“Байна уу? Би харин хоцрох нь ээ. Зам үнэхээр түгжрэлтэй байна. Уучлаарай, аравхан минут”... танил сонсогдож байна уу? Хэдий үнэнээ хэлж байгаа нь тэр ч гэсэн энэ үгийг хэлж байгаа нь ч, сонсож байгаа нь ч аль аль талдаа бүр залхчихсан байдаг. Энэ мэтээр бид замын түгжрэлээс болж байнга л бухимдаж, чухал мөчүүдээ алдаж, араас нь харамсаж суудаг ч үүний эсрэг өөрсдөөсөө шалтгаалах арга хэмжээг авах гэж хангалттай хичээдэг бил үү. Том хотуудад тохиолддог энэ бэрхшээлийг бусад орнуудад иргэд нь өөр өөрсдийнхөөрөө шийдэж ирсний нэг сонгодог жишээ бол цахилгаан скүүтэр. Өнөөдөр бид энэ шинэлэг хэрэглээг нэмэгдүүлж, олон нийтэд тээврийн шинэ соёлыг бий болгохоор ажиллаж буй Joyor Mongolia-г танд танилцуулъя.

Нэр: Joyor цахилгаан скүүтэр
Хаяг: Наадам Центерийн 2 давхарт Gadget, Шангрила Моллын 3 давхарт Gadget дэлгүүр
Чиглэл: Цахилгаан скүүтэр худалдаа
Үүсгэн байгуулагч: Г.Тэнгис
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:Joyormongolia.com (Вэб), Joyor Mongolia (Фэйсбүүк), joyor_mongolia (Инстаграм)


Үүсгэн байгуулагч Г.Тэнгис


сэдэл

Би 2017 онд Австри улсаар аялж явахдаа метроны буудлаас буудаллаж буй газар луугаа скүүтэрээр явдаг байсан юм. Ер нь гаднын орнуудад буудлаас гэр хүртэлх зам манайхыг бодвол нэлээд зайтай байдгаараа онцлогтой байдаг шүү дээ. Иймээс скүүтэр миний хувьд, ганц миний ч гэлтгүй олон хүний хувьд авч явахад амар хялбар, зугаатай, ядралт багатай хамгийн сонгодог унаа болдог байв. Үүний дараа Бээжинд хэсэг хугацаанд байхдаа мөн л автобус, метроны буудлаас очих газар хүртлээ түрээсийн дугуй ашигладаг байсан. Энэ нь ч надад таалагдсан. Харин Монголдоо ирээд гэрийнхээ барааг харчихсан хэрнээ түгжрэлд дунд таг зогсчихдог нөгөө л нэг гунигтай хэмнэл өдөр тутам давтагдаж байсан нь залуу хүний хувьд харамсалтай байсан л даа. Ингээд л хотынхоо онцлогийг бодож байгаад скүүтэрийн хэрэглээг нэмэгдүүлэх нь зөв гэж шийдсэн юм.

Ийн судалж үзээд 50 гаруй оронд борлуулагдаж буй, салбартаа хэдийн танигдсан Joyor брэндийн албан ёсны эрхийг аван ажиллаж эхэлсэн.

ялгарал

Та зүгээр л бодоод үзээрэй. Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай, 500 мянган тээврийн хэрэгсэлтэй. Гэтэл хотын төлөвлөлт нь төвийн хэсэгхэн газартаа л бүх үйлчилгээ нь төвлөрч, шавж байрладаг онцлогтой. Зогсоол болон түгжрэлийн асуудал хотын захиргааны болон иргэдийнх нь маш том бэрхшээл болоод багагүй хугацааг өнгөрүүлсэн ийм л орчинд бид амьдарч байна. Энэ асуудлыг авч үзээд, хэрэглээнд хамгийн хурдан нэвтэрч чадах, амархан, боломжийн үнэтэй, зардал багатай шийдлийг нийгэмдээ санал болгож байгаа нь цахилгаан скүүтэр юм.

Гол нь бид дотоодод скүүтэр борлуулж буй олон борлуулагчдаас албан ёсны эрхтэй цөөхөн борлуулагчдын нэг гэдгээрээ ялгарч буй. Скүүтэр хэрэглэх соёл ид бүрэлдэж яваа манай орны хувьд албан ёсны борлуулагчаас бүтээгдэхүүн авах нь эвдэрч гэмтсэн тохиолдолд засаж янзлуулах, сэлбэг хэрэгслээ төвөггүй олж авах зэргээр урт хугацаандаа том давуу талуудыг үүсгэж байдаг.

