Урт насалж, удаан жаргах хүсэлд маань тус болох олон хүчин зүйлс байдгийг бид мэднэ. Эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, бүтэн нойр авах гэх мэт. Гэхдээ энэ удаагийн дугаарт бид “Спортоор хичээллэхийн ач тус” гэх хүн бүрийн мэдэх агуулгыг алгасаж, нэгэнтээ спортоор хичээллэхээр шийдвэрээ гаргасан ч, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа уншигчдадаа зориулан спортын бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой Msports-ийг онцолж байна.
Спортын салбарын “википедиа” болох уг стартап нь хэрэглэгчдэд “спорт” хэмээх үг орсон бараг бүх мэдээллийг эх хэл дээрээ хүртээмжтэй, сонирхолтой, хамгийн гол нь цаг алдалгүй хүргэдгээрээ онцлог. Гэрийн нөхцөлд хэрхэн иог хийх вэ? Манай ажилтай хамгийн ойрхон фитнесс хаана байдаг вэ? Бэлтгэл хийж байгаад хөлөө бэртээчихлээ, хаана үзүүлэх вэ? Биед эвтэйхэн усны хувцас хаанаас авах вэ? Майнерсын фанатууд хаана явна вэ? гээд спорттой холбоотой бүхий л асуултынхаа хариултыг Msports-оос авч чадна.
Бизнесийн нэр: Msports
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Юнион бюлдинг, С блок, 5-508 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Спортын цаг үеийн мэдээ мэдээлэл, дата мэдээллийн нэгдсэн сан
Үүсгэн байгуулагч: Н.Энхмандах
Үүсгэн байгуулагдсан: 2021 он
Цахим хуудсууд: msports.mn (Website), Msports.mn (Facebook), msports.mn (Instagram)
сэдэл
2016 он. Австрали улс. Тухайн үед Австралийн хэрэглээний нэгдсэн апп хөгжүүлдэг Орос инженерүүдтэй уулзах завшаан тохиосон юм. Нэг талд тухайн аппын хэрэглэгчид, нөгөө талд шаардлагатай үйлчилгээ, мэдээлэл. Энэ хоёрын дунд зуучаар орших учиртай мэдээллийн нэгдсэн сан гэх зүйл хэчнээн ач холбогдолтой талаар уулзалтын үеэр сонсохын сацуу “Манай оронд ч бас энэ санааг хөгжүүлбэл болох шүү дээ” гэсэн бодол толгойд харван орох нь тэр.
Миний хувьд багаасаа спортын олон төрлөөр хичээллэсээр ирсэн болохоор спортын сургалт, клубүүдийн талаарх мэдээлэл, спортоор мэргэшсэн эмнэлгүүдийн байршил, спорт дэлгүүрүүдийн хаяг зэргийг нэгтгэсэн дата бааз байх нь тун хэрэгтэй болохыг анзаарсан хэрэг. Нөгөөтээгүүр спортын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд зах зээлд танигдах, хэрэглэгчдэдээ ойртох хэрэгцээ шаардлага бий. Тэгэхээр үндсэндээ харилцан бие биедээ ашигтай, хоёр талыг холбосон спортын дата бааз бий болгохоор зорьж, мэдээллийн технологийн инженер найзтайгаа хамтран 2021 онд Msports вебсайтын анхны хувилбарыг олон нийтэд хүргэж байлаа.
ялгарал
Манай платформын хэрэглэгчид спортын цаг үеийн мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч, томоохон тэмцээн уралдааны шууд дамжуулалтыг хүлээн авч үзэхээс өгсүүлээд спорттой холбоотой бүхий л төрлийн мэдээллийг нэг дороос авах нь бидний гол ялгарал. Энэ төрлийн цогц үйлчилгээг үзүүлэгч вебсайт, апп Монголд одоогоор цор ганц байгаа нь бид юм.
Харин спортоор хичээллэгсэд манай апп-д нэг цаг биллиард тоглох эсвэл нэг цаг фитнессээр хичээллэх мөнгө төлөөд л бүтэн жилийн турш Монголд байгаа бүх төрлийн спортыг бодитоор туршиж үзэх боломжтой.
msports гэж юу вэ?
Манайх 2021 оноос эхлэн спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй стартап бөгөөд одоогийн байдлаар манай вебсайтад сард 100 мянга гаруй хэрэглэгч тогтмол хандаж, мэдээлэл авч байна. Харин Msports аппаараа дамжуулан бид 60 мянга гаруй хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэдэг.
Спортын байгууллагуудын зорилтот хэрэглэгчид манай суваг дээр төвлөрсөн байдаг тул бид гурван талдаа харилцан ашигтай ажиллах үүднээс тэдгээр байгууллагуудын мэдээллийг вебсайт, олон нийтийн сүлжээндээ үнэгүй байршуулдаг. Нөгөөтээгүүр хэрэглэгчдэд сургалтын төв, спорт заал зэргийг хувиараа судалж, цөөн тооны байгууллага дунд эргэлдүүлэх бус манай дээр төвлөрсөн 500 гаруй спортын сургалт, үйлчилгээнээс сонголтоо хийх боломж олгож буй юм.
