Бизнесийн зарчим, байгууллагын соёлоосоо хуваалцдаг “Онцлох бизнес” булангийн шинэ дугаарт “Хүн бүрийн итгэлтэй сонголт, аз жаргалтай дурсамж бүрийн нэгэн хэсэг байна.” хэмээн алсын хараагаа тодорхойлсон Хүнс группийг онцоллоо.
Монголчууд мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хамгийн өргөнөөр хэрэглэдэг. Тэр ч утгаараа жилээс жилд дотоодын хүнс үйлдвэрлэлийн салбар үйл ажиллагаа, цар хүрээ, хяналт сайжруулалтын хувьд дэвшин дээшилсээр байгаа билээ. Тэдний нэг болох Хүнс группийн үүсгэн байгуулагдсан санаа сэдэл, онцлог давуу тал, цаашдын зорилго зорилттой илүү ойроос танилцъя.
Бизнесийн нэр: Хүнс групп
Хаяг: MPM Building, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Үйл ажиллагааны чиглэл: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
Гүйцэтгэх захирал: Т.Баттүвшин
Үүсгэн байгуулагдсан: 1992 он
Цахим хуудсууд: KhunsComplex Хүнскомплекс | khuns group (Facebook), khunscomplex.mn (Website)
сэдэл
1992 он буюу Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэм рүү шилжих тэр цаг үед тухайн үеийн мах комбинатад багагүй хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулаад амжсан Д.Довдон гэх эрхэм Хүнс группийг үүсгэн байгуулж, албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлж байсан түүхтэй.
Тухайн үед өлөн гэдэс экспорт, мал төхөөрөх үйлдвэр, мах ангилгааны цех, хийжүүлсэн ус, ундаа, зайрмаг үйлдвэрлэл, нарийн боов үйлдвэрлэл, хөргөлтийн инженерчлэл, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нефт импорт гэх есөн төрлийн үйл ажиллагааг цогцлоон, хоршоолол хэлбэрээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан гэдэг. Эдгээрээс мал төхөөрөх, мах боловсруулах, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өлөн гэдэс экспорт чиглэлд нийт үйл ажиллагааны 60 хувийг хандуулж байв. Харин одоогийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд голлон анхаардаг.
ялгарал
- Хувийн хэвшил дэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ууган үйлдвэрүүдийн нэг.
- Европын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийг анхлан нэвтрүүлэгч.
- Хамгийн олон буюу 100 гаруй нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч. Үүний 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг технологийн албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг.
- 2026 он гэхэд нийт түгээлтийн машиныхаа 80 хувийг цахилгаан автомашин болгох, үйлдвэрлэлдээ саарал усыг дахин ашиглах, оффисын цахилгааныг нарны эрчим хүчээр шийдэх зэрэг ногоон хөгжил рүү чиглэсэн шинэчлэлтүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
хүнс групп гэж юу вэ?
Хүнс групп нь хүний амьдралын хэв маягт нийцсэн бүтээгдэхүүнийг мэргэжлийн ур чадвар, эрүүл жор, дэвшилтэт технологиор үйлдвэрлэн, хүнсний зөв хэрэглээний соёлыг түгээх эрхэм зорилготой. Сонирхуулахад, Монголд хүнсний салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан 2023 онд “Хүнсний манлай үйлдвэр”-ээр шалгарч байсныг онцлууштай. Дотоод үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээг тогтмол сайжруулахыг эрхэмлэн ажилладгийн хувьд чанарын удирдлагын ISO 9001:2015, хүнсний аюулгүй байдлын ISO 22000:2018 стандартуудыг тус тус ханган ажилладаг.
нэр
1995 оноос хойш “Хүнс комплекс” буюу хүнсний цогцолбор гэх нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, түүгээрээ дамжуулан дотоодын хүнсний хэрэглээг хангах хүсэл эрмэлзлээр ийнхүү нэрлэсэн юм.
одоо
1. Бизнесийн үйл ажиллагааны хувьд, хүний нөөцийн тогтвортой байдлыг бий болгохын тулд хүнсний технологийн коллеж, ХААИС, орон нутгийн МСҮТ-үүдтэй хамтран мах боловсруулах үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэн бэлтгэх чиглэлд төвлөрөн ажиллаж байна. Ингэхдээ, хувь хүний хөгжил дээр тулгуурласан сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулж, цаашлаад ажлын орчин нөхцөл дэх аливаа хүндрэл бэрхшээлгүй, тогтвортой ажлын байраар хангаж, карьерын өсөлтийг үе шаттайгаар бий болгох тал дээр голлон анхаарна. Ингэснээр зөвхөн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гэлтгүй аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт томоохон ахиц дэвшил гарах болов уу.
