Видео тоглоомын салбар өдгөө хөгжим, кино үйлдвэрлэлийн салбартай дүйцэхүйц том зах зээлийг бүтээж буй. Харин энэ томоохон салбарын 47 хувийг мобайл буюу гар утасны тоглоом дангаар эзэлдэг. Ухаалаг гар утасны хүртээмж, хөгжүүлэлтээс үүдэн жил бүр энэ тоо өссөөр байна. Өнөөдрийн танилцуулах "TechNomad Gaming" компани нь дотооддоо гар утасны тоглоомын контент үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монголын баг тамирчдыг олон улсын томоохон тэмцээнд оролцох боломжийг нээх зорилготой ажиллаж байна. 

Нэр: TechNomad Gaming
Хаяг: Гутлын 22-ын урд, 50 дугаар байр
Чиглэл: И-спорт менежмент, контент үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч: Д.Түшигт-Эрдэнэ, М.Мөнхбаатар, А.Бэлгүтэй
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Холбоосууд: TechNomad Gaming (Фэйсбүүк), @technomad_gaming (Инстаграм), TechNomad Gaming (Youtube)

Хамтран үүсгэн байгуулагч Д.Түшигт-Эрдэнэ

сэдэл

Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр жил болж байна. Анх эхлүүлж байхад энэ хүртэл явна, ингэж хөгжүүлнэ, тийм ийм зүйлд хүрнэ гэсэн ямар ч амбиц, нарийн зорилго зорилт байгаагүй л дээ. Ер нь бол, гар утасны тоглоомд дуртай, энэ чиглэлд сонирхолтой, санаа нийлдэг гурван найз нэгдээд ажлын газрынхаа нэг өрөөнд, тал талаас зээлж авсан зүйлсээ ашиглаад контент хийж эхэлсэн нь аясаараа өсөж явсаар "TechNomad"-ын эхлэл болсон юм. Хүмүүс и-спорт гэхээр л компьютер (PC), эсвэл тусгай тоглоомын төхөөрөмжүүд (playstation гэх мэт) төсөөлдөг. Үнэндээ дэлхийн видео тоглоомын зах зээлийн хамгийн их хувийг гар утасны тоглоом (mobile gaming) эзэлдэг. Гэтэл Монголд энэ чиглэлийг тэр бүр барьж авдаггүй, чанартай контент хийдэг хүнгүй байсан нь бидэнд "Өөрсдөө л хийчихъе" гэдэг бодлыг төрүүлсэн юм.

Харин одоо бид бие даасан компанийн хувиар гар утасны тоглоомын контент үйлдвэрлэл, тэмцээн зохион байгуулалт, артист менежмент гэсэн гурван чиглэлд бүтэн цагийн ажилтнууд, хөрөнгө оруулагчид, хамтрагч байгууллагуудын хамтаар тодорхой зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй.

ялгарал

Бид ажлаа контентоос эхлүүлж байсан. Контент үйлдвэрлэл нь өнөөг хүртэл бидний үндсэн ажлын нэг байсаар ирсэн бөгөөд цаашид ч хэвээр үлдэх болов уу. Энэ ч утгаараа бид анхнаасаа л хэн ч хийж чадахаар чанаргүй зүйл хийхийг хүсээгүй. Цаг заваа зориулж байгаа л бол аливааг үргэлж одоо байгаагаас нь шат ахиулж, 2-3 түвшин дэвшүүлж хийхийг өөрсдөөсөө шаарддаг. Уг хандлага бидний гол ялгарал болдог.

Контент үйлдвэрлэлийн хувьд бид энтертайнмент буюу хөнгөн хөгжилтэй байх, мэдлэг мэдээлэлтэй байх гэсэн хоёр үндсэн шалгууртай. Сүүлийн үед нийгмийн хариуцлагын хүрээнд зөв, эерэг уриалгыг шингээхийг хичээж байна. Гол нь түүнийхээ тэнцвэр, хэлбэрийг маш сайн олох нь чухал. Одоогоор Youtube, Facebook дээрх сувгууд дээрээ нийлээд 173 мянган дагагчтай болжээ.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 25 сая төгрөгийн шагналын сантай 3-4 тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнийхээ зохион байгуулалт, шагналын сан, хэлбэрийг олон талаас нь бодож, тухайн үед байснаас илүү боловсронгуй хэмжээнд хийн, стандарт тогтоохыг хичээсэн нь үр дүнгээ өгсөн гэж боддог.

Артист менежментийн тал дээр, гар утасны тоглоомын салбарт хоёр нөлөөлөгчийг (influencer) бэлтгэн гаргасан бол хамгийн сүүлд Монголынхоо "Positive gaming" багийг БНТУ (Турк улс)-руу гурван сарын хугацаатай бэлтгэл сургуулилтад хамруулахаар бүх менежментийн талыг нь хариуцан явуулсан. Салбараа цаашид хөгжүүлэхийн тулд багаар нь дэмжих, багт чиглэсэн ажлуудыг хийх шаардлагатайг бид өнгөрсөн хугацаанд олон зүйлсийг биеэр туршиж, хийснээрээ ойлгож авсан.



