Онлайн худалдаа, борлуулалтын салбарын хувьд сүүлийн нэг жил их үсрэлтийн жил байсан гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Угаас хүн төрөлхтний амьдралын шинэ хэв маяг болж буй дижитал шилжилтийн энэ үйл явц өнгөрөгч онд онцгой нөхцөл байдлын улмаас бүр л эрчимжсэн бөгөөд энэ онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Иймд үйл ажиллагаагаа технологитой хослуулан хөгжүүлэх нь өрсөлдөх чадвараа хадгалж, зах зээлд тэсэж үлдэх ганц боломж болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид өнөөдрийн дугаартаа худалдааны салбарт дижитал шилжилтийг хийж буй “Смарт Ложик” компанийг онцлохоор бэлтгэлээ. Хэрвээ та худалдаа борлуулалтын чиглэлээр ажилладаг бол өнөөдрийн дугаар танай байгууллагад ихэд хамаатай байх нь. 

Нэр: "Smart Logic", "Smart ERP"
Хаяг: “Танан” төвийн гуравдугаар давхар
Чиглэл: Программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээ, байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц систем
Үүсгэн байгуулагч: Б.Анхбаяр
Үүсгэн байгуулагдсан: 2014 оны арванхоёрдугаар сар
Холбоосууд: www.smartlogic.mn (Вэб), www.powerbi.mn (Вэб), www.smartorder.mn (Вэб), smartlogicmn (Фэйсбүүк), smartlogicerp (Фэйсбүүк), smartordermn (Фэйсбүүк)


сэдэл

Анх компаниа байгуулж байх үед манай улсад худалдааны салбарт зориулсан ERP буюу программ хангамжийн цогц шийдэл бараг л байхгүй гэж хэлэхэд болохоор байлаа. Миний хувьд тухайн үедээ мэдээллийн технологийн чиглэлээр арваад жил ажиллаж туршлагажсан байсан тул уг орон зай, хэрэгцээ шаардлагыг хэдийн олж харчихсан байсан л даа. Тиймээс л 2014 онд энэ чиглэлээр дагнан ажиллахаар шийдээд “Смарт Ложик” компаниа байгуулсан. Ерөөс худалдааны салбарыг стратегийн нэг чиглэл болгоод, түүндээ зориулсан ERP-цогц программ хангамжийг хөгжүүлэх л зорилготой. Одоо ч энэ зорилгодоо үнэнчээр зүтгэж, алхам алхмаар урагшилсаар явна.

Ялгарал

Бид худалдааны байгууллагуудад зориулсан цогц шийдэл санал болгодгоороо онцлогтой. Манай цогц шийдэл нь тухайн байгууллагын дотоод хэлтсүүд дээр ашиглагдах программ хангамжуудыг хооронд нь холбож, илүү уялдаа холбоотой ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл, ихэнх худалдааны байгууллагууд санхүү, борлуулалт, татан авалт, хүний нөөцийн тус тусын үйл ажиллагаандаа тохирсон системүүдийг ашигладаг ч тэдгээр систем нь уялдаа холбоогүй байх нь элбэг байдаг.

Харин бидний хөгжүүлж буй ERP цогц систем нь худалдааны салбар, түүний дотор бөөний худалдаа буюу борлуулалт түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, импортын компаниудын дотоод үйл ажиллагааг уялдаа холбоотой болгох, ашиглаж буй программуудыг нь холбож, тухайн байгууллагыг харилцагч байгууллагуудтай нь хурдтай холбон, нэгдсэн сүлжээнд оруулж, илүү ахисан түвшинд автоматжуулдаг гэсэн үг юм. Ингэснээр худалдааны байгууллагуудын бүтээмж, үр дүн, ажлын ач холбогдол нэмэгдэж, мэдээлэл солилцоо, харилцаанаас үүдэн гарах ажлын байрны стресс буурдаг.

