Өнөөдрийн дугаартаа бид дэвшилтэт технологи ашиглан харилцагч үйлчлүүлэгчдэдээ өөртөө итгэх итгэл, баяр баяслыг бэлэглэж буй "Infinite Clinic"-ийг онцоллоо. Тэдний олон жилийн туршлага, байнга шинийг эрэлхийлэх дотоод соёл, "Монголд зөвхөн бид л хийж байна" хэмээн итгэлтэйгээр хуучлах яриа нь арьс гоо заслын салбарыг илүү өргөн өнцгөөс харах боломжийг бидэнд олгосон юм.

Нэр: Infinite Clinic
Хаяг: Салбар 1 - "Инфинит клиник": СБД, Циркийн зүүн талд, Салбар 2 - "Херамед эмнэлэг": ХУД, Оргил рашаан сувиллын замын хойно, "LS Plaza"-ийн нэгдүгээр давхарт
Чиглэл: Арьс, гоо заслын мэргэшсэн эмнэлэг
Үүсгэн байгуулагч: Б.Цэрэнноров
Үүсгэн байгуулагдсан: 2015 он
Холбоос: infinitemongolia.com (Вэб), Infinite Clinic (Фэйсбүүк), HERAMED (Фэйсбүүк)


сэдэл

Одоогоос 15 жилийн өмнө сонирхолдоо хөтлөгдөн гоо сайхны салбарт анхлан хөл тавьж байлаа. Тухайн үед ирээдүйн төсөөлөл, хөгжлийн төлөвлөгөө гэхээс илүүтэй "зүгээр л хийнэ" гэсэн зориг, мөрөөдөлтэйгөөр гоо сайхны салоноо нээж байсан нь олон жилийн тууштай бөгөөд хичээнгүй хөдөлмөрийн дүнд энэ хүртэл хөтлөн авч ирсэн байна. Манай байгууллагын хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа л арьс гоо заслын салбар дахь шинэ технологи, чанартай бүтээгдэхүүн, итгэлтэй үйлчилгээг гол давуу талаа болгосон нь үр дүнгээ өгсөн юм шиг санагддаг. Учир нь бид 2015 онд хоёр салбартай болон өргөжиж, албан ёсоор "Инфинит" арьс гоо заслын мэргэшсэн эмнэлгээ тусгай зөвшөөрөлтэйгөөр байгуулснаар салбартаа нэг түвшин ахиж чадсан юм. Сүүлийн 10 жилийн хугацаан дахь байнгын үнэнч үйлчлүүлэгчдийн дэмжлэг, итгэл, хэрэгцээ шаардлага байгаагүй бол энэ бүхнийг хийх боломжгүй байсан гэж боддог. Одоогоор манайх хоёр салбар эмнэлгээрээ дамжуулан арьс, гоо заслын клиникийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ үзүүлж байна. Манай үндсэн салбар болох "Infinite Clinic" гоо сайхны, пластик мэс заслын чиглэлээр дагнасан бол хоёр дахь салбар болох "HeraMed" эмнэлэг мэсийн бус аргаар залуужуулах, нөхөн сэргээх үйлчилгээгээр мэргэшин VIP үйлчилгээнд төвлөрөн ажиллаж байна.

Салоноос эмнэлэг болон өргөжих сэдэл нь 2013 онд Тайланд Улсад зохион байгуулагдсан олон улсын гоо сайхны бүтээгдэхүүн, технологийн “Beauty expo” үзэсгэлэн яармагт зорьж очин оролцсонтой холбоотой. Жил ирэх бүр арьс гоо засал, гоо сайхны тухай ойлголт, хэрэглээ хурдтай өөрчлөгдөж, шинэ технологиуд ар араасаа нээлтээ хийж байгаа энэ үетэй одоо л зэрэгцэн алхах учиртай гэдгийг тэгэхэд л тодоор мэдэрсэн. Энэ аяллын ачаар бид өдгөө дотоодын арьс гоо заслын буюу эстетикийн салбарт шинэ технологи, чанартай үйлчилгээгээр тэргүүлэгч болж, олон зуун хүмүүст итгэл төгс алхах, гоо сайхнаа эрүүлээр, урт удаан хадгалахад нь тусалж байна. Дээрх явдлаас хойш бид өдгөө жил бүр дерматологи, гоо сайхны олон улсын үзэсгэлэн, семинарт тогтмол оролцож, үйлчилгээгээ шинэ үйлчилгээ, технологиор баяжуулж, ирээдүйн төлөвлөгөө, хөгжлийн зураглалаа гаргадаг болсон.

ялгарал

Гоо сайхан гэдэг хүний өөртөө итгэх итгэл, нийгмийн байр суурь, цаашлаад сэтгэл зүй, эрүүл мэндтэй нь холбогдож байдаг маш чухал зүйл. Иймд бид ямар ч тохиолдолд чанарыг эрхэмлэж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэдээ хүргэж, тэдний бодит асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг байх ёстой гэж үздэг.

