Өнөөдрийн дугаартаа бид оюутан залууст хэдийн танил болоод буй нэгэн кофе шопыг танилцуулахаар бэлтгэлээ. Халуун кофе, амтат хоол, нөхөрсөг үйлчилгээ, бэсрэг номын сан бүхий уг кофе шоп нь үйлчлүүлэхээр ирсэн хэний ч сэтгэлийг татахуйц дулаан уур амьсгалтай ажээ. Уншигчийнхаа тавьсан саналын дагуу зорин очиж, "The Seed Book Cafe"-ийн хамт олонтой бид хүсэл тэмүүллээр цэнэглэгдсэн сайхан яриа өрнүүлснээ энд хуваалцъя. 

Нэр: The Seed Book Cafe
Хаяг: Салбар 1 - Зүүн 4 замын урд талын автобусны буудлын Голомт банкны хоёрдугаар давхарт "The Seed Book Cafe"
Салбар 2 - Хуучнаар Ард кино театрын урд талд "The Seed Take Out"
Чиглэл: Кофе шоп
Үүсгэн байгуулагч: Ж.Бямбасайхан, Б.Зулцэцэг
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны зургаадугаар сар
Холбоосууд: The Seed Book Cafe (Фэйсбүүк), @theseedbookcafe (Инстаграм)


Үүсгэн байгуулагч Ж.Бямбасайхан

сэдэл

Миний хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүл, залуучуудын хөгжил, боловсролын чиглэлээр нийгэмд чиглэсэн олон ажлуудыг хийж, энэ төрлийн төслүүдийн нэг хэсэг байж ирсэн. Олон тооны арга хэмжээ, эвентүүдийг зохион байгуулдаг байсан ч тэдгээр нь уртдаа л хоёр цаг орчим үргэлжлээд дуусдаг, тийм ч болохоор байгаа нөөцөндөө хүрэхээргүй үр дүн гарч байгаа нь анзаарагдсан л даа. Үүнээс хааяа нэг цугладаг арга хэмжээ биш, харин байнгын бөгөөд тогтвортой үйл ажиллагаагаар залуусыг дэмждэг чөлөөт орчин хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Клуб байгуулах уу? Оффистой болох уу? гээд олон талаас бодож судалсны үндсэн дээр таниж мэддэг хүрээллээсээ гадна, мэддэггүй хүмүүсээр хүрээгээ тэлэх боломжтой, чөлөөтэй, тухтай, хэн хэн нь сэтгэл ханамжтай үлддэг гээд аль ч талаасаа хамгийн зөв сонголт нь кофе шоп байсан юм.

Ингээд эхнэртэйгээ хамтраад гэр бүл, найз, хамтрагчид гээд олон нийтийн томоохон дэмжлэгтэйгээр бараг хандиваар гэж хэлж болохуйцаар өнгөрсөн оны зургаадугаар сард кофе шопоо албан ёсоор нээсэн. Цар тахал, хөл хорио гээд олон хүндрэл бэрхшээлийн дунд тэмцсээр үүл хаалгаа нээсэн шүү.

ялгарал

Бидний гол зах зээл бол залуус. Үүрэг, зорилгоо ч залуусыг хөгжүүлэх, дэмжих гэж тодорхойлдог. Тиймээс бид өнөөгийн залууст юу хэрэгтэй байна, яавал илүү сайн үр дүн гарахаар байна, тэднийг идэвхжүүлэх, эрч хүчээр цэнэглэхэд юу дутагдаж байна тэр бүгдийг үйл ажиллагаандаа тусгахыг хичээсэн.

Үүний тулд кофе шоп тохижилтдоо жижиг тайз болон номын сангийн хэсгүүдийг оруулж өгөөд буй. Ном бол кофетой хамгийн сайхан зохицдог, шинийг сурч, одоодоо төвлөрөхөд хамгийн өгөөжтэй зүйлсийн нэг байдаг шүү дээ. Бидний уриа бол "Унш, суралц, өсөж хөгж". Тиймээс номын сан, ном гэдэг бидний өнгө төрхийг бүрдүүлэгчдийн нэг болдог. Харин жижиг тайзын хувьд бид үйл ажиллагааныхаа томоохон хэсгийг эвент, арга хэмжээ, уулзалтууд гэж тодорхойлсон. Энд залуус өөрт хэрэгтэй сэдвээрээ өглөө, оройдоо уулзалдах боломжийг олгож буй. Манайд жирийн үед 50-80 хүн, халдвар хамгааллын дэглэмийн үед 10-20 хүн арга хэмжээ зохион байгуулах боломжтой.