Мөн скүүтэрийг манай нөхцөлд машинтай хослуулан хэрэглэхэд тун тохиромжтой. Хотын төвөөс бусад хэсгүүдэд машинаа хэрэглээд, түгжрэл ихтэй төв хэсэгт скүүтэрээ гаргаж ирээд ажлаа амжуулаад явбал зогсоол, зогсоолын мөнгө, түгжрэл, дугаарын хязгаарлалт гэдэг асуудлуудаас ангид байж чадна. Мөн скүүтэрийг унах үед далайцтай хөдөлгөөн хийх шаардлагагүй байдаг тул оффисын хувцастай байсан ч бие барихгүй, хөлс гарахгүй. Тэгсэн мөртөө унах үед тэнцвэрээ олох гэж биеийнхээ бүх л булчинг ажиллуулдаг болохоор сууж ажилладаг хүмүүст дасгал хөдөлгөөн болж өгдөг онцлогтой. Мөн цахилгаанаар ажилладаг болохоор өлгийтэй жаахан хүүхдийн амьсгалах агаарыг бохирдуулдаггүй, байгальд ээлтэй, эко хэрэглээ болно. Маш бага цахилгаан зарцуулалттай тул зардалд ч хэмнэлттэй, нэг цэнэглэлтээр та 20-35 км замыг туулж чадна. Хүн бүрд хүртээмжтэй буюу айл гэрт нэг байхад гэрийн бүх гишүүд ашиглаж болно гээд л дурдаад байвал давуу тал тун их.

Скүүтэр хэрэглэж заншсанаар та хэрэглээний эрх чөлөөг мэдэрч, товлосон уулзалт хурлууддаа “Яг цагтаа” очиж чадна гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна.



Joyor Mongolia гэж юу вэ? 

Уламжлалт тээврийн хэрэгслийн хэмнэлийг өөрчлөн сайжруулахад хувь нэмэр оруулагч, орчин үеийн хотын соёлын нэг хэсэг.

нэр

Үүрдийн аз жаргал гэдэг утгатай.

одоо

Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд аль хэдийн хоёр жил болох гэж байна. Дотоодын зах зээлд албан ёсоор скүүтэр борлуулдаг цөөхөн тоглогчийн нэг тул брэндээ таниулж, хэрэглэгчдээ өмнөх үеэс илүү ахисан түвшний ойлголттой, хэрэглээтэй болгоход түлхүү анхаарч ирсэн. Одоо ч худалдан авагчдынхаа хүсэл, боловсрол, аюулгүй байдал, худалдан авах боломжийг дэмжих ажлуудыг тогтмол хийсээр л байна.

Худалдан авах боломжийг нэмэгдүүлэх тал дээр манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь залуус байдаг онцлогтой. Тийм ч учраас энэ зургаадугаар сард БОАЖЯ, “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-ны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор ХААН банктай хамтран, бүтээгдэхүүнүүдээ жилийн найман хувийн хүүтэй, 30 хүртэлх сарын хугацаатай зээлээр худалдан авах боломжтой болголоо. Өөрөөр хэлбэл манай залуучууд цахилгаан скүүтэрийг хувийн санхүүдээ дарамт учруулахгүйгээр авч чадна гэсэн үг.

Хэрэглээний боловсролыг бий болгох ажлын хувьд цахилгаан скүүтэр нь уламжлалт тээврийн хэрэгслийг бодвол цахилгаанаар ажилладаг учир зарим нэг онцлогуудтай байдаг. Тиймд хэрэглэгчдийг сургах дижитал контент бэлтгэх ажлуудыг хийж байна. Зөв хэрэглээ, зөв мэдлэгтэй бол илүү аюулгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, илүү удаан хэрэглэнэ.

Мөн цахилгаан скүүтэр Монголын хэрэглэгчдэд танигдаад дөнгөж гурван жил болж байгаа ч анхнаас нь хэрэглэсэн скүүтэрчид одоо арай өөр, хүчтэй хурдтай зүйлийг хүсэх болоод байна. Ийм ч учраас бид хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийн хүлээн авч, скүүтэрийн хоёр дахь давлагааг эхлүүлсэн. Энэ бол оффроад (Offroad) скүүтэрийн KAABO брэнд. Энгийн хэрэглээтэй харьцуулахад бүх талаараа илүү болохоор архаг скүүтэрчдэд таалагдана гэж бодож байгаа. Дан ганц хотод гэлтгүй хөдөө явахдаа эсвэл ойр зуур салхинд гарахдаа ч ашиглаж болно. Энэ мэтчилэн бид одоогоор хэрэглэгчидтэйгээ хамтдаа хөгжөөд явахыг л хичээж байна.



