Хэн бүхний сэтгэлийг тэнийлгэсэн зун цагийг аялал зугаалга, шинэ газаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Дэлхий даяар үүсээд буй нөхцөл байдал хэдийгээр хилийн чанад дахь аяллыг хүндрэлтэй болгосон ч, нөгөө талаар дотоодын аяллуудыг идэвхжүүлж, Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газруудтай танилцах, танин мэдэх сэдлийг бий болгоод буйг та анзаарсан биз ээ. Иймд бид энэ удаа дотоодын аялал жуулчлалын салбарт идэвхтэй ажиллаж буй компани, клубүүдийн сонирхолтой аяллуудыг танилцуулахаар шийдлээ.

1. Ар Монголоор аялцгаая travel club: Тоомтын агуйд олсоор

Аяллын нэр: Алдарт Тоомтын агуйд адерналинаа ялгаруулцгаая
Зохион байгуулагч: Ар Монголоор аялцгаая travel club
Очих газар: Төв аймаг, Баян Өнжүүл
Хугацаа: 7 сарын 11-12
Үнэ: 131 мянган төгрөг
Онцлог: Агуйн хананаас бэхэлсэн олсоор буух экстрим хөтөлбөртэй.

Улаанбаатар хотоос 150 км-ийн зайд орших Төв аймгийн Баян-Өнжүүл хэмээх газар нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны төрсөн нутагтаа зориулан бичсэн "Боржигоны бор тал" бий. Боржигоны бор талд байх Зоргол Хайрхан хэмээх уулын нэгээхэн хэсэг болох Тоонотын агуй бол энэ аяллын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг. Учир нь 82 метрийн өндөр уулнаас та доош олсоор уг агуй руу бууж, агуйн таазнаас бэхэлсэн дүүжин савлуур дээр бэхэлгээтэй савлаж, улмаар олсоороо дамжин газардана гээд төсөөл дөө. Монголдоо олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой болсон шүү.



2. Vivid travel club: Хагийн хар нуур луу мориор

Аяллын нэр: Тайгын сувд - Хагийн хар нуур үзэх наадмын морин аялал
Зохион байгуулагч: Vivid travel club
Очих газар: Төв аймаг, Эрдэнэ сум
Хугацаа: 7 сарын 11-14
Үнэ: 390 мянган төгрөг
Онцлог: Адал явдалт морин аялал

Төв аймгийн Эрдэнэ суманд орших Хагийн хар нуур нь машинаар очих боломжгүй тул аялагч, жуулчдын хөлд харьцангуй бага дарагддаг, түүнийгээ дагаад онгон дагшин байдлаа хадгалан үлдэж чадсан байгалийн үзэсгэлэнт газар юм. Энд та явганаар болон мориор хүрч очих боломжтой. Очих зам нь намаг шавраас эхлээд эгц шулуун даваа гээд тэвчээр хатуужлыг шалгахын зэрэгцээ адал явдалд дурлагч аялагчдыг соронздон татах олон саад бартаатай. Энэ бүхнийг туулан Хагийн хар нууранд хүрмэгц бүхий л мэдрэхүйг тань баясгах хосгүй үзэмжит газар таныг угтах болно.



3. CHUU CHUU Travel club: наадмын ЭМО АЯЛАЛ

Аяллын нэр: НаадмааР ЭМО аялал
Зохион байгуулагч: CHUU CHUU Travel club
Очих газар: Эр тарвагатайн бэлчир
Хугацаа: 7 сарын 11-15
Үнэ: 300 мянган төгрөг
Онцлог: Байгалийн үзэсгэлэнт газруудыг хямд үнээр

Эг тарвагатайн бэлчир, Уран тогоо, Цагаан хадын рашаан, Эгийн гол, Түлүүгийн даваа, Сэлэнгэ мөрөн, Харгал нуур гээд амар амгалан, гоо үзэмж, мэдрэхүйн таашаалыг өгч чадах олон сайхан газраар Чүү Чүүгийн архаг аялагчид тантай хамт аялах болно. Наадмын Эмо аялал... нэрнээсээ нэг л өөр байгаа биз. Шинэ хүрээлэлд орж, гоё газар үзэж, амралтаа мартагдашгүй дурсамжуудаар чимээрэй.