Бид анхнаасаа оруулж ирэх бүтээгдэхүүн, технологио сонгохдоо арьс, гоо заслын салбарт тэргүүлэгч БНСУ, Франц, АНУ, Европын холбооны орнуудын зах зээл дээр идэвхтэй борлуулагдаж буй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн буюу "USFDA", "KFDA" зэрэг мэргэжлийн байгууллагуудаар баталгаажсан, Европын Холбооны чанар, эрүүл аюулгүй байдлын "CE" стандартыг хангасан, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнээс сонгохыг эрмэлздэг. Чанарын баталгаажилт өндөртэй энэ төрлийн бүтээгдэхүүн, төхөөрөмжийг албан ёсны үйлдвэрлэгч компаниас нь авах нөхцөлд бидний зүгээс эмч нараа зайлшгүй тусгай сургалтад суулгаж, үйлчилгээ үзүүлэх эрхийг нь авхуулах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл манай эмнэлэгт ашиглагдаж буй бүтээгдэхүүн, технологиуд бүгд албан ёсны эрхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тухайн эмчилгээг хийх эрхийг албан ёсоор авсан тусгай мэргэжлийн эмч нартай гэсэн үг. Бид гоо сайхны эмнэлгийн гол чанар болох хариуцлага, үйлчилгээний ёс зүйг өндөр түвшинд баримтладагаараа бахархдаг.

Одоогоор бид хориод төрлийн арьсыг нөхөн төлжүүлэх, нөхөн сэргээх тарилга, арваад төрлийн арьс залуужуулж, чангалах, шинэчлэх үйлчилгээтэй аппарат ашиглан мэсийн бус аргаар, төрөл төрлийн арьсны хөгшрөлт, эмгэгтэй холбоотой асуудлыг эмчилж байна. Үүний дотор, "Tesslift", "Babylift", "Double Cog" зэрэг нүүр өргөх утсан технологи, "Curenex", "Crystal", "French Velvet Skin" зэрэг арьсны тарилга, "Ultra Beaujet", "Maximus 6D", "Duet V", "Duet RF" зэрэг арьсыг залуужуулах, нүүрний булчинг өргөж чангалах аппаратын үйлчилгээ болон үс шилжүүлэн суулгах "Sapphire" технологийн үйлчилгээг зөвхөн манай эмнэлгээс л авах боломжтой.



Infinite clinic гэж юу вэ?

Мэсийн бус аргаар залуужуулах, дэлхийд тэргүүлэгч арьс гоо заслын шилдэг, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч мэргэшсэн клиник.

нэр

Үндсэн салбараа бид салбартаа ямагт тэргүүлэгч байж, хязгааргүй хөгжил, хязгааргүй өсөлтийг авчрахыг бэлгэдэж "Infinite" хэмээсэн. Харин хоёр дахь салбараа эртний Грекийн Зевс бурхны хатан, охид эмэгтэйчүүдийг хамгаалагч Хера бурхны нэрийг бэлгэдэж “Heramed” гэж нэрлэсэн.

одоо

Өмнө хэлсэнчлэн уг салбар тун хурдтай хувьсан өөрчлөгддөг, илүү сайн технологи дэлхийн хаа нэгтээ ар араасаа танилцуулагдсаар байдаг идэвх хөдөлгөөнтэй зах зээл. Тэр олон боломж, сонголт дундаас бид манай улс үндэстэнд тохирох бүтээгдэхүүнийг олохын тулд судалгааны баг тусад нь гарган ажиллуулдаг. Тасралтгүй хөгжиж, салбартаа тэргүүлэгч байхын тулд ингэхээс ч аргагүй. Одоо ч мөн адил монголчуудад илүү сайн тохирох бүтээгдэхүүний судалгаан дээрээ ажиллаж байна.

Уг судалгааны багаараа дамжуулан бид хоёр жилийн өмнөөс монгол хүмүүсийн арьсны хөгшрөлт, унжилтыг хамгийн өндөр үр дүнтэйгээр татаж, өргөх утсан технологи болох 5-7 жил үйлчилгээгээ хадгалдаг "Silhouette Soft", "Tesslift", "Babylift" зэрэг гоо заслын утсуудыг АНУ, БНСУ-аас анхлан оруулж ирсэн. Үүнийгээ чадварлаг эмч нарынхаа ачаар хамгийн өндөр үр дүнтэйгээр хийж үйлчилж байна. 2021 онд, ковид цар тахлаас шалтгаалан хүмүүс гэртээ байх нь ихэссэн тул натурал гоо сайхныг дэмжиж, арьсны өнгийг сэргээх, илүү гэрэлтсэн толигор болгох, будаггүйгээр сайхан харагдах чиглэлд олон төрлийн арьсны тарилга оруулж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд энэ оны хоёрдугаар улиралд ид БНСУ-ын нэр хүнд бүхий үйлдвэрлэгчээс "DUET V" эмэгтэйчүүдийн цоо шинэ смарт технологийн аппарат, гуравдугаар улиралд БНТУ-аас хамгийн сүүлийн үеийн сс шилжүүлэн суулгах буюу толгой, хөмсөг, сахал хэсгийн үсний асуудлыг илүү үр дүнтэйгээр шийдэх зорилготой "Sapphire", "Diamond" үс суулгалтын технологийг нэвтрүүлээд байна.

