Энэ удаад Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтын салбарт тэргүүлэгч компаниудын нэг "Монголиан Стар Дистрибюшин" ХХК-ийг oнцолж байна. "Бид хүний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих, итгэл хүлээсэн дэлхийн брэнд бүтээгдэхүүний мэргэшсэн дистрибютер байна" хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон тус компанийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тэдний үе үеийн ажилтнууд болон нийт хэрэглэгч, харилцагч нарт нь ойн баярын мэндийг дэвшүүлье.   

Бизнесийн нэр: Монголиан Стар Дистрибюшин ХХК
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, Galaxy tower
Үйл ажиллагааны чиглэл: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, борлуулалт
Үүсгэн байгуулагдсан он: 1998 он
Үүсгэн байгуулагч: С.Болормаа
Гүйцэтгэх захирал: О.Энхтамир
Цахим хуудсууд: Huggies Mongolia | Kleenex Mongolia | Kotex Mongolia| SPLAT | Шүдний дагина | Гэрэл нэмнэ | Саруул гэр | Haircare Mongolia

сэдэл

Монголиан Стар Дистрибюшин компани нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан үе буюу 1998 онд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Болормаагийн "Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийд тэргүүлэх брэндүүдийн өндөр чанартай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хүргэх" зорилго дээр үндэслэн байгуулагдсан.

Тухайн үед манай улсын эдийн засаг жижиг, хэрэглэгчдийн худалдан авах чадвар бага байснаас шалтгаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний томоохон компаниуд Монголын зах зээлийг сонирхдоггүй, үүнийг дагаад зах зээлд бараа бүтээгдэхүүний сонголт ч тун хязгаарлагдмал байв. Жишээлбэл, тэр үеийн айл өрх, албан байгууллагууд угаалгын нунтаг, барааны саван, эсвэл хлораминыг л ариутгал цэвэрлэгээндээ ашигладаг байлаа. Харин 2000 онд манай компани АНУ-ын SC Johnson компанийн Монгол дахь албан ёсны дистрибютер болсноор гэр ахуйн цэвэрлэгээний салбарт томоохон дэвшил хийж чадсан. Уг компани нь монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг Toilet Duck, Pronto, Glade, Mr. Muscle, Raid, OFF зэрэг брэндийн гэр ахуйн цэвэрлэгээ, арчилгааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг билээ.

Манай компани анхны зорилгоосоо хазайлгүй 25 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Ялангуяа 10 жилийн өмнө бид компанийнхаа эрхэм зорилгыг "Бид хүний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих, итгэл хүлээсэн дэлхийн брэнд бүтээгдэхүүний мэргэшсэн дистрибютер байна.” гэж тодорхойлсон. Энэ бол манай компанийн үйл ажиллагаа явуулж буй үндсэн зорилго, сэдэл юм.


ялгарал

Компанийн маань хамгийн том ялгарал нь бидний түнш байгууллагууд болон брэнд бүтээгдэхүүнүүд. Үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа эхлэн ямагт хямд үнэтэй, чанаргүй барааг богино хугацаанд борлуулж, амархан ашиг олохоос татгалзаж ирсэн. Эсрэгээрээ инновац, дэвшилтэт технологид тулгуурлан хүний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих шилдэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай хамтран, хэрэглэгчдэдээ хамгийн шилдгийг хүргэхийг зорьсоор 25 жилийг үджээ. Тиймээс өнөөдөр дэлхийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч SC Johnson, Yuhan-Kimberly, Unilever, Splat, Haleon компаниудын бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. Дэлхийд тэргүүлэгч брэндүүдтэй ажилласнаар бид олон давуу талыг хэрэглэгчдэдээ өгч чаддаг. Жишээлбэл:

1. Инновац: Бидний хамтрагч компаниуд дэвшилтэт технологийн R&D (research and development) лаборaториудыг байгуулж, олон зуун сая ам.долларыг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд зарцуулдаг. Үүний үр дүнд хуулбарлахад бэрх, бодит үнэ цэн бүхий шилдэг бүтээгдэхүүн бий болдог юм. Ингэхдээ бүтээгдэхүүнийхээ хүний эрүүл мэнд, сайн сайхан болон байгаль орчинд ээлтэй байдлыг нь тогтмол нэмэгдүүлдэг.

