Бизнесийн салбарын хамгийн алдартай медиагийн нэг Fast Company-аас эрхлэн гаргадаг "Дэлхийн Хамгийн Инновацилаг Компанийн Жагсаалт"-ыг танилцуулж байна. Технологи хөгжүүлэлт, судалгаа шинжилгээ болон бүтээгдэхүүний шинэчлэлээрээ толгой цохиж буй шилдэг компаниудыг онцолдог уг жагсаалтын нэр хүнд, цар хүрээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. 2020 оны жагсаалтыг Snapchat-ийг эзэмшигч Snap тэргүүлж, Microsoft, Tesla удаалсан байна. 

1. Snap

Э.Шпигель хэмээх залуухан энтрепренерт үл итгэгчид дэндүү олон байв. Анх Snapchat-ийг хит болно гэдэгт, дараа нь Фэйсбүүкийн саналаас татгалзсан нь зөвдсөн гэдэгт, IPO хийсэн ч үнэ нь унахад сэргэнэ гэдэгт нь, мөнгө олж, хөрөнгө оруулагчдаа баярлуулна гэдэгт нь.

Гэвч тэр үргэлж тэдэнд хариуг нь барьсаар компаниа AR/VR зэрэг дэвшилтэт технологийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэгч болгож, сошиал контентийг хамгийн оновчтой бөгөөд хүртээмжтэй байдлаар шийдэх аргуудыг ээлж дараалан танилцуулсаар байна. Snap-ийн камертай шил, мэдээ унших Discovery нэмэлт, өсвөр үеийнхэнд зориулсан оригинал шоунууд нь өрсөлдөгчдийг нь "хуулбарлахаас" өөр аргагүйд хүргэсээр.

2. Microsoft

Нэгэн үе хамгийн хүнд сурталтай, соёл муутай цахиурын хөндийн гигантад тооцогдож байсан Microsoft эрс өөрчлөгдсөөр дэлхийн хамгийн инновацилаг компанид зүй ёсоор тооцогдох болов. Оффисийн бүтээмжийн зах зээлийг "бүрэн" атгасан тэд Teams платформоороо байгууллагын харилцаанд тэсрэлт хийлээ. Цар тахлын үед зайнаас ажиллахтай холбоотой тренд ч үүнд нэрмээс болж, тэд Slack-ийг ч хол хаяв. Surface брэндийн төхөөрөмжүүд нь ч хэрэглэгчдийн дунд улам бүр эрэлттэй, итгэл даасан төхөөрөмж болж хувирчээ.

3. Tesla

И.Маскийн галзуу гэмээр амлалтууд, солиотой гэмээр зарлалууд өдөр ирэх тусам бодит болсоор. Tesla хамгийн үнэ цэнтэй автомашины брэнд болж, анх удаа дараалсан улиралд ашигтай ажиллав. Тэд зөвхөн батарейн технологиороо тэсрэлт хийгээд зогсохгүй жолоочгүй машины зах зээлд ч хамгийн тэргүүн эгнээнд жагсаж байна. Удахгүй хамгийн төвөгтэй замд хамгийн зөв сонголтуудыг хийх чадвартай түвшинд хүрэх автомат жолоодлого нь тэднийг улам тасраах болно.

Санал болгох: Жолоочгүй машины технологи эзэмших дайн

Unread

4. Big Hit entertainment

Энтертэйнмент ертөнцийн хамгийн эрэлттэй нэр Солонгосоос гаралтай байна гэж хэн санах билээ. BTS хэмээн хамтлаг дэлхийг хуй салхи мэт эзэлж, ээлж дараалсан рекордуудыг шинэчлэн тогтоов. Тэднийг хөгжүүлж, гаргаж ирэн, стратегийг нь залж буй Big Hit Entertainment нээлттэй компани болох сургаар үнэ цэн нь улам бүр нэмэгдэв. Big Hit-ийн сошиалыг чиглүүлэх бодлого, фенүүдтэй харьцах хандлага нь цоо шинэ хэв маягийг бий болгожээ.

Санал болгох: BTS-ийг тайлбарлах нь

Unread

5. Hackerone

Дижитал эрин үед мэдээллийн системийн аюулгүй болон найдвартай байдал компаниудын хамгийн гол санаа зовоосон толгойны өвчин болжээ. Тэгвэл Hackerone дэлхий даяар таран суурьшсан мянга мянган хакеруудад байгууллагын веб, систем, серверийн алдааг илрүүлж, засах боломж олгон, түүгээр дамжуулан орлого олохыг санал болгосон нь "тоглоомын дүрмийг" тэр чигт нь өөрчилсөн юм. 2020 оны 5-р сарын байдлаар Hackerone 100 сая долларыг хакеруудад "шагнал" болгон олгосон гэнэ шүү.