Ингэхдээ санхүү, борлуулалт, татан авалт, хүний нөөц, үйлдвэр, удирдлагад зориулсан тус тусын системүүд байх бөгөөд бүгд уялдаа холбоотой ажиллах юм. Бид анхнаас нь цогц системийнхээ архитектур буюу ерөнхий бүтэц зарчмыг нь гаргахдаа энэ бүх уялдаа холбоог тодорхойлж байж хөгжүүлсэн. Одоогийн байдлаар 80 гаруй борлуулалт, түгээлтийн компанид уг ERP системээ амжилттай нэвтрүүлээд байна. Нэг ашиглаад үзчихсэн байгууллага “Яасан амар юм бэ? Ямар аятайхан юм бэ?” гэдэг.

Борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь хүргэж, худалдан авагч компани программаа бие даан ажиллуулж сурах хүртэл тогтмол сургалт орж, зөвлөх ажилтан гаргах байдлаар үзүүлээд явдаг. Ер нь программ хангамж, технологи зарна гэдэг борлуулаад л дуусчихдаггүй, байнгын харилцаа холбоо, хамтын ажиллагааг шаардаж байдаг. Тиймээс энэ онцлогоо дагаад хамгийн найдвартай, чанартай, эргэх холбоотой үйлчилгээ үзүүлэгч байхад үргэлж анхаардаг.


Үүсгэн байгуулагч Б.Анхбаяр


"Smart ERP" гэж юу вэ? 

"Smart ERP" нь үндэсний программ хангамжийн компани болох "Smart Logic" компанийн хөгжүүлсэн, бизнесийн байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц программ хангамж юм. Smart ERP цогц системийг 2014 оноос хойш хөгжүүлэн, 1200 гаруй бизнесийн байгууллагуудад амжилттай нэвтрүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар бид зөвхөн худалдааны салбараас гадна дэлгүүр, ресторан, зочид буудал, эмийн сан гэх мэт үйлчилгээний олон чиглэлд зориулсан цогц системүүдийг хөгжүүлж, зах зээлд амжилттай нийлүүлээд байна. Худалдааны салбарт бид дараах системийг, программ хангамжийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэн нийлүүлжээ.

- Smart Order - Захиалгын нэгдсэн платформ
- Smart BI - Удирдлагын тайлангийн систем (Cloud)
- Smart Accounting - Санхүү нягтлан бодох бүртгэлийн систем
- Smart Distribution - Борлуулалт, түгээлтийн систем
- Smart CRM - Харилцагчийн удирдлагын систем
- Smart Sale Mobile - Худалдааны төлөөлөгч, түгээгч, мерчендайзерийн апп
- Smart Master Data - Мастер мэдээллийн систем
- Smart MRP - Барааны нөөц төлөвлөлтийн систем
- Smart HR - Хүний нөөцийн систем
- Smart Time Attendance - Цаг бүртгэлийн систем
- Smart Vat - НӨАТ-ын систем
- Smart Inventory Mobile - Бараа материалын бүртгэл, тооллогын апп
- Smart Asset Mobile - Үндсэн хөрөнгийн бүртгэл, тооллогын апп
- Smart Retail - Дэлгүүрийн удирдлагын систем
- Smart Retail POS - Дэлгүүрийн кассын систем
- Smart Loyalty - Гишүүнчлэлийн систем
- Smart Bank - Банкны гүйлгээний систем

нэр

Үйл ажиллагааг илүү ухаалаг болгох шийдэл бол ерөөс сайн программ хангамж, технологийн хэрэглээ юм. Тиймээс нэлээд олон нэр дундаас ухаалаг гэх утга бүхий “Smart” гэдэг үгийг сонгож авсан. “Logic” гэдэг нь цэгцтэй зөв сэтгэлгээ, оновчтой шийдлийг илэрхийлж буй. Бидний үйлчилгээ, бүтээгдэхүүн ямар байх ёстойг нэр маань төвөггүй илэрхийлэх юм шиг санагддаг.

Мөн оюуны бүтээлийн үнэ цэн улам бүр нэмэгдэж, үнэлэгдэх болсон энэ цаг үед барааны тэмдэгтээс эхлээд хөгжүүлсэн систем бүр дээрээ зохиогчийн эрхийн гэрчилгээ аваад явдаг. Бүтээгч салбарт ажиллаж буй хэн бүхэнд зохиогчийн эрхийн асуудалд онцгойлон анхаарч байхыг уриалмаар байна.