нэр
Msports гэдэг нь Mongolian Sports гэсэн утгатай. Өөрөөр тайлбарлавал M-Sport-S буюу Mongolian Sports Solution гэх манай компанийн бүтэн нэр болж уншигдах нь ч бий.
одоо
Хэрэглэгч Msports вебсайтаар дамжуулан спортын мэдээ, подкаст, энтертайнмент нэвтрүүлэг зэргийг хүлээн авах боломжтой. Харин Msports аппын Plus хэрэглэгч болсноор 24,000 (Энэ сарыг дуустал 70% хямдарсан үнэ) төгрөгийн төлбөр төлөөд жилийн турш фитнес, иог, теннис, таеквондо, усан сэлэлт зэрэг 50 гаруй спортын сургалт, үйлчилгээнд тус бүр нэг удаа үнэгүй хичээллэх боломж бүрдэх юм.
Мөн мэргэжлийн хоолзүйч, спорт, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө, видео хичээлийг үзэх боломжтой. Зөвхөн сургалт, үйлчилгээгээр зогсохгүй спорт дэлгүүр, эмнэлэг, заал, клуб, спорт лоунж зэрэг 150 гаруй байгууллагаас Plus хэрэглэгчид 50 хүртэлх хувийн хөнгөлөлт эдэлнэ.
Бидний ажиллаж буй өөр нэг төсөл бол “Булцгар" хүүхдийн брэнд. 2022 оны хоёрдугаар сард уг төслийг санаачлагч найз маань хамтарч ажиллах саналыг надад тавьснаар манай баг энэхүү төсөлд нэгдэж байлаа. Төслийн хүрээнд бид хүүхдийн цуврал анимэйшн, танин мэдэхүйн богино хэмжээний кино зэрэг нийт 30 гаруй анги, зургаан дууг үзэгч багачууддаа толилуулсан байна.
Үнэндээ монгол хүүхдүүд дотоодын контентын дутагдалд орсон мэт анзаарагддаг. “Одооны хүүхдүүд англиар хэлд орж байна” гэж шүүмжлэхээсээ өмнө дотоодын хүүхдэд зориулсан контент үйлдвэрлэгчдээ эрх баригчид нь чадах зүйлээрээ дэмжээд өгвөл олон залуус энэ салбарт тууштай ажиллах болов уу гэж би хувьдаа боддог.
баг
Манайх ам бүл 25-уулаа. Msports-ийн үндсэн үйл ажиллагаа болон анимэйшнийн багаараа хуваагддаг. Насны хувьд 80-аад оны төлөөлөл болох гурван ажилтан, бусад нь 1990-2000-аад оны залуус бий.
ирээдүй
“Үнэгүй зүйл үнэ цэнгүйтэй адил” гэх ойлголтыг наанатай цаанатай бодож үзэх л хэрэгтэй. Манайхан дунд “Үнэ хямд бол чанаргүй” гэх хэвшмэл ойлголт бий. Гэтэл цаг үе хэдийн өөрчлөгдөж, “чанар” хэмээх ойлголт өөрөө үнэмлэхүй өрсөлдөх чадвар гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Харин чанарыг аль нь илүү боломжийн нөхцлөөр санал болгох вэ? гэдэг дээр зах зээлийн гол өрсөлдөөн өрнөж байна. Тийм ч учраас хэрхэн олон төрлийн үйлчилгээг нэг дороос, бодитоор, хямд үнээр авах вэ? гэдэг дээр манай баг төвлөрөн ажиллаж байгаа юм.
Мөн цаашдаа видео хичээлийн сангаа арвижуулж, хамтрагч байгууллагуудын тоо болон төрлийг нэмэгдүүлэх гээд төлөвлөж буй төслүүд олон бий. Түүгээр ч зогсохгүй ойрын хугацаанд теннис, биллиард, фитнесс, PlayStation, лоунж, мини кино театр зэргийг цогцлоосон Msports энтертайнмент клуб байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгая. Хамгийн гоё нь энэхүү клуб дээрээ бид дээр дурдсан спортын мэргэжилтнүүдийн сургалт, зөвлөгөөг тогтмол зохион байгуулах бөгөөд мэдээж манай хэрэглэгчид эдгээр арга хэмжээнд нэмэлт төлбөргүйгээр оролцох боломжтой.
эрсдэл
Төслөө эхлүүлээд гурван жилийн хугацаа өнгөрөхөд учирч болох томоохон эрсдлүүдтэйгээ нүүр тулж, ард нь гарсан гэж боддог. Цаашдаа ч зуузай холбох өрсөлдөгч бий болох, бодит байдал төлөвлөснөөс өөрөөр эргэх зэрэг санаанд оромгүй сорилтууд биднийг хүлээж байгаа нь тодорхой. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд ямар ч гэнэтийн нөхцөл тулгарсан хэрэглэгчдэд өгсөн амлалтаасаа хэзээ ч буцаж байгаагүй хамт олон тул ирээдүйд учрах сорилтуудыг ч мөн ажралгүй даваад гарах болов уу гэж боддог.
Сэтгэгдэл бичих