Өнгөрсөн хөл хорионы хугацаанд бид цагийг ашиглан, эмч нараа олон улсын онлайн сургалтуудад хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхийг эрмэлзсэн. Харин одоо үйлчлүүлэгчдэдээ илүү анхаарал тавьж, тэдэнд илүү хурдан шуурхай, тав тухтай, эрүүл аюулгүй үйлчлүүлэх орчин нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна даа.
Хотжилт нэмэгдсэнээр, амьдралын стресс бухимдал нэмэгдэж, үүнийг дагаад хөгшрөлт ч залуужиж байгааг та бид харж байна. 25 наснаас өмнө арьс суларч, үрчлээ үүсэх, үс унаж, цайх нь энгийн асуудал болж. Гэхдээ сайн талыг нь хараад үзвэл, хүмүүс өмнөх үеэ бодоход эрүүл мэнд, эсвэл арьс, үсний асуудлыг үүсчихсэн хойно нь бус үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх буюу эрүүл, залуу сайхан байдлаа эртнээс хамгаалах, хадгалах хандлагад суралцаж байгаа нь сайшаалтай.



баг

Одоогоор хоёр салбарт нийлээд 30 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Үйлчилгээний, бас эрүүл мэндийн байгууллага учраас долоон өдөр бүгдэд нь үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг онцлогтой. Ажлын цагийн хувьд ч үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцүүлэн уян хатан ханддаг.

ирээдүй

Хийж байгаагаа хийсэн шиг хийхийг хүсдэг. Тиймээс цаашид үйл ажиллагаагаа арьс гоо засал, пластик мэс заслын чиглэлээр дэлхийд тэргүүлж буй Өмнөд Солонгос, АНУ, Турк зэрэг улсуудын түвшинд ойртуулж, улам төгөлдөржүүлэх төлөвлөгөөтэй. Ингэснээр бид олон улсын хэмжээний үйлчилгээг гадаадаас бус Монголдоо авч, мөнгө цагаа хэмнэх боломжтой болно. Мөн дотоодынхоо зах зээлд хөгшрөлтөөс сэргийлэх чиглэлд мэргэшсэн баг хамт олон болж, мэсийн болон мэсийн бус аргаар залуужуулах бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи, чанараар тэргүүлэгч байр сууриа хадгалан хэрэглэгчдийнхээ итгэлтэй түнш, амжилтыг замыг хамтдаа бүтээлцэгч хамт олон байхыг зорин ажиллаж байна.

эрсдэл

Манай салбар хүний хамгийн эмзэг бөгөөд чухал ач холбогдолтой зүйл болох гоо сайхны асуудлыг шийдвэрлэж ажилладаг тул харилцагчдын өндөр хүлээлт, хэрэгцээ шаардлага дунд ажилладаг. Энэ нь мэдээж олон сорилт, бэрхшээлийг дагуулдаг л даа. Гэхдээ бид үйлчлүүлэгчдийнхээ дуу хоолой, хэрэгцээг нэн тэргүүнд тавьсаар ирсэн тул энэ бүхнийг асуудал гэхээс илүү биднийг хөгжүүлдэг гол хөшүүрэг гэж хардаг болсон.

Харин арьс гоо заслын салбарт мэргэшсэн, туршлагатай хүний нөөц дутмаг байдаг нь л бодит бэрхшээл болдог. Хэдийгээр жил бүр энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүд цөөнгүй төгсдөг ч шууд ажлын байран дээр гарахад учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, ажиллах газрынх нь хэрэглэж буй бүтээгдэхүүн, технологи, төхөөрөмжөөс хамаараад ажлын байранд ахин мэргэшин сурах хэрэгтэй болдог гэсэн үг. Ингэж эмч, эмнэлгийн ажилтнуудыг дахин сургаж, мэргэшүүлж авах нь цаг хугацаа, санхүүгийн хувьд багагүй сорилт болдог ч бид үүнийг аль болох боломж болгон харж, салбарынхаа залгамж халааг бэлдэж, хувь нэмэр оруулж байгаа ажил гэж бодож хүчин чармайлт гарган ажилладаг.

Түүнээс гадна, эмчилгээ заслын явцад маш ховор тохиолдолд урьдчилан төлөвлөх боломжгүй, бие организмын онцлогоос шалтгаалсан онцлог кэйсүүд гардгийг нуухгүй. Тэр бүрийг эмнэлгийн туршлага, мэдлэг чадварын тусламжтай шийдвэрлэдэг. Төгсгөлд нь хэлэхэд, энэ цаг үед гоо сайхан байна гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд яригддаг гадна талын үзэмж гэх өнгөц утгаасаа алгуурхнаар салж, хүн бүрийн амьдралдаа хандах хандлагыг илэрхийлэгч, ажил амьдралын амжилт, хүсэл тэмүүллийг бүтээлцэхэд нөлөөлдөг нөлөөлөл, эрүүл мэнд, сэтгэл зүйн эмчилгээ гэх утгатай болсныг дурдах нь зүйтэй.