Олон улсад танигдаж, дэлхийн хэрэглэгчдэд хэдийн танигдсан алдартай брэндийг албан ёсоор төлөөлнө гэдэг аль ч бизнесийн байгууллагын хувьд нэр төрийн хэрэг байдаг билээ. Тэгвэл 2016 оноос хойш арьсан гутлын Bata, гал тогооны хэрэгслийн Gipfel, охид бүсгүйчүүдийн дуртай бэлэн хувцасны Tally Weijl зэрэг цөөнгүй брэндийг дотоодын зах зээлд амжилттай байршуулж чадсан "БОСА Глобал Брэндс" ХХК-ийн хэрэглэгчдэдээ барьж буй ээлжит бэлэг нь та бидний сайн мэдэх алдарт Michael Kors болж байна. Дэгжин бүсгүйчүүдийн илэрхийлэл болсон энэхүү брэндийн манай улсад албан ёсоор орж ирсэн түүх, онцлог зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцахаар төслийн удирдагч Б.Ангарагийг "Онцлох бизнес" буландаа урилаа.   

Нэр: Michael Kors Mongolia
Хаяг: Шангрилла моллын 1 давхарт
Чиглэл: Франчайз, Lifestyle дэлгүүр
Үүсгэн байгуулагч: "БОСА ХОЛДИНГ" ХХК, “БОСА Глобал Брэндс” ХХК
Үүсгэн байгуулагдсан: 2020
Холбоосууд:​ Michael Kors BGB (Фэйсбүүк)


Төслийн удирдагч Б.Ангараг

Сэдэл

БОСА ХОЛДИНГ ХХК анх 1996 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үргэлж салбараа хөгжүүлэн түүчээлэх, шинэ соргог бараа бүтээгдэхүүн, техник технологийг нэвтрүүлэх чиглэлд анхаарч, түүнийг дотоодын хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэхийг хичээсээр ирсэн /b. Тиймдээ ч бид одоо үйлдвэрлэл, үйлчилгээ, франчайз-гадаад худалдаа гэсэн үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй арваад салбар компанитайгаар 24 дэх жилдээ амжилттай ажиллаж байна.

Ингээд бид франчайз бизнесийн чиглэлээр өмнө нь Bata, Giphel, Tally Weijl зэрэг брэндийг албан ёсоор оруулж ирж байсан туршлага дээрээ үндэслэн энэ удаад дэлхийд алдартай Michael Kors брэндийг албан ёсоор хэрэглэгчдэдээ хүргэхээр шийдсэн юм. 2018 оны сүүлээс яригдаж эхэлсэн энэ яриа Michael Kors брэндийн толгой компани болох Capri Holdings Limited-ийн Ази Номхон далайн бүсийн салбартай холбоо тогтоон, эхний уулзалтуудаа хийхээс эхлээд дэлгүүр нээгдэх хүртэлх нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн ажлын үр дүн юм. Улмаар дэлхийн даяар 100 гаруй оронд 870 гаруй салбар дэлгүүртэй Michael Kors брэндийн Монгол дахь анхны албан ёсны дэлгүүр өнгөрөгч 6 сарын 15-нд Шангрила Молл-д нээлтээ хийгээд байна.

ялгарал

Манай төслийн багийнхан энэ хугацаанд дотоодын хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөв, зах зээлийн судалгааг маш сайн хийж гүйцэтгэн, түүнийгээ Michael Kors брэндийн эрхийг эзэмшигч толгой компанид сайтар ойлгуулж, нягт хамтран ажиллаж чадсаны дүнд нэлээд "чанартай" ялгарлуудыг дэлгүүртээ бий болгож чадсан шүү.

Нэгдүгээрт, бид зах зээлээ судалж үзээд Michael Kors-ийн Michael Michael Kors болон Michael Kors Mens зэрэг цуглуулгуудыг нэгэн цогц буюу lifestyle консепттойгоор оруулж ирсэн. Энэ нь олон төрлийн сонирхолтой, үргэлж шинийг эрэлхийлэгч худалдан авагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц давуу талыг бий болгох юм. Иймд хэрэглэгч манай дэлгүүрээс зөвхөн цүнхнээс гадна Michael Kors брэндийн түрийвч, нүдний шил, цаг, гоёл чимэглэл, бэлэн хувцас, гутал зэрэг өдөр тутмын бусад бүтээгдэхүүнүүдийг ч худалдан авах боломжтой.

Хоёрдугаарт, үнэ. Монгол дахь салбар дэлгүүр маань байршлын хувьд хэдийгээр Ази Номхон далайн бүсэд харьяалагддаг ч бид толгой компанитайгаа сайтар хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр Азийн бусад орнууд болох БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс орнуудтай харьцуулахад 50 орчим хувиар бага үнэ тогтоох боломжтой болсон. Энэ нь манай салбар АНУ-ын Michael Kors-ын нэрийн дэлгүүр дээрх үнээс хол зөрүүгүй үнээр бүтээгдэхүүнүүдээ борлуулж байгаа гэсэн үг юм.