6. White Claw

Шингэн хүнсний зах зээлд хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүний сегмент алкохолтой хийжүүлсэн ус болж хувирав. Энэ чиглэлд хамгийн дэвшилтэт, хамгийн амттай, бас эрүүл бүтээгдэхүүнийг санал болгож буй брэнд бол White Claw. Америкийн зах зээлийн тавин хувийг атгаж буй тэд 5 хувийн согтууруулах хэмжээтэй усаа төрөл бүрийн жимсний амттайгаар гаргасан нь хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа билээ.

7. shopify

Канадаас төрөн гарч буй хамгийн онцох стартапуудын нэг бол Shopify. Сошиал платформууд дээр өөрийн нэрийн дэлгүүрийг үүсгэж, төлбөр тооцоо, маркетинг болон хэрэглэгчтэй харилцах асуудлаа тэдэнд даатгах боломжтой нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг татах болсон юм. 2019 онд 1,1 тэрбум долларын борлуулалт энэ платформоор дамжсан бөгөөд 175 орны 1 сая дэлгүүр уг үйлчилгээг ашиглаж байгаа гэнэ.

8. Canva

8 тэрбум долларын үнэлгээтэйгээр Австралийн хамгийн үнэ цэнтэй стартап болсон Canva хамгийн их нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг дизайны ажлыг мэргэжлийн бус хүмүүст зориулан хялбарчилж байна. Мянга мянган бэлэн тэмплэйт, ашиглаж болох зураг, дизайны шийдлүүд хэрэглэгчдийн шинэ авьяасыг нээж өгч байна гэлтэй. Тасралтгүй шинэ боломжууд, нэмэлтүүдийг санал болгосоор байгаа нь тэднийг энэ жагсаалтад багтахад хүргэсэн нь гарцаагүй.

Санал болгох: Canva - Та өөрөө дизайнер

Unread

9. roblox

Roblox бол хүссэн хэн бүр маш хялбархан байдлаар тоглоом зохион бүтээж, түүнийгээ бусдад хуваалцаж, хамтдаа тоглох боломж олгодог платформ. Тэд нийт 150 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд АНУ-ын 16 хүртэлх насны хүүхдүүдийн тал нь энд чөлөөт цагаа өнгөрүүлдэг аж. Бага насны хүүхдүүдийг технологит дурлуулж, тэдний сонирхлыг улам бүр өдөөдөг учир эцэг эхчүүд ч тусгайлан цаг гаргаж эвент, сургалтуудад идэвхтэй хамруулдаг гэнэ шүү.

10. zipline

Тус компани 2016 онд Руанда улсад дрон ашиглан эмнэлгийн бараа материал хүргэсэн нь салбартаа анхдагч үйл явдал байв. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэл зүйн хэрэгслүүдийг дроноор тээвэрлэдэг Zipline 2019 оноос эхлэн вакцин, цус тээвэрлэх болсон нь мянга мянган хүний амийг аварсанд тооцогддог. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, алслагдсан бүс нутагт бараа хүргэх чиглэлээр дагнаж буй тэдний үйлчилгээ цар тахлын үед ч улам бүр үнэ цэнээ нэмсээр байна.

Санал болгох: Ерөнхий зориулалтын нисэхийг ойлгох нь

Unread

бусад онцлох компаниуд

12. Beyond Meat: Хиймэл мах үйлдвэрлэгчид түргэн хоолны салбарт хүч түрэн орж ирэв.

15. Spotify: Швед стартап зугаатай, адал явдалтайгаар хөгжим сонсохыг санал болгож байна.

23. Vimeo: Youtube-ийн сүүдрээс корпорациудын хамгийн фэворит сонголт боллоо.

29. Strava: Гүйлт, дасгалын хорхойтнуудад зориулсан сошиал апп тэсрэлт хийв.

34. Calm: Таны тархийг цэнэглэж, сэтгэлийг амраана.

45. Bleacher Report: Спортын хорхойтнуудыг улам донтуулах ид шидтэн.

49. Cameo: Шүтээнүүдээсээ зөвхөн чамд зориулсан мэндчилгээ авмаар байна уу?

Жагсаалтыг бүтнээр нь үзэх

Fast Company