TechNomad Gaming гэж юу вэ?

"TechNomad Gaming" бол Монголын хамгийн том гар утсанд суурилсан цахим спортын хүрээлэл, стандарт тогтоогч юм.

нэр 

Анх "Tech Nomad" байсан. Технологийн эрин үеийн нүүдэлчид хэмээх утгатай. Сүүлд үйл ажиллагааныхаа онцлогийг илүү гаргаж ирэх зорилгоор "TechNomad Gaming" болгосон.

Одоо

Биднийг ажлаа эхлүүлж байхад нийтлэгээрээ гар утасны тоглоомыг цагийг зугаатай өнгөрүүлэх арга хэрэгсэл төдийхнөөр хардаг байсан бол тодорхой менежмент, шат дараатай үйл ажиллагаануудын дараа бизнесийн зах зээл, бие даасан салбар, спортын төрөл гэдгээр нь бага боловч ойлгож эхлээд байна. Бизнес бол багийн тоглолт. Цахим спорт ч ялгаагүй. Тийм учраас л бид монгол багаа гаднын оронд бэлтгэл хийлгүүлэхээр явуулж, багаар нь дэмжихийн тулд олон тооны хамтрагчид, ивээн тэтгэгчдийг цуглуулж, гол анхаарлаа энэ зүгт хандуулаад байгаа юм. Үр дүнд нь, манай баг хоёрхон долоо хоногийн бэлтгэлтэй ч Европд дөрөвт эрэмбэлэгддэг багийг 2:0-оор хожих жишээтэй. Монголд гар утсанд суурилсан тоглоомд дуртай 100-150 мянган хүн байдаг гэж тооцоход тэр хүмүүсийн хувьд энэ нь олимпд медаль авч буйтай дүйх бахархалтай мэдрэмж л дээ.

Мөн сүүлийн үед бид холбогч, хоёр талын дундын гүүр хэлбэртэй ажилладаг болж байна. Зах зээлийн шаардлага ч гэж болох байх. Учир нь цахим спорт манай улсын хувьд одоо ч шинэ салбар байсаар буй. Тэр нь нэг талд тоглогч, стриймэрүүд, нөгөө талд бизнесийн байгууллагууд бие биетэйгээ хэрхэн холбогдож, үр дүнтэй хамтран ажиллах арга хэлбэрээ сайн олоогүй байгаагаас бэлхнээ харагдана. Энэ дунд тэднийг холбох, хамтын ажиллагааг нь зохицуулах дундын менежментийн хэрэгцээ эрхгүй үүсдэг. Одоогоор бид цахим тоглоомыг мэргэжлийн спорт гэдгээр нь таниулах, эргээд энэ нь бизнесийн талбар гэдгийг ойлгуулахаас гадна түүнийг зөв голдрилоор нь хөгжүүлэх, үйл ажиллагааны оновчтой арга хэлбэрийг бий болгох гэх мэт ажлуудад төвлөрч байна.

Ойрын үед гэвэл, National Mobile Cup (NMC) тэмцээнийхээ гуравдугаар улирлыг энэ намар хийх төлөвлөгөөтэй ажиллаж буй. Нөхцөл байдал сайжирвал танхимд хийх ч бодол байна. Өмнө нь хоёр улирал амжилттай зохион байгуулсан. Эхний улирлаа зөвхөн Mobile Legends тоглоом дээр гурван сая төгрөгийн шагналын сантайгаар хийж байсан бол, хоёрдах улирлаа гурван тоглоом дээр 10 сая төгрөгийн сантайгаар зохион байгуулсан. Энэ тэмцээнд 700-800 баг тамирчид оролцож, сошиал платформууд дээр 50 мянган үзэгч цугласан шүү. Цар хүрээ, нэр хүнд нь нэмэгдээд явж байгаа. Цаашдаа жилд хоёр удаа "NMC" шиг том хэмжээний тэмцээн зохион байгуулаад бусад үед үүнээс дутахгүй чанартай долоо хоног бүрийн "Weekly tournament" хийхээр ажилдаа орсон.

баг

Манай баг "Nokia 3310" загварын утас байхаас л "Могой" тоглож өссөн, гар утасны тоглоом, цахим спортод дур сонирхолтой залуусаас бүрдсэн. Бидний 80 хувь нь зөвхөн контент үйлдвэрлэдэг бол үлдсэн 20-30 хувь нь бизнес, үйл ажиллагаагаа хариуцдаг.