4. Altai Tavan Bogd travel: АЛТАЙ ТАВАН БОГДЫН НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

Аяллын нэр: Алтай Таван Богд нислэгтэй аялал
Зохион байгуулагч: Altai Tavan Bogd travel
Очих газар: Өлгий хот, Алтай Таван Богд
Хугацаа: 7 сарын 11, 18, 25-ны өдрүүдэд
Үнэ: 812-902 мянган төгрөг
Онцлог: Нислэгтэй аялал

Бидний Үзэсгэлэнт Монголоороо аялъя: Баруун аймгуудад заавал үзэх 10 газар нийтлэлдээ санал болгосон хэд хэдэн газар энэ аяллын маршрутад бий. Монгол орныхоо бахархал болсон Потанины мөсөн гол, Малчин оргил, Бага Ойгарын Цагаан Салаагийн хадны сүг зураг зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой, түүхийн үнэт гэрч болсон газруудтай танилцаад аваарай. Нислэгтэй аялал тул та замд их ядарна, их цаг зарцуулна гэж санаа зовох шаардлагагүй.



5. Monkey Travel: Хөвсгөлийн Энтертайнмэнт аялал

Аяллын нэр: Хөвсгөлийн энтертайнмент аялал
Зохион байгуулагч: Monkey Travel
Очих газар: Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур
Хугацаа: 7 сарын 12-18
Үнэ: 1,777,777 төгрөг
Онцлог: Уг аяллын дараа та өөрийн гэсэн синематик аяллын бичлэгтэй болох болно.

Орчин цагт аялахдаа зөвхөн сайхан газар орон үзээд өнгөрөх бус тухайн цаг мөчөө хамгийн дурсамжтайгаар өнгөрүүлж, хором бүрийг мэдэрч, түүнийгээ зургийн хальснаа урнаар буулгах нь ч бас чухал ажил болсон. Иймээс ч Monkey Travel-ийн хамт олон танд зөвхөн байр, хоол, унаа, хөтчөөс гадна аяллын тусгай эвентүүдэд оролцох эрх, аяллын цүнх, дулаан цамц, лого бүхий футболкa, Монгол орны газрын зураг, мөн зөвхөн танд зориулсан синематик аяллын бичлэг, зурууудыг авч өгч үйлчлэх юм. Күүл байгаа биз.



6. Баруун аймгуудын тойрон аялал

Аяллын нэр: Баруун аймгуудын тойрон аялал 2020
Зохион байгуулагч: Vivid travel club
Очих газар: Өвөрхангай-Баянхонгор-Говь-Алтай-Ховд-Баян-Өлгий-Увс-Завхан-Архангай
Хугацаа: 7 сарын 19-нөөс 8 сарын 5
Үнэ: 1,200,000 төгрөг
Онцлог: Урт хугацааны аялал

Баруун аймгуудад Монголын олон үзэсгэлэнт газар буй. Шинэ хүмүүстэй танилцаж, баялаг дурсамж бүтээнгээ баруун бүсийн найман аймгаар 18 хоногийн турш аялаад үзээрэй. Ээлжийн амралтаа бүхэлд нь адал явдал, мартагдашгүй дурсамжаар дүүргэхийг хүссэн хэн бүхэнд энэ аялал яг тохирно.



7. Flower tour Mongolia: ёлын ам, цагаан суваргыг зорих аялал

Аяллын нэр: Гайхамшигт Ёлын амын аялал
Зохион байгуулагч: Flower tour Mongolia
Очих газар: Ѳмнѳговь, Дундговь аймаг
Хугацаа: 7 сарын 24-26
Үнэ: 160,000 төгрөг
Онцлог: Энгийн бөгөөд ойлгомжтой

Эртнээс төлөвлөж байгаад амралтын өдрөөрөө хэмнэлттэй бөгөөд сонирхолтой сайхан аялал хийхийг хүсэж л байгаа биз дээ. Тэр тусмаа амралтын өдрөөр хүн бүхний очдог ойрхон газрууд бус илүү холын, ховор зүйлийг эрэлхийлсэн хүмүүст энэ аяллыг санал болгоё. Говийн аймгуудын нэрийн хуудас болсон алдарт Ёлын ам, Цагаан суваргыг үзээд ирэхэд танд гурван шөнө л байхад болно.