Өрсөлдөөний ачаар хэрэглэгчид илүү таатай сонголтуудыг хийх боломжтой болж, зах зээл тэлж, бүтээгдэхүүн хөгжиж, илүү ухаалаг шийдлүүд ар араасаа төрөн гардаг билээ. Үүнийг илтгэн харуулж буй нэг салбар бол Монголын санхүүгийн салбар. Эхэн үедээ энэ салбарт зээл бол урхи, банк болон ББСБ нар хэрэглэгчдийг мөлждөг, шулдаг газар гэх туйлширсан хандлага ажиглагддаг байсан ч, одоо хэрэглэгчид илүү сайн ойлголттой болж, санхүүгийн байгууллагууд ч үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах болов. Өнөөдрийн бидний танилцуулах T-Finance бол тийнхүү санхүүгийн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ялгарч чадаж буй байгууллага юм.

Нэр: Ти-Финанс ХХК
Хаяг: Сэнтрал тауэр, 5 давхарт 506 тоот
Чиглэл: Санхүүгийн байгууллага
Үүсгэн байгуулагч: Б.Батжав
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:tfinance.mn (Вэб), T-Finance (Фэйсбүүк), T-Finance: AppStore, PlayStore (Апп)


Бизнес хөгжлийн газрын захирал Э.Төрсуврага


сэдэл

Бид анх 2014 онд “Домог Инвест” нэрээр банк бус санхүүгийн байгууллагын салбарт хөл тавьж байлаа. Компаниа үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн харилцагчдадаа найдвартай, хүртээмжтэй, хялбар санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгодог байсан тул хурдан хугацаанд байр сууриа олж чадсан гэж боддог.

Ер нь байгууллага бүрд өсөж тэлэх, бүрэн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, байж болох хамгийн сайн үр дүндээ хүрэх, улмаар салбараа өргөжүүлэх, салбарын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах зорилго байдаг. Одоо байгаагаасаа илүү урагшилж, нийгэм эдийн засаг, технологийн хурдацтай хөгжилтэй мөр зэрэгцэн алхахын тулд өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагааг цахимжуулах, систем техникээ сайжруулах хэрэгцээтэй болсон. Тийм ч учраас бид бизнестээ ре-брэндинг хийж үйлчилгээний модель, ажиллах зарчим, дүр төрхөө шинэчилж, илүү ахисан шатанд үйл ажиллагаагаа хөгжүүлээд явж буй нь одоогийн Ти финанс ББСБ, T-Finance апп юм. Одоо бид харилцагчдадаа маш уян хатан нөхцөлтэй хэрэглээний зээл болон аппаа ашиглаад л аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг урьдчилгаа төлөхгүйгээр, хүүгүй, шимтгэлгүйгээр худалдан авах ухаалаг шийдлийг санал болгож байна.

ялгарал

Бид хэрэглэгчдийн ББСБ-уудын талаарх гажуу, ташаа ойлголтыг эвдэхийн тулд анхнаасаа л бүтээгдэхүүнийхээ бизнес моделийг харилцагчаасаа авах биш харин эсрэгээрээ яаж “өгөх” вэ гэдэгт ихэд анхааран боловсруулсан. Энэ салбарт бидэнд ялгарах онцлог, давуу талууд хэд хэд бий.

Нэгдүгээрт, өдийг хүртэл зээлийн үйлчилгээнүүд хүү, шимтгэл хамгийн бага гэж сурталчлан, тогтмол үйлчлүүлэх бүрд хүү шимтгэлээ багасгана гэдэг байдлаар явж ирсэн. Хүүгүй гэхээр шимтгэлтэй, шимтгэлгүй гэхээр хүүтэй тэдгээр сурталчилгааны арга барил харилцагчдыг бүр хашраагаад, төөрөгдүүлчихсэн гэхэд болно. Харин Ти-Финансын хувьд энэ тал дээр хүүгээ бууруулах, багасгах гэсэн ойлголтыг байхгүй болгосон. Учир нь бид ямар ч хүүгүй, шимтгэлгүйгээр харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангадаг. Үүнд л бидний гол ялгарал оршиж буй гэж бодож байна.

Хоёрдугаарт, өмнө нь та энэ төрлийн үйлчилгээг авахдаа эхлээд гэрээ байгуулаад дараа нь зээлийн хэмжээгээ мэддэг байсан бол бид эхлээд зээлийн хэмжээгээ мэдчихээд дараа нь гэрээ байгуулах боломжтой болгосон. Манай хэрэглэгчдэд энэ нь ч илүү хялбар тул зээлжих дүн хүлээлтэнд хүрсэн бол л салбар дээр ирээд гэрээ байгуулна гэсэн үг. Мөн манай байгууллага барьцаа байршуулан шуурхай зээл авах боломжийг ч автоматжуулж апп дотроо оруулсан байгаа.

