Хажуугаар нь зөрөөд өнгөрөхөд сонирхож харахгүй байхын аргагүй нэг “хөөрхөн” газар үүднээсээ эхлээд л сонирхол татах бөгөөд, тэнд цугласан хүмүүс хүртэл энэ газраар заавал нэг саатаад явах ёстой мэт мэдрэмжийг төрүүлэх ажээ. Ороод үзвэл “Ирээдүйн амьдралын хэв маяг ер нь ийш л чиглэж байгаа юм байна даа” гэх сэтгэгдэл, төсөөллийг өгөхүйц олон өнгө, олон зүйл тэнд цогцлохын сацуу хүмүүсийн инээмсэглэл, ер бусын илч дулаан сэтгэлийг эзэмдэнэ. Өдөр бүр нэг хэвээр өнгөрч, ажил амьдралын хэвшмэл хуваарьт орсон ч, шинийг мэдэрч, өөрийг туршмаар байгаа хэн бүхэн зорьж үзүүштэй "Little Heaven in UB" хэмээх өвөрмөц нэгэн газрыг өнөөдөр танд танилцуулъя.  

Нэр: Little heaven in UB
Хаяг: Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд, 12 дугаар байр
Чиглэл: Кофе шоп, цэцэг, бэлэг дурсгал, керамик студи, органик арьс арчилгааны бүтээгдэхүүн
Үүсгэн байгуулагч: Э.Билигт, М.Нарангэрэл, А.Нарангаравуу, Ц.Номундарь
Үүсгэн байгуулагдсан: 2019 оны тавдугаар сар
Холбоосууд:​ Little heaven in UB (Фэйсбүүк), littleheavenin_ub (Инстаграм)


Үүсгэн байгуулагчид А.Нарангаравуу, Ц.Номундарь

сэдэл

"Little heaven in UB" бол урлагт хайртай, урлагийг залууст илүү өгөөжтэй хүртээмжтэй байдлаар хүргэхийг хүссэн гурван найзын харилцан ярианаас эхэлсэн ажил л даа. Үүсгэн байгуулагчдын нэг болох Билигт найз маань интерьер дизайнер, энэ чиглэлээрээ өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй бол Нарангэрэл найз маань керамикч мэргэжилтэй, шавар урлалыг илүү хөгжүүлж, олон нийтэд танилцуулан, нээлттэй урлантай болохыг хүсдэг байлаа. Харин миний хувьд органик гоо сайхны бүтээгдэхүүн, эфирийн тос зэргийг гүнзгийрүүлэн судалж, бүтээгдэхүүн хийж эхэлж байсан юм. Ийнхүү бид эдгээр сонирхол, бүтээлүүдээ кофегоор зангидаж, Улаанбаатарт нэгэн дулаахан, сонирхолтой, шинэлэг, цогц, нээлттэй, чөлөөтэй орон зайг бий болгоё хэмээн шийдээд ганцхан сарын дотор бэлтгэл ажлаа дуусгаад, үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь "Little heaven in UB" болсон доо.

ялгарал

Бидний нүдээр “Бяцхан диваажин” маань тэр чигээрээ ялгарал юм шиг санагддаг. Дэс дараатай нэрлэ гэвэл юун түрүүнд “уур амьсгал” гэж хэлнэ. Улаанбаатар хотын зүрхэн хэсгийн ийм жижигхэн орон зайд бид хотын хамгийн жижигхэн кофе шопыг, керамик урлан, бэлэг дурсгалын дэлгүүрийн хамтаар ажиллуулж байна.

Төсөөл дөө, "Little Heaven" гэсэн жижигхэн модон хаалганы босгыг даван ороход гадаа залуус халуун яриа өрнүүлэн хөгжилдөнө, хажуугаар нь хөнгөн хөгжим эгшиглэнэ. Дотогш ороход халуун кофены үнэр хан хийж, бариста үйлчлүүлэгч хоёр наана цаанаа орон холхино, кофе шопын жижигхэн өрөөнд зарим нь ажлаа хийнэ, зарим нь ном уншина. Хажуугийн хаалгыг татан орвол шавар нухаж буй нэгнийг, керамикаас өөр зүйлд анхаарах сөхөөгүй төвлөрсөн харцыг, зуухнаас дөнгөж гарч буй шинэхэн уран бүтээлтэй нь хамт харж болно. Цааш явахад таныг цэцэгсийн үнэр, сонин сонирхолтой гар урлалын бүтээгдэхүүнүүд угтана. Нэг буланд органик бүтээгдэхүүн, нөгөө буланд монгол дархчуудын урласан ахин давтагдашгүй гоёл чимэглэл, ойролцоох тавиурт сонирхолтой аяга таваг, керамикан бүтээлүүд, үлдсэн өнцөгт цэвэр даавуун хүүхдийн хувцас, харин өрөөний голд үзэсгэлэнт цэцэгс… Энэ бол "Little heaven"-ийн өдөр тутмын дүр зураг.