Үүнээс гадна ганцхан Монгол дахь салбар гэлтгүй Michael Kors брэнд дэлхий даяар үнэ цэнээ дөрвөн зүйлээр тодорхойлсон байдаг. Үүнд, тансаг, зохимжтой, загварлаг, төрөл бүрийн хэрэглээнд тохирч байнга хажууд тань байх гэсэн үнэ цэн, онцлогууд багтаж байгаа.



michael Michael kors гэж юу вэ?

Анзаарахгүй байхын аргагүй чамин тансаг, тухтай хэрэглээ.

нэр 

Michael Kors брэндийн нэр нь загвар зохион бүтээгч Michael David Kors-ийн нэр юм. Уг брэнд дотроо үндсэн гурван цуглуулга буюу коллекцтой. Үүнд, Michael Кors буюу тансаг хэрэглээний, MICHAEL Michael Kors буюу худалдан авах боломжтой тансаг хэрэглээний, Michael Kors Mens буюу эрчүүдэд зориулсан гэх цуглуулгууд ордог.

одоо 

Зорилтот хэрэглэгчдийн маань ихэнх нь Michael Kors брэндийг Монголд орж ирэхээс өмнө эчнээ мэддэг байсан байж болох ч энэ нь нийт хэрэглэгчид бүгд мэддэг гэсэн үг биш юм. Иймд бид эдгээр өдрүүдэд брэндийнхээ танигдалтыг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэн зөв ойлголтыг түгээх ажлууд дээр төвлөрч байна.

Мөн үндсэн брэнд маань улирал бүрд нэг цуглуулга, жилд нийт дөрвөн цуглуулга гаргадаг. Одоогоор бид намар өвлийн цуглуулгуудыг оруулж ирэх, олон нийтэд хүргэх зэрэг ажилд ороод явж байна.



баг

Төслийн боловсруулалтын шатанд "БОСА Холдинг" ХХК-ийн Бизнес Хөгжлийн газар болон "БОСА Глобал Брэндс" ХХК-ийн Гадаад харилцааны багийнхан хамтран жил орчмын хугацаанд ажилласан. Одоо бол тус брэндийг "БОСА Глобал Брэндс" ХХК-ийн 10 орчим ажилтантай баг бүрэн хариуцан ажиллаж байна.

Багийн хувьд загвар зохион бүтээгч Michael Kors нэгэнтээ "Хэдий би энэ загваруудыг гаргаж байгаа ч гэлээ үүнийг хэрэглэгчдэд хүргэгч нь худалдааны зөвлөхүүд юм шүү" гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч худалдааны зөвлөхийн ур чадвар, хандлага зэрэг нь брэндийг илүү үнэ цэнтэй болгодог чухал хүчин зүйл. Иймд бид худалдааны зөвлөхүүдээ үйлчилгээний ур чадварт сайтар сургаж, хэрэглэгчид яг ойр дотнын хүнтэйгээ хамт дэлгүүр хэсэж байгаа мэдрэмж төрүүлэхүйц найрсаг, таатай үйлчилгээг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байгаа. Үйлчлүүлэгч манайхыг сонгон ирснээр мэргэжлийн худалдааны зөвлөхтэй санал солилцож, хамтран ярилцсаны дүнд шийдвэрээ гаргах боломжтой.

ирээдүй

Michael Kors бол зүгээр л нэг цүнх, зүгээр л нэг хувцас, зүгээр л нэг аккессорийн дэлгүүр буюу цуглуулга биш. Энэ бол дээд зэрэглэлийн арьс, алт мөнгөний хольцтой тоноглолуудыг ашиглаж хийдэг, таныг илэрхийлж, таныг тодотгож өгөх тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн юм. Брэндийнхээ үнэ цэнийг бий болгох, байр суурийг сайтар тогтоож өгөх нь бидний зайлшгүй хийх ёстой ажил.

Нөгөө талаас бид байнга хувьсан өөрчлөгдөж байдаг, тааварлашгүй шийдлүүд ар араасаа гарч ирсээр байдаг ийм онцлогтой, хурдтай салбарт ажиллаж байгаа учир үргэлж цаг үеэсээ хоцролгүй, шинэ бүхнийг соргогоор харж, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэлтэйгээр биелүүлсээр байхад анхаарсаар байх болно.

Мөн эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлээд явах төлөвлөгөө бий.

эрсдэл

Үнэндээ ямар ч сайн мэргэжилтнүүдтэй баг байгаад эрсдэлийг урьдчилан үнэн зөвөөр тооцоолно гэдэг амаргүй. Жишээ нь, найман сарын өмнө гэхэд хэн ч цар тахлын эрсдэлийг тооцоогүй л байсан шүү дээ.

Иймд бид эрсдэл бүрийг тооцож, түүнд бэлтгэлтэй байх гэхээс илүүтэй гарч ирсэн жижиг гэхгүй эрсдэл бэрхшээлийг соргогоор харж, маш хурдан гарц гаргалгаагаа боловсруулж, төлөвлөгөөний дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай авах чадвартай байхад төвлөрдөг. Бидний хувьд удаан хариу үйлдэлтэй, нөхцөл байдлыг ойлгох гэж их цаг авдаг, буруу шийдвэр гаргадаг, түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй уддаг, шаардлагатай гарц гаргалгааг боловсруулж чаддаггүй байх зэрэг нь жинхэнэ эрсдэл юм шиг санагддаг даа.