээлийн хувьд Японд 60 гаруй мянган эмийн сан байдаг гэх тооцоо бий. Мөнгөн дүнгээр 120 гаруй тэрбум долларын зах зээл гэсэн үг. Энэ хүрээнд бид ирэх 3-5 жилийн хугацаанд тухайн зах зээлийн 10 хувьд хүрэхээр зорин ажиллаж байна. Одоогоор Японы зах зээлд манайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн байхгүй тул бид энэ салбарт анхдагч юм.

“GERTECH inc.” ГЭЖ ЮУ ВЭ?

AI (Хиймэл оюун ухаан), Cloud Solution (Үүлэн технологи) ашиглан мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ болон бүх төрлийн систем хөгжүүлэлт хийж буй Японд төвтэй монгол залуусын компани.


Хамтран үүсгэн байгуулагч, технологи хариуцсан захирал (CTO) А.Жаргалсайхан

нэр

"GerTech"-ийн GER нь монгол гэрийг илэрхийлнэ. Мөн G-Genuine, E-Empathic, R-Rational гэх гурван үгийн нийлэмж бөгөөд бидний чухалчилж үздэг үнэт чанаруудыг илтгэж буй нэр юм.

Харин OKUSURI-AI апп-ийн тухайд Окүсүри - (Япон хэлээр "эм") болон AI (Хиймэл оюун ухаан) гэсэн үгсийн нийлбэр. Энгийн бөгөөд чамин нэрээр хиймэл оюун ухаанд суурилсан эм хяналтын систем бүхий апп-аа нэрлэсэн.

одоо

Бидэнтэй хөрөнгө оруулалт болон худалдааны олон компани хамтран ажиллахаар сонирхон холбогдож байгаа. Одоогоор бүтээгдэхүүнээ эхний таван эмийн санд туршилтаар оруулсан бөгөөд туршилтын үр дүнд тулгуурлан хэрэглэгчдийн тоог өсгөх зорилготой байна.

Мөн олон салбартай томоохон сүлжээ эмийн сангууд болон эмнэлгүүдэд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Эхний ээлжид хамтран ажиллахыг зөвшөөрсөн байгууллагуудтай ирэх оны дөрөвдүгээр сараас гэрээ байгуулах ажлаа эхлүүлнэ.

Бид бүтээгдэхүүнээ илүү чанаржуулах зорилгоор эхний 50 хэрэглэгчийн санал сэтгэгдэлд тулгуурлан маркетингийн ажлаа тэлэх бодолтой байгаа. Үүнээс гадна Японы хамгийн том эм зүйн эрдэм шинжилгээний хуралд бүтээгдэхүүнээ танилцуулахаар болсон.

баг

Одоогоор 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, гишүүдийнхээ тоог жил бүр нэмсээр байна. Мөн манай багт япон гишүүд ч нэмэгдсэн. Тухайлбал, компанийн ахлах зөвлөхөөр АНУ-ын алдарт фирм болох "Mckensey & Company"-д ажилласан туршлагатай, технологийн хоёр стартап эхлүүлж, IPO гаргасан гишүүн ажиллаж байна.

Мөн Yahoo Japan, Konica Minolta, IKEA, Recruit, Dentsu групп, Tata групп зэрэг томоохон компанид мэдээлэл технологийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай чадварлаг залуусаар баг бүрдүүлсэн.



ирээдүй

OKUSURI-AI апп нь бидний хувьд Японы эрүүл мэндийн салбарын зах зээлд нэвтрэх нэгэн тасалбар юм. Ирээдүйд бид зөвхөн хяналт шалгалтын систем бус, эмийн сан болон эмнэлгийн бүх үйл ажиллагааг автоматжуулах зорилготой.

Тухайлбал, агуулахын мэдээллийг хянах функцийг нэмснээр AI таамаглал тооцоо хийж, автомат захиалга хийх боломж бий болох юм. Ингэснээр эмийн сангийн үйл ажиллагааг хиймэл оюун гүйцэтгэж, илүү ашиг орлого олох боломжтой.

Энэ бүхэн бидний хувьд зөвхөн эхлэл бөгөөд цаашид бид олон нэмэлт функц хөгжүүлэхээр зорьж байгаа. Харин Монгол Улсад бид ажлын байр бий болгох, бусад бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахаар олон ажил төлөвлөсөн.

Товчхондоо хосолмол байдлаар буюу хоёр улс дамнасан хөгжүүлэлтийн баг бүрдүүлэхээр ажлуудаа эхэлсэн. Мөн боловсон хүчин бэлтгэхтэй холбоотой сургалт, тэтгэлэгт хөтөлбөрийг ирэх оноос хэрэгжүүлэхээр зорьж байна.

эрсдэл

Ихэнх гарааны бизнесийн хувьд хамгийн том эрсдэл нь санхүүгийн эрсдэл байдаг. Дийлэнх стартапууд хөрөнгө оруулалтаар санхүүждэг бол бидний хувьд арай өөрөөр шийдсэн. Бид зөвлөх үйлчилгээ болон хөгжүүлэлтийн төслүүдээс олсон ашиг орлогынхоо тодорхой хувийг бүтээгдэхүүндээ хөрөнгө оруулах байдлаар шийдсэн юм.

Алсдаа стратегийн хувьд зах зээл дээрх байр сууриа хадгалах болон маркетингийн үйл ажиллагаагаа тэлэх шатанд очих үед хөрөнгө оруулалт шаардлагатай болох нь тодорхой. Тэр үед нь бид Япон болон бусад орны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах болно.