Харин кофенд дурлагсдадаа бид тусгай захиалгаар Монголдоо хууруулсан Арабика үрийн кофег санал болгодог. Үүнээс гадна Колумб, Этиоп, Бразилаас ирдэг "single origin" буюу гар аргаар тусгайлан чанадаг кофегоор үйлчилдэг нь хэдийн үнэнч үйлчлүүлэгчидтэй болчихсон шүү. Чанартай бөгөөд амттай кофетой гэдгээ итгэлтэй хэлэх байна.

Мөн олон улсад сайн кофе шопын шалгуурт залгуурын тоо гэдэг үзүүлэлт багтдаг. Бид танхимдаа олон тооны залгуурыг байрлуулсан нь ирж хичээл, ажлаа хийдэг үйлчлүүлэгчдэд маань их таалагддаг юм. Түүнчлэн "Мужаан студи"-тэй хамтран өнгө, хөгжим, гэрлээс эхлээд бүх л тохижилтоо тухайн үйлчлүүлэгч манайд өдөржин сууж ажиллахад төвөггүй байхуйцаар анхаарч хийсэн. Бас нэгэнт л залууст л зориулж нээсэн газар болохоор ажилтнууддаа "Орлого оруулахгүй байсан ч залуусыг нүд үзүүрлэлгүй, орж ирсэн бүхэнд эелдгээр үйлчлээрэй" гэдэг чиглэл өгдөг.

Зарим хэрэглэгчдийнхээ саналаар "Хүлээлгийн кофе"-ны үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь тухайн үйлчлүүлэгч хүсвэл өөрөөсөө гадна ахин нэг кофены мөнгө төлөөд "Хүлээлгийн кофе"-нд бичүүлэх юм. Ингэснээр түүгээрээ дараагийн хэн нэгэн залууг кофегоор дайлж буй хэрэг болно. Хэрвээ та манайд ирж, сууж ажил амжуулах хэрэгтэй байгаа ч мөнгөгүй болчихвол хүлээлгийн кофеноос маань кофе авах боломжтой гэсэн үг шүү. Энэ бол хэн ч хэнд ч өртэй болж байна гэсэн ойлголт биш. Зүгээр л залуус залуусаа л дэмжиж буй хэлбэр гэдгийг ойлгоорой.

Энэ мэтээр бид үйлчлүүлэгчдийнхээ саналыг тухай бүрд авч, боломжтойг нь хурдтай хэрэгжүүлэхийг боддог. Өнгөрсөн оны есдүгээр сард катерингийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Хөл хорио тавигдах хүртэл тун амжилттай явсан шүү. Одоо кофеноос гадна халуун хоол ч цэсэндээ нэмсэн.



The Seed Book Cafe гэж юу вэ?

Залууст чиглэсэн хамтдаа өсөж хөгжих тухлаг орчин.

нэр

Seed буюу "үр" бол гаднаасаа маш жижиг, бүр хэрэггүй зүйл мэт харагддаг ч зөв арчилж чадвал төсөөлснөөс хэд дахин илүү чадамжтай, хүчтэй, өгөөжтэй зүйл. Би залуусыг тэгэж л хардаг. Ойлгоход хэцүү бөгөөд шүүмжлэлтэй зүйл бидэнд их бий. Гэхдээ сайн анхаарч, дэмжих юм бол дотор нь ямар их баялаг бий гээч. Тиймээс л кофе шопоо The Seed Book Cafe хэмээн нэрийдсэн. Кофе шоп биш номын кафе гэж тодотгосон нь бидний гол үйлчилгээ бол кофе биш хүрээлэл бий болгох, хамтдаа хөгжих орчныг бүрдүүлэх явдал юм.