ирээдүй

Манай улс энэ салбарт дэлхийн зах зээлээс 3-4 жилийн хоцрогдолтой явж байна. Бид саяхнаас л олон улсын хэмжээнд өрсөлдөх Mobile legends, PUBG Mobile-ийн багтай болж байна шүү дээ. Иймээс хийгдэх шаардлагатай олон чухал ажил биднийг хүлээж байна. Жишээ нь, дотоодын энэ салбарт одоо тун цөөн тооны хүмүүс л ажиллаж буй. Шууд хэлэхэд стриймэр, тэгээд тоглогч хоёр. Угтаа бол тайлбарлагч, чиглүүлэгч, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, менежер гэх мэт олон мэргэжилтэн, оролцогч талуудтай баялаг салбар. Үүнийг илүү төрөлжүүлэх, баяжуулах хэрэгтэй. Сайшаалтай нь бид удаан ч гэсэн зөв явж байгаа. Энэ бүхэн багаас л эхэлдэг. Сайн багаас сайн артист, нөлөөлөгч төрнө, түүнийг дагаад мэргэжлийн тайлбарлагчид бий болно гэх мэтээр.

Одоогоор дотоодын зах зээл сайн хөгжөөгүй байгаа тул бидэнд олон улсын ямар нэг тэмцээн уралдаанд ороход "Монгол" гэсэн орон тоо өгдөггүй, байдаг ч үгүй юм. Манай баг тамирчид бусад улсын нэр дээр, эсвэл мэргэжлийн тоглогчдын хүрээллээсээ л тэмцээн уралдаанд оролцох эрхээ олж авч буй. "Positive gaming" баг гэхэд ирэх нэгдүгээр сард болох дэлхийн аваргад оролцохын тулд Европд өгдөг орон тоог авахаар бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна. Дэлхийн аваргад ердөө найман орны 12 орон тоо л байдаг. Үүнд л Монгол гэдэг улсыг оруулж, дотоодын тамирчдаа дэлхийн зах зээлд эх орноосоо шууд гарах боломжтой болгох том зорилго өвөртлөн ажилладаг.

Ингэхдээ бид эхлээд өөрсдийгөө батлан харуулах хэрэгтэй. Үүний тулд, ядаж л монгол сервер бий болгох шаардлагатай болно. Манай улсад одоогоор мэргэжлийн тоглогчдод шаардлагатай сервер байдаггүй л дээ. Ихэнх тохиолдолд Хонг Конг тэргүүтэй Азийн бусад орны серверийг ашигладаг. Үүний сул тал нь бид олон улсын тоглогчидтой тоглолоо гэж бодоход илүү удаан, хугацааны алдагдалтай өрсөлддөг гэсэн үг юм. Тамирчдаа гаднын оронруу явуулж, бэлтгэл хийлгэхэд ингэж их ач холбогдол өгөөд байгаагийн учир нь ердөө л энэ. Монголд тэд 70ms хурдаар тоглодог бол тэр нь Туркд 10ms буюу 7 дахин илүү хурдаар тоглодог. Энэ салбарт амжилт гаргая гэвэл аль болох хурдан өөрсдийн гэсэн сервертэй болох шаардлагатай.

эрсдэл

Бидний энэ бүхнийг хийж буйн нэг гол шалтгаан нь том зургаараа "Энэ бол мэргэжлийн спорт шүү, бодож байгаагаас ч хэцүү шүү" гэдгийг аль болох олон хүмүүст, олон залууст ойлгуулах явдал. Аль нэг уламжлалт спортод амжилт гаргана гэдэг ямар хэцүү зүйл болохыг бид хэдийн мэддэг. Ангидаа сайн сагс тоглодог нь байлаа гээд мэргэжлийн тамирчин болж чадна гэсэн үг бишийг хэлүүлэлтгүй ойлгодог. Асуудал нь, цахим спортын хувьд тийм биш байгаа юм л даа. Олон хүүхэд, олон залуус үүнийг амар, хялбар мэтээр ойлгож өдрийн ихэнх цагаа "сайн тоглоод л байвал тамирчин болж чадна" гэсэн хоосон итгэлээр өнгөрүүлж буй. Үүнийг л ойлгуулж, цахим спорт ч бусад спортын адил шалгуур өндөртэй, тодорхой үр дүнд хүрэхэд хүнээс сахилга бат, бат шийдвэр, зохион байгуулалт, золиос, бас аз шаарддагийг харуулах нь бидний үүрэг гэж боддог.

Манай салбарын нэг сайн тал нь үзэгч, сонирхогчдын хариу үйлдэл (engage) тун сайтай байдаг явдал. Сошиал платформууд дээрх идэвх нь бусад ямар ч хүрээлэлтэй харьцуулахад маш өндөр. Онцлог нь гэвэл, үзэгчдийн ихэнх хувь нь залуус хүүхдүүд байдаг учраас мэдээллийн дархлаа харьцангуй багатай. Иймд бидний зүгээс цаашид бэлтгэж гаргах, дэмжин ажиллах салбарын артистуудаа оновчтой шалгуураар сонгож, зөв өнцгөөс нь гаргаж ирэх шаардлагатай нь ойлгомжтой. Олны нүдэн дээр байх хүнийг удирдана, зохион байгуулна, төлөвлөнө гэдэг өөрөө тун ярвигтай, эрсдэлтэй ажил.