2. Чанар ба чанарын удирдлага: Хамгийн шилдэг түүхий эдийн сонголт, үйлдвэрлэлийн өндөр стандарт, нягт нямбай чанарын хяналт, аюулгүй баталгаат тээвэрлэлт, хадгалалт гээд олон үе шаттай чанарын удирдлагын тогтолцооны үр дүнд, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

3. Нийгмийн хариуцлага: Бидний түншүүд зөвхөн ашиг олоход анхаарах бус байгаль орчин, нийгэмд хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Жишээ нь, бидний хамтрагч Huggies, Depend, Kotex, Kleenex брэндүүдийг үйлдвэрлэгч Yuhan-Kimberly компани Монгол Улсын Засгийн Газар болон холбогдох яам, албан байгууллагуудтай хамтран Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Тужийн нарс дахь Yuhan Kimberly ойн ажиглалтын цамхаг

Тужийн нарс дахь Yuhan Kimberly ойн танилцуулга

монголиан стар дистрибюшин гэж юу вэ?

Монголынхоо хэрэглэгч, харилцагч нарт хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх нэгдмэл зорилготой, өндөр ур чадвар, ёс зүй, эерэг хандлага, өсөх сэтгэлгээ бүхий хамт олны нэгдэл буюу мэргэшсэн дистрибютер компани юм.

Unilever International компаниас жил бүр шалгаруулдаг "Best Market Execution" шагналыг "Монголиан Стар Дистрибюшин" ХХК 2023 онд OMO брэнд дээр гардан авлаа

нэр

Монгол Улсын дистрибюшин бизнесийн салбарт нь од нь болж гялалзах, хамгийн шилдэг нь байх гэсэн утгатай.

одоо

Манай компанийн хамт олон SC Johnson, Yuhan-Kimberly, Unilever, Splat, Haleon компаниудын 35 брэндийн 600 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон 21 аймгийн 7,000 орчим худалдаа эрхлэгч харилцагчдаараа дамжуулан эцсийн хэрэглэгч нартаа хүргэн ажиллаж байна.

Бараа өрөлтийн ажилтан Т.Даваапүрэв


баг

Бид одоогоор үндсэн 10 хэлтсийн 230 орчим ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Менежментийн хувьд удирдлагын босоо тогтолцооноос зайлсхийж, шат шатандаа холбогдох шийдвэрээ гаргах боломжтой хэвтээ тогтолцоо руу тэмүүлдэг. Мөн хамт олныхоо бүтээмж, сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд хүчтэй соёлыг төлөвшүүлэх дээр гол анхаарлаа хандуулдаг бөгөөд тэр дундаа өсөх сэтгэлгээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна.


ирээдүй

10 жилийн өмнө манай компани алсын хараагаа "Хэрэглэгч, харилцагчдынхаа эрхэм сонголт нь байна" гэж тодорхойлсон. Тиймээс бид өөрсдийн үйл ажиллагааг нарийн төлөвлөж, оновчтой зохион байгуулан, өндөр бүтээмжтэй ажиллах замаар хэрэглэгч, харилцагч нартаа өгөх үнэ цэнээ тогтмол өсгөн нэмэгдүүлэхийг зорьдог. Цаашид ч энэ алсын хараа маань хэвээр байна.


эрсдэл

Мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил бизнесийн үйл ажиллагааны зарчмыг маш хурдтай өөрчилж байна. Энэхүү нөхцөл байдалд дасан зохицож, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа шингээж чадалгүй хоцорвол зах зээлд өрсөлдөх чадвараа алдах эрсдэл бодитоор бий болсон. Тиймээс бид компанийнхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх дижитал шилжилтийн төслүүд дээр хөрөнгө оруулалт хийж байгаа. Нэн ялангуяа механик ажиллагааг бууруулж, олон давтагддаг ажилбаруудыг автоматжуулахад голчлон анхаарч байна. Жишээ нь, энэ онд агуулах, түгээлтийн үйл ажиллагааг автоматжуулах апп хөгжүүлэн aшиглалтад нэвтрүүлсэн бол 2024 онд оффисын өдөр тутмын ажлыг автоматжуулах систем нэвтрүүлнэ.