Монголчууд бидний бие махбодод хамгийн сайн зохицдог, хоол тэжээл, эрдэс шим, эрүүл мэнд зэрэг олон төрлийн хэрэгцээг нэг дор өгдөг зүйл бол мэдээж таван хошуу малын гаралтай бүтээгдэхүүнүүд. Түүний дотор ингэний сүү нь бөөрний архаг үрэвсэл болон ясны сийрэгжилт, хаван, уургийн дутагдлыг маш сайн зохицуулах үйлчилгээтэй хэмээн мэргэжилтнүүд онцолдог билээ. Өнөөдрийн дугаартаа бид энэ чиглэлээр стандартын шаардлага хангасан, тогтмол үйлдвэрлэл явуулдаг, дотооддоо ганц гэж хэлж болохуйц "Ингэн тагш" компанийг онцлохоор бэлтгэлээ. Хүйтний эрч чангарч, дархлаагаа дэмжих онцгой шаардлагатай буй энэ үед та их говийн цагаан рашаан хэмээгдэх ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшихийг уриалъя. 

Нэр: "Ингэн тагш" ХХК
Хаяг: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум
Чиглэл: Хөдөө аж ахуй, хүнс, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч: Ц.Цогзолмаа, П.Хүрэлбаатар
Үүсгэн байгуулагдсан: 2009
Холбоосууд: Их Говийн Рашаан "Ингэний Хоормог" /Ингэн Тагш ХХК/ (Фэйсбүүк), Цагаан доктор (Фэйсбүүк)


Гүйцэтгэх захирал Х.Бат-Ирээдүй

сэдэл

"Ингэн тагш" компанийг 2009 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулсан. Өдгөө 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн үүсгэн байгуулагч, миний ээж Ц.Цогзолмаа эмч мэргэжилтэй, Мандал-Овоо сумын уугуул иргэн. Говь нутагт төрж өссөн хүний хувьд тэмээ хэмээх буянт амьтны сүүний шим тэжээлийг өөрийн туршлагаар мэдэхийн дээр, өсөж том болоод ингэний сүүний эрэлт хэрэгцээ хот хөдөөгийн алинд ч ихээхэн байдгийг ойлгосноор үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм.

Компаниа байгуулсан үеийн эрхэм зорилго одоо ч хэвээрээ. Тэр бол тэмээний ашиг шимээс хамааралтай амьдардаг говь нутгийн ард түмний амьжиргааг дээшлүүлэн, орон нутгийн хөгжилд өөрсдийн зохих хувь нэмрийг оруулж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангаж, ашиг шимийг нь түгээх явдал юм. Энэ зорилгынхоо хүрээнд нийт долоон төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг. Үүнд, ингэний ариутгасан сүү, сувиллын сүү, хоормог, буцалгаа, тараг, ааруул, аарц ордог.

ялгарал

Энэ чиглэлээрээ тасралтгүй, тууштай 11 жил ажилласан нь бидний гол ялгарал. Ингэн тэмээний сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр хоршоолол үүсгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг өрх, нөхөрлөлийн хэмжээтэй нэгдлүүд багагүй байдаг ч зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангаж, үйл ажиллагаагаа бизнес болгож өргөжүүлэн, тогтвортой ажилласан нь тун ховор. Учир нь салбарт маань түүхий эд, борлуулалт, зах зээл гээд бүх талаасаа зохион байгуулалтад ороогүй, ярвигтай зүйлс олон л доо. Тиймээс бид ингэний сүүг хэрэглэж дадсан, эрүүл мэндийн улмаас тогтмол хэрэглэх шаардлагатай байдаг хүмүүсээ бодсон ч, нийт том зургаа харсан ч салбар хөгжиж, энэ төрлийн өөр өрсөлдөгч, тоглогчид зах зээлд гарч иртэл бууж өгөх, буцах эрхгүй.

