"Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй" гэх айхавтар үг орчин цагт "Технологи юуг ч хүлээхгүй" болж өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Үнэхээр ч XXI зууны иргэд бид хором мөч бүрд улам л ухаалаг, боловсронгуй болж буй технологийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах шинэ "үүрэгтэй" болжээ. Гэвч зах зээлд шил шилээ даран танилцуулагдаж буй бүтээгдэхүүнүүдийг тухай бүрд хэрэглэж туршина гэдэг технологийн энгийн хэрэглээтэй хүмүүсийн хувьд санхүү, цаг зав талаас тун чиг хүндрэлтэй хэрэг. Тэгвэл өнөөдрийн танилцуулах "Tech лизинг" компани эдгээр асуудлыг шийдэж, технологийн бүтээгдэхүүнийг хамгийн хурдан хугацаанд, уян хатан нөхцөлөөр худалдан авах боломжийг хэрэглэгчдэд олгож буй. 


Нэр: Tech Leasing - ТекЛизинг
Хаяг: "MN Tower"-ийн II давхар (Салбар 1), "Их Наяд" плаза (Салбар 2)
Чиглэл: Технологийн лизингийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Г.Идэрбат, Б.Энхбаатар
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны арваннэгдүгээр сар
Холбоосууд: Tech лизинг (Фэйсбүүк)


Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Идэрбат

сэдэл

"Tech Leasing" үйлчилгээний гол хамтрагч болох "Тechstore" компани анх 2014 онд байгуулагдан технологийн шинэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд цаг алдалгүй таниулж ирсэн. Бизнесээ урт цагааны зүүнтээх жижигхэн лангуунаас хэд хэдэн салбартай бие даасан дэлгүүр болтол тасралтгүй өргөжүүлсэн энэ долоон жилийн хугацаанд бид хэрэглэгчдийнхээ зан төлөвийг сайтар ажигласан нь "Tech Leasing"-ийг байгуулах гол сэдэл болсон.

Технологийн бүтээгдэхүүнүүд байнга шинэчлэгддэг онцлогтой. Хэрэглэгч шинэ бүтээгдэхүүн авна гээд мөнгө хадгална гэж барагтай үгүй, нөгөө талаас гарсных нь дараа авъя гээд мөнгөө цуглуулбал өнөөх бүтээгдэхүүн хэдийн хуучирчих жишээтэй. Тийм ч учраас технологийн бүтээгдэхүүнд уян хатан зээл, лизингийн үйлчилгээ гойд тохирдог. Урьд нь технологийн лизинг, зээлийн үйлчилгээ авах гэж 1-7 хоногийн ажил болдог байсныг бид өөрчлөхөөр зорьсон.

ялгарал

Хялбараар тайлбарлахад, хэрэглэгч сонгосон технологийн бүтээгдэхүүнээ хамгийн уян хатан лизингийн нөхцөлөөр худалдан авах боломжтой. Өмнө нь бид лизинг, зээл авахдаа дэлгүүр дээр очиж сонголтоо хийгээд, нэхэмжлэх авч банканд дугаарлан хүлээж, шаардлагатай бичиг баримтаа цуглуулж, батлуулж, эргэн худалдагчид зээлийн гэрээгээ үзүүлэн бүтээгдэхүүнээ авдаг байлаа. Бүх зүйл цахимжсан энэ цаг үед технологийн бүтээгдэхүүнийг ийм уламжлалт аргаар авч хэрэглэгчийн цаг завыг үрэх шаардлагагүй биз ээ. Тэгвэл бид хэд хоног дамжин үргэлжилдэг байсан уг төвөгтэй үйл явцыг ердөө 10-20 минутад багтааж, зээл олгогч болон хэрэглэгчийг хамгийн хялбар, хурднаар холбож өгч байгаа юм.

Ингэхдээ хэрэглэгч огтхон ч нэмэлт төлбөр төлөхгүй байхаар зохицуулсанд үйлчлүүлэгчид маань талархдаг. Одоогоор бид TechStore-той хамтран ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгч уг дэлгүүрээр үйлчлүүлсэн тохиолдолд хүссэн бүтээгдэхүүнээ даруйхан зээлээр авах боломжтой. Удахгүй хамтрагч дэлгүүрийн хүрээ нэмэгдэх болно. Манайхаас гарч буй зээлүүдийн 90 орчим хувь нь урьдчилгаа төлбөргүйгээр эзэндээ очдогийг дурдах хэрэгтэй байх. Хэрэглэгч төрөл бүрийн банк, ББСБ, санхүүгийн аппуудаас манай үйлчилгээгээр дамжуулж зээл авч болно.