одоо

Юун түрүүнд, “Smart Order B2B Platform” буюу захиалгын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил дээр төвлөрч байна. Энэ нь бэлтгэн нийлүүлэгч компанийн барааг онлайнаар захиалах боломжийг олгох систем юм. Тус систем нь урьд өмнө гарсан ижил төстэй системүүдийг бодвол байгууллага хоорондын ERP системүүдтэй холбогдож өгснөөр зардал бууруулж, илүү үр ашгийг авч ирж чадна гэж үзэж байгаа. Одоогоор уг давуу талыг олж харсан 40 гаруй үйлдвэрлэгч, борлуулалт түгээлтийн бэлтгэн нийлүүлэгч, компаниуд системд маань нэгдэн ороод байна.

Үр дүнд нь супермаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, ресторан болон бусад аж ахуйн нэгжүүд Монголын томоохон бэлтгэн нийлүүлэгчдийн барааг бөөний болон үйлдвэрийн үнээр нь онлайнаар захиалж, нэмэлт зардал чирэгдэлгүйгээр хурдан шуурхай татаж эхлээд байгаа юм. Системийн талаас нь тодорхой тайлбарлавал, захиалагч тал өөрийн дотоод кассын болон ERP системээсээ захиалгаа өгөхөд тэдгээр захиалга нь шууд бэлтгэн нийлүүлэгчийн дотоод ERP систем рүү орсноор байгууллагууд хоорондоо шууд холбогдож байгаа юм. Зөвхөн захиалгаас гадна хоёр талын дотоод системүүд нь барааны үлдэгдэл болон тэдгээрийн дуусах хугацааны мэдээллийг солилцох боломжтой болж буй.

Дараагийн нэг төвлөрч буй ажил бол үндсэн ERP системээ тасралтгүй хөгжүүлэх юм. Сүүлийн үед системд орж буй онцлох шинэ нэмэлтүүдээс дурдвал, бид “Чимэгэ системс” болон “Google Cloud” технологиудтай хамтран, дуу хоолойгоороо системээ удирдах боломжийг хэрэглэгчдэдээ танилцуулахад тун ойртоод байна.

Мөн “RPA” буюу “Robotic Process Automation”-ыг судалж хөгжүүлэх ажлууд хэдийн эхэлсэн. Хүн өдөрт дунджаар найман цаг ажилладаг бол харин роботууд 24 цаг ажиллах боломжтой. Тэгэхээр систем дээрх механик, автомат ажлуудыг систем доторх роботоор хийлгэж, системийн хэрэглэгчид зөвхөн хянах л үүргийг өгснөөр маш их ажлыг хөнгөвчлөх боломжтой болно гэж үзэж байна.

Бид өнгөрөгч онд гар утасны апп хөгжүүлэх суурь технологио илүү сайжруулсан бөгөөд одоо үүнийгээ ашиглан ERP системтэй холбоотой гар утасны аппуудыг олноор нь хийж байна. Зөвхөн комьпютерын ард сууж ажиллах биш газар дээр нь гар утасны аппаараа ажлаа хийх боломжийг харилцагчдадаа олгож буй.

баг

Багаа бүрдүүлэхдээ хамгийн түрүүнд хандлагыг нь харж авдаг. Үнэхээр чадвартай ч гэлээ эерэг, зөв хандлагагүй бол ажил урагшладаггүй тал бий. Одоогоор манай баг хүсэл зорилгоороо нэгдсэн 40 гаруй ажилтантай. Багийн дундаж нас 28.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, үйлчилгээний чиглэлд нийт багийн 80 хувь нь ажилладаг тул “Өдөр бүр шинэ” гэдэг уриа, филисофийг баримталдаг. Учир нь хүн гэдэг байнга л шинийг эрэлхийлж, хөгжихийг хүсдэг оршихуй. Харин өдөр бүр шинийг хийхийн тулд өнөөдөр хийж буй ажлаа чанартай хийх шаардлагатай болно. Ер нь нэг ажлыг нэг л удаа маш сайн хийдэг байх нь цаг хугацаа, хөрөнгө зардал, харилцагчийн итгэл, хамтын ажиллагаа гээд бүх талаас тун их ач холбогдолтой. Тиймээс энэ уриа нь одоо хийж буй ажилдаа бүтээмжтэй, чанартай, сэтгэлтэй, анхааралтай хандаарай гэж сануулдаг юм.