одоо

Өнөөдөр бид хоёр дахь салбарынхаа нээлтийг хийж байна. Уг салбар маань орчин үеийн залуусын амьдралын хэв маягтай илүү тохирохуйц гэдгээрээ онцлог. Өглөө зургаан цагт нээгдэх уг салбар нь сууж үйлчлүүлэх хэсэггүй, зөвхөн кофегоо аваад гарах л зориулалттай. Цаг хугацааг тань хэмнэн, түргэн үйлчлэх зохион байгуулалттай тул The Seed Take Out хэмээн нэрлэсэн. Одооноос өглөө ажилдаа эртлэн гардаг хэн бүхэн өдрөө эхлүүлэх халуун кофендоо санаа зовох хэрэггүй болсныг дуулгахад таатай байна.

Хуучнаар Ард кино театрын урд байрлах уг бэсрэгхэн салбарынхаа үйл ажиллагааг жигдэлж, бүтээгдэхүүнээ таниулах ажилд төвлөрч байна.


The Seed Take Out салбар


баг

Одоогоор манай багт 10 хүн ажиллаж байна. Бид багаа бүрдүүлэхэд ялангуяа бариста нараа шалгаруулж авахдаа чин сэтгэлээсээ кофенд буюу хийж буй ажилдаа дурлах хүнийг хайдаг. Ямар нэг сургалтанд суугаад, сертификат аваад л бариста болно гэж байхгүй шүү дээ. Хийж буй ажилдаа дуртай, түүнийгээ чин сэтгэлээсээ хийх нь л чухал.

ирээдүй

Хүмүүсийг дэмжих, залуусаа хөгжүүлэх, энэ ажлын нэг хэсэг нь байх хүслээ биелүүлэх арга зам маань кофе шоп байлаа. Дэлхий нийтэд хүнд хэцүү байгаа энэ цаг үед эхлүүлсэн ажлаа амжилттай, тогтвортой авч явахын тулд олон зүйлсийг богино хугацаанд шинээр сурч, төлөвлөөгүй зүйлсээ хийх шаардлагатай болсон. Энэ нь мөн яван явсаар хүнсний салбар луу нэг мэдэхэд хөтөлчихлөө (инээв).

Яг дунд нь ороод, ажиллаад эхэлсэн чинь энд хийх ёстой, хийвэл зохих олон ажлууд байгаа нь мэдрэгдэж байна л даа. Цаашдаа шинэ зүйлсийг цаг алдалгүй хэрэгжүүлдэг, түүнд уян хатан ханддаг чанараараа салбараа манлайлсан брэнд болохыг хүсэж байна. Хөдөө орон нутгаас ирүүлж буй саналууд энэ бодлыг төрүүлэх гол сэдэл болсон байж магадгүй юм. Тэдгээр санал хүсэлтүүд дээр "Хөдөө орон нутагт энэ төрлийн үйлчилгээ дутагдаж байгаа тул франчайз байдлаар шинэ салбараа нээх бодол бий юу?" гэх асуултууд байсан. Судлаад үзэхээр тэдэнд үнэндээ кофе гэхээс илүүтэй хувь хүний хөгжлийг нь дэмжих, залуусын тухтай чөлөөтэй, гол нь тогтвортой үйл ажиллагаатай орчин л дутагдаад байгаа нь анзаарагдсан. Яваандаа энэ чиглэлд анхаарч ажиллах болов уу гэж бодож байна.

эрсдэл

Байгуулагдсан цагаас хойших өдийг хүртэлх хугацаанд юуг ч урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байгаа тул асуудлуудаа тухай бүрд нь л шийдээд явж байна. Цар тахал биднийг уян хатан, хүлээцтэй байхад сайн сургаж байгаа шүү.

Шинэ бизнесийн хувьд мэдээж хамгийн гол асуудал санхүү дээр л гарч ирдэг. Тогтвортой үйл ажиллагаагаа хадгалж үлдэх, ажилтнуудынхаа цалинг хугацаанд нь тавих, завсраар нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, шинийг сэдэх нь бидний хувьд том сорилт болж байна. Мөн байгууллагын дотоод соёлоо төлөвшүүлж, үйлчилгээндээ чанар стандартыг тогтоох гэх мэт байнгын арчилгаа ихтэй ажлууд их бий.