Өөрийн болгох боломж, оролдож үзэх сорилтуудыг ямагт эрэлхийлдэг оюутан, залуусын хувьд Тэтгэлэг бол эчнээ танил апп билээ. Тэтгэлэг гэдэг нэг талаар сургалтын төлбөр хөнгөлөх, үнэ төлбөргүй суралцуулах санхүүгийн дэмжлэг мэт сонсогдох боловч нөгөөтэйгүүр ирээдүйд үнэ цэн нь нэмэгдсээр байх оюуны хөрөнгө оруулалт билээ. 

Олон мянган залуус их сургуулийн босгыг алхаж, эрдэм мэдлэгийн шинэ аяллаа эхлүүлж буй энэ цаг үетэй холбогдуулан 100 мянга гаруй хэрэглэгчтэй Тэтгэлэг аппыг онцолж байна.

Боловсрол бол улс үндэстэн, хүний хөгжлийн суурь. Тиймээс залууст суралцах боломжийг нээлттэй, хүртээмжтэй болгож нийгэмд эерэг өөрчлөлт авчрах нь бидний зорилго.

Тэтгэлэг апп

Нэр: Тэтгэлэг
Үйл ажиллагааны чиглэл: Боловсролын мэдээллийн апп
Үүсгэн байгуулагч: Б.Батзаяа
Үүсгэн байгуулагдсан он: 2017 он
Вебсайт: tetgeleg.mn
Цахим хаяг: Instagram, Facebook


сэдэл

Миний хувьд төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөр, тэмцээн уралдаанд тогтмол оролцдог идэвхтэй оюутан байлаа. Гэвч тэтгэлэг зарлаж буй байгууллагууд өөрсдийн нөөц, хүчин чадлынхаа хүрээнд мэдээллээ түгээдэг учраас хүртээмж муу байх тохиолдол цөөнгүй. Тиймээс тэтгэлгүүдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгочихвол олон хүнд хэрэгтэй юм байна гэх бодол төрж, 2017 онд Тэтгэлэг аппыг эхлүүлж байсан.


ялгарал

Тэтгэлэг апп нь зөвхөн мэдээлэл дамжуулаад зогсохгүй, боловсролын арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн апп дээрээ өөрийн CV-ийг үүсгээд зарлагдсан тэтгэлэг рүү шууд өргөдлөө илгээх боломжийг бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр тэтгэлгийн мэдээллийг судлахаас эхлэн хариу нь ирэх хүртэлх бүх үйл явц нэг апп дээр явагдах боломжтой болно гэсэн үг.


тэтгэлэг гэж юу вэ?

Боловсролын мэдээллийн нэгдсэн сан. Тэтгэлэг болон залууст чиглэсэн хөтөлбөр, тэмцээн уралдааны мэдээллүүдийн цогц платформ.

нэр

Одоо бидний үйл ажиллагааны чиглэл өргөжин тэлсэн ч анх зөвхөн тэтгэлгийн мэдээлэл хүргэх гэсэн энгийн зорилготой байсан тул товч, тодорхой байлгах үүднээс “Тэтгэлэг” гэх нэрийг сонгосон.


одоо

Бид боловсролын арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулж байна. Сүүлд “Work and study in the USA” гэх арга хэмжээг HUB Innovation Center-тэй хамтран амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээнд АНУ-д тэтгэлгээр суралцсан төдийгүй өдгөө тус улсад ажиллаж амьдардаг залуус илтгэгчээр оролцсон бөгөөд зорилтот хүмүүстээ хүрч чадсан, сонирхолтой арга хэмжээ болсон нь хүрэлцэн ирсэн залуусаас мэдрэгдэж байсан. Мөн “Танд” цэсийг шинээр нэвтрүүлж, хэрэглэгчийн мэдээлэлд тохирсон боломжуудыг санал болгож эхлээд байна.

Үүсгэн байгуулагч Б.Батзаяа


баг

Манай технологийг Mezorn компани хариуцдаг. Харин менежментийн багаа цөөн тоотой, чадварлаг залуусаар бүрдүүлсэн.

ирээдүй

Сургалт, хөтөлбөр, тэтгэлэг зарладаг байгууллагууд манай аппаар дамжуулан мэдээллээ түгээж, тэрхүү боломжуудыг залуус цогцоор нь ашиглах боломжтой боловсролын дундын платформ болох зорилготой. Мөн дотоод дахь тэтгэлгийн тоог өсгөх замаар боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.


эрсдэл

Өмнө нь хэрэглэгчдэд шаардлагатай тэтгэлгийн мэдээллийг дамжуулдаг холбогчийн байр сууринд байсан бол одоо дундын талбар нь болон өргөжиж буй. Энэхүү өөрчлөлтийг бид төлөвлөж, тооцоолж байгаа боловч одоогийн арга барилаа бүхлээр нь өөрчлөх шаардлагатай тулж байгаа нь нэг талаар эрсдэлтэй алхам. Энэхүү эрсдлийн технологи болоод стратегийн чадварлаг багаар даван туулах бүрэн боломжтой.