ирээдүй

Эхний ээлжинд худалдааны салбарт бүхэлд нь дижитал шилжилт хийхээр зорин ажиллаж байна. Үүний тулд, нэн түрүүнд Smart ERP болон Smart Order B2B Platform-оо илүү олон байгууллагад нэвтрүүлж, хамрах хүрээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Санал болгож буй бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлт, чанарт нь сэтгэл хангалуун байгаа тул төлөвлөлтдөө анхаарч ажиллана даа. Худалдааны салбар илүү боловсронгуй болсон хойно бусад үйлчилгээний салбарт ороод явах төлөвлөгөөтэй байна.

Технологийн хувьд шинээр “Cloud Computing” технологийг судлан, ойрын хугацаанд нэвтрүүлэхээр зорьж байна. Ийн суурь технологио сайжруулаад, үүнийгээ ашиглан энэ ондоо хэд хэдэн шинэ платформ хөгжүүлэх зорилготой. Бид 2015 онд BI буюу “Business Intelligence” технологийг нэвтрүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар 600 гаруй тайлан, хяналтын самбар (dashboard) бүхий “Smart BI” системийг 200 гаруй байгууллагад амжилттай нэвтрүүлсэн туршлагатай. "Smart BI" системийг нэвтрүүлсэн байгууллагуудын хувьд дотоод мэдээллийн урсгал илүү хурдан болж, хяналт сайжирч, дата дээр суурилсан оновчтой зөв шийдвэрийг гаргаж байна.

эрсдэл

Бид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өөрсдийн ERP системээ нийт 80 гаруй борлуулалт түгээлтийн компанид нэвтрүүлэн ажилласан байна. Эхний үедээ программаа нийлүүлээд, харилцагч байгууллагаа системдээ сургах гэж 3-6 сар болдог байсан бол одоо энэ хугацаа хоёр дахин багассан байна. Энэ мэтээр үйл ажиллагаанд гарч буй эрсдэл, бэрхшээл, асуудал бүрийг бага багаар шийдээд, сайжруулаад явдаг. Борлуулагч, хөгжүүлэгчийн зүгээс биет бус, технологийн бүтээгдэхүүн борлуулах, нэвтрүүлэх үйл явц их ярвигтай гэдгийг анхнаасаа л маш сайн ойлгочих хэрэгтэй.

Яг одоогоор бол “Smart Order B2B Platform” захиалгын нэгдсэн систем дээр ажиллаж байгаа тул борлуулалт түгээлтийн компаниудад бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхэд бага зэрэг бэрхшээл хүндрэлүүд гарч байгаа. Гэхдээ нэг үеэ бодвол борлуулалтын компаниуд Van Selling буюу шууд борлуулалтаас Pre-Selling буюу урьдчилсан борлуулалт хийх загварт олноор шилжиж байгааг дурдах хэрэгтэй. Одоо худалдааны төлөөлөгч дэлгүүр нэг бүрд очин, биечлэн захиалга авах, утас, и-мэйлээр захиалга авахаас илүүтэй нэгдсэн онлайн системээр захиалга аван, ERP системээ ашиглахыг илүүд үзэх хандлагатай болох гээд л байна. Яах вэ, онлайн системээр хийж байгаа захиалга нийт захиалгын ердөө тав хүрэхгүй хувийг л эзэлж байгаа л даа (АНУ-д В2В онлайн захиалга 20 орчим хувьтай байдаг). Хандлага сууж байгаа нь сайн хэрэг. Уг уламжлалт үйл явцыг шинэчлэх нь л хамгийн том сорилт юм уу даа.