Энэ сарын эхээр Чимэгэ Системс ХХК нь анхны хиймэл оюунт ажилтанг танилцуулсан. Тэд эхний удаад харилцагчийн үйлчилгээний төвд чиглэсэн хиймэл оюунт хүний нөөцийг хэрэглээнд нэвтрүүлж буй бөгөөд тус системийг хоёр жилийн турш хөгжүүлжээ. Кирилл, латин текстийг таньж, монгол, англи хэлээр чөлөөтэй ойлгох чадамжтай тус системийг бид энэ удаагийн дугаартаа онцолж байна.
Бизнесийн нэр: IVA хиймэл оюунт ажилтан
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Сити тауэр, 401 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэлт
Үүсгэн байгуулагч: С.Бадрал
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Цахим хуудсууд: Chimege (Facebook), iva.mn (Website), chimege.systems (Instagram)
сэдэл
1. Гар утасны төлбөр, банкны гүйлгээ зэрэг түгээмэл асуудлаар тухайн байгууллагын харилцагчийн үйлчилгээний төвд хандаж байсан удаа уншигч та бүхэнд цөөнгүй байгаа байх. Эхлээд дуудлагын төв, дараа нь чатбот, аргаа барвал цахим шууданд нь хандаж, учир байдлаа удаа дараа тайлбарлах нь хэрэглэгчид ихээхэн чирэгдэл үүсгэж, таагүй туршлага үүсгэх нь олонтоо. Энэ бүх шат дамжлагыг давсан ч асуудлаа бүрэн шийдүүлж чадалгүй үлдэх нь ч бий.
Харин харилцагчийн холбогдож буй дижитал сувгуудын өгөгдлийг нэгтгэж, асуудлыг шийдвэрлэх хугацааг танаснаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх боломжтой юм. Энэ шийдлийг бид хиймэл оюун ухааны тусламжтайгаар шийдвэрлэх боломжийг олж харсан хэрэг.
2. Бид Болорсофт, Чимэгэ Системс, Эгүнэ AI гэх хиймэл оюун ухаанд түшиглэсэн суурь технологийг бүрдүүлчихсэн байсан учраас дараагийн түвшний системийг хөгжүүлэх боломж өндөр байсан. Нөгөөтээгүүр харилцагчийн үйлчилгээний төвд зориулсан IVA системээр дамжуулан хиймэл оюун ухаант монгол хүнийг бүтээх хэтийн зорилгынхоо эхний алхмыг хийж байна. Энэхүү систем нь хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь хиймэл оюун ухаант ажилтан болон workspace буюу ажлын талбар.
"Би хэрхэн ажилладаг вэ?" - "Болорсофт" компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал
ялгарал
- Дэлхийд анхдагч
- 24/7 идэвхтэй ажиллах учраас асуудлыг шийдвэрлэх үйл явцыг хурдасгаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ
- Нэг виртуал ажилтны үнэлгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 292 мянган төгрөгөөр хямд учраас тухайн байгууллага бага төсвөөр өндөр үр өгөөж хүртэж чадна
- Сургаж, дадлагажуулах шаардлагагүй
iva гэж юу вэ?
Харилцагчийн үйлчилгээний чиглэлд мэргэшсэн виртуал ажилтныг ажлын талбарын хамт бэлтгэн төвлөрүүлсэн систем.
нэр
IVA буюу Intelligence Virtual Agent гэх үгийн товчлол.
одоо
Юун түрүүнд дижитал сувгуудад төвлөрсөн виртуал ажилтныг зах зээлд санал болгож буй. Энэ удаа бид дуудлага хүлээн авах чадамж бүхий виртуал операторыг хэрэглээнд нэвтрүүлэхээр туршиж, сайжруулалтын шатандаа ороод байна.
баг
Бизнес, хиймэл оюун ухаан, програм хангамж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, менежмент, дата боловсруулалт гэх багуудад нийт 60 орчим хүн ажиллаж байна.
ирээдүй
Бид ирээдүйн бодлогоо хэдийн төлөвлөсөн бөгөөд тодруулбал, тухайн салбартаа мэргэшсэн, байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулагдсан employee agent буюу хиймэл оюунт ажилтныг бүтээхээр зорьж байна. Цаашлаад, виртуал болон бодит хүмүүсийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны уян хатан орчинг бүрдүүлэх нь манай төлөвлөгөөний чухал хэсэг болно. Үүний үр дүнд хүний хөдөлмөрийн бүтээмж бүх салбарт эрс нэмэгдэх нь тодорхой. Тус дэвшилтэт технологи нь байгууллагын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхээс гадна манай улсын хөдөлмөрийн зах зээлийг үлэмж хэмжээгээр тэлж, хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний чадварыг дээшлүүлж, ажил эрхлэлтийн шинэ боломжуудыг нээх юм. Үүнийг дагаад иргэдийн амьжиргааны түвшин ч дээшилнэ.
Эцэст нь хэлэхэд, дэлхий нийтэд хиймэл оюун ухааны технологи хурдацтай хөгжиж, улс орнууд энэхүү чиг хандлагыг даган, хөгжлийнхөө түлхүүр болгохыг зорин ажиллаж байна. Бид ч энэ хувьсгалд түүчээлэн оролцож, технологийн дэвшлийг бүтээлчээр ашиглан, ирээдүйн ажиллах хүчийг бэлтгэх, эдийн засгаа сэргээх, улмаар хүн ардынхаа аз жаргалтай амьдралыг бүтээхийн төлөө хичээн ажиллаж байна.
эрсдэл
Урд хожид байгаагүй, цоо шинэ концепц учраас анхандаа хүмүүс ойлгохгүй, ойлгосон ч итгэхгүй байх хандлага ажиглагдаж байна. Гэхдээ IVA системийг хэрэглэж үзсэнийнхээ дараа сэтгэл ханамж тун өндөр байгааг хэлэх нь зүйтэй. Тэгэхээр бид хэрэглэгчдээ бэлтгэхийн тулд бүх хөгжил дэвшлийн анхдагч нь АНУ эсвэл Герман байх ёстой гэх хайрцаглагдсан сэтгэлгээг тэлэх шаардлагатай.
Үйл ажиллагааны чиглэл, цар хүрээнээс шалтгаалан IVA системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх тал дээр байгууллагууд харилцан адилгүй туршлагатай. Тиймээс бид харилцагчдаа хэрэглээнд нь сургаж, дадуулахад багагүй цаг зарцуулна гэж харж байна.
Б Бат 2024.10.31 139.5.219.22
Чимэгэ ч угаасаа монгол лигт тоглох тоглогч биш л дээ. Дээд лигийнхэн ш дээ. Монголд хайртай болохоор л ингэж суудаг байх даа. Амжилт!