Манай гол ялгарал бол уян хатан байдал. Тийм ч учраас бид зээлийн эргэн төлөлт, үнэлгээний ажлаа бүрэн автоматжуулахыг боддоггүй юм. Эргэн төлөлтийг автоматжуулбал цалингаас гадна орлоготой хүмүүсийн зээл авах боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлах, боломжит зээлийн дүнг бууруулах, төлөлтийн хугацаа багахан хоцроход тухайн хэрэглэгчийн Монголбанк дээрх зээлийн түүхийг харлуулах, дараа нь зээл авахад нь тушаа болох зэрэг олон сул тал үүсгэх эрсдэлтэй байдаг. Тиймээс хүний дүгнэлт, харилцан яриа, автомат тооцоолол зэргийг хослуулан хэрэглэгч төвтэй үйлчилгээ санал болгодог нь бидний онцлог.



"Tech Leasing" гэж юу вэ?

Бид хэрэглэгчдэдээ уян хатан лизингийн нөхцөлийг санал болгох замаар технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж олгодог. Хэрэглэгчийн цаг завыг хэмнэж, сэтгэл хангалуун үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь бидний зорилго.

нэр

"Tech leasing" буюу технологийн лизинг. Ойлгомжтой, тодорхой. Нэрнээсээ эхлээд хэрэглэгчдэд зөв төсөөлөл, хүлээлт бий болгохыг зорьсон.

одоо

Одоогоор бид аппаа гаргах ажилд төвлөрч байна. Технологийн бүтээгдэхүүн заавал биеэр үзэх, турших шаардлагагүйгээр, үзүүлэлт нь л бүрэн байхад 100 хувь онлайнаар борлуулагдах боломжтойгоороо давуу талтай. Тиймд бүтээгдэхүүний сонголт, зээлийн тооцоолол зэргээ автоматаар хийх, улмаар урьдчилгаа мөнгөгүй ч хүссэн бүтээгдэхүүнээ захиалаад, лизингээ шийдээд, байгаа газраа хүргүүлээд авах гэх мэт боломжийг аппдаа оруулж өгнө. Өөрөөр хэлбэл, цаашдаа манай хэрэглэгчид бэлэн мөнгөгүй, дэлгүүр дээр очих боломжгүй ч хүссэн бүтээгдэхүүнээ гэрээсээ захиалаад авч болох юм. Үйл явц, үр дүнг шилдэг байхын төлөө бид хөдөлмөрлөх болно.



баг

Одоогоор бид эдийн засагч, зээлийн судлаач, онлайн оператор, бизнес хөгжүүлэлт зэрэг чиглэлд хуваагдан 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Улаанбаатар хотод гурав, Эрдэнэт хотод нэг салбартай.

ирээдүй

Ойрын хугацаанд үйлчилгээгээ олон нийтэд сайтар таниулж, харилцагч дэлгүүр, түншийн хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байна. Хамтран ажиллах хэд хэдэн санал ирснээс бидэнтэй алсын хараа, үнэт зүйл нь нийцэх байгууллагатай хамтарна.

Аймаг бүрд салбараа байгуулж, технологийн бүтээгдэхүүнийг хүн бүрд хамгийн амар хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх нь хэтийн зорилго. Технологи хэдий чинээ хурдтай хөгжиж, хүн бүрийн хэрэглээнд хүрнэ, тэр чинээгээр бид үйлчилгээгээ улам өргөжүүлэх шаардлагатай болно шүү дээ.

эрсдэл

Манай салбарт зээлийн үнэлгээг нягт нямбай хийх нь хамгаас чухал. Судалгаагаа сайн хийж, шийдвэрээ оновчтой гарган, зөв хүнд итгэл үзүүлснээр чанаргүй зээлдэгч бий болгохгүй хамгаалж, эрсдлээ бууруулж чадна. Иймээс чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх, харилцагчид нэг бүртэй тогтмол холбоо харилцаатай байх систем, соёлыг бий болгох, оролцогч талуудад харилцан сэтгэл ханамжтай, ашигтай үйлчилгээг үзүүлэх бизнесийн арга барилд байнга суралцах нь чухал.