Тэртээ 1998 онд Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz брэндийг Монголд хамгийн анх албан ёсоор танилцуулсан МСМ Групп энэ онд 25 жилийн ойгоо угтаж буй. Ойн баяраа угтан автомашины салбарт тэргүүлэх туршлагатай энэхүү хамт олон харилцагч, үйлчлүүлэгч нартаа илүү ойртож, хотын төвд засвар үйлчилгээний шинэ салбараа нээжээ.      

Онцлох булангийн шинэ дугаартаа Time Square хотхонд байрлах тус салбарын мэргэжлийн хамт олонтой танилцъя.     

Бизнесийн нэр: МСМ Групп, Time Square
Хаяг: ХУД, Time Square хотхон, 501-р байр
Үйл ажиллагааны чиглэл: Засвар үйлчилгээний төв
Үүсгэн байгуулагдсан он: 1998 он
Цахим хуудас: msmgroup.mn (вебсайт) MSM Automotive (фэйсбүүк)


Time Square салбарын менежер Т.Энхбаяр

сэдэл

МСМ автомотив нь дэлхийн алдарт Mercedes-Benz, Ford, Ram, Jeep, BYD, Fuso гэсэн зургаан брэндийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг. Бид үйлчлүүлэгчдэдээ шуурхай үйлчилгээг илүү ойроос хүргэхийн тулд засвар, үйлчилгээний хэлтсийн хоёр дахь салбараа Time Square хотхонд нээлээ. Албан бус тоогоор энэ хэсэгт 20 мянга гаруй үйлчлүүлэгч бий. Бид үйлчлүүлэгчдийн байршлын судалгаанд үндэслэн хэрэглэгчдийн хамгийн таатай байршил гэдгээр нь Time Square хотхоныг сонгосон юм.

Шинэ автомашин худалдаалахад тухайн брэндийн онцлогоос хамаарч засвар, үйлчилгээнд орох баталгаат хугацааг гэрээнд тодорхой заадаг. Харилцагч, үйлчлүүлэгч нартаа түгжрэлд өртөж, дараалалд хүлээлгүйгээр өөрт хамгийн ойроос хэрэгтэй үйлчилгээг санал болгож ийнхүү хоёр дахь салбараа нээлээ.

ялгарал

Оригинал сэлбэг: Автомашины засвар, үйлчилгээнд бүх төрлийн сэлбэгийг захиалан хэрэглэж болох ч бидний хувьд бүх бүтээгдэхүүнийг үндсэн үйлдвэрлэгчээс нийлүүлдэг онцлогтой.

Мэргэжлийн баг: Засвар үйлчилгээг хийж дууссаны дараа чанар шалгагч мэргэжилтэн дахин хянаж, ямар брэндийн автомашинд, юуг онцгойлон анхаарах ёстойг шалгадаг. Автомашины брэнд бүр өөрсдийн онцлогтой бөгөөд жишээ нь Mercedes-Benz, Ford-ийн автомашинуудад гадуур зардаг ердийн тос бус зөвхөн өөрийн үйлдвэрлэгчээс зориулан гаргасан 5W-30 хэрэглэдэг онцлогтой. Энэ салбарт Mercedes-Benz-ийн засвар үйлчилгээгээр 17 жил мэргэшсэн чадварлаг механикчид ажилладаг.

Шилдэг технологи: Бид үйлчилгээндээ Герман улсын багаж, тоног төхөөрөмжүүдийг хэрэглэдэг. Жишээ нь автомашины хуулганы хувьд наасны дараа үндсэн өнгийг өөрчлөх, хэсэг хугацааны дараа хуурах, цавуу нь хатаж үлдэх асуудлууд элбэг гардаг. Бид шинэ салбартаа Германы алдарт BASF компанийн уян хатан чанартай, тос, гаднын элэгдэлд тэсвэртэй TPU RODIM брэндийн автомашины будаг хамгаалах хуулгыг бүх төрлийн автомашинд нааж үйлчилж байна.


Time Square гэж юу вэ?

Автомашины засвар, үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хамгийн ойроос, хурдан шуурхай хүргэх шинэ салбар.

нэр

River Garden, Time Square хотхон гэхэд хүн бүр мэднэ. Харилцагч, үйлчлүүлэгч нарт ойр, үйлчлүүлэхэд хялбар байх үүднээс ийнхүү нэрлэсэн.

одоо

Шинэ салбараа нээснээс хойш 600 гаруй үйлчлүүлэгч хүлээн авчээ. МСМ Группийн засвар үйлчилгээг хэрэглэгч өөрт ойроос, хялбар, шуурхай хүлээн авах болсон гэдгийг үйлчлүүлэгч нартаа таниулсаар байна.

баг

Бид механик, чанар шалгагч, хуулганы техникч, үйлчилгээний зөвлөх зэрэг 20 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манайд МСМ Групптэй хамт эхэлсэн арвин туршлагатай ахлах механикчид олон бий. Мөн техникийн ажилтнуудаа жил бүр гадагшаа сургалтад хамруулдаг. Саяхан манай таван ажилтан Хятадын Шанхайд болсон Германы BASF RODIM® брэндийн хуулга наах сургалтад хамрагдаад ирсэн.

Ахлах техникч М.Балжинням:

Автомашины хуулга дотроо олон төрөлтэй. Энгийн хуулга долоо, найман давхаргатай бол RODIM® брэндийн хуулга 13 үетэй. Энэ нь илүү цавуулаг, таталт, суналт, барьц сайтай гэсэн үг. Хятадад оролцсон сургалтын үеэр хуулганы эсгүүрийн машинтай ойроос танилцаж, олон төрлийн аргачлалыг туршиж үзсэн.


ирээдүй

Манай үйлчлүүлэгчид автомашин худалдан аваад гарахдаа хуулга, цонхны тень, суудал халаагч, арьс арчилгаа зэрэг автомашинд хэрэгтэй бүх хэрэгцээгээ хангадаг байхаар зорин ажиллаж байна. Тиймээс ч бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлөө олшруулж хуулганы бизнес эхлүүллээ. Мөн тун удахгүй Мercedes-Benz, Ford-ийн зах зээлд ховор, олдоц бага өвлийн болон дөрвөн улирлын дугуйг нийлүүлнэ.

эрсдэл

Time Square салбар хотхон дотор байрладаг учир оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллах нь нэн чухал. Группийн зүгээс Хөдөлмөр, Аюулгүй байдлын хэлтэс цаг тухай бүрд шалгалт үзлэг хийж, шаардлагатай зааварчилгааг өгч ажилладаг. Бид үйлчилгээний ачааллаа тэнцвэржүүлэн энэ салбартаа дуу чимээ, үнэр гардаггүй хөнгөн төрлийн засварууд хийж, шаардлагатай хүнд засвар үйлчилгээг МСМ Автомотив засварын төв салбарт хийж байна.