Бидний ялгарал энэ. Бид байлгахыг хүссэн бүхнээ энэ багахан орон зайд жаргалтайгаар цогцлоож, залууст зөв амьдралын хэв маяг, аз жаргал, урлагийг түгээж байгаа юм. Ямар нэг хэвшмэл эсвэл хайрцагласан модель байхгүй. Тийм ч учраас бид бизнесээ кофе шоп, керамик студи эсвэл органик дэлгүүр гэж хязгаарлалгүй "All the pretty things in one place" буюу "Хөөрхөн бүхнийг багтаасан газар" гэж тодорхойлсон юм.



"Little Heaven" гэж юу вэ?

Эрүүл, эерэг, урлаглаг бүхнийг хүргэх диваажингийн хэлтэрхий.

нэр

Бидний үндсэн консепц жижигхэн бөгөөд дулаахан газар. Жижиг байснаар илүү дотно, илүү тухтай, илүү гэр шиг мэдрэмжийг өгч чадна шүү дээ. Сайхан бүхэн байдаг, сонирхолтой хүмүүс байдаг, хэзээ ч очсон халуун дотно байдаг газрыг бид диваажинтай зүйрлэсэн. Ингээд л Little Heaven буюу Бяцхан диваажин.

одоо

Үйл ажиллагаагаа явуулж эхлээд хэдийн жил, гурван сар болсон байна. Ямар ч тооцоо судалгаагүй шууд л дуртай зүйлээ хийх гээд дайраад орж байсан үеэ бодвол бизнес маань одоо харьцангуй тогтворжиж, хүмүүст харьцангуй танигдаад, байнгын үйлчлүүлэгчидтэй болсон байна. Үйлчлүүлэгчид маань ч манай онцлогийг ойлгоод өөрөө өөртөө үйлчлээд, ажилтнуудтай маань найзууд шиг байдаг болчихсон шүү. Үндсэндээ бол эхний зорилго биелсэн гэж болно. Өөрөөр хэлбэл эхний жилдээ уур амьсгал, үйлчлүүлэгчдэдээ өгөх үнэ цэн, үйл ажиллагааны жигдрэл, горимоо олоход илүүтэй анхаарсан бол одоо хүний нөөц, байгууллагын соёл, бүтээгдэхүүний чанар стандарт тал дээрээ илүү төвлөрч байна. Хэн ч хийсэн бүтээгдэхүүн нэг чанараараа гардаг байх ёстой шүү дээ. Нэг ёсондоо найзуудын хүрээллээс байгууллагын бүтэц рүү орох гэж хичээж байна.


баг

Одоогоор бид 14-үүлээ ажиллаж байна. Үндсэн үйл ажиллагаагаа хариуцдаг буюу үүсгэн байгуулагч дөрвөн хүн, кофе шопд гурван хүн, керамик студид гурван хүн, дэлгүүрт гурван хүн, дэлгүүрийн бүтээгдэхүүнийг урладаг хоёр дархан.

ирээдүй

Бид амралтын өдрүүдэд керамик сургалт, органик бүтээгдэхүүний эвэнт, уран зургийн болон интерьерийн сургалтууд тогтмол хийдэг. Үйл ажиллагааны онцлог, үнэ цэнээс гадна эдгээр үйл ажиллагааг зорин ирдэг хүмүүс бидний бодсоноос ч олон болсон. Эрэлт их байна. Тиймээс үндсэн консепц болох жижиг гэдэг онцлогоо алдахгүйгээр ийм үйлчилгээ эрж хайж байгаа бусад хэрэглэгчдэд хүрэхийн тулд бидэнд салбартай болох хэрэгцээ гарч ирсэн. Тийм ч учраас Урчуудын эвлэлд хоёр дахь салбараа амжилттай нээсэн. Уран бүтээлчдэд илүү ойртсон салбар болохоор хүмүүст ч их таалагдаж байгаа шүү. Цаашид илүү олон хүмүүст энэ мэдрэмжийг, энэ хэмнэлийг бэлэглэмээр байна.

эрсдэл

Энэ асуултад юу гэж хариулахаа мэддэггүй ээ (инээв). Бид залуу хүмүүс. Өөдрөг байдал, эрч хүч, хурд бидний давуу тал болохоор одоог хүртэл гарч байсан асуудал бэрхшээлүүдээ яаж ашигтайгаар шийдэж болох уу л гэж бодож байснаас эрсдэл гэж хүлээж авч байгаагүй юм байна.

Жишээ нь, өвлийн улиралд бид хамгийн гоё хэсэг болох гадаах талбайгаа ашиглаж чадахгүй байсан юм л даа. Тэр үед бид “Одоо хэдүүлээ цэсэндээ гадаа цас орохыг харангаа ууж болох халуун кофе, дарсыг нэмээд, эндээ ингэж хивс дэвсээд…” гээд л мөрөөдөл, төлөвлөгөө нь ялгагдахгүй яриан дундаа орж явсаар нэг л мэдэхэд эрсдэлийг боломж болгочихсон байсан.

Бас манай үүсгэн байгуулагчдын нэг болох Билигт маань интерьер дизайнер болохоор юуг яаж ашиглавал хамгийн хялбар, эрүүл, хэмнэлттэй вэ гэдэг дээр мэргэшчихсэн хүн гэж болно. Энэ хандлага нь бидний бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээ, зорилго чиглэлд суучихсан тул ер нь л эергээр хардаг шүү.