2. Малын гаралтай түүхий эдийг эцсийн түвшинд хүртэл боловсруулж, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, улмаар байгальд ээлтэй, хог хаягдалгүй үйлдвэрлэл эрхлэх зорилго тавин ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд бид гэрийн тэжээвэр нохой, муурны хоолыг үйлдвэрлэн, БНСУ-руу бэлтгэн нийлүүлдэг.
3. Нөөцийн махны хэрэглээг халж, дахин боловсруулах боломжтой савлагааны шинэлэг шийдэл бүхий шинэ малын махыг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр ХБНГУ, Чех, Унгар орнуудтай олон улсын судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж байна. Сонирхуулахад, манай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийн төлөөлөл өнгөрөгч сарын эхээр ХБНГУ-ын 80 гаруй жилийн түүхт мах, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг “Buchmann”-ийн үйлдвэрүүдээр зочилж, туршлага судлаад зогсохгүй шинэ бүтээгдэхүүнээ ч мөн амжилттай туршаад ирснийг дуулгахад таатай байна.
4. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн савлагааны горимыг дээд тал нь 83 хувь автоматжуулах боломжтой бөгөөд манай группийн хувьд 65 орчим хувийг автомат тоног төхөөрөмжөөр тоноглосон. Тухайлбал, ХБНГУ-ын Eberhard, Multivac, БНСУ-ын Comas зэрэг савлагааны автоматжсан иж бүрэн шугамуудыг нэвтрүүлээд байна. Энэ нь дан ганц үйлдвэрлэлийн нэг горимоо шинэчилж буй явдал бус салбартаа шинэ стандартыг бий болгож буй хэрэг гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой.
баг
Хүнс группийн хувьд 300 гаруй ажилтантай. Үүнээс 200 орчим ажилтан нь группийн боловсруулах үйлдвэрлэлийн салбар буюу “Хүнс комплекс” компанид харьяалагддаг.
Бид гурван жилийн өмнөөс группийн удирдлагын тогтолцоо руу шилжсэн бөгөөд оффистоо хамгийн хүн төвтэй, тав тухтай шийдлүүдийг шингээхийг хичээсэн. Манай хамт олон өөрсдийн бүтээмжтэй ажиллах арга барилдаа нийцүүлэн оффисын аль ч хэсэгт ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд амралтын хэсэг болон төвлөрч суух боломжтой хэсгүүдээр төрөлжүүлэн тохижуулсан.
ирээдүй
Бидний хамгийн ойрын зорилго бол олон улсын чанарын стандартуудыг нэвтрүүлсэн экспортын үйлдвэрийг ашиглалтад оруулах явдал. Уг төсөлд бид 3.8 сая долларын хөрөнгө оруулсан бөгөөд энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Цаашлаад бид мах, махан бүтээгдэхүүнд технологийн инновац болон нэмүү өртөг шингээн олон улсын зах зээлд нэвтрүүлээд зогсохгүй орчин үеийн залуусын энгийн хэрэглээнд нийцүүлсэн Easy cook, дээд зэрэглэлийн Mongolians зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг дотоод, гадаад зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
эрсдэл
Үнэнийг хэлэхэд, дотоодын хүнс үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөөн гэхээс илүүтэй зах зээлийн хуваагдлын зарчмаар өөр өөрсдийн чиглэлд тодорхой байр суурийг эзлэн ажиллаж байна. Хэдийгээр бид мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой нь сайшаалтай ч түүхий эд болох малын махыг бэлтгэн нийлүүлэхдээ эрүүл ахуйн чанарын стандартыг хангаж ажиллах шаардлага үүсээд байна. Нөгөөтээгүүр бодлогын хүүгийн өсөлттэй холбогдуулан эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл учруулж болзошгүй. ДНБ-ийн 13 орчим хувийг мал аж ахуйн салбар эзэлдэг. Энэ нь өөрөө харьцангуй бага тоо. Бид цаашид мах, махан бүтээгдэхүүний түүхий эд болох мал аж ахуйн салбараа хөгжүүлэхэд олон улсын санхүүжилт чухал хувь нэмэр оруулах тул бодлогын хүүг бууруулах тал дээр зохицуулалт хийх хэрэгтэй болов уу.
Цаашлаад ажиллах хүчний тогтворгүй бөгөөд хангалтгүй байдал. Дотооддоо хийсэн судалгаанаас харахад, идэвхтэй ажил хайж буй иргэд болон нийт ажлын байрны зар 90:10 харьцаатай буюу хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй харьцуулахад асар цөөн тооны ажил хайгч байна. Тэр дундаа үйлдвэрлэлийн салбар ажиллах хүчний асар хомсдолд орсон энэ цаг үед ажиллах хүчний бодлого дээр холбогдох удирдлагууд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодож байна.