Тэмээний үүлдрийн хувьд бид говийн ханан хэцийн хүрэн тэмээнээс саалиа авдаг. Энэ төрлийн тэмээ илүү сүү сайтай, шим тэжээл ихтэй, ер нь саалийн чиглэлээр өсгөхөд тохиромжтой байдаг онцлогтой. Ер нь тэмээ хэмээх амьтан ботгоо хоёр жил тээж төллөдөг, биеийн хэмжээтэйгээ харьцуулахад харьцангуй бага хэмжээний сүүтэй байдаг. Тэр чинээгээр сүүнийх нь ашигт агууламж өндөр. Ханан хэцийн хүрэн тэмээнийх бүр ч илүү. Үйлдвэрийн байраа нүүлгэдэггүй учир нь тэмээгээ, гол түүхий эд, говийн малчдаа дагадагтай холбоотой.



ингэн тагш гэж юу вэ?

Тагш дүүрэн цагаан алт. Говийнхон ингэний сүүгээ "цагаан алт" хэмээн нэрийддэг. Зөвхөн энэ нэр л ингэн сүүний шим тэжээл, ач холбогдлыг товчоор илэрхийлж чадах болов уу.

нэр

"Ингэн тагш". Уг нэрэнд бүтээгдэхүүн болон түүнийг боловсруулах, хүртэх уламжлалт арга аргачлал, ёс заншил бүгд багтсан санагддаг. Нэрэндээ тун сэтгэл хангалуун байдаг шүү.

одоо

Одоогоор гэрээт хүнсний дэлгүүр, супермаркетуудаас гадна сургууль, цэцэрлэг болон сувиллын газруудтай хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна "Номин"-ийн сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан Улаанбаатар хот, 21 аймгийн хэрэглэгчдэдээ хүрч байна.

Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дамжуулан орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ тэмээн сүргийн тоо толгойг хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх их үйлсэд бие сэтгэлээ зориулан ажилладаг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тал дээр ХААИС-ийн докторант Ууганцэцэг, ШУТИС-ийн Батсүх багш нар зөвлөгөө өгч хамтарна. Мөн говь нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран ажилладаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилладаг хүмүүст ингэн сүү нь нэн тустай, хор тайлах онцгой үйлчилгээтэй. Энэ чиглэлийг хөгжүүлэх бодолтой байгаа.



баг

Одоогоор 10 гаруй ажилтантай. Цехийг ээж аав хоёр маань ахлаад, нийт 5-6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг бол хот хоорондын хүргэлт болон борлуулалтын чиглэлийг миний бие хариуцаж, мөн тооны хүмүүсийг удирдан зохицуулдаг.

ирээдүй

2011 онд үйлдвэрлэлээ өргөтгөн өдөрт нэг тонн ингэний хоормог, сүү боловсруулах хүчин чадал бүхий технологи нэвтрүүлснээс хойш экологийн цэвэр, органик бүтээгдэхүүнийг зах зээлд их хэмжээгээр нийлүүлэх боломжтой болсон. Гэсэн ч манай салбарын гол асуудал нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд бус түүхий эдээ тогтвортой байлгахад оршдог. Тиймээс ирээдүйд фермийн аж ахуйтай болох төлөвлөгөө бий. Түүхий эдээ бага өртгөөр, тогтмол хэмжээтэй, найдвартай хангах экосистемийг бүрдүүлж чадвал бүтээгдэхүүний үнэ, гарц зэргээ нэг хэмжээнд байлгахын сацуу, нэмээд өөр олон төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж зах зээлд гаргаж болно.

эрсдэл

Түүхий эдийн олдоц, хэмжээ, үнэ зэрэг нь байгаль эх болон малчдын зан аашнаас бүрэн хамаардаг. Энэ тал дээр өөр нийлүүлэгч хайх, өөр түүхий эд орлуулах гэдэг сонголт үгүй. Энэ нь том эрсдэл болдог. Хааяа ч импортын бүтээгдэхүүн оруулж ирээд зарвал хамаагүй амар санагддаг шүү. Жишээ нь гэхэд энэ жил зуншлага тааруу байсны улмаас одоо зөвхөн шингэн хүнс буюу 2-3 төрлийн бүтээгдэхүүнээ л гаргаж байгаа.

Нэмээд байнгын орон нутгийн тээвэрлэлт хийдэг, үйлдвэр хол гээд асуудлууд бий. Гэхдээ энэ болгоныг эрсдэл гэж хараад байвал урагшлахгүй. Тиймээс бүгдийг нь бизнесийн онцлог л гэж хүлээж авч, дор дор нь шийдээд явахыг эрмэлздэг дээ.