Гуравдугаарт, апп маань зөвхөн зээл авах бус давхар худалдан авалт хийх боломжийг танд өгч байгаа. Ингэхдээ бид таныг дунд нь заавал цахим хэтэвч ашигла гэхгүй. Шууд л зээлжих эрхээсээ төлбөрөө хийнэ.

Дөрөвдүгээрт, та найзаа апп-д урьж болох бөгөөд таны урьсан найз манай аппийг ашиглан худалдан авалт хийвэл худалдан авалтынх нь нэг хувь, мөн таны өөрийн худалдан авалтын нэг хувийн урамшуулал танд очих боломжтой. Та хэдэн ч найзаа урих боломжтой, элсүүлсэн найз бүрийнхээ худалдан авалтаас урамшуулал авах боломжтой гээд бод доо. Сануулж хэлэхэд бид авах биш өгөх зарчмаар ажилладаг.



t-finance гэж юу вэ?

"T-Finance” бол технологид суурилсан санхүүгийн шинэ төрлийн үйлчилгээ юм. Манай гар утасны апп-ийг ашиглан бэлэн мөнгөний зээлийг цахимаар авахаас гадна бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтаа хүүгүй, шимтгэлгүй, нэмэлт хураамжгүй хэрнээ урамшуулалтайгаар хийж болно.

Олон улсад кредит карт буюу зээлийн картыг түгээмэл ашигладаг. Бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын төлбөрөө тухайн үед мөнгөгүй ч кредит картаараа гүйцэтгэнэ гэсэн үг. Тэгвэл манай “T-Finance” апп-ийн бараа, бүтээгдэхүүний зээл энэ талаараа адилхан буюу дижитал кредит картын үйлчилгээтэй төстэй гэж ойлгож болно.

нэр

T нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийг, Финанс гэдэг нь англиар санхүү гэсэн утгыг илэрхийлнэ.

одоо

Бид өнгөрсөн хугацаанд апп-ийнхаа хөгжүүлэлт, суурь систем дээрээ түлхүү ажилласан. Одоо бол цахим зээлийн үйлчилгээгээ олон нийтэд таниулж идэвхжүүлэх, харилцагчдын цар хүрээгээ нэмэгдүүлэх ажлууд дээр төвлөрөн ажиллаж байна. Хэдийн хэрэгжээд эхэлсэн ч хэрэглэгчдээ одоогийнхоос илүү олон байгууллага, дэлгүүрт T-Finance аппаа ашиглан төлбөр тооцоогоо хийх боломжтой болгох нь ойрын хугацаанд хийх ажлуудын маань нэг. Ер нь бид үргэлж л харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагсдын аль аль нь сэтгэл ханамжтай байх тийм үйлчилгээг, моделийг эрэлхийлж, хэрэгжүүлсээр байх болно.



баг

Багийн хувьд манайд чадварлаг залуу баг бүрэлдэхүүн, мэргэшсэн туршлагатай хамт олон нэгдэн ажилладаг. Төслийн санаа, хөгжүүлэлт, гүйцэтгэл гээд энэ төсөлд үйл явцын шат шатанд олон хүмүүс орж ажилласан. Одоогоор 30 орчим хүн ажиллаж байна. Салбарын хэмжээ нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжихийн хэрээр томроод явна даа.

ирээдүй

Бид “Олон улсын тэргүүн туршлагыг хэрэгжүүлсэн Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг болж хөгжинө” гэдэг алсын хараатай. Уг алсын харааг бодит болгож чадах ажил бүхэн бидний ирээдүй гэсэн үг. Ингэхдээ бид үйл ажиллагаандаа инновац, шилдэг хамтрал түншлэлийг бий болгож, харилцагч, бизнесийн түншүүд, баг хамт олны тогтвортой өсөлтийг ханган, итгэлийг бий болгоход тууштай анхаарч, үйлчилгээгээ илүү төгөлдөршүүлэн ажиллана.

Мөн апп-ийнхаа дараа дараагийн хувилбар, сайжруулалтыг танилцуулах болно.

эрсдэл

Санхүүгийн салбар нь үргэлж эрсдэлтэй нүүр тулгарч байдаг салбар. Тулгарч болзошгүй эрсдэлүүдийн дийлэнх хувь нь харилцагчдаа татах чадвар, харилцагчдын санхүүгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байхаас шалтгаалдаг. Итгэлцэл дээр тогтдог бизнес болохоор ийм байхаас ч аргагүй байх. Мөн хамтран ажиллаж буй мерчантууд болон харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээг хангахын тулд эрсдэлээ зөв тооцон ажиллах нь чухал. Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал хэн бүхэнд тун эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж, газар бүр үйл ажиллагаагаа хумиж байгаа ч бид харилцагчдадаа итгэсээр, боломжийг олгосоор байхад гол анхаарлаа хандуулж байна.

Жишээ нь, бид гэрээ байгуулах түр салбаруудаа ажиллуулаад эхэлсэн. Та манай апп-ийн хэрэглэгч болохыг хүсвэл татаж аваад гэрээ байгуулахад болно. Санхүүгийн ухаалаг шийдлийг таны гарт санал болгож байна.