Өнөөдрийн дугаартаа бид сошиал сүлжээнд суурилсан сургалтын нэгдсэн платформ “Melearn” компанийг энэ удаа онцолж байна. Монголд анх удаа “Social Learning Platform” хөгжүүлж, бизнес, хувь хүний хөгжил, мэдээллийн технологи зэрэг 10 гаруй төрлийн онлайн хичээл, интерактив контентуудыг түгээж буй тус компани нь өнгөрсөн онд ICT группээс амжилттай хөрөнгө оруулалт татаж, олон улсын зах зээлд нэвтрэхээр бэлтгэж байна. Суралцах, мэргэших үйл явцыг дижитал шийдлээр хөгжүүлж, хаанаас хэзээ ч өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож буй “Melearn” багийнхантай танилцъя.

Нэр: Melearn
Хаяг: “Шинэ үе” сургуулийн ард, Реженси Резиндэнс, 2-р давхар
Чиглэл: Онлайн сургалтын нэгдсэн апп
Үүсгэн байгуулагч: О.Төрмөнх
Үүсгэн байгуулагдсан он: 2019
Холбоос: Вэб, Фэйсбүүк, Инстаграм



сэдэл

Хувь хүний хөгжлийн арга хэмжээнүүд тренд болж байсан 2017 онд “Mevento” компанийг байгуулж, энэ төрлийн арга хэмжээг цахимаар зохион байгуулж эхэлсэн юм. Гэвч гол бүтээгдэхүүндээ төвлөрч чадаагүйн улмаас бизнесээ зургаан сар үргэлжлүүлээд, үйл ажиллагаагаа зогсоож байлаа.

Гарааны бизнесээ эхлүүлсэн ч амжилтад хүрээгүйн гол шалтгаан нь ердөө цэгцгүй сэтгэлгээ, системгүй үйл ажиллагаа байв. Тиймээс Skillshare, Udemy гэх гаднын платформуудаас хичээл авч, нэг сарын хугацаанд график дизайн, маркетингийн чамлахааргүй мэдлэгтэй болов. Гэвч бизнест шаардлагатай ур чадваруудыг эзэмшихэд одоогийн уламжлалт боловсролын систем хангалтгүй санагдсан тул Монголд сургалтын нэгдсэн платформыг байгуулах санаа олж, анхны вэб хувилбарыг бүтээснээр өнөөдрийн "Melearn"-ийг эхлүүлсэн түүхтэй. Үндсэн апп-ын хөгжүүлэлт 2019 оны сүүлээс эхэлж, олон нийтэд танилцуулахтай зэрэгцэн анхны хөрөнгө оруулалтаа "Socratus Startup Studio"-гоос авч байв. Бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан мэдлэг, ур чадварыг бий болгохын сацуу бусдад хуваалцах арга замыг хялбаршуулахыг зорьдог.

ялгарал

Бизнесийн чиглэлийн сургалтын байгууллага болон мэдээлэл технологийн компаниуд өөрсдийн вэб сайтаар дамжуулан сурагчдадаа мэдлэг олгодог ч бүгдийг нэг дор багтаасан платформын хувьд Melearn анхдагч юм. Түүнчлэн бид "Social Learning Platform" хөгжүүлсэн нь бусад өрсөлдөгчөөсөө ялгарах гол онцлог юм. Өөрөөр хэлбэл, сургалтын үйл ажиллагааг сошиал платформын хэв маягтай хослуулан хүргэдэг гэж ойлгож болно. Дэлгэрүүлбэл, манай апп-ыг ашиглан сургалт, зөвлөгөөгөө хүргэж буй контент бүтээгчид фэйсбүүк, твиттер, инстаграмдаа пост, стори оруулж буй мэт өөрийн үүсгэсэн профайлаараа дамжуулан хэрэглэгчидтэй шууд харилцах боломжтой. Ингэснээр зөвхөн өөрт хэрэгтэй мэдлэг, ур чадварыг олж авах боломжтой. Ингэхдээ видео, подкаст, нийтлэл хэлбэрээр хэрэгцээт сургалтаа авах юм.



“MELEARN” ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн мэргэжилтнүүдийг салбарынхаа түүчээлэгчид болгох зорилготой “Social Learning Platform” гэх цоо шинэ консепцийг анх удаа хөгжүүлж буй платформ.

нэр

“Me” буюу би, “learn” буюу суралцах гэсэн үгсийг хоршуулж, бие даан суралцах гэсэн утгыг илэрхийлсэн.

одоо

Боловсролын чанарын тухайд бид ажлын байранд шаардагдах ур чадварыг орхигдуулдаг. Гэвч энэ бол карьераа эхлүүлж буй залууст маш чухал ур чадвар шүү дээ. Тэр хэрээр тухайн мэргэжлийн онцлог, карьер төлөвлөлтөд нийцсэн ур чадварыг богино хугацаанд олгох контентууд тогтмол эрэлттэй байдаг гэсэн үг. Тиймээс сурч, хөгжихийг хүссэн хэн бүхэнд ойлгомжтой, хялбар байлгах зорилгоор хийсэн шинэ хөгжүүлэлтээ танилцуулахад таатай байна. Тухайлбал, premium хэрэглэгчдэдээ зориулан пост, стори оруулж болох үйлдлийг нэмсэн. Үүнийг дараа сараас эхлэн бүх хэрэглэгчид ашиглах боломжтой.


"Melearn" компанийн үүсгэн байгуулагч О.Төрмөнх


баг

Програм хангамжийн инженерүүд болон маркетинг, контент хариуцаж буй нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 ирээдүй

Олон шилдэг мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар эзэмших, хуваалцах үйл явцыг хялбаршуулснаар суралцагчдадаа салбартаа түүчээлэх боломжийг нээж өгч буй гэдэгт итгэдэг. Тиймээс зөвхөн дотооддоо бус гаднын зах зээлд өрсөлдөх эрмэлзэл, алсын хараа бий. Үүний дагуу олон улсад гарах сувгуудаа судалж байгаа.

эрсдэл

Бизнесээ эхлүүлэхээс өмнө олон төрлийн стартап дунд байж үзсэн. Тэр үед гарааны бизнесийн 99 хувь нь амжилт олдоггүй гэж олон хүн ярьж байсан ч асуудлын шалтгаан юунд байгааг анхаардаггүй юм шиг санагдсан. Ихэнх компанийн систем бүрэлдээгүйн улмаас цэгцтэй төлөвлөгөө гаргаж чаддаггүй. Түүнийг дагаад ажлын бүтээмжээ үнэлж чадахгүй. Үнэлээгүйн улмаас цаашид өсөлт гаргахад асуудал үүснэ. Манай компани хоёр жилийн өмнөөс бизнесийн зорилгоо тодорхой тавьж, ямар зарчмаар хэрхэн ажиллах зэргийг суралцан, компанийн тогтсон системтэй болсон. Бид нэгдүгээрт зорилгоо тодорхойлох, хоёрдугаарт түүндээ хүрэх хатуу зарчимтай байх үндсэн философийн дагуу ажиллаж байна.