баг

Санхүү, гадаад харилцаа, менежмент хариуцсан багуудтай. Бид харьцангуй жижиг компани учраас засвар үйлчилгээнээс эхлээд бүхий л зүйлсээ өөрсдөө хийх хэрэгтэй болдог л доо. Ялангуяа борлуулалтын дараах үйлчилгээгээ хэрэглэгчдийн сэтгэлд хүртэл нь хийхэд их анхаарна. Ер нь манай бүтээгдэхүүнүүд технологи шаардсан, байнга шинэчлэгдэж хөгжиж байдаг инновацлаг салбарынх болохоор бид ч үүнийгээ дагаад байнга сурч, сайжрах шаардлагатай болдог.

ирээдүй

Бид тогтвортой өсөлттэй, тэргүүлэгч байх гэсэн зарчмаар ажилладаг. Гэнэт гарч ирээд нэг бүтээгдэхүүнийг тултал нь тэсрэлттэй сурталчилж бөөнөөр нь зараад, алга болдог тийм компани байхыг хүсэхгүй байна.

Манай хот төлөвлөлт, дэд бүтэц нь зохистой ачааллаасаа хэд дахин давсан машинтай хот. Замын түгжрэл ихтэй мөртөө нэг машинд нэг л хүн явах нь олонтаа. Энэ байдал жилд 70 мянган машин импортолж байгаа улсын хувьд цаашид замын хөдөлгөөний тэг зогсолт хийх нөхцөл байдлыг үүсгэх нь бараг л тодорхой болоод байна. Уг нөхцөл байдлаас сэргийлж нийслэлийн удирдлага 2025 он гэхэд нийтийн тээвэр, дугуйн зам, зогсоол, бүсчлэлийн хөгжүүлэлтийг хийснээр түгжрэлийг 50 хүртэлх хувийг бууруулах төлөвлөгөөтэй байгааг зарим нэг нь мэдэж байгаа байх.

Ингэхээр бид ойрын таван жилдээ уламжлалт тээврийн хэрэгслээс гадна шинээр гарч буй дэвшилтэт тээврийн хэрэгслүүдийг ямар нэгэн байдлаар хэрэглэж дадах, амьдралдаа хэрэглэх хэрэгцээтэй болох нь тодорхой. Эхний ээлжинд ойролцоогоор 15-35 мянган хүмүүст энэ хэрэгцээ үүсэх тул энэ үеийг л соргог мэдэрч, зах зээлээ хөгжүүлэхийг хичээж байна.

эрсдэл

Хутга хэдий хурц иртэй ч ээжийн гарт очвол хоол, эмчийн гарт очвол аврал болдог гэсэн үг бий. Бид юуг аль өнцөгөөс яаж харахаас аливаа зүйлийн үр дүн ямар байх нь тодорхой болно. Олон нийтийн дунд дугуй, скүүтэр замын хөдөлгөөнд аюултай эрсдэлтэй гэдэг нийтлэг бодол байдаг л даа. Гэхдээ энэ талаас нь хараад л байх юм бол түгжрэлийн эсрэг хамгийн хурдан хэрэгжүүлж болох ганц гэрлээ бид өөрсдийн гараар унтрааж байгаатай адил болно.

Дэлхийн олон улс оронд тээврийн төрөл бүрийн хэрэгслүүд хамтдаа зорчоод болоод л байгаа. Манайд ч бас болно. Гол нь бид хэн хэндээ хүндэтгэлтэй л хандах хэрэгтэй байгаа юм. Жолооч нар дүрмээ сайтар мөрдөж, нөгөө талаас хоёр дугуйтууд маань хамгаалах хэрэгслээ бүрэн гүйцэд өмсөж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Гол нь л хүндэтгэл. Ингэж чадвал бид амьдарч буй орчноо сайхан болгох боломж бүрэн байна.


Эцэст нь танаас нэг зүйлийг асууя. Таны цаг хугацаа хэр үнэтэй вэ? Өөрийн гэсэн ялгарал, давуу талаа баримтлаагүй цаг, хоцорсон минутаасаа болж алдаагүй биз?